| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2022/0235/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/235 |
| Огноо | 2022-08-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч Б.С- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.С-д холбогдох эрүүгийн 2238000000503 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б.С.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С- нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэр “Их-Уул шил” гэх газарт өөрийн эзэмшлийн Пажеро загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Д-ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000503 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.С- нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ... улсын дугаартай Пажеро загварын тээврийн хэрэгслийг жолоодон найз Г.Д-ын хамт Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд явахдаа аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчих, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх арга хэмжээг аваагүйн улмаас Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэр “Их-Уул шил” гэх газарт буюу Булганаас Мөрөн чиглэлийн хатуу хучилттай зам дээр осол гаргаж, тээврийн хэрэгсэл замаас гарч, замын хажуу талын далан руу онхолдоход хамт зорчиж явсан Г.Д-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С-гийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт хийсэн үзлэг хийсэн: “.. хэрэг болсон гэх газар нь Хөвсгөл аймгийн Их Уул сумын 2 дугаар багийн нутаг Их-Уулын шил гэх газарт Булган аймгаас Мөрөнгийн чиглэлд явах хатуу хучилттай засмал замын урд талд хөх өнгийн Пажеро маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож, 4 дугуй нь дээшээ харсан байдалтай ...байв” гэх тэмдэглэл /хх-ийн 10-11 тал/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн: “...замын хэсэг бусад, замын ангилал ердийн, замын хучилт асфальт, зорчих хэсгийн гадаргуу хуурай, зорчих хэсгийн өргөн 7 метр, замын онцлог уруу, үзэгдэх орчих чөлөөтэй, цаг агаар цэлмэг, замын харьяалал суурингийн гадна, эгнээний тоо 2, хөдөлгөөний чиглэл эсрэг, замын байгууламж хашлагагүй, хайсгүй” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14 тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17 тал/,
Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 17 тал/,
Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 18 тал/,
Хохирогч Г.Д-ын өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр найз болох Б.С-гийн хамт Хөвсгөл аймгийн Хатгал орохоор Б.С-гийн машинтай хамт гарсан. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн орой /цагийг нь бол санахгүй байна/ Хөвсгөл аймгийн нутагт орсон явж байгаад би жолоочийн хажууд сууж явсан юм тэгсэн засмал зам дээр явж байтал Б.С- жолоо барьж явж байгаад замын хажуу тал руу машин орсон, тэгсэн жолооч буцааж машинаа зам руу дарах шиг болсон, машин замын хажуу тал руу эргээд л явчих шиг болсон, тэгээд би осолд ороод нэг гарсан чинь машины хойд талын багаж хэсэгт хоёр сандлын хооронд орсон хэвтэж байсан, миний хажуу талд миний өөрийн гар утас байхаар утсаараа охин руугаа залгаж осолд орсон талаараа хэлсэн. ...Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 29-31 тал/,
Гэрч Г.Т-ын өгсөн: “...тиймээ би уг дуудлага өгсөн. Манай эгч Г.М- тэр газарт явж таарсан тэгээд над руу утсаар залгаад Их-Уул сумын Их-Уулын хажууд осол гарсан байна Хөвсгөлийн цагдаа руу яриад дуудлага өгөөч гэсний дагуу цагдаагийн 7038102 дугаарт залгаж дуудлага мэдээлэл өгсөн. Тэрнээс биш тэр газарт очоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,
Гэрч Г.М-гийн өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Мөрөнд хадмуудтайгаа цуг ирсэн. Бид нарыг ирэх замд Их- Уулын шил гэх газарт ... улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон байсан. Тэгээд бид нар зогсоод харсан чинь машин дотор хүний гар хөдөлж байсан, бид нар машинаасаа буугаад очиход машины 4 дугуй нь дээшээгээ харсан машины эргэн тойронд эд зүйл нь тарж асгарсан байдалтай дотор нь хоёр эмэгтэй хүн байсан. Тэгээд нэг талынх цонхыг хагалж нэг эмэгтэйг нь гаргасан, нэг эмэгтэйг нь болохоор зүүн талынх нь хөл дээр машины нэг эд зүйл дарсан байсан байх, уг эмэгтэйг авч болохгүй байсан. Тэгэхээр нь тэр хавьд явж таарсан хүмүүстэй нийлээд уг тээврийн хэрэгслийг нааш цааш нь хөдөлгөж байж уг хүнийг гаргаж авсан. Уг хоёр хүнийг гаргахад хоёулаа ухаан санаа эрүүл зүгээр байсан, гэр бүлийн хүмүүс рүүгээ утсаар яриад байх шиг байсан. Би эмнэлэг цагдаагийнх нь дугаарыг мэдэхгүй болохоор Мөрөн суманд байдаг дүү Г.Т- руу утсаар яриад дуудлага өгөөч гэж хэлсэн, манай дүү Г.Т- цагдаагийн байгууллагад утсаар мэдэгдсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 9679 дугаартай: “Г.Д-ын биед зүүн дунд чөмөгний гандан хэсгийн ил хугарал, зүүн гуяны дотор хэсэгт шарх, зүүн дал, цээжний зүүн хэсэг, зүүн бугалга, баруун тохой, шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр авто ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт / хх-ийн 48 тал /,
Мөрдөгчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн: “ ...1519 УБП улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7-т заасан жолоочид дараах зүйлийг хориглоно: А-д тухайн ангилалын тээврийн хэрэгслийг “...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 3.4 дүгээр зүйлийн Б дахь хэсэгт “...хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх..” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэх магадлагаа / хх-ийн 53-55 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.С-гийн яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 07 сарын 01-нд найз Г.Д- бид хоёр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу очиж аялах гээд гарсан. Тэгээд бид хоёр замдаа Дарханы зам дээр нэг хоноод явж байгаад Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрт орж ирээд газар усныхан нэрийг мэдэхгүй байна, уул уруудаж байгаад зам нь тэгш болоод ирэхээр нь зам чөлөөтэй байна гэж бодоод тайвшираад явж байхад гэнэт л Г.Д- нь орилоод унахаар нь би сандрахдаа тоормозоо гишгэх гэж байгаад андуураад хаазаа гишгээд үрүүлээ баруун тийш нь дарсан чинь замын далан өндөр харагдахаар нь буцаагаад зүүн тийш нь дарсан чинь урдаас нэлээн зайтай машин ирж байхаар нь зам дээр осол гаргаж болохгүй гэж бодоод зүүн талын далан луу нь үрүүлээ тэр чигээр нь дараад цааш унасан. Би тухайн үед машин маань далан гулсаад буучих байх гэж бодсон. Нэг мэдсэн чинь хүмүүс шаагилдаад байхаар нь сэрээд харсан чинь машин маань дээшээгээ харсан хэвтэж байсан. ...Би жолоо бариад 7 жил болж байна. Надад “В” ангилалын тээврийн хэрэгсэлийн үнэмлэх байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р тал/ зэрэг бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.С-гийн ...дугаартай В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх зэргээр хөдөлбөргүй нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Г.Д-ын мэдүүлэг, гэрч Г.Т-, Г.М- нарын гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилж өгсөн мэдүүлгүүд, Б.С- нь замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргээ биелүүлээгүй буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэх шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 9679 дугаартай Г.Д-ын биед зүүн дунд чөмөгний гандан хэсгийн ил хугарал, зүүн гуяны дотор хэсэгт шарх, зүүн дал, цээжний зүүн хэсэг, зүүн бугалга, баруун тохой, шуу, зүүн гуянд цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар жолооч Б.С- нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэр “Их-Уул шил” гэх газарт буюу Булганаас Мөрөн чиглэлийн хатуу хучилттай зам дээр ... улсын дугаартай хөх өнгийн Пажеро загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, мөн дүрмийн 3.4 дэх хэсгийн Б дэх заалт, мөн дүрмийн 3.7 дахь хэсгийн А дахь заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргаж, тээврийн хэрэгсэл замаас гарч, замын хажуу талын далан руу онхолдоход хамт зорчиж явсан Г.Д-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шүүгдэгч Б.С-гийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Д- нь авто ослын улмаас зүүн дунд чөмөгний гандан хэсгийн ил хугарал, зүүн гуяны дотор хэсэгт шарх, зүүн дал, цээжний зүүн хэсэг, зүүн бугалга, баруун тохой, шуу, зүүн гуянд цус хуралт бүхий хүнд гэмтэл авсан өөрөөр хэлбэл хохирогч машин унах үедээ болон тээврийн хэрэгслийг хөрвөөх үед цохих, цохигдох байдлаар авсан гэмтэл болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Б.С-гийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.С- жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.С- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.С-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.С-гийн гэм буруутай үйлдлийн улмаас Г.Д-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч Г.Д- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.С-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.С-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.С-гийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэргийн 65-70 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.С- нь ам бүл 2, нөхрийн хамт Улаанбаатар хотын ... тоотод оршин суудаг, өндөр насны тэтгэвэрт байдаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.
Шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, хохирогч Г.Д- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 129 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.С-гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосноор шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.С-гийн ...дугаартай В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д даалгах нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.С- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чонод овогт Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.С-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б.С-д “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.С-д сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ эхэлсэн өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.С-д хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн 2238000000503 дугаар хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.С-гийн ...дугаартай В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН