Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1608

 

МАГАДЛАЛ

 

2017.7.19                                                     Дугаар 1608                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/01747 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Санчирт холбогдох,

20 250 000 төгрөг, хүү 8 262 000 төгрөг, нийт 28 262 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Энхжаргал,

Хариуцагч: Д.Санчир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Даваажав нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Д.Санчир нь Капитал банкны Ерөнхий зохицуулалтын газарт Аюулгүй байдлын мэргэжилтнээр ажиллаж байсан ба ажил олгогч болон ажилтан нар харилцан тохиролцож 2013 оны 8 сарын 09-ний өдөр Ажиллагсадын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт №31 тоот гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу банк ажилтанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 75 дугаар байрны 1 орцны 119 тоотод байрлах 45 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авахад зориулж 81,000,000 төгрөгийн зээл олгохоор тохиролцсон бөгөөд үүний 20,250,000 төгрөгийг нь урьдчилгаа төлбөр болгон төлөх, ингэснээр ажилтан нь тус банкинд арван жилийн хугацаатай тогтвор суурьшилтай ажиллах болзолтойгоор гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу манай банк хариуцагчтай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан Катеринг деливери ХХК-ийн 2000004292 тоот дансанд 2013 оны 8 сарын 26-ны өдөр бусад ажилчдын төлбөрийн хамт шилжүүлсэн.

Ажиллагсадын ипотекийн зээлийн урьдчилгаа төлөх тогтвортой ажиллах нөхцөлт №32 дугаар гэрээгээр ажилтан нь банкинд арван жил тогтвортой ажилласан тохиолдолд урьдчилгаа төлбөрийг хөнгөлөх, дээрх хугацаагаар ажлаагүй тохиолдолд ажилтан нь урьдчилгаа төлбөрийг банкинд хүүтэйгээр буцаан төлөхөөр тохиролцсон. Мөн Д.Санчиртай 2015 оны 1 сарын 16-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд 2015 оны 5 сарын 21-ний өдөр №008 дугаар нэмэлт өөрчлөлтийг оруулж дээрх нөхцөл болзлыг талууд дахин баталгаажуулсан. Гэвч Д.Санчир нь ажиллах хугацаандаа удаа дараа сахилгын зөрчил гаргаж байсан ба хоёр удаа сахилгын зөрчил гаргаж, шийтгэл хүлээж байсан. Тэрээр 2016 оны 1 сарын 16-ны өдөр банкны толгой компани болох Бишрэлт холдинг ХХК-д шилжин ажилласан бөгөөд 2016 оны 2 сарын 16-ны өдрөөс эхлэн нийт 6 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул гүйцэтгэх захирлын 2016 оны 2 сарын 24-ний өдрийн 9 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас халсан юм.

