| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2022/0470/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/507 |
| Огноо | 2022-06-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга И.Алтнай,
Улсын яллагч Ц.Хулан,
Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч О.Аззаяа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М холбогдох эрүүгийн 2011 00000 1042Т дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.М , 1996 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, барилгын туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ 1-87 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.М нь Ү.Гтай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Цээнийн давааны задгай тоотод оршин суух хохирогч О.Эын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхыг түлхэж онгойлгон нэвтэрч 1.119.200 төгрөгийн үнэлгээ бүхий 55 инчийн Скайворд /Skyworth/ маркийн Лед зурагт 1 ширхэг, 719.200 төгрөгийн үнэлгээ бүхий Боси маркийн спикер 1 ширхэг, 1.560.000 төгрөгийн үнэлгээ бүхий Аппли /Apple/ загварын Макбүүк 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.398.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Д.Моос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.. хулгай хийж байна гэдгийг анх мэдээгүй, сүүлд үйлдэж байхад нь мэдсэн..” гэх мэдүүлэг.
Шүүгдэгч Д.Моос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Тухайн өдөр би хөдөөнөөс орж ирээд байж байтал Гантулга над руу нэг дугаараас залгаад хаана байгаа юм уулзах хэрэг байна гээд бид хоёр Ардын эрхийн хажууханд уулзсан. Тэр үед Гантулга ганцаараа явж байсан бөгөөд надад хэлэхдээ нэг тус болооч хоёулаа яваад “Чингүнээгийхээс зурагт очоод аваадахъя, чи ломбарданд тавиад өгөөч” гэхээр нь би “чи өөрөө яагаад тавьж чадахгүй байгаа юм” гэсэн чинь “болохгүй байна аа” гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд тухайн үед унаж байсан 89-32 УБО улсын дугаартай приус маркийн автомашинтай Бэлх, Сэлхийн лагер луу явсан. Тэгээд Гантулга надад замыг нь заасаар байгаад нэг гудамжинд очсон бөгөөд Гантулга би орчихоод ирье чи хүлээж бай гэсэн. Тэгээд ойролцоогоор 10-20 минутын дараа нилээн том зурагт аделинд ороогоод гарч ирээд тэндээсээ хөдлөөд Хүнсний 4-р дэлгүүрийн ойролцоо нэг ломбарданд 600.000 төгрөгөнд тавьсан. Гантулга надад 50.000 төгрөг л өгсөн юм. Үлдсэн мөнгийг нь Гантулга өөрөө авсан..” гэх мэдүүлэг /1хх-215-216 /,
Хохирогч О.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн зуслангийн байшин болох Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээний давааны зусланд байрлах 21 цаг 25 минутанд ирэхэд байшингийн урд талын салхивч онгорхой зочны өрөөнд байсан 55 инчийн Скайворд маркийн маркийн Лед зурагт, Босе маркийн спикер хулгайд алдагдсан..” гэсэн мэдүүлэг /1хх-17-19/,
Гэрч Э.Мээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Тэр өдрийн орой Чингүн надад хэлэхдээ Гантулга болон бусад найз нар нь эрүүгийн хэрэгт шалгагдаад цагдан хоригдчихсон байсан бөгөөд гадуур байгаа найзууд нь хадмынхаа зусланг зааж өг тэгэхгүй бол эрүүгийн хэрэгтээ хамт татна гэх зэрэгээр дарамталсан утгатай зүйл надад хэлж тайлбаласан юм. Тэгээд л тухайн үед Гантулга хүрч ирээд хулгай хийчихсэн гэсэн..” гэсэн мэдүүлэг /1хх-24-25/,
Яллагдагч Ч.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би тухайн үед энэхүү гэмт хэргийг хийгээгүй. Учир нь Гантулга 2019 оны 01-р сард найз охин Мишээлийн зуслангийн байшин дээр цагдаа нартай ирсэн ба манай найз охины зуслангийн байшингаас эд зүйлс хулгайлсан талаараа надад хэлээд уучлал гуйсан. Тухайн үед надад хөгшөөн би өмнө нь баахан хэрэг төвөгтэй байгаа юмаа энэ хэргийг Мишээлийн зөвшөөрөлтэй авсан гээд хэлээд өгөөч тэгвэл наадах чинь хулгай биш болоод өнгөрнө гэсэн. Тэгээд аргалаад өгөөч гээд гуйсан би тэр өдрөө цагдаа дээр очсон чинь намайг ярихаар хүрээд ирээрэй гэсэн. Тэгээд 2019 оны 1 сарын сүүлээр над руу Цогтообаяр гэдэг Сүхбаатар дүүргийн цагдаа яриад дуудаж мэдүүлэг авсан ба тэрнээс өмнө би Мягмардоржтой уулзаад болсон зүйлийн талаар мэдсэн байсан. Тиймээс Г-д туслах гээд өөрөө хамт явсан мэтээр мэдүүлэг өгсөн..” гэсэн мэдүүлэг /1хх-211-212/,
Яллагдагч Ү.Гас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-30-31/ “..Надад Н.Ч гэх найз байдаг бөгөөд 2011 оноос хойш бид хоёр найзалж байгаа юм. 2018 оны 11 дүгээр сарын дундуур надад машины хэрэг болоод би Чингүнтэй холбогдож машин хэрэг болоод байна чамд машин олдохгүй биз гээд бид 2 хүүхдийн урлан бүтээх төвийн орчимд уулзсан. Тухайн үед Н.Ч цагаан өнгийн Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан ба би улсын дугаарыг нь санахгүй байна. Бид 2 уулзчихаад байж байтал Н.Ч надад хандаж найзад нь мөнгөний хэрэг гараад байна хоёулаа манай хадмын зуслангийн байшин руу очоод зурагт нөүтбүүкийг нь авчихъя, би уг нь өөрөө очоод авчихвал авчиж болно, тэгэхдээ тэр хавийн хүмүүс намайг таньчихаж магадгүй тийм болохоор чи надтай хамт яваад тэр байшин руу ороод эд зүйлсийг хулгайлаад өг би гадаа нь хүн хараад байж байя, би угаасаа зурагт, нөүтбүүкийг барьцаанд тавьчихаад мөнгөтэй болохоороо авчихаад буцаагаад авчираад тавьчих болохоор манай хадмынхан мэдэхгүй санаа зоволтгүй гэж надад хэлсэн. Тухайн үед надад бас мөнгөний хэрэг гараад байсан болохоор би түүнд зөвшөөрөөд бид 2 Н.Чий унаж явсан цагаан өнгийн Тоёота 20 маркийн авто машинтай Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бэлхийн эцэс рүү явцгаасан. Н.Ч машинаа барьж явсаар нэг зуслангийн газар очиж зогссон бөгөөд машинаас буугаад гараараа заагаад манай хадмын байшин тэр байна гэсэн, тухайн үед Н.Ч байшингаас нилээн зайтай зогссон бөгөөд түүний заасан байшин нь ямартай ч миний санаж байгаагаар их урт, урт өндөр цонхнуудтай байшин байсан. Н.Ч намайг байшин руу очоод зурагт, нөүтбүүкийг аваад ир зурагт нь хананд өлгөөстэй байгаа харин нөүтбүүк нь орон дээр байгаа гэж хэлээд машин дээрээ үлдээд харин би ганцаараа байшин руу очиж байшингийн зүүн талын 1 давхарын вакум цонхны түгжээ хэсэг рүү хөлөөрөө өшиглөж онгойлгож байшин дотогш ороход миний орсон цонхтой өрөөний хананд ойролцоогоор 50 орчим инчийн хэмжээтэй Skyworth маркийн лед зурагт байрлаж байсан. Тус байшин нь 1 давхар байшин бөгөөд дотроо ойролцоогоор 4,5 өрөөтэй байсан. Би бүх өрөөгөөр орж нөүтбүүк хайж явсаар байгаад 2 давхар хүүхдийн ортой өрөөнд ороход 1 давхрын орон дээр саарал өнгийн Apple загварын Macbook байхаар нь нөүтбүүкийг залгууртай нь аваад гарах гэхэд тус өрөөний гал тогоонд нь архи, конъяк харагдахаар нь очиж 1 шил 70 градусын архи, мөн JP chenet гэх нэртэй конъякын хамт аваад анх орж ирсэн өрөөндөө очиж зурагтаа залгууртай нь авч, тэврээд орж ирсэн вакум цонхоороо байшингаас буцаж гараад Н.Ч дээр очиж машинд зурагт, нөүтбүүкээ хийгээд бид 2 тус зуслангаас хөдөлж хүүхдийн урлан бүтээх төв дээр очсон. Н.Ч авсан зүйлээ зарчихаад над руу яръя гэж хэлээд бид 2 хүүхдийн урлан бүтээх төвөөс салсан. Орой 20:00 цаг өнгөрөөгөөд Н.Ч над руу юнителийн дугаараас холбогдож бид 2 скай их дэлгүүрийн ойролцоо уулзсан бөгөөд Н.Ч надад баярлалаа гэж хэлээд бэлнээр 180.000 төгрөг өгөөд бид 2 салцгаасан..” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Ихбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Тийм зүйл ерөөсөө байхгүй. Магадгүй Түмэнбаяр, Чингүн, Мягмардорж нараас хэдэн давхарт байдаг талаар нь сонссон байх. Түүнээс биш манай оффисс дотор орж байгаагүй. Би ч хулгай хийх талаар зааж зөвлөж байсан удаа байхгүй..” гэсэн мэдүүлэг /2хх-60-61/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-2-6/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, үзүүлэлт /1хх-10-14/ Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний “...3.398.400төгрөг..” гэх тайлан /1хх-133-134/, шүүгдэгч Д.Мийн иргэний үнэмлэхнийлавлагаа /1хх-76/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-75/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Мийн дээрхи үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болж байна.
Шүүгдэгч Д.М болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний ар гэрийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлсэнээс хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг төлж барагдуулсан, дахин гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдээгүй, эхнэр 2 хүүхдийн хамт тодорхой оршин суух хаягт амьдардаг, улиралын чанартай ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзаж, түүний өмгөөлөгчөөс гаргасан саналын дагуу шүүгдэгч Д.Мид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, уг ялыг Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ёсчлон батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. Улсын яллагч нь шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дээрх саналыг дэмжсэн болно.
Шүүгдэгчийг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу шүүгдэгчийн оршин суух газар болох Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ 1-87 тоотоос явахыг хориглож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Мид шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.М нь хохирогч О.Эад учирсан нийт 3.398.400 төгрөгийн хохиролоос өөрт ногдох 1.132.800 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.М нь шүүх хуралдаан болохоос өмнө 17 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон дээрх хоногийг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч тооцон, түүний нийт биечлэн эдлэх ялыг 348 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Мийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ёсчлон батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар шүүгдэгч Д.Мид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Шүүгдэгч Д.Мид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ 1-87 тоотоос гадагш явахыг хориглосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Мид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.Мийн нь шүүх хуралдаан болохоос өмнө цагдан хоригдсон 17 хоногийг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч, тооцон түүний нийт биечлэн эдлэх ялыг 348 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
7. Шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР