Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/531

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “А” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга И.Алтанай,

Улсын яллагч С.Солонго,

Шүүгдэгч Б.Ж /өөрийгөө өмгөөлж/,

Шүүгдэгч Д.Д  /өөрийгөө өмгөөлж/,

Шүүгдэгч Н.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ж, Д.Д, Н.Б нарт холбогдох эрүүгийн 2211003981124 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 17ы өдөр хүлээн авч хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 1. Монгол улсын иргэн, Б.Ж 2001 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт, Дархан-Уул аймаг Шарын гол сум 2 дугаар баг 9-21 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

 

2. Монгол улсын иргэн, Д.Д , 2001 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эцэг, эх, 3 дүүгийн хамт, Дархан-Уул аймаг Шарын гол сум 2 дугаар баг 15-42 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  /

 

3. Монгол улсын иргэн, Н.Б 2002 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт, Дархан-Уул аймаг Шарын гол сум 1 дүгээр баг 6-21 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ж, Д.Д, Н.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Монгол караоке баарны гадна хохирогч О.Чийг зодож, түүний биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух шарх, зулгаралт, баруун болон зүүн нүдний зовхи, зүүн шанаа, эрүү, баруун болон зүүн шуу, зүүн тохой, баруун зүүн сарвуу зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бүсэлхий нуруунд зулгаралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл үүсгэсэн болох нь:

 

Шүүгдэгч Б.Жөөс Н.Бгээс Д.Д нараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Б.Жөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-103/ “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ..” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Дгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-111/ “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ..” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Бгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: хх-119/ “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ..” гэх мэдүүлэг,

Хохирогч О.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 02 дугаар сарын 13-ны орой 22 цаг 30 минутын орчим би эхнэр болон найзууд болох Пүрэвбат түүний эхнэр Батцэцэг нарын хамт дөрвүүлээ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд Монгол нэртэй караоке бааранд орсон. Уг караокед орж хүний 1 пиво авч уугаад дуулцгааж байтал араас манай 10 жилийн ангийн найз Мөнхбайгаль эхнэрийн хамт ирсэн. Ингээд зургуулаа нийлээд дахин хүний 1 шил пиво авч ууж байгаад 00 цагийн орчим уг караокеноос коридорт хоккей тоглодог гэж өөрсдийгөө танилцуулсан 6, 7 залуучуудтай маргалдсан юм. Гэтэл уг залуучууд намайг бүгдээрээ нийлж байгаад зодчихсон юм. Би ч гэсэн тэдгээр залуучуудыг цохисон юм. Тэгээд нэг сэрсэн чинь тэдгээр залуучууд зугтаачихсан, би ухаан алдсан байсан..” гэсэн мэдүүлэг /хх-19/,

 

Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө би нөхөр Мөнхбайгаль, найзууд болох Чинзориг, Анар, Пүрэвбат, Батцэцэг нарын хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокены гадна караоке дотор байсан 7-8 залуучуудтай маргалдсан ба үүнээс бол манай найз Чинзориг зодуулж гэмтэл авсан. Миний хувьд тухайн үед найз залуугаа бусдаас салгаж нааш цааш явсны улмаас доргиж зулбасан гэж боддог. Надад гомдол санал байхгүй, миний биеийн байдал хэвийн эрүүл байгаа..” гэсэн мэдүүлэг /хх-21/,

 

Гэрч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-28/, Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-36/, Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-38/, Гэрч Ж.Жаргалбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-39/, Гэрч Ө.Тэмүүлэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-48/ мэдүүлгүүд,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2913 дугаартай дүгнэлтэд: /хх-53-55/ “..О.Чийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух шарх, зулгаралт, баруун болон зүүн нүдний зовхи, зүүн шанаа, эрүү, баруун болон зүүн шуу, зүүн тохой, баруун зүүн сарвуу зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бүсэлхий нуруунд зулгаралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Б.Жийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-73/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-67/, шүүгдэгч Н.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-84/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-82/, шүүгдэгч Д.Дгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-78/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-76/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэрэгт цугласан бусад бичгийн нотлох баримтууд цугларсан байна.

 

Хохирогч О.Чт учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нарын дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Ж, Д.Д, Н.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Монгол караоке баарны гадна хохирогч О.Чийг зодож, түүний биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух шарх, зулгаралт, баруун болон зүүн нүдний зовхи, зүүн шанаа, эрүү, баруун болон зүүн шуу, зүүн тохой, баруун зүүн сарвуу зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бүсэлхий нуруунд зулгаралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч  Б.Ж, Д.Д, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ж, Д.Д, Н.Б нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Ж, Д.Д, Н.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, Д.Д, Н.Б нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  шүүгдэгч нар дээрх торгуулийн ялыг шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд тус тус төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Ж, Д.Д, Н.Б нарыг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч   О.Ч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ж, Д.Д, Н.Б нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Ж, Д.Д ,Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, Д.Д, Н.Б нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, Д.Д, Н.Б нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, Д.Д, Н.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Ж, Д.Д, Н.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ж, Д.Д, Н.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР