Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/233

 

 

 

 

        

   2022        08           17                                      2022/ШЦТ/233

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

   Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Б-т холбогдох эрүүгийн 2238000000513 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М.Б-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  М.Б- нь архи согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр улмаар Г.Э-гийн биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000513 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч М.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ

2022 оны 07 дугаар сарын 30-ны  өдрийн 16 цагийн  орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ...тоотод “машин өгсөнгүй” гэх шалтгаанаар машинаа модоор цохиход Г.Э- “эд хөрөнгөө ингэж болохгүй” гэж хэлэхэд уурлаж модоор Г.Э-гийн толгойн тус газар  цохиж хашаанаас гарч явж дахин орж ирж Г.Э-гийн нүүрэн тус газар гараараа цохих, хэвлий хэсэг рүү нь хөлөөрөө  өшиглөх зэргээр түүний бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хамрын таславчийн муруйлт, дагзны хуйх, дух, хамар, зүүн бугалга, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б-ын өгсөн: Би хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Найзуудтайгаа гол дээр очиж хоноод манай бусад найзууд яваад би нэг найзтайгаа үлдээд жаахан юм ууж байгаад оройхон гэр лүүгээр харьсан. Тэгээд гэртээ ирээд эхнэртэйгээ маргалдаж байсан чинь манай хадам эгч намайг загнаад байхаар нь уур хүрээд  хамар луу цохисон..гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Э-гийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 30-ны үдээс хойш 16 цагийн үед байх намайг төрсөн ээж Г.М-гийн гэр болох 10 дугаар багийн ...тоотод ...би явж очоод юу болсон талаар Г.Э-аас асуухад машинаа цохих гээд байна гэхээр нь М.Б-т хандаж эд хөрөнгөдөө ингэж болохгүй гэж хэлсэн чинь ална та нарыг пизда минь гээд шууд барьж байсан модоороо миний толгой руу нэг удаа цохиход тэр мод нь хугараад унасан. Тэгээд би цохиулчихаад чи муу яасан даварсан юм бэ гэж хэлсэн чинь дахиад модоор цохих гээд газар луу тонгойхоор нь М.Б-ын хацар руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Үүний дараа М.Б- нь хашаанаас шууд гараад яваад өгсөн. М.Б-ыг явахаар нь би хуушуур хийж байсан байшиндаа ороод байж байхад 20-30 минутын дараа дахиад М.Б- орж ирж байх шиг байсан. Тэгж байснаа манай гэрт байсан хүмүүс орилоод байхаар нь би харсан чинь М.Б- нь гүйж ирээд миний нүүр хэсэг рүү хоёр гараараа атгаж байгаад 3-4 удаа цохисон. Тэгэхэд шууд миний хамраас цус гараад унасан. ...надад одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 13 тал/,

Гэрч Г.Э-ын өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 30-ны үдээс хойш 16 цагийн үед байх ...М.Б- нь гэрээс гараад хашаанд байсан машиныхаа хажууд очоод би явлаа, машинаа авлаа бензиний мөнгө өг гэхээр нь би яаж согтуу хүнд машинаа өгдөг юм гэж бодоод зарах гэж байгаа юм гээд М.Б-т хэлсэн чинь миний мэдэх юм гэж байхгүй гээд газарт байсан прүүс мод аваад машинаа нүдээд унасан. Тэгэхээр нь гартаа барьсан байсан модыг нь авах гээд зууралдаж байх үед гэрээс Г.Э- эгч гарж ирээд яаж байна аа боль эгчийн дүү гэж хэлсэн чинь барьж байсан модоороо Г.Э- эгчийн толгой руу цохисон. Тэгэхээр нь би М.Б-тай цуг явж байсан найзад нь найзыгаа аваач гэж хэлсэн чинь М.Б-ыг тэвэрч аваад доош нь тонгойлгоход нь манай эгч Г.Э- нь нэг удаа лав нүүр лүү нь өшиглөх шиг болсон. Тэгээд би цуг явж байсан найзад нь боль барь найзыгаа аваад яв гэсэн чинь уг нь М.Б-ыг аваад явсан. Ингэж явчихаад удаагүй бид нарыг буцаад гэртээ ороод хуушуураа хийж байхад М.Б- нь орж ирээд шууд Г.Э- эгч рүү явж очоод хамар хэсэг рүү нь 2-3 удаа лав цохисон. Бас хөл рүү нь нэг удаа лав өшиглөхийг нь би харсан. Харин эгчээс сонсоход элэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

