Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/953

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022            07             21                                    2022/ШЦТ/953

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Т.Төмөртулга /томилолтоор/,

хохирогч Ж.О-,

шүүгдэгч Ч.Д-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт  ...  тоотод түр оршин сууж байгаа, урьд

- Чингэлтэй дүүргийн шүүхийн ... хорих ялаар шийтгэгдэж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр үлдсэн 4 сар 20 хоногийн хорих ял өршөөгдсөн,

- ... хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр үлдсэн 8 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- ... хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

... овогт Ч.Д- (регистрийн дугаар: УГ8702....).

Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч Ч.Д-нь 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 20 цагийн орчим  Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд наран 14 дүгээр гудамжинд Ж.О-тай “хүүхдүүдийн маргааны асуудлаас” болж маргалдан түүний нүүрэн тус газар гараараа 4-5 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь “баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт язарсан шарх, нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 800 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1.Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Ч.Д-нь Ж.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Цагдаагийн хэлтсийн шуурхай дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 1 хуудас),

- Хохирогч Ж.О-ийн “...2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 20 цагийн үед миний төрсөн охин Азжаргал нь гаднаас уйлаад ороод ирсэн ба хамт Хүслэн гэх дүүгийн хамт орж ирэхдээ "Б, Б нарыг хүүхэд зодоод байна" гээд орж ирсэн. Тэгээд би хоёр охиныг дагуулаад Б, Б нар дээр очиход уйлчихсан байж байсан бөгөөд маргалдсан гэх хүүхдийг нь асуухад тэр дунд байсан нэг хүүхэд зам хөндлөн гараад хашаа руугаа яваад орсон. Тухайн хүүхдийн орсон хашаа руу машинтайгаа очиж байтал тухайн хашаанаас нь нэг залуу, нэг эмэгтэй нар гарж ирсэн бөгөөд тухайн залуу нь жолоочийн талын хаалгыг онгойлгоод намайг машин дотор байхад миний нүүр рүү 4-5 удаа цохисон ба намайг татаж машинаас буулгаад ахиад цохих гэхээр нь хаасан боловч миний нүүр рүү 2 удаа цохисон. Тухайн залуугаас яагаад цохиж байгаа талаар нь асуухад яадаг юм би чамайг ална шүү гээд намайг боосон. Тухайн үед замаар явж байсан машинтай хүмүүс боль боль гээд орилоод байхаар нь намайг тавьсан. Би салсаныхаа дараа “танай хүүхэд чинь хүүхэд зодсон талаар хэлэх гэж байхад яагаад намайг зодож байгаа юм бэ” гэж хэлтэл тоохгүй байхаар нь би цагдаа дуудсан.Тухайн үед хашаанаас гарж ирсэн үл таних залуу миний нүүр рүү олон удаа цохисон бөгөөд миний нүүрэнд нь гэмтэл учирсан ба тэр залуу "Хууль байхгүй бол чамайг ална шүү” гээд дарамтлаад байсан. Тухайн үед манай охин ааваа гээд иртэл миний охиныг хөлөөрөө түлхээд унагаасан. Уг залуу намайг боох үед хоёр гарыг нь барьж түлхсэн ба өөр ямар нэгэн байдлаар халдаагүй би тухайн залууг дийлэхгүй юм байна лээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 хуудас),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн  2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 7165 дугаартай “...Ж.О-ийн биед баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт язарсан шарх, нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 хуудас),

- Ч.Д- мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гаргасан “...Ж.О-тай маргалдаж түүнийг зодон эрүүл мэндэд нь "баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт язарсан шарх, нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэрийн үүдээр гартал зам дагуу 2 машин явж байсан бөгөөд урд явж байсан жолооч нь арын машины жолооч танай хүүхдийг айлгасан гэж хэлэхээр тухайн ард нь явж байсан цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч дээр очоод хаалгыг нь онгойлгоод тухайн жолоочийг татаж буулгаад заамдаад "Чи яагаад миний хүүхдийг зоддог юм" гээд маргалдаж байхад тухайн залуу танай хүүхдийг би зодоогүй харин "Танай хүүхэд манай хүүхдийг зодсон байна" маргалдаж байхад тэр залуу намайг цохиод авсан ба тэгэхээр нь зөрүүлээд би нүүр хэсэг рүү нь цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

2. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн буюу хохирогчийг зодсон гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ч.Дамдины үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

3. Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Ж.О- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын эмчилгээний зардалд 3,060,680 төгрөг зарцуулсан болох нь баримтаар (хавтаст хэргийн 37-42 хуудас) тогтоогдсон. Иймд шүүгдэгч Ч.Д-с 3,060,680 төгрөгийн хохирлыг гаргуулж, хохирогч Ж.О- (РД:ТН9011...., ...)-т олгох, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хамар, нүдний ухархайн гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруугаа хүлээж байна, прокурорын ялын санал дээр хэлэх үг алга гэсэн.

 

            5. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

            Шүүгдэгч Ч.Д-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтсон орлогогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд үл ялих зүйлээр шалтаглан бусдыг зодож гэмтэл учруулсан, гэмт хэргийн хор уршиг бүрэн арилаагүй болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учруулсан хор уршиг, хувийн байдалд тохирно гэж шийдвэрлэв.

 

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ... овогт Ч.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-г  480 (дөрвөн зуун наян цаг) нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.Дамдинд мэдэгдсүгэй.

 

 

 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Д-с 3,060,680 төгрөгийн хохирлыг гаргуулж, хохирогч Ж.О- (РД:ТН9011...., ... тоотод оршин суух хаягтай, утас ...)-т олгосугай.

 

 5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хамар, нүдний ухархайн гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй  болохыг тус тус дурдсугай.

 

          6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