Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/516

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ч.Алтнай,

Улсын яллагч Д.Эрдэнэчимэг /томилолтоор/,

Хохирогч Г.Т, түүний өмгөөлөгч М.Хандармаа,

Шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.О холбогдох эрүүгийн 2203 00043 0180 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол Улсын иргэн, Т.О 1994 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засвар, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо Овоот 7-216 тоотод оршин суудаг, урьд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэгхариуцах чадвартай регистрийн дугаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.О нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00 цаг 28 минутын орчимд Ү.Төвшинтөрийн эзэмшлийн Toyota Prius маркийн 25-87 УАА дугаарын дугаартай тээврийн хэрэгсэлийг согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн уулзварын хойд зам дагуу байрлуулсан төмөр хашааг мөргөж зам тээврийн осол гаргасан, ослын газрыг зориуд орхиж зугтаасан байна.

Тэрээр байгууллагийнхаа шинэ жилд оролцон Чингис зочид буудлаас дээрхи авто машинд Г.Т, Д.Г, Ү.Т, Б.Б нарыг суулгаж явсан бөгөөд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт осолдсож, ослын улмаас хохирогч Г.Тын биед дух ясны гадна, дотор ялтасны хугарал, зүүн нүдний ухархайн дээд хана, дотор ханын хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, дагзны дэлбэнд цус хуралт, няцрал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, доод уруулын салстад язарсан шарх, зүүн нүдний зовхинд дух, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл,

хохирогч Д.Гын биед өвчүү, яс, зүүн талын 3, 4, 5, 6-р хавирганд хугарал, зүүн мөр, баруун, зүүн гуя, зүүн өвдөг, баруун, зүүн шилбэ, зүүн шагайд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл,

иргэний нэхэмжлэгч Ү.Тийн 2587УАА улсын дугаартай тоёота приус маркын авто машинд 10.993.000 төгрөгийг хохирол, Чингэлтэй дүүргийн тохижолт үйлчилгээний компанид 345.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.

 

Шүүгдэгч Т.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 3.5-т заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь:

 

Шүүгдэгч Т.Оаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Т.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-164“..Би урьд нь өгсөн гэрчийн мэдүүлэг дээр тодорхой хэлсэн одоо сайн санахгүй байна. Ослын талаар надад мэдэх зүйл байхгүй 2020 оны 12 дугаар сарын 29-30 шилжих шөнө гэрээсээ гэмтлийн эмнэлэг дээр очоод болсон ослын талаар мэдсэн бас аав Төмөрбаатарын гэрт тэр шөнө хэвтэж байснаа санадаг 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн үед Чингис зочид буудалд болсон шинэ жилийн арга хэмжээнд оролцсон би архи, виски, вино, пиво нэлээн сайн хольж уугаад тэгээд тэндээс гараад Баттөгс гэх хүний машинд суугаад явж байгаад Төмөрбаатар гэх хүнийг гэрт нь хүргэж өгснөө санаад тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй.

Унаж явсан Түвшинтөрийн машины үнэлгээний мөнгийг төлсөн цаашид ижилхэн онтой автомашин лизэндэж авч өгнө гэж тохиролцсон. Төрболдоос гаргаж өгсөн эмчилгээний баримтыг үндэслэн хохирлыг төлж барагдуулна. Согтуугаар машин жолоодож зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэнд эд хөрөнгийг хохироосонд чин сэтгэлээсээ харамсаж байна өөр ярих зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-109/,

 

Хохирогч Г.Тоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Миний хувьд одоо ажил хийж чадахгүй болсон. Биеийн байдал үнэхээр муу байгаа. Үр хүүхдээ яаж өсгөхөө мэдэхгүй, яаж амьдрах учраа мэдэхгүй, цаашдаа юу болохыг хэлж чадахгүй хэцүү байдалтай байна. Бүрхэг өдөр бие үнэхээр их өвддөг..” гэв.