Д.Санчир нь 31 тоот гэрээний 2.4-т заасан ажилтан банктай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж доод тал нь арван жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллана, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар нэмэлт өөрчлөлтийн 8-д заасан ажилтан гэрээнд заасан хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй сахилгын зөрчил гаргахгүй, идэвхи санаачлагатай ажиллана гэсэн үүргүүдээ тус тус биелүүлээгүй. Иймд 31 тоот гэрээний 2.6, Хөдөлмөрийн гэрээний №008 дугаар нэмэлт өөрчлөлтийн 9-д заасныг үндэслэн банкнаас олгосон санхүүгийн дэмжлэг буюу урьдчилгаа төлбөр болох 20 250 000 төгрөг, хүүгийн төлбөр       8 262 000 төгрөг, нийт 28 512 000 төгрөгийг иргэн Д.Санчираас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Капитал банкинд 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа буюу 2012 оны 5 дугаар сарын       04-ний өдөр “Катеринг деливери” ХХК-тай орон сууцны барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулан, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол 75 дугаар байрны 119 тоот хаягт байрлах 45 м.кв бүхий орон сууцыг м.кв нь 1 300 000 төгрөг буюу 58 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Ингэхдээ Капитал банктай мөн 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр орон сууцны санхүүжилтийн гэрээ, ажиллагсадын зээлийн гэрээ тус тус байгуулан 58 500 000 төгрөг зээлж авсан. Гэтэл 2013 оноос Монгол улсын Засгийн газраас орон сууцны ипотекийн зээл буюу жилийн 8 хувийн хүүтэй зээлийн Монголын ипотекийн корпорациар дамжуулан олгож эхэлсэнтэй холбогдуулан уг зээл рүү шилжүүлж, банк чамд олгосон зээлийн эх үүсвэрээ эргүүлж авах шаардлагатай байна. Чи ажилтны хувьд байгууллагаа бодох хэрэгтэй байна. Эсвэл чамайг ажлаас чөлөөлнө гэсний дагуу 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 31 тоот гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээний зорилго нь Монголын ипотекийн корпорациас гаргасан Ипотекийн зээлийн журамд заасан зээлийн шаардлагыг хангасан мэт дүр үзүүлэх байсан бөгөөд яг бодитоор миний өмнөөс Катеринг деливери ХХК-ийн зүгээс Капитал банкны зүгээс 20 250 000 төгрөгийг шилжүүлээгүй. Нэхэмжлэгч энэ мөнгө шилжүүлсэн гэдгээ баримтаар нотолж чадахгүй байна. Цаг хугацааны хувьд авч үзвэл Капитал банк надад орон сууцны хөнгөлөлт олгосон бол яагаад орон сууц худалдан авч байх үе болох 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулаагүй, ямар учраас 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хөнгөлөлт олгосон мэтээр гэрээ байгуулах болов. Дурдаад байгаа 20 250 000 төгрөг нь   81 000 000 төгрөгийн 30 хувь биш. Миний банкнаас зээлсэн мөнгө бол 58 500 000 төгрөг, үүн дээр Капитал банкнаас шилжүүлсэн гэх 20 250 000 төгрөгийг нэмбэл 78 750 000 төгрөг болно. Хаанаас яаж бодоод 81 000 000 төгрөг гарч ирээд байгаа нь тодорхойгүй байна. 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 хороололын 75 дугаар байрны 119 тоотын 2 өрөө орон сууцыг 58 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагаас энэхүү гэрээний дагуу надад үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Ийм байтал надад дахин зээл нэмж авах, орон сууцны үнийг гэрээнд тусгагдаагүй үнээр нэмж төлөх шаардлага байхгүй байсан. Тэгээд ч тухайн үед орон сууцны зах зээлийн үнэ 1 м.кв нь 1 000 000 - 1 400 000 төгрөгийн хооронд үнэтэй байсан тул 1 800 000 төгрөгөөр байр худалдан авсан байх боломжгүй. Капитал банкны зүгээс Катеринг деливери ХХК миний өмнөөс надтай байгуулсан гэрээний дагуу 20 250 000 төгрөг байрны урьдчилгаанд шилжүүлсэн байлаа ч Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт болзол тавьж хэлцэл хийсэн этгээд болзолд заасан үйл явдал бий болохоос өмнө эсрэг тал үүргээ гүйцэтгэхэд саад болох үйлдэл хийх эрхгүй гэж заасныг зөрчиж нэхэмжлэгч Капитал банк нь намайг ямар нэг хуулийн болоод хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлгүйгээр 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлсөн тул буцаан шаардах эрхгүй. Иймд Капитал банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Санчираас 20 250 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 262 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Капитал банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Санчираас 259 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банкинд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Капитал банк болон Д.Санчир нар нь 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт №31 тоот гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан болзол тавьж хийсэн хэлцэл тул мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.7 дахь заалтыг үндэслэж байгаа гэдгээ шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо дурдсан байдаг. Харин хариуцагч миний зүгээс дээр дурдсан №31 тоот гэрээг дүр үзүүлсэн хэлцэл : бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэл нь үндэслэлгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан билээ. Гэтэл шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

