Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Данжаадын Уранчимэг |
Хэргийн индекс | 181/2018/00113/И |
Дугаар | 181/ШШ2018/00475 |
Огноо | 2018-02-27 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2018/00475
2018 оны 02 сарын 27 өдөр | Дугаар 181/ШШ2018/00475 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
нэхэмжлэгч: Бгийн Н-гийн,
хариуцагч: Э-нд холбогдох
ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авч 2018 оны 01 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, Д.Хэрлэнчимэг, нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын хамт оролцож, шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин гаргасан тайлбартаа: Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/151 дугаартай “Албан үүргийн түр орлон гүйцэтгэгч томилох тухай” тушаалаар Б.Н намайг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн томилсон. Хөдөлмөрийн гэрээний 3.1 дэх хэсэгт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал томилогдох хүртэл хугацаагаар 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн байгуулсан. Миний бие өнөөдрийг хүртэл хугацаанд тус албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахин ажилласан,сахилгын ямар нэгэн зөрчил гаргаагүй. Тухайн албыг эрхлэх хугацаанд миний нэр төртэй холбоотой янз бүрийн асуудал гарч байсныг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлж байсан. Гэтэл хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын эхээр намайг авилгал авсан гэдэг байдлаар нэлээд хүчтэй зохион байгуулалттайгаар энэ асуудал яригдаж эхэлсэн. 12 дугаар сарын 21-ний өдөр Эны сайд УИХ дээр гишүүнээс ирсэн асуулга дээр тодорхой хэмжээгээр Б.Н гэж хүн ажлаа хийж чадахгүй байгаа гэсэн мэдэгдэл хийсэн. Гэтэл яг тухайн өдрийнхөө орой Эрүүл мэндийн сайд Д.Сийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1а/4768 дугаартай ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл ирсэн ба ямар үндэслэлээр, ямар зөрчлөөр ажлаас чөлөөлж байгаа талаар байгаагүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдсэн.Үүний дараа Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/529 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал гарч, Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4 дүгээр заалтыг үндэслэсэн байсан. Энэ тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт Б.Н би 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. Ажлаас чөлөөлөх тушаал гарах үед Эрүүл хөгжлийн төвийн ерөнхий захирал томилогдоогүй байсан. Манай төв нь 48 000 гаруй эрүүл мэндийн ажилтан албан хаагчдыг мэргэжил арга зүйгээр удирдах, тусгай зөвшөөрөл бүхий эрх зүйн асуудлыг хариуцан ажилладаг. Манай албаны үүрэг нь Эны сайдын 2016 оны А203 тоот тушаалд заасан чиг үүргийн хүрээнд зөвхөн Эны эрүүл мэндийн ажилтны хөгжлийн албаны үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх үйл ажиллагааг явуулж, эцсийн шийдвэрийг Э, тэр дотроо эрүүл мэндийн ажилтны асуудал хариуцсан дэд захирал, төрийн нарийн бичгийн дарга, албаны нарийн бичгийн дарга н.Б хариуцан хийдэг. Энэ нь төрийн албаны хэн хэнд нь өгөгдсөн чиг үүргийн дагуу хийгдэж байгаа үйл ажиллагааг тайлбарлан таниулсан байна гэж үзэж байна Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагчид иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг хэрэгжүүлэх боломж олгосон. Гэтэл өнөөдөр шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан баримтууд нь хуулбар үнэн гэсэн тамгатай үнэлэх боломжгүй байна. Энэ талаарх хариуцагчийн өгсөн тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй. Талууд мэтгэлцээний үндсэн дээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтуудыг үндэслэн шийдэх боломжтой. Ажлаас халсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг. Хэдийгээр нотлох баримтын шаардлага хангахгүй ч гэсэн ажилд орсон 2016 оны 11 дүгээр сарын 24-ны Б151 дүгээр тушаал Эрүүл мэндийн сайд Цийн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлаар Б.