Гэрч Г.М-гийн өгсөн: “...Г.Э- нь гарч ирээд М.Б- дээр очоод машинаа цохиж болохгүй гэсэн чинь М.Б- нь гартаа барьсан байсан модоороо Г.Э-гийн толгой руу цохиход нөгөө прүүс мод нь хугараад миний толгойг ирээд оносон. Үүний дараа М.Б- нь дахиад мод авах гээд тонгойх үед нь Г.Э- нь М.Б-ын шанаа хэсэг  рүү л байх нэг удаа өшиглөсөн. Ингээд байж байхаар нь би М.Б-тай цуг явж байсан залууд хандаж найзыгаа авч яваач гэсэн чинь нөгөө залуу М.Б-ыг аваад яваад өгсөн. Үүний дараа би гэр лүүгээ ороод хэсэг байж байхад манай гэрт хашаанд тоглож байсан хүүхдүүд орж ирээд том аниаг зодоод байна гэхээр нь би хуушуурын гэрт яваад ортол Г.Э- нь хамраас нь цус гарсан зодуулсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 428 дугаартай: “...Г.Э-гийн биед хамрын таславчийн муруйлт, дагзны хуйх, дух, хамар, зүүн бугалга, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, хамарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Уг гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2022.07.30-нд үүссэн гэмтэл байх боломжтой. Г.Э-гийн биед үүссэн хамрын таславчийн муруйлт нь тусдаа, бусад гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 24 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч М.Б-ын гэм буруугаа хүлээж өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Тухайн үед намайг эхнэртэй машины хажууд байж байхад Г.Э- эгч гарч ирээд намайг согтуу машин тэрэг унаж явах гэлээ арай давраад байгаа юм биш үү гээд намайг загнаад байхаар нь Г.Э- эгчтэй хэрэлдэж байгаад найзтайгаа яваад өгсөн. Тэгээд буцаж ирээд хуушуурын байшинд ороод Г.Э- эгчийг эхнэртэй юм ярьж байхад хажуунаас намайг загнаад байсан болохоор нь хамар луу нь нэг удаа гараараа цохисон гэдгээ санаад байна. Бас Г.Э- эгчийг өшиглөх гэж байхад миний хажуугаас хүмүүс ирээд намайг салгаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Э-гийн мэдүүлэг, гэрч Г.Э-, Г.М- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 4286 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч М.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч  М.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 30-ны  өдрийн 16 цагийн  орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ...тоотод “машин өгсөнгүй” гэх шалтгаанаар машинаа модоор цохиход Г.Э- “эд хөрөнгөө ингэж болохгүй” гэж хэлэхэд уурлаж улмаар модоор Г.Э-гийн толгойн тус газар  цохиж хашаанаас гарч явж, дахин орж ирж Г.Э-гийн нүүрэн тус газар гараараа цохих, хэвлий хэсэг рүү нь хөлөөрөө  өшиглөх зэргээр түүний бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хамрын таславчийн муруйлт, дагзны хуйх, дух, хамар, зүүн бугалга, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, хамарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Э-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч М.Б-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч М.Б-ын үйлдэл идэвхтэй, хохирогч Г.Э-гийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч М.Б-ын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Шүүгдэгч М.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Г.Э-  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хохирогч Г.Э-  нь цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 13, 51 тал/ хавтаст хэрэгт авагдсан байна. Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Б-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Б-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 35-47 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч М.Б- нь ам бүл 5,  эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн  Мөрөн сумын Үерт багт мал маллан оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч М.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 126 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч М.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавь нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч М.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт  эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч М.Б-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч М.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН