Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/234

 

 

 

 

        

   2022        08           17                                      2022/ШЦТ/234

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

   Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч С.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Б-ид холбогдох эрүүгийн 2238002320489 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.Б-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  С.Б-  нь архи согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ... тоотод Ө.Х-тай хэрүүл маргаан үүсгэж улмаар маргалдан биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238002320489 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.Б- нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ... тоотод архи согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө.Х-тай хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь баруун хөмсгөнд шарх, зулай, чамархайн хуйх, хацар, хүзүүнд зулгаралт, хоёр нүдний зовхи, баруун, зүүн завьж уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б-ийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ө.Х-ын өгсөн: “...би цохиж зодоогүй. Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө энэ талаар хэлж мэдүүлсэн. ...надад одоо С.Б- ахад гомдол санал байхгүй, бид хоёр хоорондоо эвлэрээд одоо энэ асуудлыг мартья, тухайн үед архи уусандаа үл ялих зүйл болж гээд ярилцаад өнгөрсөн. Энэ гомдлоо би ер нь буцаагаад авчихаж болох уу....” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,

Хохирогч  Ө.Х-ын  гэрчээр өгсөн: “С.Б- ах орж ирээд  өмнө жилийн  юм яриад над руу агсрах маягтай байхаар нь би “та юу яриад байгаа юм, өмнө жил намайг юм яриад сууж байхад та цохиж  байсан шүү дээ өөрөө” гэ хэлчихээд М.Б- ахтай юм яриад нөгөө талын орных нь  өмнө сууж байтал С.Б- ах гараад л явсан.  Тэгээд буцаж орж ирээд  намайг толгойн зүүн хэсэг рүү эхлээд  нэг удаа цохисон. Би цохиулаад ор луу унасан чинь  дахиад толгойн баруун  хэсэг рүү хоёр удаа  төмрөөр цохьсон. Тэгээд би манараад муудчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

Гэрч Г.Б-ын өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн өглөө С.Б- ирчихсэн харагдаж байсан. Хэсэг хугацааны дараа харахад Ө.Х- ирчихсэн байсан. ...тэд нар М.Б- дээр ирээд архи дарс ууцгаасан байдалтай л байсан. Тэгж байтал хүн орилоод байхаар нь яасан юм бол гээд орсон чинь Ө.Х- орон дээр хэвтчихсэн цус нөжөө гоожуулаад цус нь тогтохгүй, толгойноос нь гоожсон байдалтай байсан. ...С.Б- бол байхгүй байсан. М.Б- ах наад хоёр чинь зодолдоод С.Б- Ө.Х-ыг цохиж цус нөжийг нь гоожуулаад гараад явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

Гэрч М.Б-н өгсөн: “...тухайн өдөр ...Ө.Х- халамцуухан орж ирсэн. ...тэгээд Ө.Х- С.Б- хоёр хэрэлдээд С.Б- Ө.Х-ыг “одоо яв” гээд хөөгөөд байсан. Тэгээд хэрэлдэж байх зуур нь би тасраад унтсан байсан. Тэгээд өглөө сэрэхэд Ө.Х- миний хажууд унтаж байсан. Тэгтэл хажуу талын байшингаас Батболд орж ирсэн. Тэгээд Ө.Х- босоод “миний нүүр ам хавдсан, С.Б- намайг зодчихоод явлаа” гэсэн. Тэгээд Ө.Х- 9 цагийн үед гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 330 дугаартай: “...Ө.Х-ын биед баруун хөмсгөнд шарх, зулай, чамархайн хуйх, хацар, хүзүүнд зулгаралт, хоёр нүдний зовхи, баруун, зүүн завьж уруулд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Ө.Х-ын биед үүссэн гэмтлүүд нь шинэ ба шарх, зовхины цус хуралт нь тусдаа бусад зулгаралт, цус хуралт нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/,

Мэдүүлгийг  газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч С.Б-ийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Надад санал хүсэлт байхгүй... Ө.Х- нэлээн согтоод над руу агсрах маягтай болоод ирэхээр нь би чи явчихаач гэж хэлсэн чинь намайг нэг цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүдчихсэн юм. Би хэд хэд цохиод зодчихсон юм. Дараа нь тааралдаад би Ө.Х-тай уулзахад надтай эвлэрээд би 100,000 төгрөг Ө.Х-ад өгөөд салсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ө.Х-ын мэдүүлэг, гэрч Г.Б-, М.Б- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 330 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч С.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч  С.Б- нь Ө.Х-тай хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь баруун хөмсгөнд шарх, зулай, чамархайн хуйх, хацар, хүзүүнд зулгаралт, хоёр нүдний зовхи, баруун, зүүн завьж уруулд цус бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ө.Х-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч С.Б-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч С.Б-ийн үйлдэл идэвхтэй, хохирогч Ө.Х-ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч С.Б-ийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Шүүгдэгч С.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Ө.Х- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хохирогч Ө.Х- нь гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/ хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлсэн байна. Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Б-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Б-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 35-37 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.Б- нь ам бүл 1, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5  дугаар хорооны ... тоотод оршин суудаг, өндөр насны тэтгэвэрт байдаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч С.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 124 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч С.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч С.Б-ийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавь нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч С.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт  хураан авсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ид оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч С.Б-ид оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч С.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.ДӨЛГӨӨН