Нг томилсон гэдэгтэй хариуцагч тал маргахгүй байна. Энэхүү тушаал нь шинээр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал томилогдох хүртэл гэж хариуцагч тал ярьдаг боловч хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй. Гэсэн хэдий ч хугацаатай гэрээг хугацаанаас нь өмнө ноцтой зөрчил гаргасан гэж цуцалсан. Ноцтой зөрчил гэдэг ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх. Хариуцагч тал тайлбарлахдаа чиг үүрэг зорилгыг зөрчсөн гэж чиг үүрэг зорилгыг нотлох баримтаар шинжлэн судлуулж байна. Гэрээгээр үүрэг болгосон зохицуулалтыг тухайн байгууллагын эрхэмлэвэл зохих зорилго чиг үүрэгтэй харьцуулж үзэж ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлгүй. Яг ямар ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг нь байхгүй байхад зөрчил гаргасан гэж үзэх, зөрчлийг хууль ёсны дагуу шалгаад хариуцлага хүлээлгэсэн гэж үзэх үндэслэлгүй. Байгууллага хоорондын албан бичгүүд хэрэгт хамааралгүй. Хөдөлмөрийн гэрээний яг ямар зүйл заалтаар ноцтой зөрчлийг тодорхойлсноо тодруулах ёстой. Ажлаас халсан тушаалдаа хөдөлмөрийн гэрээний 5.1.3 гэж бичихээр энэ тушаал үндэслэлтэй юм шиг болохгүй. Ажил олгогчийн тушаал нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний 5.1.3-т заасан яг ямар зөрчил гаргасан. Мөн шалгаж тогтоосон процесс байхгүй. Зөрчил нь хуулийн зохицуулалттайгаа нийцэж байх ёстой байтал зөрчил тусгаагүй зүгээр л 5.1.3 гэж бичсэн. Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, дээд шатны байгууллага болох сайдын тушаал шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа боловч үнэлсэн үнэлгээ байхгүй. Үр дүнгийн гэрээг үнэлэх эрх бүхий этгээд нь Дотоод аудитын газар байдаг. Гэтэл энэ талаар үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг дүгнэлгүйгээр шинээр томилогдсон Эрүүл мэндийн сайдын хэвлэлээр гаргасан яриаг үндэслэн ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь үндэслэлгүй. Хариуцагчийн төлөөлөгч асуудлыг улс төржүүлсэн зүйл ярьсан учраас энэ зүйлийг ярилаа. Нотлох баримттай нь л энэ байхгүй нь хэдэн арваараа байгаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Ажлаас халсан тушаал нь зөрчил шалгасан баримтгүй, ямар зөрчил нь тодорхойгүй, гаргасан нь тогтоогдохгүй, чиг үүргийг гэрээгээр хүлээсэн үүрэгтэй хамааруулж, өнөөдөр гаргасан нотлох баримт нь үнэлэх боломжгүй тул хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын эсэргүүцлээ нотолж чадахгүй байдал харагдаж байна. Иймд Б.Нг хугацаанаас нь өмнө ажлаас чөлөөлсөн Эрүүл мэндийн сайдын тушаал хүчингүй гэж үзнэ. Б.Нг ноцтой зөрчил гаргаагүй байхад хугацаанаас нь өмнө чөлөөлсөн тул энэхүү ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд эрхэлж байсан цалин олговорт сард 1 617 021 төгрөг цалин авч байсан ба 10,11,12 дугаар сарын 3 234,042 төгрөгийг хариуцагчаас байгууллагаас гаргуулж өгнө үү. Ээлжийн амралттай 10 сарыг хасч, 9,11,12 сарын цалинг дундажлан гаргасан. Иймд Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.Сийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/529 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд оролцон нэхэмжлэлд гаргасан тайлбараа дэмжин тайлбарлахдаа: Б.Нгийн Монгол улсын Эрүүл мэндийн сайд Д.Сийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/529 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг үл зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Н нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/151 дугаартай тушаалаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирал томилогдох хүртэл хугацаагаар тухайн албан тушаалд түр томилогдон ажиллаж байсан. Улмаар Б.