Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2024/0110

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Р.Агийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 915 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

 

Нэхэмжлэгч Р.А

Хариуцагч НЗХГД

 

Хэргийн индекс: 128/2023/0565/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 915 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4-д заасныг тус тус баримтлан Р.Агийн нэхэмжлэлтэй НЗХГДд холбогдох “НЗХГД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч Р.А дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “

2.1. Нотлох баримтыг дутуу үнэлсэн

2.1.1. Гэрч Э.Эы мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 126/ШШ2023/0915 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт “2. Нэхэмжлэгч нь Нийслэлийн замын хөгжлийн газрын замын хөдөлгөөн төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Р.Агийн “П” ХХК-ийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхээр гэрч нарт хандсан болох нь тэдгээрийн тус газрын захиргаанд гаргасан тайлбар, шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна” гэжээ. Нэхэмжлэгч Р.А нь Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгт гэрчээр Т.Б, О.Гч, Б.Е, Э.Э, Н.С нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргажээ. Гэрч Э.Эаас 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн шүүх хуралдаанаар гэрчийн мэдүүлэг авчээ. Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд Нийслэлийн замын хөгжлийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/1951 дугаар албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Эыг томилжээ. Дээрх тохиолдолд гэрч нь хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах тохиолдолд гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчимд нийцэхгүй болно. Нөгөө талаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

2.1.2. Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүний байгуулах тухай тушаал, Ёс зүйн зөвлөлийн гишүүдийг чөлөөлсөн тушаалыг буруу үнэлсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 126/ШШ2023/0915 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт “5...Мөн Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар тухайн байгууллагын ёс зүйн зөвлөлийг 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан хэдий ч зөвлөлийн 5 гишүүн ажлаас чөлөөлөгдсөн, бүтэц орон тоо шинэчлэгдсэн, НЗХГД-ын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/39 дүгээр тушаалаар ёс зүйн дэд хороог шинэчлэн баталсан байх тул нэхэмжлэгчийн зөрчлийг Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.2-т “Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчид дээд шатны албан тушаалтан /цаашид шалгагч гэх/ шалган тогтооно” гэж заасны дагуу хяналт шалгалтыг явуулаагүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэжээ. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баримтлаагүй, хэрэглээгүй байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Ёс зүйн хороо нь төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар дараах бүрэн эрхтэй”, 11.6 дахь хэсэгт “энэ хуулиар харьяалуулсан төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгаж, дүгнэлт гаргах” гэж заасан байна.

Ёс зүйн хорооны гишүүн Б.И 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдөр, Б.Цэ 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, П.А 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, Г.Ба 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, Б. 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тус тус чөлөөлөгджээ. Ажил олгогч нь Төрийн албаны ёс зүйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх” бүрэн эрх, чиг үүрэгтэй байх бөгөөд тухай бүр ёс зүйн хорооны гишүүдийг томилоогүй явдалд хариуцагчийг зөвтгөх үндэслэл болохгүй юм. Гэтэл шүүхээс хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэжээ. Төрийн алба нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим юм. Иймд хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй явдлыг зөвтгөх үндэслэл болохгүй.

2.1.3. Сахилгын зөрчлийг шалган тогтоосон нотлох баримтыг буруу үнэлсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 126/ШШ2023/0915 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт “2. Нэхэмжлэгч нь Нийслэлийн замын хөгжлийн газрын замын хөдөлгөөн төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Р.Агийн “П” ХХК-ийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхээр гэрч нарт хандсан болох нь тэдгээрийн тус газрын захиргаанд гаргасан тайлбар, шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна” гэжээ. Хавтаст хэргийн 45, 46, 47 дугаар талд Нийслэлийн авто замын хөгжлийн газрын захиргаанд О.Гч, П.Бе, Т.Б нарын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан тайлбарыг нотлох баримтаар үнэлжээ. Дээрх тайлбарууд нь гомдол, мэдээлэл бус шалгалт холбоотой тайлбар гэж үзэх үндэслэлтэй юм. Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах зарчмыг баримтална.” Үүнд: Хариуцлага гарцаагүй байх, сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх, сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй байх, ил тод байх, хууль зүйн үндэслэлтэй байх зарчмыг баримтлахаар заасан байна.  Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг ирүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно.” гэж заажээ. Дээрх нэр бүхий ажилтнууд нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажлаас халснаас 3 сарын дараа тайлбар өгсөн нь гомдол, мэдээлэл, холбогдох баримт гэж үзэхгүй. Хариуцагч сахилгын шийтгэл ногдуулсан гомдол, мэдээлэл, холбогдох баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл шүүхээс дээрх 3 тайлбарыг гомдол мэдээлэл, түүнийг нотолсон баримт гэж үзсэн нь дээрх журамд нийцэхгүй.

2.2. Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн.

2.2.1. Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9 дэх заалтуудыг хэрэглээгүй байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 126/ШШ2023/0915 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт “5... Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх гарын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарыг 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.2-т “Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчид дээд шатны албан тушаалтан /цаашид шалгагч гэх/ шалган тогтооно” гэж заасны дагуу хяналт шалгалтыг явуулаагүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэжээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах тухай тухай журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт сахилгын шийтгэлийг гомдол, мэдээллийн үндсэн дээр шалгаж тогтооно. 2.4 дэх хэсэгт Гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах, шаардлагатай мэдээлэл цуглуулах, цугларсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах, тухайн дүгнэлт нь тус журмын 2.5 дахь хэсэгт заасан 2 дүгнэлтийн аль нэгийг гаргаж эрх бүхий албан тушаалтанд танилцуулахаар заажээ. Дээрх сахилгын шийтгэл ногдуулах журамд заагдсан ажиллагаа явуулсан нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

2.2.2. Мөн шалган тогтоосон дүгнэлтийг танилцуулаагүй болно. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах тухай тухай журмын 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт дүгнэлтийг танилцуулж гарын үсэг зуруулна, гарын зурахаас татгалзсан бол энэ талаар тэмдэглэл үйлдэж шалгалтын материалд хавсаргана гэж заасан. Дээрх хянан шалгах ажиллагаа явагдаагүй, дүгнэлт гараагүй, дүгнэлтийг надад танилцуулаагүй болно. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар төрийн алба нь ёс зүйн зөвлөлтэй, ёс зүйн дэд хорооны бүрэн эрхийг тус хуулиар тогтоож өгсөн байна. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 2023 оны 05 дугаар сарын 04-ний батлагдсан бөгөөд батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна. Тус хууль нь Төрийн албаны хаагчийн ёс зүйн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. Хуулийн үйлчлэх хүрээ нь Авлигын эсрэг хуулийн 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.9 дэх хэсэгт заасан үйлчлэлийг хамааруулахаар үзжээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж заасан байна. Иймд хэрэглэх хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

2.3. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэглээгүй байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн мэдүүлэг засваргүй, бүрэн гүйцэд бөглөгдсөн, хугацаандаа өгсөн эсэхэд хяналт тавьж, мэдүүлгийг зохих журмын дагуу гаргаж өгөхийг шаардах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байвал бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах буюу авлигын шинжтэй зөрчил илэрвэл Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах үүрэгтэй.” гэж заасан байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/2002 дугаар албан бичгээр Р.Агийн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан зөрчлийг Авлигатай тэмцэх газарт хандаж тогтоолгох хүсэлтийг хариуцагчаас гаргажээ. Дээрх зөрчлийг илрүүлэх, дүгнэлт гаргах эрх бүхий субъект нь Авлигатай тэмцэх газар байх бөгөөд хариуцагч нь тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар Авлигатай тэмцэх газраас шалгуулаагүй байна. Иймд дээрх зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

2.4. Хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, гэрчүүдийг оролцуулаагүй.

