Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/790

 

 

 

 

 

 

 

       2022         06          20                                        2022/ШЦТ/790

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч С.О-, П.Э-, Г.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

П.Э-, Г.Ц- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 сарын 08-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

НЭГ: Монгол Улсын иргэн, ... суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, дүүгийн хамт, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

... ... овогт С.О (РД:ЙГ9608...)

 

ХОЁР: Монгол улсын иргэн, ... суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Техник технологийн дээд сургуульд автын инженерийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 3, ах, бэр эгчийн хамт, ... оршин суух албан ёсны бүртгэлтэй, Улаанбаатар хот, ... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

... овогт П.Э- /РД:ЙГ9801.../

 

Гурав: Монгол улсын иргэн, ... төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Нарантуул худалдааны төвд хөөрөг худалдан борлуулдаг ажилтай, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

... овогт Г.Ц (РД:ТЕ9106...).

 

Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч С.О- нь 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө ... гадна иргэн Э.Х, С.Ч нартай “машины авто зогсоолтой холбоотой маргаанаас үүдэлтэйгээр” Э.Х-ы эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, зулгаралт, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол, С.Ч-н эрүүл мэндэд нь “зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн шилжих нугалаасанд шарх, зүүн мөр, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд зулгаралт, зүүн гарын сарвуунд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,

Шүүгдэгч П.Э- нь 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө ... байрны гадна иргэн Г.Ц-той “машины авто зогсоолтой холбоотой маргаанаас үүдэлтэйгээр” түүний эрүүл мэндэд нь “дагз, баруун чамархай, зулайн хуйханд цус хуралт, баруун шуу, баруун гарын алганд цус хуралт, баруун мөр цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Ц- нь 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хорооллын 102 дугаар байрны гадна иргэн П.Э-той “машины авто зогсоолтой холбоотой маргаанаас үүдэлтэйгээр” түүний эрүүл мэндэд нь “зүүн доод 1-р шүдний хугарал, баруун доод 1-р шүдний сулрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимд цус харвалт, хоёр хөмсөгт зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 5 сарын 27-ны өдрийн 664 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нар гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч С.О-ийн үйлдлийн улмаас Э.Х-, С.Ч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол,

- шүүгдэгч П.Э-ын үйлдлийн улмаас Г.Ц-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол,

шүүгдэгч Г.Ц-гийн үйлдлийн улмаас П.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь:

- Хохирогч Э.Х-ы “... манай нөхрөөс улаан куртиктэй залуу ирээд машинаа гаргах уу гэхээр нь манай нөхөр дуудлагын жолооч хүлээж байна гэсэн чинь яваад өгсөн. Тэгтэл ахин хар куртиктэй залуу ирээд машинаа гаргачих оронд нь машинаа тавьчихъя гээд байсан. Манай нөхөр ялихгүй юманд хэрэггүй одоо жолооч ирж байгаа гэсэн чинь нөгөө залуу машинаа манай машины урд талд байрлуулаад машинаа унтраагаад улаан куртиктэй залуу, цагаан цайвар өнгийн куртиктэй эмэгтэй хүний хамтаар буугаад явахаар нь манай нөхөр Ц араас нь машинаа холдуул гэж хэлсэн чинь нөгөө богино савхин хар куртиктэй залуу чи өөрөө зайл, мөргөөд гараарай гэж хэлчхээд тоохгүй цаашаа явахаар араас нь Ц, С.Ч, Сарнай нар буусан. Би хүүхдээ тэврээд машиндаа үлдсэн. Ингээд би тэд нарыг ирэхгүй удаад байхаар нь Сарнайд хүүхдээ өгөөд машинд суулгасан тэгтэл манай нөхөр нөгөө улаан куртиктэй залуу болон хар өнгийн богино куртиктэй залуутай барьцалдаад хажуугаас нь С.Ч салгах гээд зууралдсан байсан. Бас нөгөө цагаан өнгийн куртиктэй эмэгтэй бас зууралдаад зогсож байхаар нь би нөхрийгөө салгах гэтэл хар өнгийн богино куртиктэй залуу цаанаас ирээд шууд миний хамар руу гараараа цохиод газар унагаасан. Би босоод ирэхэд хамраас цус гарсан бас би өмдөндөө шээсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 хуудас),

- Хохирогч С.Чгийн “...бид нар машин дотор нь дуудлагын жолоочийг хүлээгээд сууж байтал нэг машинтай хүмүүс ирээд машинаа гаргачих оронд машинаа тавьчихъя гээд байсан. Ц дуудлагын жолооч хүлээж байна гэж хэлж байсан. Тэгтэл нөгөө машины жолооч манай машины урд талд машинаа тавьчхаад 30-аад минут удаан хүлээлээ гээд машинаа цоожлоод буусан. Тэгтэл Ц миний машины урдаас холдуул гэж хэлтэл нөгөө машины жолооч өөрөө зайл гэсэн чинь Ц нөгөө жолооч залуу дээр очоод өөд өөдөөсөө нүүрээ наагаад зогстол Ц-н ар дагзнаас нөгөө улаан куртиктэй залуу гараараа 2-3 удаа цохиод авсан. Тэгтэл Г.Ц- эргэж хараад нөгөө улаан куртиктэй залуугийн зүүн нүд рүү нь гараараа цохиод авсан. Халиунаа бид хоёр тэд нарыг салгах гэж байтал хар өнгийн богино савхин куртиктэй залуу Э.Х- хамар луу гараараа цохиод унагасан. Э.Х- хамраас нь цус гарч байсан.Би бас нөгөө хэдийг салгах гээд зууралдаж байхад хар өнгийн богино савхин куртиктэй залуу миний зүүн чих рүү гараараа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 хуудас),

- Хохирогч Г.Ц-гийн “...хажуугаас улаан куртиктэй залуу ирээд машинаа гаргах юм уу бид нар машинаа оруулах гэсэн юм гэхээр нь би дуудлагын жолооч хүлээж байгаа түр хүлээж байхгүй юу гэж хэлсэн...Удалгүй хар өнгийн савхитай энгэр дээрээ лого бичигтэй куртиктэй залуу ирээд ахин машиныг чинь гаргаад машинаа тавьчихъя гэхээр нь ялихгүй юмнаас ямааны гарз одоо удахгүй дуудлагын жолооч ирнэ гэж хэлсэн чинь нөгөө залуу миний тоёота приус 30 маркийн цэнхэр 90-19 УБО улсын дугаартай машины өмнө өөрийн цагаан өнгийн тоёота сай маркийн машинаараа хааж тавьчхаад улаан куртиктэй залуу, урт цагаан өнгийн куртиктэй эмэгтэйн хамтаар машинаасаа буугаад алхахаар нь би араас нь хөөе энэ сэгээ зайлуул гэсэн чинь нөгөө хар савхитай залуу чи өөрөө зайл мөргөөд гараарай гэхээр нь би машинаасаа буугаад нөгөө залуу дээр очоод нүүр рүү нь тулаад чи яах юм, би яах юм гэсэн зүйл яриад бид хоёр зогсож байтал миний ар дагз руу улаан куртиктэй залуу 2-3 удаа цохиод авахаар нь би шууд эргэж хараад нөгөө улаан куртиктэй залуугийн зүүн нүд рүү нэг удаа гараараа цохисон. Би тэр залуутай зодолдсон... нөгөө богино хар өнгийн савхин куртиктэй залуу манай эхнэр Э.Х- хамар руу нь гараараа цохиод унагаасан... намайг салгах гэж байтал С.Чгийн зүүн чих болон толгойн зүүн хэсэг рүү нь хар өнгийн богино савхин куртиктэй залуу гараараа нэг удаа цохиод авсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 хуудас),

- Хохирогч П.Э-ын “...би ахын машинаас буугаад уг машины жолоочийн эсрэг талд сууж байсан шаргалдуу өнгийн юүдэнтэй цамцтай залуугаас гарах болж байна уу гэж асуусан чинь дуудлагын жолооч дуудсан удахгүй ирэхээр нь гарна гэж хэлсэн. Ингээд дуудлагын жолооч нь ирэхгүй байсан чинь манай ах О машинаа хөдөлгөөд нөгөө машины урд талд тавиад хэдүүлээ гэр лүү оръё араас утсаар залгана биз хэлсэн. Тэгээд О ах, Б эгч бид гурав машинаасаа буугаад хойшоо гэр лүүгээ дөнгөж алхтал араас нөгөө залуу сэгээ зайлуул гэсэн. Манай ах Очирпүрэв чи өөрөө зайл, миний машиныг дайраад гарахгүй юу гэж хэлтэл нөгөө шаргалдуу өнгийн юүдэнтэй цамцтай залуу гүйж ирээд манай ах Очирпүрэвийн нүүрэнд нүүрээ тулгаад мөргөх гэхээр нь би тэр шаргалдуу өнгийн юүдэнтэй цамцтай залуугийн араас нь татаад дагз руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэд нөгөө залуу эргэж хараад миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл миний хажуугаар намхан биетэй хар өнгийн урт куртиктэй эмэгтэй намайг татаад салгасан. Яг тэр үед манай бэр эгч Б, О ахыг салгаад авч байхад хөх өнгийн урт куртиктэй эмэгтэй манай бэр эгч Б-ийн баруун хөлийн цавь, давсаг хэсэгт нэг удаа өшиглөөд авсан. Тэгтэл манай эгч би жирэмсэн хүн шүү дээ гэж чанга хэлтэл Очирпүрэв ах эгчийг өмөөрөөд нөгөө эмэгтэйн хамар руу нь гараараа нэг удаа цохиод унагаасан юмаа. Тэгтэл шаргалдуу өнгийн малгайтай цамцтай залуу ахин надтай зууралдаад хажуугаас манай ах О зууралдаад бас манай эгч салгах гэж оролдоод нөгөө талаас намхан биетэй хар өнгийн юүдэнтэй урт куртиктэй эмэгтэй бас салгах гээд зууралдаад байсан. Тэр дунд нь дээрх намхан эмэгтэй манай ахал цохиулсан байж магадгүй юм. Намайг цохичихлоо гээд байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 хуудас),

- Гэрч Ч.Сарнайн “...би машинаас бууж хартал Г.Ц- нөгөө хүмүүстэй зууралдаад хажуугаас нь С.Ч салгах гэж оролдож байх шиг байсан.Би буцаад машин дээр иртэл Халиунаа машинаас бууж ирээд надад хүүхдээ өгчхөөд нөгөө хэд рүү очсон. Би машинаас буутал Э.Х- хамраас цус гарчихсан байдалтай ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 49 хуудас),

- Гэрч Б.Б-ийн “...хөөе энэ сэгээ зайлуул гэтэл манай нөхөр чи өөрөө зайл гэж хэлсэн. Нөгөө шаргалдуу куртиктэй залуу манай нөхрийн араас гүйж ирээд манай нөхрийн нүүр рүү толгойгоо тулгаад барьцалдаад авахаар нь би нөхрийгөө хойш нь татаад салгаад авсан. Тэгтэл нөгөө шаргал куртиктэй залуугийн ар дагзнаас нь манай хадам дүү Э гараараа нэг удаа цохиод авсан. Тэгтэл нөгөөх эргэж хараад манай дүүгийн зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиод тэр хоёр хоорондоо зодолдоод байсан. Тэгтэл миний хажуугаас хөх өнгийн куртиктэй тайрмал үстэй хүүхэн ирээд салгахын оронд шууд миний баруун хөлийн куртиктэй хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөөд авсан. Би жирэмсэн хүн шүүдээ чи яагаад намайг өшиглөж байгаа юм бэ гэсэн чинь хажуугаас О ирээд намайг өмөөрөөд нөгөө хүүхний хамар руу нэг удаа цохисон. Нөгөө хүүхэн нь газар унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4927 дугаартай “...Э.Х-ы биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, зулгаралт, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 67-68 хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4938 дугаартай “...С.Чгийн биед зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн шилжих нугалаасанд шарх, зүүн мөр, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд зулгаралт, зүүн гарын сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 74-75 хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4928 дугаартай “...Г.Ц-гийн биед дагз, баруун чамархай, зулайн хуйханд цус хуралт, баруун шуу, баруун гарын алганд цус хуралт, баруун мөр цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 72-73 хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 5230 дугаартай “...П.Э-ын биед зүүн доод 1-р шүдний хугарал, баруун доод 1-р шүдний сулрал, хоёр нүдний зовхинд  цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт, хоёр хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 83-84 хуудас),

- Шүүгдэгч С.О-ийн “...Халиуны хамрын гэмтэл, С.Чгийн зүүн чихэнд болон толгойн зүүн хэсэгт учирсан гэмтлүүдийг би гараараа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл)

- Шүүгдэгч П.Э-ын “...Тэгээд Г.Ц- суулд нэрийг нь мэдсэн гэх/ манай ах О-тэй маргалдаад мөргөх гээд нүүр рүү нь нүүрээ наахаар нь би Г.Ц-гийн ар дагз руу нь гараараа нэг удаа цохисон чинь Г.Ц- эргэж хараад миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 113-104 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл)

- Шүүгдэгч Г.Ц-гийн “...миний араас дагз руу улаан куртиктэй залуу 2-3 удаа цохиод авахаар нь эргэж хараад шууд улаан куртиктэй залуугийн зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохисон Тэгээд л улаан куртиктэй залуутай зодоон болсон....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 123-124 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

2. Хохирогч Э.Х-, С.Ч нарын биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч С.О-ийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг хангаж байгаа тул мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан,

Хохирогч Г.Ц-гийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч П.Э-ын хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн үйлдлийн улмаас, хохирогч П.Э-ын биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.Ц-гийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч нарын хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж тус тус хангагдсан.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

   3. Хохирогч Э.Х-, С.Ч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч С.О-ийг бусдад төлөх төлбөргүй. Хохирогч/шүүгдэгч П.Э-, Г.Ц- нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг тус тус гаргасан.

Хохирогч нарын эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 322,000 төгрөг зарцуулсан талаарх тус сангийн зарлагын баримт хэрэгт хавсаргасан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар иргэний нэхэмжлэгчээр төлөөлөн оролцож, эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас тус сангаас гарсан зардал болох 322,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар С.О-, Г.Ц- нараас тэнцүү хувааж 161,000 төгрөг тус бүрээс нь гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт (Төрийн сан 10090020080 дансанд) олгуулах хууль зүйн үндэслэлтэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

5. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч С.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,

            шүүгдэгч П.Э-, Г.Ц- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            Шүүгдэгч нар: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            6. Шүүгдэгч С.О-, П.Э-, Г.Ц- нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй болно. Харин хохирогч Э.Х-, С.Ч, П.Э-, Г.Ц- нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан нь шүүгдэгч нарыг бусдад учруулсан хохирол нөхөн төлсөн гэж хөнгөрүүлэн дүгнэх боломжгүй болно.

 

            Шүүгдэгч С.О-, П.Э-, Г.Ц- нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, мөн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон шүүгдэгч С.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч П.Э-, Г.Ц- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ... овогт С.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

... овогт П.О, ... овогт Г.Ц- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр, Г.Ц-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг С.О-, П.Э-, Г.Ц- нарт үүрэг болгосугай.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.О-, П.Э-, Г.Ц- нарт мэдэгдсүгэй.

   5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар С.О-, Г.Ц- нараас тус бүр 161,000 (нэг зуун жаран нэгэн мянган) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт (Төрийн сан 10090020080 дансанд) олгосугай.

   6. Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