 

              Хохирогч Г.Тоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 3 хундага архи уусан. Тухайн үед машинаа Чингис зочид буудлын урд зогсоол дээр байрлуулаад сайн санахгүй байна, шөнийн 23 цаг өнгөрч байхад гарсан гэж санагдаад байна. ямарч байсан Түвшинтөрийн Toyota prius маркийн 25-87 УАА дугаартай машиныг Отгонбат жолоодон гарч ирээд Ганбаа бид хоёрыг цуг суулгаад явсан. Би уг нь Отгонбатыг чи машин барих хэрэггүй дуудлагын жолооч дуудаж машинаа бариул гэхэд Отгонбат нилээн согтуу байх шиг санагдсан. Би машины хойд суудал дээр голд Ганбаа миний зүүн талд бусад нь хаана сууж явсаныг би санахгүй байна. Цааш нь юу болсон талаар санахгүй байна. Тархиндаа хүнд гэмтэл дагз хугарсан, яс цуурсан, дух нь яснаас нүдний ухархай хүртэл тархинд жижиг газар цус хурсан, няцралттай, 2 шүд хугарсан, зүүн гарын савхан яс цуурсан. Баруун өвдөгт зовиуртай байгаа өөр гэмтэл байхгүй. Одоо ойролцоогоор 2-3 сая төгрөг зарцуулсан баримт байгаа..” гэсэн мэдүүлэг /хх-18-20/,

 

              Хохирогч Д.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн үед байгууллагын шинэ жил болсон тэндээс гарсан цагаа санахгүй байна. Цуг явсан Мөнхболд, Болдоо хоёрыг машинд суулгаж өгөөд баяртай гэж байснаа санаж байгаа цаг хэд болж байсныг мэдэхгүй, үнэндээ машин юм мөргөх үед сэрсэн тэгээд мэдэхгүй нэг мэдсэн гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн ер нь би өөрөө тэнд архи сайн уусан ослын талаар санах зүйл байхгүй яаж машинд сууснаа санахгүй, мэдэхгүй, миний биеийн байдал хүнд явж чадахгүй цээжээр өвдөөд эмнэлэг орох гэж сугадуулаад одоо биеийн байдал сайжирсан ажлаа хийж байгаа. 4 хавирга хугарсан, зөөлөн эдийн гэмтэл гэсэн байхаа одоо эдгэрсэн зүгээр хэвийн..” гэсэн мэдүүлэг /хх-25/,

 

              Иргэний нэхэмжлэгч Н.Ариунболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..манай байгууллагын зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, осол гаргасан жолооч хохиролд 345.000 төгрөг барагдуулсан..” гэсэн мэдүүлэг /хх-35/,

              Гэрч Г.Анар-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн уулзвар өнгөрөөд ертөнцийн зүгээр баруун талаар нь явган хүний замаар урдаас хойш чиглэлтэй алхаж явтал гэнэт манай найз Маралгуа орилсон хартал зүүн хойд талаас машин замаар нэг цагаан өнгийн Т.Приус маркийн машин маш хүчтэй тоормослох чимээ гаргаад бид хоёрын харалдаа хойд талд хүчтэй ирж хайс хашлага мөргөөд зогсох үед би өөрийн. дугаарын гар утсаар 102 дугаарын утсанд дуудлага өгсөн ..би дөхөж очоод номер дугаарыг нь хараад хэлсэн урд суудал дээр жолоочоос гадна нэг хүн хойд суудлын голоос урд талруу даваад гараад ирсэн нэг хүн ухаангүй харагдсан жолооч нь гээд хальт ухаантай цагаан дэр өөдөөс нь гараад ирсэн тэрийгээ дэрэлчихсэн сууж байсан би царайг нь харвал танина..” гэсэн мэдүүлэг/хх-347/,

              Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..жижиг гарцан дээр ирэхэд яг ар талд 3-4 алхамын зайд түс хийх чимээ гарсан бид хоёр эргээд хартал замын хайс хашлага мөргөсөн байрлалтай Т.Приус маркийн машин харагдсан машинаас аймаар утаа гарсан бид хоёр аймаар айсан машины дугуй нь далийсан бүх цонхны шил нь бут үсэрсэн дэр нь гараад ирсэн жолооч нь гэх эрэгтэй 30 орчим насны хүн харагдсан цаад талд нь машин дотор 3 хүн байх шиг харагдсан..” гэсэн мэдүүлэг /хх-39/,