Нэхэмжлэгч Р.А нь Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт гэрчээр Т.Б, О.Гч, Б.Е, Э.Э, Н.С, н.Х нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргажээ. Гэрч Э.Э, О.Гч, Б.Е, Т.Б нараас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар гэрчийн мэдүүлэг авчээ. Тус шүүх хуралдаанд гэрчүүд ирээгүй бөгөөд шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх боломжтой юу гэсэн асуултад нэхэмжлэгч боломжтой гэж хариулж шүүх хуралдаан үргэлжилжээ. Энэ нь гэрчүүдээс татгалзсан үйл баримт биш юм. Тухайн өдрийн шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргаж ирсэн гэрчүүдээс мэдүүлэг авсан болно. н.С, н.Х нарт шүүх хуралдааны мэдэгдэх хуудас явуулаагүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй, захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралдааныг явуулсан гэж үзэж байна.

2.5. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 126/ШШ2023/0915 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх боловч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн заалтыг баримтлаагүй байх тул тогтоох хэсэгт нь хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхилоо.

1. Нэхэмжлэгч Р.Агаас “НЗХГД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Маргаан бүхий НЗХГД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны Б/53 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 48.1.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйл, 14 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 тоот албан бичиг, газрын дүрмийн 7.1.2 заалтыг тус тус үндэслэн “Тус газрын Замын хөдөлгөөн төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг илтэд зөрчсөн нь нотлогдож байгаа тул ... төрийн албанаас халж” шийдвэрлэжээ.

3. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь Нийслэлийн замын хөгжлийн газрын Замын хөдөлгөөн төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Р.Агийн “П” ХХК-ийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхээр гэрч нарт хандсан болох нь тэдгээрийн тус газрын захиргаанд гаргасан тайлбар, шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна...” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгчийн гомдлын дагуу хүчингүй болгох үндэслэлгүй байна.

4. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... сүүлд хүчин төгөлдөр болсон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар төрийн алба нь ёс зүйн зөвлөлтэй, ёс зүйн дэд хорооны бүрэн эрхийг тус хуулиар тогтоож өгсөн. ... “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэглээгүй...” гэжээ.

4.1. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр батлагдаж, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Төрийн мэдээлэл №24 дугаарт хэвлэгдсэн байх тул хариуцагчийг маргаан бүхий актыг гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөөгүй байсан хуулийг хэрэгжүүлээгүй гэж буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй.

4.2. Харин анхан шатны шүүх Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэглээгүй нь буруу боловч шийдвэрийг хүчингүй болгож, маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

4.2.1. Учир нь маргаан бүхий тушаалд дээрх хуулийн 12, 14 дүгээр зүйлд заасныг үндэслэн, нэхэмжлэгчийг уг хуулийг зөрчсөн нь нотлогдсон гэж үзэж, төрийн албанаас халсан, энэ нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно”, 29 дүгээр зүйлийн 29.2-д “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ: ... 29.2.4. энэ хуулийн ... 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, ...бол нийтийн албанаас халах” гэж заасанд нийцжээ. 

5. Түүнчлэн нэхэмжлэгч гомдолдоо “... гэрч нь хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах тохиолдолд гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчимд нийцэхгүй. Нөгөө талаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. ...н.С, н.Х нарт шүүх хуралдааны мэдэгдэх хуудас явуулаагүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй, захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралдааныг явуулсан” гэжээ.

5.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч н.Б, н.Гч, н.Бе, н.Э, н.С, н.Хр нарыг гэрчээр асуух хүсэлт гаргасны дагуу н.С, н.Х нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй, харин н.Б, н.Гч, н.Бе, н.Э нарыг гэрчээр асуусан (1 хавтас, 158-р хуудас), мэдүүлэг өгсөн гэрчүүдийн “... Р.А өөрийн дүүгийн “П” ХХК-ийн барьцааны акт дээр гарын үсэг зуруулъя гээд акт барьж орж ирсэн. ... ” гэх зэрэг мэдүүлгүүдээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн болох нь тогтоогдсон, мөн Э.Эыг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцуулснаас хойш 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр түүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон хэргийн оролцогчоор оролцож эхэлсэн байх тул түүний мэдүүлгийг шүүх үнэлснийг буруу гэж үзэхгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

6. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шийдвэрийн тогтоох хэсэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн заалтыг нэмж өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0915 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 48.1.4” гэсний дараа “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4” гэж нэмж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Агаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 З.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА

 

                                 ШҮҮГЧ                                                  С.МӨНХЖАРГАЛ