| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00376/и |
| Дугаар | 153/ШШ2018/00312 |
| Огноо | 2018-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 153/ШШ2018/00312
| 2018 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2018/00312 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав Х.Б-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 153/2018/00376/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч Х.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1983 онд Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн Сүүний цехэд аппаратчинаар анх ажилд орсон. Бид нарын ажил улирлын чанартай байсан учраас өвлийн улиралд бид нараар Чихрийн цехэд чихэр боолгодог байсан. Тухайн үед нэг цехээс нөгөө цех руу шилжүүлэн ажилуулахдаа тушаал гарч байсан эсэх талаар мэддэггүй байсан. Тэтгэвэрт гарах гээд хөөцөлдөхөд тушаал гарч байгаагүйг нь мэдлээ. Би Хүнсний үйлдвэрт 1983-1996 он хүртэл сүү, чихрийн цехэд аппаратчин, ажилчнаар тус тус ажиллаж байсан. Манай аймгийн Хүнсний үйлдвэр нь Баян ХК, Алтайн буян ХК болж нэршил өөрчлөгдөж байсан боловч бид нар бол хийж байсан ажлаа хийгээд л явж байсан. Байгууллагын нэр өөрчлөгдсөн гээд бидний хийж байсан ажлуудад ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Тэтгэвэрт орох нас болоод энэ хавар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст очиход таны энэ тушаалд хийж байсан ажил чинь хоёр өөр байна гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн. 1996 оноос эхлэж бид нарыг ажлаас чөлөөлсөн бөгөөд архи болон гоймонгийн хэсэг үлдсэн. 1996 онд намайг алдаг оног ажиллуулдаг байсан бөгөөд намайг ажлаас чөлөөлсөн. Би өөрийнхөө хөдөлмөрийн дэвтрийг архиваас олж авсан. 1990-2000 оны хооронд намайг нийгмийн даатгалын шимтгэл төл гэхээр нь би очиж төлсөн. Таны тэтгэвэр тогтоолгох нөхцөл хангагдахгүй байгаа учраас та шүүхээр тогтоолгож ирнэ үү гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн....Миний эцэг, эхээс өгсөн нэрээр бол Х.Бадмаа гэж 6 үсэгтэй бичигддэг юм. Гэтэл сүүлд цахим иргэний үнэмлэх авахад Бадамаа гээд 7 үсэгтэй буюу д, м гэсэн хоёр үсэгний дунд а үсэг бичсэн байсан. Тэгээд бүх баримтаа цахим иргэний үнэмлэх дээрх нэрээр болгуулж байгаа....Би 1995 он хүртэл ажиллаж байсан юм. Иймд намайг 1983 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Ховд аймгийн Хүнсний үйлдвэр болон Буян ХК-ийн Сүү, чихрийн цехэд аппаратчин, ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна....гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Х.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Х.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Хүнсний үйлдвэр болон Буян ХК-ийн Сүү, чихрийн цехэд 1983 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус аппаратчин, ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Х.Б нь Ховд аймгийн Хүнсний үйлдвэр болон Буян ХК-ийн Сүү, чихрийн цехэд 1983 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус аппаратчин, ажилчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1108 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргааны 1983 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 44 дугаартай Сүүний цех ашиглалтанд орж мэргэжлийн ажилчдыг ажиллуулах болсон тул тушаах нь: 1.ЗХУ-д сүүний аппаратчины мэргэжлээр төгссөн...., Хулганаа Бадмааг 1983 оны 5 сарын 17-ноос эхлэн аппаратчингаар, ....ажиллуулсугай гэх бичилттэй Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Хүнсний Буян хувьцаат компанийн захирлын 1996 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, 1990 оны 7 сарын 10-ны өдөр олгосон Баярын бичиг, гэрч Н.Сайнхүүгийн ...Х.Бадамаа нь 1983 онд ОХУ-д хүнсний аппаратчиний курс төгсөж ирээд Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт Сүүний цехэд аппаратчин, Чихрийн цехэд ажилчнаар тасралтгүй 1995 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд байгууллагын нэр өөрчлөгдсөн. 1990-ээд оны эхэн үед Буянтын тэжээлийн аж ахуйд тарахад үндсэн материал буюу сүүгүй болоод манай байгууллагын сүүний цех тарахад уг цехэд ажиллаж байсан 10-аад хүнийг чихрийн цех руу ажилчнаар шилжүүлсэн юм.... гэх мэдүүлэг, С.Оюунчимэгийн ....Х.Бадамаа нь 1983 онд ОХУ-д хүнсний аппаратчиний курс төгсөж ирээд Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт Сүүний цехэд аппаратчин, Чихрийн цехэд ажилчнаар ажилласан. Би Бадамаатай 1990 он хүртэл ажилласан.... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаартай Ховд аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байсан Хүнсний үйлдвэр нь 1992 оны 5 сарын 09-нд Буян ХК, 1996 оны 4 сарын 10-нд Алтайн буян ХК болж өөрчлөгдсөн бүртгэл байна гэх бичилттэй лавлагаа, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 9-12, 24-25, 26-27, 29 дүгээр тал/
Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ....Миний эцэг, эхээс өгсөн нэрээр бол Х.Б гэж 6 үсэгтэй бичигддэг юм. Гэтэл сүүлд цахим иргэний үнэмлэх авахад Б гээд 7 үсэгтэй буюу д, м гэсэн хоёр үсэгний дунд а үсэг бичсэн байсан. Тэгээд бүх баримтаа цахим иргэний үнэмлэх дээрх нэрээр болгуулж байгаа.... гэх тайлбар, гэрч Н.Сайнхүүгийн ....Манай сүүний цехэд Б гэж ганц л хүн байсан. Би бол Бадмаа гэж 6 үсэгтэй л бичнэ. 7 үсэгтэй буюу Б гэж бичмээргүй л юм.... гэх мэдүүлэг, гэрч С.Оюунчимэгийн Манай сүүний цехэд Б гэж ганц л хүн байсан. Би бол Б л гэж бичнэ... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 573 дугаартай Тус аймгийн иргэн Х.Б нь өөрийн нэрээ өөрчилсөн бүртгэл байхгүй байна гэх бичилттэй албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1108 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргааны 1983 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 44 дугаартай Ажилд томилох тухай тушаалд бичигдсэн хүсэлт гаргагчийн эцэг/эх/-ийн нэр тохирч байх тул Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргааны 1983 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 44 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Хүнсний Буян хувьцаат компанийн захирлын 1996 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, 1990 оны 7 сарын 10-ны өдөр олгосон Баярын бичиг зэрэгт Х.Б гэж бичигдсэн баримтуудыг хүсэлт гаргагчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэллээ. /ХХ-ийн 24-25, 26-27, 28 дугаар тал/
Хүсэлт гаргагч Х.Б-г Ховд аймгийн Хүнсний Буян хувьцаат компанийн захирлын 1996 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаартай Ажлаасчөлөөлөх тухай тушаалын хуулбараар ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдож байх боловч хүсэлт гаргагч нь 1983 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан тул шүүх хүсэлт гаргагчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.
Хавтаст хэргийн 7-8 дугаар хуудсанд авагдсан иргэн Н.Сайнхүү, С.Оюунчимэг нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан фото зургууд нь хэзээ авхуулсан болох нь тодорхойгүй, хавтаст хэргийн 21-23 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Хүнсний үйлдвэр 70 жил гэх номноос хуулбарласан материалууд нь бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х.Б-ийн Ховд аймгийн Хүнсний үйлдвэр болон Буян ХК-ийн Сүү, чихрийн цехэд 1983 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус аппаратчин, ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Х.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