              Гэрч Б.Бөөс мөрдан шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Тэгээд ороод сайн архи ууссан ширээн дээр байсан архи бүгдийг дуустал уусан тэндээс гарснаа санахгүй байгаа маргааш нь ах Бат-Эрдэнэ гэрт сэрсэн эмнэлэгт явна гээд тэгээд юу болсныг ах Бат-Эрдэнэээс сонсож мэдсэн ослын талаар мэдэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-41/,

Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-47/ “..Түвшинтөрийн машин дотор осолд орсон 5 хүн сууж байгаа харагдсан хойд суудал дээр Ганбат, Төрболд хоёр арай гайгүй Түвшинтөр бол жолоочийн хажуу талын суудал дээр жолооны рууль дээр Отгонбат суугаад машин нь асаалттай байхаар нь бид нар уг нь Отгонбатыг машин жолоодуулахгүй гээд зөндөө эсэргүүцсэн Отгонбат архи уусан ...бид нар цуг нэг ширээнд сууж архи ууссан болохоор Отгонбат архи уусныг сайн мэдэж байгаа. Тэгээд би цааш яваад машиныхаа хаалгыг хаачихаад дээшээ алхаад дуудлагын жолооч асуух гээд тэгсэн чинь нөгөө хэд машинтайгаа ухарч байхаар нь гүйгээд машины эсрэг тал дээр нь очоод хаалгыг нь татсан чинь бүх хаалга цоожтой байсан. Отгонбат Түвшинтөрийн цагаан өнгийн Т.Приус-30 маркийн машиныг унаад ухрааж байгаад гарц руу гараад шууд төв зам руу ороод зүүн гар тийш эргээд яваад өгсөн..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-51/ “..Приус маркийн цагаан өнгийн машин эсрэг урсгал руу шахаад мурилзаад яваад байгаа харагдсан төд удалгүй эргэлтэн дээр Х.Инсайт машин нь ташуулдаад эргээд явсан чинь Т.Приус маркийн машин нь шууд чигээрээ яваад замын боржур хашлагатай мөргөөд зогссон. Т.Приус маркийн машины жолооч эвгүй тэр машины урдуур нь шахаад яваад байсан..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1244 дугаартай дүгнэлтэд: “..1. Г.Тын биед дух ясны гадна, дотор ялтасны хугарал, зүүн нүдний ухархайн дээд хана, дотор ханын хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, дагзны дэлбэнд цус хуралт, няцрал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, доод уруулын салстад язарсан шарх, зүүн нүдний зовхинд дух, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна..” гэх дүгнэлт /хх-79-82/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №237 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “..1. Г.Тын биед 1 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1 шүдний булгарал нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтыг 5% алдагдуулна. 2. Урьд гаргасан 1244 дугаартай дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй болно..” гэсэн дүгнэлт/хх-103-107/,

 

Хохирлын үнэлгээний тайлан: үнэлгээний объект- төмөр хашаа, талбайн хэмжээ 3.0 метр урт, үнэлгээний дүн 345.000 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлт/хх- 170-173, 174/

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ү.Төөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..машинд үнэлгээ хийлгэсэн, 18.500.000 төгрөг болсон, жолооч Отгонбат бид 2 хоорондоо тохиролцсон учраас одоо цаашид Отгонбатаас өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн гомдол саналгүй болсон. Согтуу машин дотроо ороод машинаа халаагаад унтсан тэрнээс хойш юу болсоныг санахгүй байна. Отгонбат миний машиныг унаж байсан хааяа. Тэгээд асаалттай байсан болохоор унаад явсан байх би Отгонбатад машин зөвшөөрөл өгсөн үгүйг санахгүй байгаа.” гэх мэдүүлэг/хх-30, 33/

 

Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ: Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт: эзэмшигчийн нэр: Ү.Т, марк, загвар: Toyota Prius 30, улсын дугаар 2587 УАА, тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон дүн- нийт 10.993.000 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 243-247-р тал/

 

