Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 42

 

      

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэцэцэг

Улсын яллагч Д.Баянмөнх

Шүүгчийн туслах О.Янжиндулам

Хохирогч Б.Насанжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Д.Отгонбаяр нарыг оролцуулан, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Жинчин овгийн Долгорын Отгонбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тус шүүхийн 1392016/00048/Э/ индекстэй, эрүүгийн 201612000137 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

        

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 1960 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2 дугаар баг, Баянгийн 4 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Жинчин овгийн Долгорын Отгонбаяр /регистрийн дугаар ЗД60071415/  

            Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

             Шүүгдэгч Д.Отгонбаяр нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 15 цагийн үед Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт цагдаа Б.Насанжаргалын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, түүний цээжин хэсэгт болон нүүрэн тус газарт 1 удаа цохих, баруун хөлний шилбэн тус газар чулуугаар цохих үйлдлээр төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                                                                                             

                                               

                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд Үүнд:

   Шүүгдэгч Д.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би байшин барьж байсан болохоор гэрээсээ багаж аваад явж байсан. Тэр үед Б.Оюунбат тааралдаад “..цагдаад багажаа хураалгасан, түүнийгээ авах гэсэн юм..” гэхээр нь хүргэж өгөхөд цагдаа Б.Насанжаргал таараад “Отгоо ах яагаад согтуугаар мотоцикль унаад байгаа юм” гэхээр нь “ах нь согтуу биш, одоо явлаа” гэж хэлсэн юм. Ингээд маргалдаж би түүний зүүн шанаанд

нь алгадсан. Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчтай хэрцгий, буруу хандсандаа хохирогчоос уучлал гуйж байна. Би тэр чулууг хохирогч руу санаатайгаар шидээгүй. Үүнээс болоод би энэ хэрэгт холбогдчихоод байгаа, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Б.Насанжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ажил үүргээ гүйцэтгэж байхад Д.Отгонбаяр гуай намайг хамгийн их эсэргүүцдэг юм. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, ихэвчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог. Шаардлага тавихаар эсэргүүцэж хэл амаар доромжилдог. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь цагдаагийн төлөөлөгчтэйгээ нийлээд гавлах эсхүл мотоциклийг нь журамлахаар манай суманд Засаг даргын орлогч ажилтай.хүү нь ирж гуйсаар байгаад ямар нэгэн торгууль төлөхгүйгээр аваад явдаг. Тэр өдөр Б.Оюунбат гэх хүний мотоциклийг журамлаад гараждаа хийгээд, гаражаа түгжээд зогсож байтал Д.Отгонбаяр гуай Б.Оюунбатыг мотоцикль дээрээ сундлаад ирсэн. Би ойртоод очтол согтуу байсан. Та яагаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод байгаа юм гэхэд “би яахаараа энэ сум орон нутагтаа явж болдоггүй юм. Би энд өссөн. Энэ газар дээр дураараа явах эрхтэй. Чи ирснээсээ хойш намайг явуулахгүй байгаа” гэхэд нь “Та мотоциклиосоо буу, мотоциклийг чинь журамлана” гэж хэлсэн. Тэгэхэд зүгээр байгаарай чи гээд намайг түлхээд байсан. Би мотоцикль дээрээс нь буулгачихаад цаашаа явж байтал Б.Оюунбат мотоцикль дээрх ганзагатай зүйлээ авъя гэхээр нь Б.Оюунбаттай явж  байгаад эргээд хартал миний зүүн шанаа руу алгадаагүй, гараа зангидаж байгаад цохьсон. Би тусгай хэрэгсэл нулимс асгаруулагч гаргаж ирээд цацсан чинь нүүрээ дараад цаашилсан. Хашааны хаалга дардаг том чулууг барьж аваад өөдөөс дайрч нэг шидэхэд нь би бултсан. Намайг оноогүй. Дахиад бариад өөдөөс дайрахад би яалт ч үгүй оногдож баруун хөлний булчин хэсэгт цохьсон. Тэр чулуугаа дахин бариад өөдөөс дайрахад нь би ганц нэг гааздаад хойшоо ухарсан. Тэр үед хүмүүс Отгонбаяраа чи боль, наадах чинь ажлаа хийж байгаа хүн гэж хэлж байсан. Ингээд Д.Отгонбаяр мотоциклио унаад зугтаасан гэв.

 

            Гэрч  Б.Оюунбатын “...Миний танил Д.Отгонбаяр согтуу мотоцикль жолоодоод явж байгаад тааралдаад надаас хаа хүрэх гэж байгаа юм гэж асуусан. Тэгэхэд би мотоциклоо журамлуулчихлаа, мотоциклоосоо юм авах гээд явж байна гэхэд сундалчих гэхээр нь яах юм вэ та согтуу байна, би цагдааруу явж байна гэхэд зүгээрээ би наана нь хүргээд өгье гэсэн юм. Тэгээд би сундалж яваад сумын Хаан банкны гадаа ирээд зогстол сумын цагдаа кубоноосоо гараад ирсэн. Тэгээд Д.Отгонбаярт хандан та яагаад согтуугаар мотоцикль жолоодоод байгаа юм бэ гэхэд ах нь зүгээр байна яагаа ч үгүй шүү дээ гээд байсан. Тухайн үед би зөрж яваад мотоциклоосоо ганзагаа аваад эргээд хартал Д.Отгонбаяр сумын цагдаа хоёр зууралдаж байсан. Сумын цагдаа Д.Отгонбаярын өөдөөс нулимс асгаруулагч цацаж байгаа харагдсан. Нэг харахад сумын цагдаа ухарчихсан, Д.Отгонбаяр өөдөөс нь хөөх маягтай алхаад байсан, тэгээд би яваад өгсөн...Сумын цагдаа Б.Насанжаргал Д.Отгонбаярт та согтуугаар мотоцикль жолоодлоо мотоциклийг чинь журамлана гээд байх шиг байсан. Д.Отгонбаяр би архи уугаагүй эрүүл мотоциклоо журамлуулахгүй гээд өөдөөс нь эсэргүүцээд хэрэлдээд байх шиг байсан. Сумын цагдаа дүрэмт хувцастайгаа байсан...Д.Отгонбаяр нилээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

 

            Гэрч  Ц.Даваагийн “...2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр би сумын Хаан банкны баруун талын дэлгүүрийн үүдэнд зогсож байтал сумын цагдаа Б.Насанжаргал, мөн манай сумын иргэн Д.Отгонбаяр нар Хаан банкны урд хоорондоо маргалдаад нэг харсан Д.Отгонбаяр цагдаа Б.Насанжаргалын шанааруу цохиж байгаа харагдсан. Тэгсэн цагдаа Б.Насанжаргал арагшаа ухраад зугатаагаад хойноос нь Д.Отгонбаяр туулгаж хөөж байгаад газарт нэг шаргал өнгийн чулуу хаясан. Тэгтэл сумын цагдаа нүдрүү нь нулимс асгаруулагч цацаж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Д.Отгонбаярыг чи ингэж болохгүй цагдаагийн албан хаагчийн үгэнд орох ёстой талаар загнаж хэлж байсан... Д.Отгонбаяр согтуу байсан...Б.Насанжаргал цагдаагийн дүрэмт хувцастайгаа байсан... цагдаа Б.Насанжаргал Д.Отгонбаярыг зодож цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,

 

            Гэрч О.Гоёцэцэгийн “...2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 15 цагийн үед Хаан банкны баруун талын дэлгүүрийн үүдэнд сууж байтал цагдаа Б.Насанжаргалыг Д.Отгонбаяр гэх ах туулгаад гараад ирсэн. Тэгээд сумын цагдаа Д.Отгонбаярын өөдөөс нулимс асгаруулагч цацаж байгаа харагдсан. Тэгээд удалгүй 2 тийшээ яваад өгсөн. Д.Отгонбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Согтуу байгаа харагдсан...цагдаа дүрэмт хувцастай байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/

 

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №201600348 тоот дүгнэлтэд

А:. Б.Насанжаргалын биед шилбэнд цус хурсан, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

Б:. Дээрх гэмтэл  нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

В:. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

Г:. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-ийн 44-р хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх-ийн 2-р хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9-р хуудас/

Чулуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15-р хуудас/

Драгер багажинд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 16-19-р хуудас/

Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-22-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 23-р хуудас/

Согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 24-р хуудас/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-р хуудас/ зэрэг болно.

 

             Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн    дүгнэлтийн талаар:

    Шүүгдэгч Д.Отгонбаяр нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн үед Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт, цагдаа Б.Насанжаргалын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийг гэм буруутай байна гэж дүгнэлээ.

    Иймд шүүгдэгч Д.Отгонбаярын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, тус аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

    Шүүхээс шүүгдэгч Д.Отгонбаярт ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа ойлгож байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

    Шүүгдэгч Д.Отгонбаяраас хохирогч Б.Насанжаргал нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул түүний бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

    Хэрэгт энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.  

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн чулуу 1 ширхэгийг   шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298, 299 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

           1. Шүүгдэгч Жинчин овгийн Долгорын Отгонбаярыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонбаярт 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй. 

 

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонбаярт оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

           4. Шүүгдэгч Д.Отгонбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн чулуу 1 /нэг/ ширхэгийг устгасугай.

 

            6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонбаярт оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

            7. Тэнсэгдсэн ялтан хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх хуульд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

            8. Шийтгэх тогтоолыг танилцуулсан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                      Л.ОДОНЧИМЭГ