Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/07/04/872

 

2022         07          04                                        2022/ШЦТ/872

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч Б.Ө-, О.С-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ө-, О.С-нар холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 сарын 20-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Нэг: Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ...-ний өдөр ... төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, ... оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

... овогт Б.Ө- (Регистрийн дугаар: НК9610....).

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ... жолооч ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт, ... оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 ... овогт О.С- (Регистрийн дугаар: УП9702....).

Холбогдсон хэргийн утга:

Шүүгдэгч Б.Ө-, О.С-нар бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ундарга” нэртэй караоке баарны гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 19-ний шөнийн 3 цагийн орчимд М.Г-г зодож зүүн ухархайн доод ханын хугарал, зүүн зовхины шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихэнд шарх, дух, зүүн эгэмд цус хуралт баруун мөр, баруун тохойд зулгаралт гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 759 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нар гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Ө-, О.С-нарын хууль бус үйлдлийн улмаас хохирогч М.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь:

- Хохирогч М.Г-ы “... 2022 оны 3 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчим өөрийн найзууд болох Т, А, Ч нартай цэргийн баяр тэмдэглэхээр уулзаад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо зүүн салааны хуучин эцсийн автобусны буудлын орчим байдаг “Ундарга” караоке баарны нийтийн зааланд орцгоосон. Бид нартай хамт нийтийн караокены зааланд 25-30 орчим насны 5-6 залуучууд үйлчлүүлж байсан. Тэгтэл А, Т, нар тамхи татна гээд гарч ороод байсан. Удалгүй баарны гадаа гарсан чинь манай найзууд бааранд үйлчлүүлж байсан залуучуудтай хэрүүл маргаан хийсэн маягтай зогсож байсан.Тухайн үед манай хэд болон бааранд байсан залуучууд бие биеийгээ салгаад зогсож байсан. Тэгтэл манай найз А нөгөө хэдэн залуучуудтай зодоон хийгээд байгаа юм шиг зууралдаад баарны хойшоо явахаар би араас нь очоод А-г тэд нараас салгаж авах гэж байтал нэг залуу намайг заамдаад түлхсэн үү мэдэхгүй би саваад газар унаж байсан. Тэгтэл миний зүүн нүд рүү нэг хүн өшиглөөд авсан би манараад юу болж байгааг мэдэхгүй болсон. Нэг мэдсэн чинь би гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байсан. Миний зүүн нүд хөхөрч хавдсан цаана нь яс гэмтсэн гэсэн. Бас зүүн чихэнд оёдол тавиулсан байгаа. Би одоо удахгүй зүүн нүдний цөмөрсөн ясыг эмчлүүлэх хагалаанд орно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 хуудас),

- Гэрч Ч.Б-н “...Нэг харсан чинь цайвар өнгийн ноосон цамцтай ах газар унасан байсан. Хажууд нь ажлын хувцастай ах тар нар хүн алчихлаа  шүү дээ гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 хуудас),

- Гэрч А.Н-н”... Удалгүй 103 ирээд Ганчулуун гэх ахыг аваад явахад ажлын куртиктэй ах хүү хамт явна гээд 103-ын машинд ороод суусан. Тэгтэл Б.Ө би угаасаа наад хүнийг чинь цохисон юм чинь араа даана гэж хэлээд 103-ын машинд бас суугаад явсан. Өсөхбаярыг тэгж хэлж байхыг Сэргэлэнбаатар бид хоёр сонссон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 хуудас),

- Гэрч Э.Т-н “...Миний мэдэхийн О.С тэр цайвар ноосон цамцтай Ганчулуун гэдэг ахтай заамдалцаад газар унаж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 хуудас),

- Гэрч М.Г-н “...Бужигнаан болоод бөөгнөрч байсан хүмүүс дундаас цайвар ноосон цамцтай хүн газарт сунаад унасан. Цайвар цамцтай залууг газар унасан байхад нь хар өнгийн юүдэнтэй куртиктэй бараан хар хувцастай залуу нүүр лүү нэг удаа их чимээ гаргаад хүчтэй өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 49 хуудас),

- Гэрч С.А-н “...Тэгсэн чинь нөгөө хар хувцастай махлаг залуу Өсөхөө цаанаас гүйж ирснээ Ганчулууны нүүрэн тус газар эрүү орчим нь нэг удаа гараараа цохисон. Тэгсэн чинь М.Г газар шууд унасан унахдаа духны баруун хэсгээрээ замын хашлага мөргөөд унасан. Тэр үед Өсөхөө гэх залуу М.Г-ны зүүн талын чих рүү гутлын бүрэн улаараа нэг удаа дэвссэн. Тэр үед тэнд байсан өндөр нуруутай давхраатай нүдтэй шар царайтай шар өнгийн саравчтай малгайтай залуу Ганчулууны зүүн нүд орчим нэг удаа маш хүчтэй өшиглөсөн. Тэгээд М.Г ухаан алдаад босож ирэхгүй байсан. Тэгээд би Ганчулуун дээр очоод харахад зүүн нүд, зүүн чихнээс цус гарсан, баруун дух халцарсан байдалтай ухаан орохгүй байсан. Тэгээд ашгүй зам дээр нэг түргэний машин явж байхаар нь би урдуур нь гүйж зогссон М.Г-ыг суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Ингэхдээ би Б.Ө-г чи зодсон биз дээ хамт яв гэж хэлээд дагуулаад явсан. Би тухайн өдөр бага архи уусан байсан. 3-4 хундага л уусан бараг эрүүл байсан. Тийм учраас тухайн өдөр болсон асуудлыг маш сайн санаад байгаа юм. Би М.Г-г цохисон намхан залуу болон өшиглөсөн өндөр залуучуудын царайг маш сайн санаж байна. Би зургийг нь хараад шууд таниад зааж өгч чадна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51 хуудас),

- Гэрч Х.Т-н “...Ганчулуун караокеноос гарч ирээд юу болоод байгаа юм бэ гэж хэлээд хэрүүл маргааныг болиулах гээд байж байхад нэг өндөр залуу Ганчулууныг хальт цохисон. Тэр үед Ч-г цохисон намхан махлаг залуу М.Г-ы нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиод газар унагаасан. М.Г цохиулаад унахдаа замын хашлага мөргөж унасан. Ингэхдээ духны баруун тал нь зулгарсан байсан. Тэгээд тэр намхан залуу М.Г-г босож ирээгүй байхад толгой руу нь дээрээс нь нэг удаа дэвсэж байсан мөн өндөр нуруутай давхраатай нүдтэй саравчтай малгайгаа буруу харуулж өмссөн залуу холоос гүйж ирээд М.Г-ы нүүрэн тус газар нэг удаа өшиглөсөн. Тэгээд би М.Г дээр очоод хартал түүний нүүр нь нэлэнхүйдээ цус болсон ухаангүй болсон байсан. Тэгтэл М.Г-г анх хальт цохисон өндөр залуу Ганчулууны нуруу цээж орчим хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 хуудас),

- Гэрч Б.Н-н “...Над руу А залгаад М.Г хүнд зодуулаад ухаангүй хэвтэж байна түргэн дуудсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд буцаад ирсэн. Тэгэхэд манай нөхрийг түргэний машин аваад явсан тухайн газар дуудлагын цагдаа нар ирсэн байсан. Манай нөхрийг түргэний машинд суулгаад явахад тэр анх цохисон гээд намхан бүдүүн залууг хамт эмнэлэг явуулсан байсан. Тэгээд би найзуудаас манай хүнийг хэн зодсон юу болсон талаар асуухад караокены эмэгтэй надад малгайгаа буруу харуулж өмссөн өндөр давхраатай нүдтэй залууг заагаад энэ залуугийн зургийг сайн дарж аваарай. Наад залуу чинь танай нөхрийг нүүр нүд рүү өшиглөсөн” гэж хэлсэн учраас би тэр зааж өгсөн залуугийн зургийг утсан дээр дараад хадгалчихсан байгаа. Би тэр залуугийн зургийг мэдүүлэгтээ хавсаргаад өгнө. Мөн намхан бандгар залууг манай нөхрийг анх цохиж унагаад толгой дээр нь дэвсэх үед манай нөхөр замын боржур мөргөөд толгой нь ойгоод дээшээ болсон гэсэн. Тэр үед малгайгаа буруу харуулаад өмссөн давхраатай нүдтэй банди нүд рүү нь өшиглөсөн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58 хуудас),

- Шинжээч О.Болорын “...М.Г-ы биед учирсан зүүн ухархайн доод хананы хугарал, зүүн зовхины шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хөлөөр өшиглөх үед үүсэх боломжтой. Зүүн чихэнд шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ хөлөөр өшиглөх үед үүсэх боломжтой. Дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62 хуудас),

- Гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6 хуудас),

- Гэрч С.А-р таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон гэрэл зураг (хавтаст хэргийн 10-19 хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 сарын 23-ны өдрийн 4604 дугаартай шинжээчийн дүгнэлтэд М.Г-ы биед зүүн ухархайн доод ханын хугарал, зүүн зовхины шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихэнд шарх, дух, зүүн эгэмд цус хуралт баруун мөр, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 71-72 хуудас),

- О.С-н М.Г гэх хүний эрүүл мэндэд халдсандаа харамсаж байгаа түүнд эмчилгээний зардал гэж Б.Ө-р дамжуулж 250,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 99 хуудас),

- Б.Ө-ын “...миний хувьд гэм буруутай үйлдэлдээ маргаж байгаа зүйл байхгүй хохирогч болох хүнд өөрөөсөө эмчилгээний зардалд 1,650,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 90 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

2. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч нарын хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, тэдгээрийн хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн обьектив талын болон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж хангагдсан.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

3. Хохирогч М.Г- нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар 1,900,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нараас 1,900,000 төгрөгийг .... тоот дансанд (хавтаст хэргийн 155 хуудас) төлсөн байх тул шүүгдэгч Б.Ө-, О.С-нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хохирогч М.Г нь “Гомдолтой байна. Би одоо удахгүй зүүн нүдний цөмөрсөн ясыг эмчлүүлэх хагалгаанд орно.Гарсан зардлын талаарх баримтуудаа эргээд гаргаж өгнө” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 24-25 хуудас) байх тул тухайн мэдүүлгийн хүрээнд хохирлыг тооцож шийдвэрлэх боломжгүй учраас хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаар цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ө-, О.С-нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            Шүүгдэгч нар: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            5. Шүүгдэгч Б.Ө-, О.С-нар урд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний үйлдэлд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Б.Ө-, О.С-нарын хувийн байдал болон шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ бүлэглэн хүнийг зодож хөнгөн хохирол санаатай учруулсныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрд 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэх нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

 

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. ... овогт Б.Ө, ... овогт О.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ө-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар, О.С-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б.Ө-, О.С-нарт үүрэг болгосугай.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Ө-, О.С-нарт мэдэгдсүгэй.

   5. Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч М.Г-ы баримтаар нэхэмжилсэн 1,900,000 төгрөгийг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

   6. Хохирогч М.Г- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

   7.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

   8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