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/529 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 5.1.3-т заасан, Ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүрэг болон Эрүүл мэндийн сайдын баталсан холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлж ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам дээр Эрүүл мэндийн сайд, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/472 тоот хамтарсан тушаалын 1.5-д заасан өдөр тутмын үйл ажиллагааг Эрүүл мэндийн хөгжлийн төв буюу цаашид ажлын алба удирдан зохион байгуулж хийнэ. Энэхүү ажлын алба нь ямар чиг үүрэгтэй вэ гэхээр тус журмын 3.2-т заасан төгсөлтийн дараах үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн сургалтад элсэгч, төгсөгчдөд улсын нэгдсэн сургалтыг зохион байгуулах, сургалт дүүргэснийг гэрчлэх мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээг эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулан олгох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэхүү баталгаажуулах хүртэлх ажлыг хийх чиг үүргээ Эрүүл мэндийн хөгжлийн төв хангалтгүй биелүүлж байсан. Өөрөөр хэлбэл Б.Нг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байх хугацаанд буюу Эрүүл мэндийн дэд сайд, Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн даргын 2017 оны 01 сарын 24-ний өдрийн албан бичиг, түүнээс хойш хүргүүлсэн 10 гаруй удаагийн зөвлөмж, чиглэл хүргүүлсэн боловч ажилд нь алдаа зөрчил гарсан хэвээр, зөвлөмж чиглэлийн хэрэгжилтийн тайланг огт ирүүлээгүй, Эрүүл мэндийн байгууллагаас өргөдөл, гомдол ирсээр байсан тул ноцтой зөрчил гаргасан, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлыг томилох хүртэл ажил албан тушаалд нь ажиллуулах боломжгүй гэж үзэж Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/529 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тухайн ажилтныг томилсон албан тушаалтан хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргээ биелүүлээгүй гэж үзвэл ноцтой зөрчил гэж үзнэ гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагчаар Эанд холбогдуулан Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай яамны сайдын тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын хамт нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцлоо.
Хариуцагч тал нэхэмжлэлийг үл зөвшөөрч, Б.Н Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлаар ажиллах хугацаанд гэрээнд заасан чиг үүрэгт ажлыг хангалтгүй биелүүлж хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн тушаал үндэстэй гэж маргав.
Нэхэмжлэгч Б.Н нь ажлаас чөлөөлөх тухай яамны сайдын тушаалыг 2017 оны 12 сарын 22-ны өдөр гардан авсан ба нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.”Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааны дотор байх тул шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Б.Н нь Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/151 дүгээр “Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч томилох тухай” тушаалаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан талаар талууд маргаагүй.
Б.Н нь Эрүүл мэндийн сайдтай 2017 оны 3 сарын 31-ний өдрөөс Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирал томилогдох хүртэл хугацаатай Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан, ТҮЭМ-9-3 ангилал, зэрэглэл, шатлалаар 986863 төгрөг,ур чадварын нэмэгдэл 10 хувь, мэргэжлийн зэрэг, эрдмийн зэрэг, цолны нэмэгдлийг Засгийн газрын тогтоолын дагуу, бусад нэмэгдлийг байгууллагын дотоод журам, хамтын гэрээгээр тогтоохоор тохирсон.
Талуудын хооронд бичгээр хийгдсэн хөдөлмөрийн гэрээ нь, хөдөлмөрийн харилцаа үүсгэн талууд хүсэл зоригоо илэрхийлж, бичгээр үйлдэн эрхлэх ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, хөдөлмөрийн нөхцлийг бүрэн тусган гэрээний агуулгаа харилцан тохиролцсон, мөн Ерөнхий захирал томилогдох хүртэл хугацаа заасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д заасан шаардлагыг хангасан, хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2.-т заасан талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулагдсан байна.
Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 сарын 22-ны өдрийн А/529 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 2017 оны Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн , Б.Нг 2017 оны 12 сарын 22-ны өдрөөс Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, ажил хүлээлцүүлэх комиссыг байгуулан 2017 оны 12 сарын 22-ны өдөр түүний ажлыг хүлээлцүүлэхийг үүрэг болгожээ.
Тушаалд, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2.”ажил олгогч санаачилсан”, 40 дүгээр зүйлийн 40.1.4.”ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, Б.Нтай байгуулсан 2017 оны 3 сарын 31-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3.”ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүрэг болон Эрүүл мэндийн сайдын баталсан холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн” гэсэн зохицуулалтуудыг баримталсан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хуралдаан дээр, Б.Нг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа Эрүүл мэндийн дэд сайд, Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн даргын 2017 оны 01 сарын 24-ний өдрийн албан бичиг, түүнээс хойш хүргүүлсэн 10 гаруй удаагийн зөвлөмж, чиглэл хүргүүлсэн боловч ажилд нь алдаа зөрчил гарсан хэвээр, зөвлөмж чиглэлийн хэрэгжилтийн тайланг огт ирүүлээгүй, Эрүүл мэндийн байгууллагаас өргөдөл, гомдол ирсээр байсан, 10 удаа ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн тул ажил албан тушаалд нь ажиллуулах боломжгүй, Энаас удаа дараагийн буюу 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1А/4821 тоот албан бичигт дурдсан 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл тушаалын төсөл хянасан тухай 20 удаагийн албан бичиг, тухайлбал, 2017 оны 05 сарын 03-ны өдрийн 2/1673 тоот албан бичгээр, Эмнэлгийн мэргэжилтэнд эмнэлгийн зэрэг олгох тушаалын төсөл боловсруулж ирүүлэхдээ, журмын 1.7-д заасан мэргэжлийн зэрэг давхцуулан олгохгүй байхыг зөрчсөн. эмнэлгийн мэргэжилтний бичиг баримтыг дутуу ирүүлсэн, төсөл хянахад шаардлагатай баримт бичгийг ирүүлдэггүй, үүнээс болж цаг хугацаа алдах, дахин дахин нааш цааш явуулах, хариуцлагатай ханддаггүй явдал, мөн 2017 оны 11 сарын 20-ны өдрийн 16/4224 тоот албан тоотоор, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээнд он сар өдрийг бичиж баталгаажуулаагүй, баталгаажуулснаас хойш тухайн эмнэлгийн мэргэжилтэн болон ЭМБ-ын хүний нөөцийн мэргэжилтэнд шуурхай хүлээлгэн өгөөгүй зэрэг ноцтой зөрчил гаргасан, одоо Эрүүл мэндийн хөгжлийн даргаар өөр хүн томилогдон ажиллаж байгаа тул эгүүлэн томилох үндэсгүй гэж үзсэн гэсэн тайлбар гаргаж байна.
Энэ тайлбарт буруутган дурдаж буй ажлууд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нгийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын яг ямар заалтаар хүлээсэн үүрэг болохыг заасан, тодорхойлсон баримтгүй байна.
Хариуцагч тал нэхэмжлэлд ирүүлсэн тайлбартаа хавсаргаж ирүүлсэн 42, шүүх хуралдаанд гаргаж өгсөн 20 хуудас баримтууд бичмэл баримтын хуулийн шаардлага хангаагүй, тус яамны хуулбар үнэн тэмдэг дарагдсан байгаа нь зохигч өөрөө гаргах боломжгүйгээс шүүх бүрдүүлэх баримтад хамаарахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.”Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө…”гэж заасантай нийцэхгүй байх ба зохигч мэтгэлцээний үндэслэлээ хуулийн шаардлага хангасан нотлох баримтаа цуглуулж нотлох үүрэг хэрэгжээгүй тул үнэлэх үндэсгүй байна.
Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм.
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтны гаргасан сахилгын зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдхүй байна.
“Ноцтой зөрчил” нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, ажилтны өөрийнх нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш, үйлдэл, эс үйлдэл байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний 2 тал тухайн ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан яг ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх нь хууль зүйн агуулга болно.
Нэхэмжлэгчээс хуулийн шаардлага хангаж ирүүлсэн, хариуцагч маргаагүй /хэргийн 5-10 хуудас/ Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3.”ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүрэг болон Эрүүл мэндийн сайдын батаlсан холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн” гэсэн нь тушаалд гэм буруутай гэж үзсэн үйлдэл, эс үйлдэхгүйг нэрлэн бичээгүй тул хариуцагчийн тайлбарт дурдсан зүйлс хэзээ ямар үйлдэл эс үйлдэхүйг хэн үйлдсэн талаар нотлогдохгүй, Б.Нг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа тухайн алдаа дутагдал гаргасан гэдгийг нотоlсон бичвэр тэмдэглэгээ баримтгүй тул ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүрэг болон Эрүүл мэндийн сайдын баталсан холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг дутуу биелүүлсэн, эсвэл огт биелүүлээгүй, эсвэл алдаа гаргасан үйлдэл эс үйлдэхүйгээр Б.Нг буруутгах зүйл тогтоогдохгүй байна.
Сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл болох сахилгын зөрчил гэж үзэх үйлдэл эс үйлдэхүйг нэрлэсэн зүйлгүй, 10 удаа ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн буруутай гэж үзсэн нөхцөл шалтгаан тогтоогдсон баримт нотолгоо байхгүй, үр дагавар хор уршиг учирсан байдал тогдоогдохгүй, хөдөлмөрийн гэрээний 7.1.-д зааснаар “хөдөлмөрийн гэрээний хэрэгжилтийг ажилтны үр дүнгийн гэрээний үнэлгээ, байгууллагын жилийн үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээний дүн болон тодорхой чиглэлээр явцын дунд хийсэн үнэлгээ зэргийг харгалзан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар нь бусад талуудтай хамтран жил бүр үнэлж дүгнэнэ.”гэсний дагуу хангалттай эсэхэд үнэлж, дүгнэсэн зүйлгүй, 10.1.дэх хэсэгт заасан гэрээ цуцлах үндэслэл бий болсон гэх байдал байхгүй, шүүхэд ирүүлсэн баримтаа үнэлэх боломж бүрдүүлээгүй зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.”шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1. “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан хуулиар хүлээсэн маргаж буй байдлаа нотлох үүргээ хариуцагч тал биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэл болно.
Нөгөө талаар Б.Нг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд ажиллаж, хөдөлмөрийн гэрээ үргэлжилж байх үед ажил олгогч нэг талын санаачилгаар ажлаас чөлөөлсөн тул одоо Эрүүл мэндийн хөгжлийн даргаар өөр хүн томилогдон ажиллаж байгаа гэсэн нь нэхэмжлэгчийн хувьд шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй.
Эндээс дүгнэхэд, Б.Нг эрхэлж байсан ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн Эрүүл мэндийн сайдын “ажлаас чөлөөлөх тухай” А/529 дугаар тушаал нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэх үндэстэй.
Ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй хэдий ч ажилтанд гардуулагдчихсан, ажлаас чөлөөлсөн үйл баримт бий болгогдсон, ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид үр дагавар үүсгэхгүй учир шүүх тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй.
Иймд Монгол улсын Эрүүл мэндийн сайдын “ажлаас чөлөөлөх тухай” А/529 тоот тушаал хуульд нийцээгүй, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох Б.Нг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч талаас ажилгүй байсан хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар шаардах эрх үүссэн.
Нэхэмжлэгч тал 2017 оны 10-р сард ээлжийн амралттай байсан 10 сарыг хасч, 9,11,12 сарын цалинг дундажлан сард 1 617 021 төгрөг цалин авч байсан гэж 3 234,042 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар ажиллаагүй, ээлжийн амралттай байснаас цалин бага бодогдсон гэдгээ баримтаар нотлоогүй, талууд дундаж цалин хөлсийг тодорхойлж өгөөгүй тул нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрийн бичилтээр тооцож, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 сарын 27-ны өдөр хүртэл хугацааны дундаж цалинг /381802+1374892+1647978=3404672:3=/1134890,6төгрөг сарын дундаж. 1134890,6:22=51586 нэг өдрийн х 6 хоног=309516+2269781,2=/ 2 579 297,2 төгрөгийг олговорт гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т ”Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.”гэж зааснаар олговорт олгогдох 2 579 297,2 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нэхэмжлэгчийн дэвтэрт 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг, хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг дээр олговорт олгогдох дүнгээс 56 219 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 160 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нг эрхэлж байсан Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, шаардлагаас Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/529 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, олговорт шаардсан дүнгээс үлдэх 654 744, 8 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Энаас олговорт 2 579 297,2 /хоёр сая таван зуун далан есөн мянга хоёр зуун ерэн долоо/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нд олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан олговорт олгогдох 2 579 297,2 /хоёр сая таван зуун далан есөн мянга хоёр зуун ерэн долоо/ төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг зөвтгөн хийхийг хариуцагч Эанд үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Энаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид үндсэн шаардлагад 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, олговорт гаргуулсан дүнгээс тооцон 56 219 төгрөг бүгд 126 419 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