“Катеринг деливери” ХХК-тай 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан "Орон сууц захиалгаар бариулах гэрээ", энэхүү гэрээний талаар шүүх дүгнэлт гаргасангүй. Хууль зүйн агуулга болоод бодит байдлын хувьд авч үзвэл миний зүгээс гаргаж өгсөн “Катеринг деливери” ХХК-тай 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд энэхүү гэрээний дагуу Баянзүрх дүүргийн, 16-р хороо, 75-119 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн гаргуулан авсан. Ингэхдээ “Катеринг деливери” ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ, “Капитал банк”, “Катеринг деливери” ХХК болон миний бие оролцсон гурван талт Орон сууцны санхүүжилтийн гэрээ зэрэг нь үнийн дүн бүгд адил 1 м.кв нь 1 300 000 төгрөг буюу           58 500 000 төгрөгний дүнтэй байдаг. Мөн дээрх хоёр гэрээний үндсэн дээр “Капитал банк” надад Орон сууц худалдан авахад зориулан, 58 500 000 төгрөгний зээлийг 25 жилийн хугацаатайгаар олгосон. Иймд 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан гэрээ бол бодит үнэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болох Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ, орон сууц санхүүжилтийн гурван талт гэрээ, 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байрны төлбөр шилжүүлсэн баримт зэргээр хангалттай нотлогддог.

Хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн баримтыг үл ойшоож, нэг талыг баримталсан дүгнэлт гаргасан байгаа юм. Зээлийн мэдээллийн систем зээлдэгчийн талаарх мэдээлэл гэх баримт болон 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан 3 ширхэг гэрээ, 2013 оны 08 дугаар сарын 15-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд эдгээр гэрээнүүд, мөн Зээлийн мэдээллийн системийн 2 болон 3 дугаарт бичигдсэн хэсгийг үнэлж үзвэл миний татгалзалыг нотлох боломжтой. Өөрөөр хэлбэл Зээлийн мэдээллийн системд 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Д.Санчир надад Капитал банк 58 500 000 төгрөгний зээлийг 25 жилийн хугацаатайгаар олгосон бөгөөд уг зээлийг хугацаанаас өмнө хааж, 2013 оны 08 дугаар сарын 15-ний өдөр 57 190 000 төгрөгний зээлийг 20 жилийн хугацаатайгаар олгосон болох нь маш тодорхой харагддаг. Засгийн газраас 2013 оны 06 дугаар сард арилжааны банкуудаар дамжуулан, жилийн 8 хувийн хүүтэй, ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Капитал банкны зүгээс ажиллагсдад олгосон зээлийн эх үүсвэрээ улсаас олж авах зорилгоор өмнө олгосон байсан зээлийн гэрээнүүдээ уг хөтөлбөрт нийцүүлэн шинэчилж байгуулсан. Түүнээс биш миний бие 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр авсан 25 жилийн хугацаатай зээлийн хугацааг нь богиносгох шаардлага байхгүй бөгөөд зээлийг хаах санхүүгийн боломжгүй байсан. Мөн үүний дээр уг зээлийг хаасан гэх ямар нэгэн баримт байхгүй. 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн болоод 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн зээлүүд нь нэг зээлийн харилцаа үргэлжлэн явагдаж байгаа гэдгийг зээлийн гэрээний зорилго, ерөнхий зүйл болоод зээлийн барьцааны гэрээ тодорхой нотлоно.

2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ хэрхэн шийдвэрлэгдсэн болох нь тодорхой бус. Зээлийг хаасан, цуцалсан, дуусгавар болгосон ямар нэгэн баримт байхгүй.

2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 57 190 000 төгрөг байсан.

2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ нь 20 жилийн хугацаатай бөгөөд 57 190 000 төгрөгний үнийн дүнтэй зэргийг дүгнэн авч үзвэл 2013 оны 08 дутаар сарын 09-ний өдрийн №31 тоот гэрээ нь Засгийн газрын 8 хувийн зээлд хамруулахын тулд урьдчилгаа төлсөн мэт дүр үзүүлэх зорилготой гэрээ байсан гэдэг нь тодорхой юм.

Учир нь Засгийн газраас баталсан 8 хувийн хүүтэй зээлийн журмаар зээлдэгч нь худалдан авч буй байрны үнийн 30 хувийг бэлнээр төлөх буюу үл хөдлөх хөрөнгө барьцаалах тохиолдолд зээл олгогдохоор зохицуулагдсан байсан. Капитал банкны ихэнх ажиллагсдын хувьд 30 хувийн урьдчилгаа төлөх, үл хөдлөх хөрөнгө барьцаалах боломжгүй байсан тул орон сууцны зээл авсан ажилтнуудтай тогтвортой ажиллах, урьдчилгаа төлөх хэмээх гэрээг байгуулсан бөгөөд энэхүү гэрээний зорилго нь дээр хэлсэнчлэн банкнаас гаргасан мөнгөн хөрөнгийг улсаас буцааж олж авахад оршиж байсан болно. Ийм баримтууд хэрэгт авагдсан, хэргийг үнэн зөв шийдвэрлэх бүрэн боломжтой байсаар атал шүүх дутуу дүгнэлт хийж, хүчин төгөлдөр бус баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь харагдаж байна.

Шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон өмнө нь шүүхэд гаргаж өгсөн, хэрэгт авагдсан байгаа нотлох баримтыг шүүх илт хайхрамжгүйгээр буруу дүгнэсэн нь дээрхээс харагдаж байна. Учир нь 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Капитал банкнаас чөлөөлөгдсөн бөгөөд энэ тухай баримт болох Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар хэрэгт авагдсан байгаа. Капитал банкнаас ажлаас чөлөөлөгдсөний дараа ямар нэгэн ажилд томилогдоогүй бөгөөд “Бишрэлт Холдинг” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, намайг ажилд томилсон тушаал байхгүй.

Дээрх тушаалыг эсэргүүцэж, хууль бус тушаал гэдгийг хэлсээр байтал, зохигчид уг асуудлаар маргаагүй гэж шийдвэрт бичсэн нь илт нэг талыг барьсан, шүүхийн шийдвэрт хуурамч үндэслэл оруулсан явдал гэж үзэж байна.

Нотлох баримтын шаардлага хангахгүй, санхүүгийн анхан шатны биш баримтуудыг үнэлж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Мөнгө шилжүүлсэн гэх мемориалын баримт нь гүйлгээний утга тодорхойгүй, хянасан гарын үсэг зурагдаагүй, 2 удаагийн гүйлгээгээр     330 150 000 төгрөгийг шилжүүлсэн гэх баримтанд хэний өмнөөс төлбөр гүйцэтгээд    байгаа нь тодорхой бус, тооцоо нийлсэн акт гэх баримт нь санхүүгийн анхан шатны баримт биш тул нотлох баримтын чадваргүй болно. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтууд нь эргэлзээгуй, үнэн зөв байх ёстой байтал маш эргэлзээтэй баримтуудыг үндэслэж, шийдвэр гаргасан.

Капитал банк 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Катеринг деливери ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ, Капитал банктай зээлийн гэрээ, гурван талт орон сууцны санхүүжилтийн гэрээ байгуулах үед энэхүү тогтвортой ажиллах гэрээгээ байгуулаагүй байж Засгийн газраас 2013 оны 06 дугаар сараас эхлэн ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн эхэлсэний дараа буюу 2013 оны 08 дугаар сард гэрээ байгуулах болов. Мөн хэрвээ 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Капитал банк, Катеринг деливери ХХК нар орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан байсан юм бол яагаад түүнээс хойш 2 сарын дараа буюу 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ, Капитал банк, Катеринг деливери ХХК оролцсон гурван талт гэрээ тус тус байгуулах үед тухайн гэрээний нөхцлийн талаар дурдаагүй вэ.

Үнэхээр тийм гэрээ байгуулагдсан байсан юм бол аль нэг гэрээнд нь байрны үнэ м.кв тутамдаа 1 800 000 төгрөг бөгөөд банк үүнээс урьдчилгаа төлж байгаа, үлдэх хэсгийг ажилтан зээлээр авч байгаа талаар дурдаж болох байсан. Гэтэл миний байр худалдан авах болон банкнаас санхүүжилт авах гурвалсан гэрээнүүд дээр байрны м.кв-ийн үнэ нь    1 300 000 төгрөг болох талаар тодорхой тусгагдсан байгаа.

Катеринг деливери ХХК-нд төлсөн байрны үнэ бол 58 500 000 төгрөг үүн дээр Капитал банкнаас шилжүүлсэн гэх 20 250 000 төгрөгийг нэмэн 78 750 000 төгрөг болно. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа шиг 81 000 000 төгрөг хаанаас яаж гарч ирээд байгааг нь ойлгомжгүй. Хэвийн явагдаж байсан зээлийн харилцаа яагаад Засгийн-газраас баталсан журамд нийцүүлэх гэсэн мэт зээлийн гэрээний хугацаа богиносон, урьдчилгаа төлсөн мэтээр гэрээ нөхөж хийх болов гэх мэт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх олон нөхцөл байдал, бодит баримтууд, үйл явдал байгаа боловч анхан шатны шүүх дээрх бүгдийг дүгнэн үзэлгүй, хэт нэг талыг барьж, зөвхөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтууд дээр тулгуурлаж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бэхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.Санчир ажиллах хугацаандаа удаа дараа сахилгын зөрчил гаргаж 2 удаа хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байснаас гадна 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс нийт 6 хоног хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №09 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул №31 тоот "Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгаа төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ"-ний 2 дугаар зүйлийн 2.4, 2.5, 3 дугаар зүйлийн 3.3 дэх заалтуудыг зөрчсөн тул гэрээний 2 дугаар зүйлийн 2.6, 3 дугаар зүйлийн 3.4-д заасны дагуу Капитал банк нь урьдчилгаанд төлсөн төлбөрийг хүүгийн хамт нэхэмжлэх эрх үүссэн болно. 20 250 000 төгрөгийн урьдчилгаанд сарын 1.7 хувийн хүүтэйгээр буцаан төлөхөөр тохиролцсоныг үндэслэн тооцсон 8 262 000 төгрөгийн хүүг "талууд хүү тохиролцохдоо хэзээнээс эхлэн хэдий хугацаагаар хүү төлөхөөр тохиролцсон нь тодорхойгүй, дээрх гэрээгээр хүү тохиролцсон хүсэл зоригийн илэрхийлэл хангалттай илэрхийлэгдсэн гэж үзэх үндэслэлгүй" гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийж хассан нь тоо тооцооллын илт алдаатай дүгнэлт гэж үзэж байна.

