Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/542

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ч.Алтнай,

Улсын яллагч Ж.Баянжаргал,

Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У холбогдох эрүүгийн 2111 01563 0056 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Б.У 1996 оны 5 дугаар 19-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаантын 07-4306 тоотод оршин суух, урьд ял шилжүүлж байгаагүй,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгч Б.Уаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би тэр утсыг аваагүй..” гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Б.Уаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би тухайн өдөр Шар хадны Эрдэнэтолгойгоос очиж машинаа аваад тэндээсээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байх гэртээ ирчихээд дараа нь орой 22 цагийн үед МУИС-ийн урд талд зааланд тоглосон юм. Маргааш нь гэрээсээ гараад Драгоны наад талд байдаг Москва хороолол орсон. Тэндээсээ 21 дүгээр хороололоор өгсөөд Баянхошуугаар тойроод Дэнжийн 1000-аар дайраад гэртээ ирсэн. Маргааш нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өглөө 11 цаг 00 минутанд гараад 32-ын тойрог орж нүүрс аваад гэртээ буцаж ирээд, Е Март дэлгүүр орчиж хүнд юм өгчихөөд 100 айлын замаар яваад Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс дээр ирсэн. Ямар ч байсан манай гэрт ирэхээс өмнө гадуур явж байхад утастай байсан. Бид нар зөндөө хайгаад олоогүй.. Би тухайн утсыг аваагүй, одоо хаана байгаа гэдгийг нь мэдэхгүй байна, миний ярьсан зүйл үнэн..” гэсэн мэдүүлэг /хх-84/,

 

Хохирогч Б.Л  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хамт хөл бөмбөг тоглодог байсан Удаанжаргал гэх найзынхаа гэрт Жавхлан, Цолмонгэрэл, эхнэр Энхцэцэг нарын хамт очсон тэгээд тэндээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 04 цагийн орчимд байхаа би утсаа буйдан дээрээс авах гэтэл миний гар утас байгаагүй. Бүгдээрээ хайсан боловч миний гар утас олдоогүй учир цагдаагийн байгууллагад хандсан.

Маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн орчимд би симээ сэргээлгэж хүнээс гар утас худалдаж аваад өөрийнхөө алдсан гар утсанд хийж байсан ID хаягаараа ороод алдсан гар утасныхаа байршлыг /find me iphone/-оор харахад 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 00 цаг 30 минутын орчимд Удаанжаргалын гэрт ассан байсан учир би утасныхаа байршлыг байн байн орж хараад байхад Удаанжаргалын гэрийн орчимд л заагаад байсан. Тэгэхээр нь би мэдчихээд түүний хаана байгааг асууж утсаар ярихад 19 цагийн орчимд Гандангийн орчимд явж байна гэхээр нь утасны байршлыг харахад эх нялхсын эсрэг талын байрнуудын орчимд зааж байсан. Хэсэг хугацааны дараагаар дахин залгаж би түүний хаана байгааг асуухад хорооллын эцэст байна гэхээр нь би хоёулаа уулзъя гэсэн чинь драгон орчихоод ирье гэсэн. Би дахиад л утасныхаа байршлыг харахад хорооллын эцсээс уруудаад драгон чиглэлд явж байснаа сүүлд Драгоны дэргэдэх Москва хороололд зааж байсан дараа нь асуухад бас өөрөө Москва хороолол орсон гэдгээ хэлж байсан. ..гар утасны GPS байршил худлаа заана гэж байхгүй. Өөр утаснаас ID кодоор ороход ямар имэйтэй утаснаас орсон болохыг харж болдог би тус аргаар харсан. Сүүлд утсаа Удаанжаргалын гэрт байсан цайвар өнгийн буйдан дээр үлдээсэн гэдгээ санаж байна. Мөн Удаанжаргал Жавхлан хоёр миний утсаар зураг үзээд сууж байсан гэдгийг санаж байна. Удаанжаргал өөрийн фэйсбүүк хаягнаас надтай чат бичиж мөнгийг чинь төлж өгнө удахгүйгэж хэлж байсан..” гэсэн мэдүүлэг /хх-11-15, 21-22, 120/,

 

Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би нөхрийн гар утсыг найз нь болох Удаанжаргалыг авсан гэж бодож байгаа. Манай нөхөр гар утсаа алга болгосныхоо маргааш алдсан гар утасныхаа байршил тогтоогчийг асаагаад өөр гар утаснаас ID-гаараа ороод харахад утас нь алдагдсан газар болох Удаанжаргалын гэрт заагаад байсан гэсэн тэгэхээр нь хэсэг хугацааны дараа найз руугаа залгаад хаана байгааг нь асуухад Гандангийн ойролцоо байна гэж хэлсэн ба гар утасных нь байршил бас яг эх нялхсын орчимд заагаад байсан гэсэн мөн дараа нь дахин залгаад хаана байгааг нь асуухад драгон орж байна гэхэд нь дахиад гар утасныхаа байршлыг үзэхэд драгоны ойролцоо зааж байсан тэгээд бодохлоор яг тэр Удаанжаргал гэх найзынх нь байгаа газарт утасны байршил заагаад байсан. Манай нөхөр тэр утасныхаа байршлыг гар утсан дээрээ screenshot хийгээд авсан байсан..” гэсэн мэдүүлэг /хх-29-30/,

 

Гэрч Л.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Хэрэг гарсны маргааш нь Лхагвасүрэн над руу залгаад хаана байгаа юм бэ гэхээр нь би гэртээ байна гэсэн. Тэгсэн Лхагвасүрэн өөрийнхөө гар утасны Location-oo өөр гар утаснаас хараад Удаанжаргал руу залгаж хаана байгааг асуухад гандан дээр явж байна гэхэд утасных нь байршил гандан орчимд дараа нь дахин залгаж хаана байгаа талаар нь асуухад Драгон дээр байна аавдаа юм өгч явуулах гээд гэхэд бас утасных нь Location драгон дээр зааж байна ер нь Удаанжаргалын хаана байгаа тэр газартай утасны location таараад байна гэсэн. Тэгээд би утасны location /байршил/ Удаанжаргалын байгаа газартай таараад байгаа болохоор түүнийг авсан гэж бодож байна.. тухайн аяфоне 11 про макс /iphone11 pro max/ маркын rap утас нь цайвар өнгийн буйдан дээр байсан юм. Бид нар тухайн утсаар photos дотор нь байсан гадаад эмэгтэй зурагнуудыг үзэж байсан. Тэр үед Удаанжаргал харж байсан ба тэнд алга болсон утас Лхагваагийнх гэдгийг бүгд мэдэж байсан. тухайн утсан дээрх Лхагваагийн эхнэрийн зураг байсан..гэсэн мэдүүлэг /хх-33-34, 116-118/,

 

Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..тухайн систем нь утсаа гээгдүүлсэн болон байршлыг нь тогтоох зориулалттай IOS үйлдлийн систем буюу цаанаасаа гар утсан дээр суусан байдаг, ажиллах горимыг асааж байршлаа хуваалцсан тохиолдолд асч ажиллах ба зөвхөн тухайн утас 3, 4, 5 G болон wifi сүлжээнд холбогдох үед ажилладаг өөрөөр хэлбэл зөвхөн онлайн орчинд ажилладаг гэсэн үг. Утас унтарсан үед болон онлайн сүлжээнээс гарсан тохиолдолд онлайн үеийн хамгийн сүүлд зааж байсан байршлаа харуулсаар байдаг, ба дараагийн онлайн орчинд орох үед байршлыг нь харах боломжтой..” гэсэн мэдүүлэг /хх-38-39/,

Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..шөнийн 04 цагийн үед Лхагваа миний утсыг буйдан дээрээс аваад өг гэхээр нь авах гэхэд байгаагүй. Тэгэхээр нь бид нар утсыг нь хайгаад олоогүй. Тухайн үед У гэрт бараг 5 удаа ганцаараа ямар нэг өрөөнд юм уу үлдээд байсан юм. Тус утас нь iphone 11 pro байсан ба gold өнгөтэй нүүрээр уншдаг код байхгүй утас байсан. тэгээд тухайн утсаар тэнд байсан хүмүүс юм үзээд байсан учраас би сайн санаж байна. Удаанжаргал авсан гэж бодож байна. Яагаад гэвэл утас алга болдог өдрийн маргааш нь Л залгаад миний утасны байршил Гандан дээр заагаад байна. Удаанжаргал Баянбүрдээс гандан луу явж байна гэж хэлсэн. Дараа нь бас Драгон дээр Удаанжаргал явж байхад нь таарч байна гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг /хх-16/,

 

Хохирогч Б гаргаж өгсөн баримтыг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэлүүд, /хх-47-46, 123-126/, хохирогч Б.Лгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-128-130/, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 21-738 дугаар шинжээчийн дүгнэлт: “..аяфоне 11 про макс /iphone11 pro max/ маркын rap утсыг 1.800.000 төгрөгөөр үнэлсэн ... дүгнэлт /хх-43-44/, шүүгдэгч Б.Уын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-57/, болон мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

2021 оны 11 дүгээр сарын 21-нд шүүгдэгч Б.Уын гэр болох Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн ТКП-37 тоотод шүүгдэгч Б.У, хохирогч Б.Л гэрч Ш.Э, Д.Ж, Б.Ц нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоноход Б.Лийн айфоне 11 про макс /iphone11 pro max/ маркын гар утас алга болсон байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж гар утсыг шүүгдэгч Б.У хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн  байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.У нь хохирогч Б.Л аяфоне 11 про макс /iphone11 pro max/ маркын гар утсыг хулгайлсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хохирогч Б.Л “би маргааш нь өөр утсанд өөрийнхөө айди хаягаа хийж гар утсаа хайхад эхлээд Б.Уын гэр орчимд заасан, дараа нь түүний явсан газруудад зааж байсан” гэж мэдүүлэн мөрдөгчид 3х4 хэмжээтэй 16 ширхэг фото зураг гарган өгч, уг зургийг мөрдөгч хүлээн авч хэрэгт хавсарган, прокурор яллах нотлох баримт гэж үзэн шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн болно. Гэвч эдгээр зургууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөгч өөрөө олж авсан баримт биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10-д зааснаар хавтаст хэрэгт хавсаргасан боловч тухайн зурагт хохирогч Б.Л хулгайд алдагдсан гэх гар утас мөн түүнийг шүүгдэгч Б.У авч явж байна гэсэн нотолгоо болж чадахгүй буюу тэдгээр зургуудыг шууд заасан эх сурвалж гэж үзэхгүй тул хохирогч Б.Лийн айфоне 11 про макс /iphone11 pro max/ маркын гар утсыг шүүгдэгч Б.У авч явж байна гэсэн нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.

 

Хохирогч Б.Л “энэ миний утас имэй кодтой, түүнийг Б.У авсан, түүний явсан газруудаар нь дээрхи зураг таарч байгаа” гэж мэдүүлэх боловч үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар өөр нотлох баримтуудаар давхар нотлож тогтоогоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-д мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн алдсан гэх аяфоне 11 про макс /iphone11 pro max/ маркын гар утас нь хэд гэсэн имэй кодтой болох, хэзээ, хэдний өдөр ямар төхөөрөмжөөр яаж утсаа хайж уг зургуудыг авсан болохыг тодруулаагүй, хохирогчийн хэлсэнчлэн аяди хаягаар хайж түүнийгээ хуулийн дагуу баримтжуулаагүй, утсыг хэрэглэж байсан оператор компаниас энэ талаар асууж тодруулах зэрэг ямар нэгэн ажиллагаа хийгээгүй байна. Үүнийг хийлгэх талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нараас прокурорт удаа хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэж байжээ.

Мөн түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаан үед гэрчээр мэдүүлэг өгсөн Г.Э, Д.Ж, Б.Ц нар нь хохирогч Б.Л сонссон зүйлээ дамжмал байдлаар мэдүүлсэн бөгөөд шууд заасан нотлох баримт биш буюу шүүгдэгч Б.Уыг энэхүү хэргийг үйлдсэн гэх нотлох баримт болохгүй байна.

 

Дээрхи нөхцөл байдал буюу шүүх хуралдаанаар шинжлэн судаслан нотлох баримтуудаас харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн, яаж үйлдсэн болохыг шалгаж тогтоогоогүй буюу 2021 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн ТКП-37 тоотоос хохирогч Б.Л аяфоне 11 про макс /iphone11 pro max/ маркын гар утсыг шүүгдэгч Б.У хулгайлсан болохыг шалгаж, нотлох баримтаар эргэлзээгүйгээр тогтоогоогүй байна.

 

Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Уд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

2021 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн ТКП-37 тоотоос хохирогч Б.Л айфоне 11 про макс /iphone11 pro max/ маркын гар утсыг хулгайлсан гэх эрүүгийн 2111 01563 0056 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан тул хохирогчоос нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4-д зааснаар эрүүгийн 2111 01563 0056 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д зааснаар хохирогч Б.Л нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

4. Цагаатгах тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

5. Прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч нар тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХБАЯР