Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
Хэргийн индекс | 139/2016/00038/Э |
Дугаар | 33 |
Огноо | 2016-07-19 |
Зүйл хэсэг | 181.2.1, |
Улсын яллагч | Ж.Очирбат |
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэцэцэг
Шүүгчийн туслах О.Янжиндулам
Улсын яллагч Ж.Очирбат
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн
Шүүгдэгч Э.Улаанхүү нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Улаанхүүд холбогдох эрүүгийн 201612000059 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Луус суманд 1989 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймаг Луус сумын 2 дугаар баг, Наран гэх газар нутаглах, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх Чонод овогт Эрдэнээгийн Улаанхүү /Регистрийн дугаар: ЗЗ89041013/
Шүүгдэгч Э.Улаанхүү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 8-ны шөнө Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн “Шороот гэх газар болон тус сумын Эрүүл мэндийн төв дотор бусдыг илтэд үл хүндэтгэн, нийтийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч Ч.Алтансүхийн нүүрэн тус газар нь 2 удаа цохиж хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Э.Улаанхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ч.Алтансүх бид хоёр
2, 3 жилийн өмнөөс хамт морь уядаг байсан. Уржнангаас хойш хамт морь уяхаа больсон. Тэрнээс хойш хоорондоо таарамжгүй харьцаатай болсон байсан. Цуг морь уяж байгаад явсан болохоор дургүй байдаг юм шиг байна лээ. Даага авах гээд явахад өөрөө надтай хамт явъя гээд миний машинд суугаад явсан. Эргэж ирэхдээ замаараа айлаар орж архи уугаад согтохоор нь би гэрт нь хүргэж өгсөн. Гэтэл дахиад архи уух гээд манайд ирсэн. Тэгэхээр нь “одоо ууж идэхгүй, дандаа ууж иднэ гэж юу байхав” гэсэн. Тэгтэл ядуу хүн аяганы амсарын чинээ сэтгэдэг, баян хүн талын чинээ сэтгэдэг гээд хүн доромжлоод байсан. Манай гадаа байсан найзыг зүгээр байлгахгүй байхаар нь би “та яах гэж дандаа ингэж байдаг юм” гээд нэг удаа алгадсан. Эмнэлэг дээр ирээд уулз гэхээр нь би очсон. Тэгтэл баярлалаа, ах нь чамайг шоронд хатаана гээд хэл амаар доромжлоод болохгүй болохоор нь эмнэлгийн үүдэнд дахиад нэг алгадсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
2. Хохирогч Ч.Алтансүхийн “...Би 2016 оны 4 дүгээр сарын 08-ны орой Э.Улаанхүүгийн гэрт очсон чинь Улаанхүү гэртээ баруун орон дээрээ унтаж байсан. Улаанхүүгийн машиныг Сүхээ унаад ирж байгаа харагдсан. Би Улаанхүүг миний дүү бос гэсэн чинь босохгүй байсан. Би Сүхээг дуудаад гадаа машин дотроо уулзаж байгаад Сүхээ буугаад явтал Улаанхүү ирээд машины хаалга нээнгүүтээ миний хамар руу гараараа 2 цохисон. Улаанхүүг Сүхээ боль гээд хорьсон. Миний хамраас цус гарахаар нь би гэрийнхээ гадаа очоод цагдаа руу дуудлага өгсөн. Тэгээд эмнэлэг дээр очоод багийн эмч Оюунтуяад үзүүлээд байж байхад Улаанхүү ирээд дахиад хамар руу цохиод хамраас цус гаргасан...Би Улаанхүүтэй хэрэлдэж маргалдаагүй. Намайг ямар учраас цохисныг мэдэхгүй байна...Бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага ос хонзонгийн асуудал байхгүй...Урьд өмнө нь Э.Улаанхүүтэй маргалдаж муудалцаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/
3. Гэрч Э.Дашхүүгийн “... 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр манай ах Э.Улаанхүү айлаас нэг даага авчираад гэртээ унтаж байсан. Манайд Сүхээ гэж нэг хүн ирээд ахын портер машиныг унаад усанд яваад ирэхэд Алтансүх машинтайгаа ганцаараа ирээд гэрээд орсон. Би гадаа хонь хураагаад явж байхад гэрт Алтансүх ах Улаанхүү ах 2 маргалдаад байгаа бололтой чанга чанга дуугараад байсан. Алтансүх гэрээс гарч ирээд Сүхээг дарамтлаад байх шиг байсан. Би хорооны зүүн хойно хонь хурааж явтал Улаанхүү ах гараад ирсэн. Тэгээд Улаанхүү ах Алтансүхтэй маргахаар нь очсон чинь Алтансүхийн хамраас цус гарсан байхаар нь Сүхээ бид 2 Улаанхүү ахыг татаад авсан. Алтансүх машинаа унаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/
4. Гэрч Г.Мягмарсайханы: “...Би найз Улаанхүүд нэг даага бэлэглэсэн байсан. Адуу ойр байгаа дээр даагаа ав гэж хэлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр намайг адуугаа туугаад явж байхад Улаанхүү, Алтансүх, Цогт-Очир 3 ирсэн. Худаг дээр очоод бид нар 0.75 литрийн архи, 2 сав пивотой уугаад энэ хэд даагаа аваад явсан. Алтансүх, Улаанхүү хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаагүй явсан гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
5. Гэрч Т.Оюунтуяагийн “...2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 22 цаг 50 минутын үед бид нар эмнэлэг дээр ирээд Ч.Алтансүхийг үзэх гээд хүлээн авахын өрөөнд ороод байж байтал гаднаас Улаанхүү орж ирээд ямар нэгэн зүйл ярилгүй, Ч.Алтансүхийн нүүрэнд нь цохиж хамраас нь цус гаргасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 77-р хуудас/
6. Гэрч Г.Эрдэнэсүхийн “...2016 оны 4 дүгээр сарын 8-ны орой 21.00 цагийн үед Э.Улаанхүүгийнд очсон чинь Улаанхүү гэртээ унтаж байсан. Улаанхүү намайг машин унаж яваад ус аваад ирээч гэхээр нь ус аваад ирсэн чинь Ч.Алтансүх машинтайгаа ирсэн байсан. Ч.Алтансүх, Улаанхүүг босгох гээд татаад байсан. Улаанхүү босохгүй гээд хэвтээд байсан. Татаж байгаад цамцыг нь бага зэрэг урсан. Ч.Алтансүх босоодох л доо чи муу гэж байгаад гараад явсан. Ч.Алтансүхийг гаргасны дараа Улаанхүү наадахаа явуулчих лай болно гэсэн. Би гараад очтол Ч. Алтансүх намайг машинд суу гэсэн. Би машинд нь суутал Ч.Алтансүх хөдлөөд зүүн тийшээ харж зогсоод чи их том болж гээд байсан. Би өөдөөс нь би яасан юм гэхэд надтай харьцахгүй, том байна архи ууна гээд хайгаад байсан. Тэгтэл Улаанхүү машиных нь цонхоор Ч.Алтансүхийн нүүр рүү алгадсан. Би бууж очоод Улаанхүүг бариад авсан. Алтансүхийн хамраас цус гарсан байсан. Би Улаанхүүг аваад явтал Алтансүх хөдлөөд явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
7. Гэрч Л.Цогт-Очирын “...2016 оны 4 дүгээр сарын 08-ны 11 цагийн үед Ч.Алтансүх, Улаанхүү бид 3 хөдөө яваад “Эхэн гашуун” гэдэг газар Мягмарсайхантай уулзаад 1 шил архи, 2 сав пиво уусан. Тэгээд нэг даага аваад Луус сумын төвд ирээд Ч.Алтансүхийг гэрт нь буулгаж өгсөн. Намайг буулгаад Улаанхүү гэрээдээ явсан. Надтай хамт явж байхдаа Алтансүх, Улаанхүү 2 хэрэлдэж маргалдаагүй. Э.Улаанхүү Ч.Алтансүх 2 жаахан халсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/
8. Гэрч Г.Бямбасүрэнгийн “... Би 2016 оны 4 дүгээр сарын 08-ны орой 23 цаг 50 минутын үед хүнд зодуулсан гээд Ч.Алтансүх гэх хүн эмч Оюунтуяагийн хамт ирсэн байсан. Тэгээд эмч тухайн үед үзлэг хийж байхад гаднаас Э.Улаанхүү гэх хүн орж ирээд Ч.Алтансүхийн өөдөөс чамайг алчихъя гээд дайрч байснаа нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн Ч.Алтансүхийн хамраас учиргүй их цус гарсан. Тэгээд Э.Улаанхүүг буцаагаад гаргасан. Тэр хоёр хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Э.Улаанхүү л гаднаас дайрч орж ирээд Ч.Алтансүхийг шууд цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 79-р хуудас/
9. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №168 дугаартай дүгнэлтэнд:
- Ч.Алтансүхийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгарсан, зовхинд цус хурсан гэмтэл тогтоогдлоо.
- Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүссгэгдэнэ.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /хх—ийн 25-р хуудас/
10. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 4 дүгээр 19-ний өдрийн №3379 дугаартай дүгнэлтэнд:
Шинжилгээнд ирүүлсэн “Анх Алтансүх” гэсэн хаягтай цусанд 3,5 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3.5 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 31-р хуудас/
11. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 4 дүгээр 19-ний өдрийн №3378 дугаартай дүгнэлтэнд:
Шинжилгээнд ирүүлсэн “Улаанхүү” гэсэн хаягтай цусанд 3,0 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3.0 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 31-р хуудас/
12. Хэрэгт цугларсан бусад бичгийн болон эд мөрийн баримт зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт цугларсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Э.Улаанхүүд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй байна гэж шүүх үзлээ. Учир нь: Гэрч Г.Бямбасүрэн, Т.Оюунтуяа нар нь шүүгдэгч Э.Улаанхүү нь хохирогч Ч.Алтансүхийг Дундговь аймгийн Луус сумын нэгдсэн эмнэлгийн хүлээн авах өрөөнд байхад орж ирээд шууд цохьсон гэж гэрчилж байгаа байна.
Гэвч үүнээс өмнө шүүгдэгч нь хохирогчийн эрх, чөлөөнд халдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба харин хохирогчийг танхайн сэдэлтээр зодсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл: Шүүгдэгч Э.Улаанхүү, хохирогч Ч.Алтансүх нар урьд өмнө нь хувийн таарамжгүй харилцааны улмаас удаа дараа маргалдаж, улмаар хохирогч Ч.Алтансүх нь шүүгдэгч Э.Улаанхүүгийн биед гэмтэл учруулж байсан болох нь хохирогч, шүүгдэгч болон гэрч Ч.Алтангарьд /хх-ийн 14/, Г.Эрдэнэсүх /хх-ийн 18-р хуудас/, С.Уранбайгаль /хх-ийн 21-р /, Ч.Адъяабаатар /хх-ийн 22/ нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Мөн тухайн үед буюу шүүгдэгч Э.Улаанхүүгийн гэрт маргалдаагүй гэж хохирогч мэдүүлдэг боловч тэднийг чанга дуугаар маргалдаж байсан гэдэг нь тухайн үед гэрийн гадна байсан гэрч Э.Дашхүүгийн мэдүүлгээр, шүүгдэгч Э.Улаанхүү нь маргаанаас зайлсхийн худлаа унтсан дүр эсгэж байсан болох нь гэрч Г.Эрдэнэсүхийн мэдүүлгээр, шүүгдэгч Э.Улаанхүүг унтаж байхад хохирогч сэрээх гэж байгаад өмсөж явсан цамцыг нь урсан болох нь гэрч Г.Эрдэнэсүхийн мэдүүлгээр болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан хүрэн өнгийн бэлтгэлийн цамцанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч Э.Улаанхүү нь хохирогч Ч.Алтансүхийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байх боловч уг гэмтлийг танхайрах явцдаа учруулсан гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг баримтлан түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчиллөө.
Иймд шүүгдэгч Э.Улаанхүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан торгуулын ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Улаанхүү нь энэ хэргийг согтуугаар үйлдсэн нь ял хүндрүүлэх, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл болж байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Э.Улаанхүүгийн өмсөж явсан улаан хүрэн өнгийн бэлтгэлийн цамц хураагдаж ирсэн ба шүүгдэгч нь уг цамцыг буцаан авна гэсэн тул түүнд буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч Ч.Алтансүх нь шүүгдэгч Э.Улаанхүүгээс өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөг, эмчилгээний зардал 1.200.000 төгрөг буюу нийт 1.500.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хохирогч Ч.Алтансүх нь бичиг үсэг мэдэхгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар заавал өмгөөлөгч авах шаардлагатай этгээд байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4 дэх хэсэгт зааснаар хохирогч Ч.Алтансүхийн өмгөөлөгчид төлсөн зардал нь байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарах бөгөөд мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруутай нь тогтоогдвол түүнээс байцаан шийтгэх ажиллагааны зардлыг гаргуулах эрхтэй гэж заасан байна. Иймд хохирогч Ч.Алтансүхийн өмгөөлөгчид төлсөн зардал 300.000 төгрөгийг шүүгдэгч Э.Улаанхүүгээс гаргуулан хохирогч Ч.Алтансүхэд олгох үндэстэй байна.
Хохирогч Ч.Алтансүх нь шүүгдэгчээс эмчилгээний зардал 1.200.000 төгрөг нэхэмжилнэ гэх боловч энэ талаархи баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэгч эрхтэй болохыг нь дурдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301, 304 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Улаанхүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Чонод овгийн Эрдэнээгийн Улаанхүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Улаанхүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 / есөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч Э.Улаанхүү нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3, 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Алтансүхийн нэхэмжлэлээс эмчилгээний зардал буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Улаанхүүгээс нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 101.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Улаанхүүгээс 300.000 / гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Алтансүхэд олгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгийн бэлтгэлийн цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Улаанхүүд буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдсан 2 хуудас баримт нь хэргийн 74, 75 дугаар хуудсанд үдэгдсэн болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Улаанхүүд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