Учир нь талуудын харилцан тохиролцож байгуулсан №31 тоот гэрээний 2.6-д "Ажиптан тогтвортой ажшлах хугацаагаа дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр болон захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд энэхүүгэрээний 2.2-т заасан, ажиптны өмнөөс банкиы төлсөн төлбөрийг сарын 1.7 хувийн хүүгийн хамт банкинд буцаан төлж барагдуулна." мөн гэрээний 3.4-т төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй болохыг, №008 тоот Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 9-д "Ажилтан гэрээнд заасан хугацаанд өөрийн хүсэлтээр болон ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тохиолдолд ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш хуанлын 7 хоногийн дотор банкнаас олгосон санхүүгийн дэмжлэгийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн банкинд ажилласан жилээс хамааран дараах байдлаар төлж барагдуулна. " гэж заасныг тус тус үндэслэн дээрх хүүгийн хэмжээг тооцсон. Энэ нь тодорхой шат дарааллаар буурах байсан буюу өөрөөр хэлбэл эхний 2 жилд жилийн хүүгийн хэмжээ тус бүр 20.4%, 3 дахь жилээс жилийн 8% болж буурахаар талууд тохирсон. Хариуцагч Д.Санчирын хувьд 3 жил хүртэлх хугацаанд ажиллаагүй учраас дээрх тооцооллоор хүү буурахгүйгээр 20.4%*2=40,8%, 40,8%*24сар=8.262.000 төгрөг төлөх ёстой.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч Д.Санчирт холбогдуулан 20 250 000 төгрөг, хүү 8 262 000 төгрөг, нийт 28 262 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт №31 дүгээр гэрээ “-г Д.Санчир зөрчсөн тул түүний орон сууцны урьдчилгаанд төлсөн мөнгийг гэрээнд заасан хүүгийн хамт гаргуулах...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...энэ мөнгийг бодитоор, миний өмнөөс “Катеринг делевери” ХХК-д шилжүүлээгүй...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ” байгуулагдсан, нэхэмжлэгч нь ажилтны худалдан авч буй орон сууцны нийт үнэ 81 000 000 төгрөгөөс 20 250 000 төгрөгийн урьдчилгааг төлөх, ажилтан нь банктай хугацаагүй гэрээ байгуулж, доод тал нь 10 жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллах, ажилтан өөрийн болон захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан тохиолдолд банкны төлсөн төлбөрийг сарын 1,7 хувийн хүүтэйгээр буцаан төлөх, гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн тогтвортой ажиллах хугацааг тоолохоор гэрээнд заажээ.

Хариуцагч Д.Санчир нь тус банкны аюулгүй байдлын албаны мэргэжилтнээр 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс ажиллахаар хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан, энэ гэрээнд 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өөрчлөлт оруулан, Д.Санчир 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажиллахаар тохиролцсон.

Д.Санчир нь 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс тус банкны толгой компани “Бишрэлт холдинг” ХХК-д шилжин ажилласан, 2016 оны 02 дугаар сарны 24-ний өдөр гүйцэтгэх захирлын 09 тоот тушаалаар, сахилгын зөрчлөөр ажлаас халагдсан гэх үйл баримтын талаар талууд маргаагүй.

Хариуцагч нь гэрээнд заасан урьдчилгаа төлбөрийг бодитойгоор төлөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Д.Санчир нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13320/ Дамдинсүрэнгийн гудамж 75 байр, 119 тоот хаягт байршилтай, 45 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг банкны зээлээр худалдан авсан гэх боловч банкнаас 58 500 000 төгрөг зээлсэн, орон сууцны үнэ 81 000 000 төгрөгийг барьцааны гэрээнд 57 190 000 төгрөг гэж буруу бичсэнийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зөвтгөн өөрчилсөн нь улсын бүртгэлд бүртгэгджээ. /хх 87 /

Орон сууцны үнэ 81 000 000 төгрөг гэсэн гэрээ байхгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүйгээс гадна ажиллагсдын орон сууцны урьдчилгаа төлбөр төлсөн талаар хэргийн 208, 209 дүгээр талд авагдсан баримтыг хариуцагч баримтаар үгүйсгэн нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгч нь дээрх 31 тоот гэрээний 2.6-д зааснаар хариуцагчийн орон сууцны төлбөрийн урьдчилгаанд төлсөн мөнгийг буцаан төлүүлэхээр шаардах эрхтэй, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа хийсэн дүгнэлт зөв байна.

Зохигчдын давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/01747 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 147 145 төгрөг, хариуцагчаас төлсөн 259 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

                                   

                       ШҮҮГЧИД                                                Д.ЦОГТСАЙХАН                                        

 

                                                                                       М.НАРАНЦЭЦЭГ