2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №303 дугаартай мөрдөгчийн магадлагаанд: “..1 Toyota Prius маркийн 25-87 УАА улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Т.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг, эсхүл согтууруулах ундаа, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна., 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ "б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах,...“ г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Зорчигч Г.Т, Д.Г, Ү.Т, Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

7.  Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов..” гэх магадлагаа /хх-146-147/,

2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-15/, шүүгдэгч Т.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-198/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-200/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-204/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.                                        

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Тын биед учирсан гэмтлийг гэмтийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэрэгт, хохирогч Д.Гын учирсан гэмтлийг гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд шүүгдэгчийн дээрхи гэмт үйлдлийн улмаас хохирогч Г.Тод хүнд хохирол учруулсан, хохирогч Д.Гад хүндэвтэр хохирол тус тус учруулсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, үйлдэл түүнийг нотлож буй нотлох баримтуудыг үгүйсгээгүй, ямар нэг байдлаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Т.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан”

Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн жолооч, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Т.О нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч У.Түвшинтөр, Н.Ариунболд, хохирогч Д.Г нарт  учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Г.Тын нэхэмжлэлээс 3.740.000 төгрөгийг төлсөн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Т.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, хохирогч Г.Тод учирсан хохирлыг 1 сарын дотор төлөх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Мөн түүнчлэн шүүгдэгч Т.Оад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Оад дээрх хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Оад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Т болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Т.Оаас нийт 13.259.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд нийт 3.740.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч хохирогчоос нэхэмжилсэн 9.519.531 төгрөгөөс баримтаар тогтоогдсон 3.514.000 төгрөгийг төлөхөө шүүгдэгч Т.О илэрхийлсэн бөгөөд харин 6.005.000 төгрөгийг төлөх боломжгүй, учир нь хохирогч шүдээ янзлуулахад 6.005.000 төгрөг зарцуулна гэсэн нь өнөөдрийн байдлаар бодит учирсан хохирол биш ирээдүйд гарах зардал тул үүнийг төлөхөөс татгазаж байна гэснийг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь 1 дүгээр хавтаст хэргийн 224 дүгээр талд авагдсан Мегадент шүдний эмнэлгээс Г.Тод дараах эмчилгээний төлөвлөгөө боловсруулж болно гээд Үүнд:Тулгуур эдийн эмчилгээ 65.000, Титанан имплантан суулгац 2 ширхэг 5.000.000 төгрөг, Түр шүдэлбэр 65.000 төгрөг, хиймэл яс 450.000 төгрөг, мембран 250.000 төгрөг, дэлгэмэл рентген зураг 25.000 төгрөг, СВСТ зураг 150.000 төгрөг нийт 6.005.000 төгрөг болно гэж тодорхойлжээ. Гэтэл хохирогчийн зүгээс өнөөдрийг хүртэл дээрх эмчилгээг хийлгээгүй бодит зардал үүсээгүй байх тул дээрх хохирлыг шүүгдэгч гаргах боломжгүй гэж үзэж шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Харин хохирогч Г.Т нь дээрх эмчилгээг хийлгэх, гэмтэлтэй холбоотой бусад гарсан эмчилгээний үйлчилгээний зардлаа шүүгдэгч Т.Оаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Т.Оаас нийт 3.514.000 төгрөгийг гаргуулан хохирогч  Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 24-62 тоотод оршин суух Г.Т олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн жолооч, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, хохирогч Г.Тод учирсан хохирлыг 1 сарын дотор төлөх үүрэг хүлээлгэсүгэй,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Т.Оад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял мөн хугацаагаар хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д, 5.4 дүгээр зүйлийн 4-д хэсэгт  зааснаар шүүгдэгч Т.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг,  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Оад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д хэсэгт зааснаар хохирогч Г.Тоос нэхэмжилсэн 9.519.531 төгрөгөөс 6.005.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  шүүгдэгч Т.Оаас нийт 3.514.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Т олгож, хохирогч Г.Т нь энэ гэмт хэргийн улмаас өөрт нь учирсан хүнд гэмтлийг цаашид эмчлүүлэхтэй холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Т.Оааас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч  Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР