Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/764

 

 

 

 

 

 

 

       2022         06          15                                        2022/ШЦТ/764

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Т.Төмөртулга,

Б.Э-,

шүүгдэгч Д.О-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-тхолбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 сарын 03-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

         Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, “НОБЭ” ХХК-д хөдөлмөр аюулгүй байдлын хамгааллын инженер ажилтай, ам бүл 4, ээж, хоёр дүүгийн хамт, ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 Д.О (РД:ЕЭ8412...). 

 

Холбогдсон хэргийн утга:

Шүүгдэгч Д.О-нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ны агуулахын дотор заслын ажил дээр “Хөдөлмөрийн  аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байх үедээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.5. “ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих”, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны ажлын байрны тодорхойлолтын 3.1 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж холбогдох тушаал шийдвэрүүд стандартуудыг мөрдөж ажиллах/, 3.3. /ажлын талбайд нэвтэрч буй иргэд, ажилчдад хяналт тавих/-д  заасан үүргээ биелүүлээгүйн улмаас тухай ажлын байран дээр ажиллаж байсан ажилтан Б.Д- нь өндрөөс унаж эрүүл мэндэд нь “эрүү ясны бяцарсан, салсан хугарал, зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, дээд тагнай, оочид шарх, доод уруулын дотор салстад язарсан шарх, баруун чих, хэвлий, зүүн бугуйд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 350/а дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.О-нь “НОБЭ” ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байхдаа Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.5. “ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих”, мөн ажлын байрны тодорхойлолтын 3.1, 3.3-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас ажилтан Б.Д- өндрөөс унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь:

- Хэрэг гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (хавтаст хэргийн 10-14 хуудас),

- Хохирогч Б.Д-ийн “...Манай ... ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ-гийн ХХК-н баруун бүсийн түгээлийн цэг буюу ... ХХК-н агуулахын дотор заслын ажлыг гүйцэтгэж байсан.Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 08 цаг 30 минутад Б.Д- миний бие ажилдаа ирээд ажлын хувцсаа сольж өмсөөд... 2, 3 дугаар давхрын дан нурууны завсрын зайд гагнуурын ажил хийхээр...ажлын багаж төхөөрөмжөө бүгдийг зөөж байрлуулсан... Би ХАБ-ын инженер Д.О-н хамт 2 дугаар давхарт дан нурууны завсар зайг нь төмөр тавьж битүүлэн гагнах ажил хийсэн... Тухайн үед дүүжин шатны гуя төмрийг зөөхөд дан нуруугаар дамжин зөөсөн болохоор өндрөөс уначих гээд байхаар нь би туслах ажилтан Амарбатын хамт 2 дугаар давхарт гарч ХАБ-ын инженер Д.Т-тдан нурууг дамжин зөөж байгаа бэхэлгээ хийх газар байхгүй уначих гээд хэцүү байна,  олсоор татаад дээшээ 3 дугаар давхар луу зөөе гэхэд ХАБ-ын инженер Д.О-“зүгээр гараараа зөөчих, олсоор татаж байгаад хүний дээрээс унагачихвал хэн хариуцах юм бэ, битгий залхуураад бай өөрсдөө гараараа зөөчих” гэхээр нь би ерөнхий инженер Лхагва дээр очоод “3 дугаар давхар луу ХАБ-н инженер төмрийн бэлдэц болон дүүжин шат, багаж хэрэгслээ зөөчих гэсэн юм, туслах ажилтан Амарбат бид хоёр сая шатаар зөөсөн чинь урт болохоор дан нурууны багана тойроход уначих гээд байна, энэ талаараа ХАБ-н Д.О-т хэлсэн чинь гараараа зөөчих гээд байна, ядаж том төмрүүдийг нь олсоор татаад гаргачих уу” гэхэд ерөнхий инженер Л та нар өөрсдөө эвтэйхнээр, аюулгүй байдлаа хангаад хийчих гэхээр нь туслах ажилтан Амарбат бид хоёр олсоор татаж дүүжин шатны нэг гуя, дүүжин шат хоёроо татаж 3 дугаар давхарт гаргасан.Олсоор татаж гаргахдаа би 3 дугаар давхарт гараад баганаас өндрийн бүсээр өөрийгөө бэхлээд, туслах ажилтан А 1 дүгээр давхраас олсоор шат болон шатны гуя төмрөө ээлжлэн бэхлээд нэг нэгээр нь дээш нь татаж 3 дугаар давхарт гаргасан.Тэгээд үлдсэн багаж хэрэгсэл болон бэлдэц төмрүүдээ гараараа зөөж гаргасан.Тэгээд тухайн үед туслах ажилтан А 00 орохоор явсан.Би 1 дүгээр давхраас үлдсэн А4 цаасны хэмжээтэй лист төмөр дээр жижиглэн зүссэн лист төмрүүдээ тавиад 3 дугаар давхар луу зөөж байх үедээ 3 дугаар давхрын дан нуруугаар дамжин явж байх үедээ хажуу талын хананд барьж явсан төмрөөрөө шүргэх үед би тэнцвэрээ алдаад барьж явсан төмрөө хаяад араас нь өөрөө унасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 хуудас),

- Гэрч А.Л-н “...Ажил хийж гүйцэтгэх газарт нь бол өндрийн хамгаалалтын олсыг бэхэлсэн байсан.Харин багаж хэрэгсэл зөөхөд явсан дам нуруунуудад өндрийн хамгаалалтын олсыг хийж бэхлээгүй байсан.Миний бие болон ХАБ-ын инженер О.Д бид 2 эрсдэлийг дутуу үнэлснээс хамгаалалтын олсыг бэхлээгүй байсан нь бидний буруу юм. Уг бэхэлгээг хариуцах яг албан тушаалтан нь ХАБ-ын инженер О.Д юм. Миний хувьд барилгын ажлын чанарт хяналт тавих эрх бүхий албан тушаалтан юм...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 42-43),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10166 дугаартай дүгнэлтээр “...Б.Д-ийн биед эрүү ясны бяцарсан, салсан хугарал, зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, дээд тагнай, оочид шарх, доод уруулын дотор салстад язарсан шарх, баруун чих, хэвлий, зүүн бугуйд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 54-56 хуудас),

- Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт “...Өндрийн эрсдэлтэй ажлын байран дээр хамгаалах бүс ашиглах бэхэлгээний олс хийгээгүй ажлын байрны эрсдэлийн үнэлгээг дутуу хийсэн учраас үйлдвэрлэлийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна...” (хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас),

- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ХАБ-33/21 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 75-78 дугаар хуудас),

- Шинжээч Г.Гантөмөрийн “...Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан Д.О-нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3.5-т ажлын хувцас хамгаалах хэрэгслийг олгох зохистой хэрэглээнд нь хяналт тавих үүрэгтэй гэж заасан байгаа учраас хамгаалах бүс, олс байршуулсан эсэх зэрэг хэрэглээнд нь хяналт тавих ёстой бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 хуудас),

- Д.О-н “...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... миний бие Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Б.Д-ид учирсан үйлдвэрлэлийн осолд өөрийгөө буруутайг мэдэж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн  95-96 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

2. Хохирогчийн биед учирсан хүндэвтэр хохирол нь тухайн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан болох Д.О-нь хуулиар болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн “хамгаалах хэрэгслийг олгох, хяналт тавих” үүргээ биелүүлээгүй эс үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж түүний улмаас ажилтны эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан бөгөөд хор уршгийг хүсч хийсэн тэр хор уршигт зориуд хүргэсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, уг болгоомжгүй эс үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүхээс гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

   3. Хохирогч Б.Д-ийн эмчилгээний зардалд иргэний хариуцагч ... ХХК-иас эмчилгээний зардалд 12,222,030 төгрөгийг төлсөн, хохирогчоос “байгууллагаас эмчилгээний зардал дааж байгаа тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” талаарх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24 тал)-ээр шүүгдэгч Д.Оюунбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Харин хохирогч Б.Д- нь эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлж энэ хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон “НОБЭ” ХХК-иас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Д.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            5. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч албан үүрэгтээ хайнга хандсан, хохирогчийн биед учирсан хохирол хор уршиг арилсан, гэмт хэргийн нийгмийн аюул их биш, хувийн байдлын хувьд анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Д.О-түүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.О-тмэдэгдсүгэй.

5. Хохирогч Б.Д- нь цаашид гарах хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар “...” ХХК-иас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Б.Д-ийн эмчилгээний зардалд иргэний хариуцагч ... ХХК-иас эмчилгээний зардалд 12,222,030 төгрөгийг төлсөн бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

         7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор, иргэний хариуцагч, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