Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/935

 

 

 

 

 

 

 

       2022         07          19                                        2022/ШЦТ/935

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Д.Ширэндэв /томилолтоор/,

шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-эд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 сарын 20-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт, Улаанбаатар хот, ...,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            .... овогт ... (регистрийн дугаар:ЧД8010....).

 

Холбогдсон хэргийн утга:

Шүүгдэгч М.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... тоотод байрлах өөрийн гэртээ 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хамтран амьдрагч ....-тай маргалдаж, улмаар түүний толгой нүүр, дал, ташаа, өгзөг, гуяны хэсгүүдэд олон удаагийн давтамжтайгаар цохих, өшиглөх, зүүн сарвууг хутгаар зүсэх зэргээр зодож олон тооны шарх гэмтэл учруулан өвтгөн шаналгаж, онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 722 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч болон өмгөөлөгч нар гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж оролцсон.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч М.Б- нь хамтран амьдрагч Г.Насан-Бурмаа-н  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 8-11 хуудас),

- Хохирогч  Г.Н-н “... 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гар, хөлөөрөө олон удаа миний нуруу хөл, гар толгой хүзүүгүй цохиж зодоод сүүлд над руу хутга бариад дайрахаар нь би хутганы ирнээс барихад М.Б шувтарч татаад миний зүүн гарын сарвууг үеэр нь зүссэн. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-17 хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10285 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ бүхий шинжээчийн дүгнэлтэд “... Г.Н-н биед зүүн зулайн хуйханд няцарсан шарх, тархи доргилт, зүүн сарвуунд зүсэгдсэн шарх, зүүн шанаа, баруун, зүүн дал, зүүн бугалга, баруун шуу, баруун ташаа, баруун өгзөг, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн зүүн сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 хуудас),

- М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд гаргасан “... Би 2021 оны 3 сард Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойтын эцэст архи уугаад явж байхдаа Г.Н-тай танилцаж хааяа нэг хамт архи уудаг байсан юм. Г.Н автобусны буудал дээр унтаад хоног тойруулаад байхаар нь өөрийн амьдарч байсан ... аваачиж хамт амьдарсан юм. Тэгээд би 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Г.Н-тай хамт архи ууж байгаад урьд нь өөр хүнтэй явалдаад унтаж хэвтээд байсныг нь хэлээд уур хүрээд Г.Н-г барьж аваад хэд хэдэн удаа цохисон тэгээд би мах идэж байсан хутга аваад айлгах гээд чичсэн чинь уг хутганы үзүүр хэсгээс бариад авахаар нь би хутгыг татчихсан юм тэгтэл гарын хуруунууд нь зүсэгдсэн юм. Тэгээд эмнэлэг цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

2. Шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн тул санаатай гэмт хэрэгт тооцох бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, олон удаагийн үйлдлээр зодож олон тооны гэмтэл шарх учруулж, өвтгөн шаналгасан, хутга хэрэглэж хурууг зүссэн үйлдэл нь цаг хугацааны хувьд удаан хугацаанд үргэлжилсэн тул уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний “онц харгис хэрцгийгээр” учруулсан гэх шинжийг хангаж байгаа тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон.

 

Хохирогч, шүүгдэгч нар түр хугацаагаар хамтын амьдралтай, бэлгийн харьцаатай байсан боловч тэдгээрт дундын эд хөрөнгө, гэр бүлийн гишүүдийн хоорондын үүрэг хариуцлага үүсээгүй, шүүгдэгчийн үйлдэл нэг удаагийн шинжтэй гэж үзэхээр байгаа тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчлэх боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

   3. Хохирогч Г.Н нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний мэдүүлэг (хавтаст хэргийн 17 тал)-ээр тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч М.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулах санал гаргасан.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, ажил эрхэлдэг, оршин суух хаягтай тул Зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү гэсэн.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ хүйтэн зэвсэг хэрэглэн үйлдсэн, хохирогчийн биед учирсан хохирол хор уршиг арилсан, гэмт хэргийн нийгмийн аюул их биш, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг талаар хэрэгт авагдсан баримтгүй, бүртгэлтэй хаягтаа тогтвортой байдаггүй тул өмгөөлөгчийн ялын саналыг хүлээн авах боломжгүй гэж үзээд шүүгдэгч М.Б-эд улсын яллагчийн санал болгосон 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирно гэж шийдвэрлэв.

 

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. ... овогт М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Б-ийг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Б-эд мэдэгдсүгэй.

 

   4. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