| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 164/2017/0060/Э/ |
| Дугаар | 11 |
| Огноо | 2019-05-31 |
| Зүйл хэсэг | 22.5.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 11
Б.У, Л.Д, Ш.Т нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Ц.Сайнхүү,
Шүүгдэгч Б.У өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
Шүүгдэгч Л.Д өмгөөлөгч Б.Болормаа,
Шүүгдэгч Ш.Т өмгөөлөгч Ж.Мөнхнасан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн давж заалдах гомдлоор Б.У, Л.Д, Ш.Т нарт холбогдох 1716001140012 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, халх, 1972 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нэгдсэн эмнэлгийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, 5-18 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ДБ72050616 регистрийн дугаартай, Тугтан овогт Б У.
Монгол Улсын иргэн, халх, 1966 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах сувилагч мэргэжилтэй, Нэгдсэн эмнэлэгт онош зүйн тасагт шил угаагч ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 1-9 тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, ДЮ66032006 регистрийн дугаартай, Урианхай овогт Л Д.
Монгол Улсын иргэн, халх, 1980 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч, сувилагч мэргэжилтэй, сүрьеэгийн тасгийн эмийн сувилагч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Говь-Алтай аймгийн Жинст баг, хөгжил хороолол 1-10 тоотод түр оршин суудаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Баянхайрхан баг 6-13 тоотод хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ДИ80072006 регистрийн дугаартай Хайтал овогт Ш Т.
Шүүгдэгч Б.У нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс “аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг ажилд томилох гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Г.Буянхишигтийн ээж Л.Д 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн хахуулийг 2017 оны 1-3 дугаар сарын үед бэлнээр авсан,
Л.Д нь өөрийн охин Г.Буянхишигтийг ажилд томилуулж түүнд давуу байдал бий болгох зорилгоор Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 500.000 төгрөгийн хахуулийг 2017 оны 1-3 дугаар сарын үед бэлнээр өгсөн,
Мөн Б.У нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хүнийг ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Ш.Т 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн хахуулийг 2017 он 02 дугаар сард бэлнээр авсан,
Ш.Т нь ажилд томилогдож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 800.000 төгрөгийн хахуулийг 2017 оны 02 дугаар сард бэлнээр өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 1.15 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч Б.У холбогдох хэрэг, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч Ш.Төртуяад холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн Б.У холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч Л.Д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэг болгон өөрчилж,
Шүүгдэгч Б.У 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож удирдах албан тушаал эрхлэхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Л.Д 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ундрахад оногдуулсан 2 жилийн, шүүгдэгч Л.Д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, тус бүр 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 500000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.У өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ давж заалдах гомдол, тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, 39.6 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй.
Анхан шатны шүүх Б.У хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй буюу хууль тогтоомж, эрх бүхий байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэр, гэрээний дагуу өөрт олгогдсон бүрэн эрх үндсэн чиг үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй үйлдэл нь шүүгдэгч Л.Д 2017 оны 1-3 дугаар сарын үед 500000 төгрөгийн хээл хахууль авч, түүний охин Г.Буянхишигтийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүний нөөцийн менежерийн ажилд томилохдоо хууль болон нэгдсэн эмнэлгийн дотоод журмын ажилтныг ажилд авах талаарх заалтуудыг зөрчиж сонгон шалгаруулалт явуулалгүйгээр Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын Б/31 дугаартай тушаалаар томилсон байдлаар батлагдаж байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, 2.4, 2.5 дахь хэсгүүдийг зөрчсөн байна.
Анхан шатны шүүх хууль зөрчсөн гэсэн боловч ямар хуулийн ямар зүйл заалт зөрчигдсөн талаар дүгнэлт хийгээгүй.
Дотоод журмын ажилтныг ажилд авах талаарх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, үндэслэлгүй. Г.Буянхишигтийг хүний оронд түр хугацаагаар ажилд томилсон болох нь нотлогддог.
Дотоод журамд хүний оронд хүн авч ажиллуулахдаа заавал сонгон шалгаруулалт явуулах талаар заагаагүй. Харин үндсэн ажилтнаар хүн авч ажиллуулахдаа сонгон шалгаруулалт явуулах талаар тусгасан.
Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт зааснаар ажил албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл түр томилж болохоор заасан байгаа нь хууль болон дотоод журам зөрчигдсөн гэх үндэслэл болохгүй байхад хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж өмгөөлөгч миний түр ажлын байсан гэсэн дүгнэлтийг няцаасан дүгнэлт хийгээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.8 дугаар зүйлүүд зөрчигдсөн байна.
Түүнчлэн Б.У нь Л.Д авсан гэх мөнгийг захиран зарцуулаагүй буцааж өгсөн болох нь тогтоогдож байхад тухайн шүүгдэгч нарын мэдүүлгийн ямар хэсгийг үнэлээд ямар хэсгийг үнэлэхгүй байгаа талаар хийгээгүй нь үндэслэлгүй, хууль зөрчсөн.
Анхан шатны шүүх Б.У албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байгаа учир холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Л.Д өмгөөлөгч Б.Болормаа: Энэ хэрэгт хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл нотлогдвол зохих асуудал нотлогдоогүй. Шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа шөнийн цагаар мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж мэдүүлэг авсан нь тогтоогдсон. Хүнлэг бус харьцаж мэдүүлэг авсан гэдэг нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед тогтоогддог. Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах хүсэлт гаргаагүй гэж байна. Үүн дээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлах нөхцөл байгаагүй. Эдгээр нөхцөл байдал нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед тогтоогдсон. Миний үйлчлүүлэгчийн тухайд Б.Ундрахад 500.000 төгрөг өгсөн гэдэг боловч орон зайны хувьд нотлох баримтаар бүрэн тогтоосон зүйл байхгүй. Иймээс хэргийг бүрэн тогтоохын тулд мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Ш.Т өмгөөлөгч Ж.Мөнхнасан: Анхан шатны шүүхээс Ш.Т үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Үүн дээр Ш.Т үйлдлийг нөхөр болох Батбилэгийн мэдүүлгээр яллах гээд байдаг. Батбилэгээс 3 удаа мэдүүлэг авсан. Тэгэхэд 2 удаагийн мэдүүлэгт манай эхнэр огт тийм мэдүүлэг өгөөгүй гэдэг. Нэг мэдүүлэгтэй манай эхнэртэй мөнгө өгсөн гэж мэдүүлдэг. Тэр мэдүүлгийг авахдаа танай эхнэр ингэж мэдүүлэг өгсөн чи ингэж мэдүүлэг өгөх ёстой гэж прокурор ганцаарчилж уулзаад хэлсэн. Энэ нь анхан шатны шүүх хуралдаан дээр прокурор маш тодорхой хэлдэг. Шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн дансны хуулга нь Батбилэг гэрчийн дансны хуулга байдаг. Ш.Төртуяагийн дансны хуулга огт биш. Ямар үндэслэлээр нотлох баримтаар гаргаж өгч байгаагаа прокурор хэлээгүй. Иймээс Ш.Төртуяагийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ш.Т ашигтайгаар шийдвэрлэж, Ш.Төртуяад холбогдох хэргийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүн дээр улсын яллагч эсэргүүцэл бичээгүй учир үүнийг анхаарч үзнэ үү гэжээ
Прокурор Ц.Сайнхүү: Шүүгдэгч Б.У, Ш.Т, Л.Д нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.У нь хахууль өгсөн ашиг сонирхлын үүднээс ажлын байранд заасан шаардлага хангаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг ажилд томилох ёсгүй үйлдлийг хийхийн тулд Г.Буянхишигтийн ээж Л.Д 500.000 төгрөгийн хахууль авсан. Мөн Б.У нь ашиг сонирхлын үүднээс ажлын байранд заагдсан шаардлага хангаагүй, сонгон шалгаруулалтад орж тэнцээгүй хүнийг ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Ш.Т 800.000 төгрөг авсан. Л.Д өөрийн охиныг ажилд томилж түүнд давуу байдал олгохын тулд аймгийн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У 500.000 төгрөгийн хахуулийг 2017 оны 01-03 дугаар сарын хооронд өгсөн шүүгдэгч Ш.Т нь ажилд томилогдож өөртөө давуу байдал олгох зорилгоор аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У 800.000 төгрөгийн хахуулийг 2017 оны 02-03 дугаар сарын хооронд өгсөн гэмт хэрэгт холбогдсон байна. Өмгөөлөгч нарын гаргасан гомдол болоод тайлбартай танилцлаа. Гэрч Гантуяа нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ Б.У нь эмнэлгийн дарга болсноос хойш эмнэлгийн боловсон хүчний бодлого алдагдаж байгаа гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Нарийн мэргэжил шаардлагатай ажилд туршлагагүй, мэргэшээгүй хүнийг томилох зэргээр бодлого алдагдаж байгаа гэдэг мэдүүлгийг өгсөн байдаг. Түр томилогдсон хүн хахууль өгч болох, хахууль авч болох мэтээр шүүгдэгчийн өмгөөлөгч нар тайлбарлаж байна. Тур хугацаагаар ажилд томилогдохын тулд мөнгө өгсөн зүйл хангалттай нотлогдож байгаа. Батбилэг гэдэг хүний мэдүүлэг дотор 2-3 сарын хооронд ярилцаж байгаад 800.000 төгрөгийн хахууль өгье ядаж ажил төрөл жинхлээд өгөх байх гэж ярилцаад миний өөрийн данснаас 800000 төгрөг аваад манай эхнэр Б.У өгсөн гэдэг зүйл ярьдаг. Тухайн мөнгийг өгсний дараа манай эхнэрийг хавдар судлалын тасагт сувилагчаар оруулж ажлыг нь жинхэлсэн гэх мэдүүлэг байгаа. Шүүх хуралдаанд гаргаж өгсөн банкны дансны хуулга дээр 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 800.000 төгрөг дансанд бэлнээр орсон. Мөн өдөртөө 700.000 төгрөг гараад 03 дугаар сарын 09-ний өдөр 100.000 төгрөг, нийт 800.000 төгрөг өгсөн зүйл харагддаг. Батбилэгийг эрүүдэн шүүсэн гэдэг асуудал яригддаг. Энэ байдал огт тогтоогдоогүй. Энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдсан. Үүнээс гадна эрүүдэн шүүсэн асуудал байдаг бол үйлдэл тус бүр дээр хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах боломжтой байтал шүүгдэгчийн өмгөөлөгч нараас нэг ч гомдол ирээгүй. Ш.Төртуяа нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө би 800.000 төгрөгийг Б.У өгсөн гэж мэдүүлдэг. Тухайн хэргийн тухайд давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдээд дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг. Хяналтын шатны шүүхээс хэргийн үйл баримт тогтоогдсон байна. Гэхдээ хуульч нар хууль зүйн дүгнэлтийг сайн хийж чадаагүй байна гэж үзээд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хяналтын шатны шүүхэд хэргийг цагаатгах хэрэгсэхгүй болгох эрх нь байгаа хэдий ч тийм шийдвэр гаргаагүй. Хавтаст хэрэгт бүх ажиллагаа хийгдсэн, нотолбол зохих асуудал бүгд нотлогдсон учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн саналтай байна гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ зөвхөн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Л.Д нь 2017 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын үед өөрийн охин Г.Буянхишигтийг ажилд томилуулах зорилгоор Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У 500000 төгрөгийг бэлнээр өгсөн,
Шүүгдэгч Б.У нь 2017 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын үед Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж ажиллаж байхдаа Л.Д ашиг сонирхлын үүднээс аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй Л.Д охин Г.Буянхишигтийг ажилд томилж, албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар Г.Б ээж Л.Д 500000 төгрөгийг авсан байна.
Энэ нь гэрч Ё.Нарангаравын хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторийн үйлчлэгч Л.Д өөрийн охин Г.Буянхишигтийг нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн албаны даргын ажилд томилуулахаар Б.У 500000 төгрөг өгсөн, үүнээс их мөнгө өгч чадсангүй гэж хэлснийг мэс заслын тасгийн ахлах сувилагч, гэрчийн бэр эгч нь болох О.Гантуяагаас сонссон” тухай мэдүүлэг, /Хэргийн 1 дүгээр хавтасны 7-8 дугаар хуудас, 4 дүгээр хавтасны 100 дугаар хуудас/
Гэрч Н.Галиардын: “Эхнэр Л.Д нь охин Г.Буянжаргалыг нь ажилд оруулах талаар эмнэлгийн даргатай ярьсан мөнгө төгрөг өгөхгүй бол болохгүй гэж ярьсан бөгөөд дараа нь мөнгөний хэмжээг нь хэлээгүй боловч захиралд мөнгө өгчихлөө гэж хэлж байсан” тухай мэдүүлэг, /хэргийн 2 дугаар хавтасны 214 дүгээр хуудас/
Шүүгдэгч Л.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “500000 төгрөгийг Б.У гарт нь бариулж өгөөгүй, ширээн дээр нь тавьсан бөгөөд охиныг ажилд авна гэсэн болохоор нь баярлалаа гэж өгсөн. Дараа нь коридорт таарахад нь Б.У мөнгөө ав гэж хэлж байсан боловч баярлалаа гэж өгчхөөд авъя гэж оролтой нь биш гэж бодоод аваагүй байхад нь ийм асуудал болж улмаар хүнд баярлалаа гэж өгсөн биш гай боллоо гээд мөнгөө Б.У авч ахуйн хэрэглээндээ зарцуулсан бөгөөд Цагдаагаас яриад нөгөө мөнгөө аваад ир гэхээр нь энд тэндээс цуглуулж аваачиж өгсөн. Б.Ундрахад 500000 төгрөг өгсөн талаар найз О.Гантуяадаа хэлсэн байсан.” тухай мэдүүлэг, /хэргийн 4 дүгээр хавтасны 84-87 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хүүхдийг нь ажлын байраар хангана гэж хэлж 500000 төгрөг аваагүй харин Л.Д гуай баярлалаа гэж хэлээд 500000 төгрөг ширээн дээр нь тавиад буцааж ав гэхэд нь авалгүй гарч явсан бөгөөд дараа нь тааралдаж тэр мөнгөө аваарай гэж хэлсэн боловч аваагүй байж байгаад 11 дүгээр сард Авлигатай тэмцэх газрынхан ярихад тэр мөнгийг нь буцааж өгсөн. Хүний нөөцийн мэргэжлээр ажиллахад заавал хүний нөөцийн мэргэжил, үнэмлэхтэй байх ёстой.” тухай мэдүүлэг, /хэргийн 4 дүгээр хавтасны 94 дүгээр хуудас/
Шүүгдэгч Л.Д 25 ширхэг 20000 төгрөгийн дэвсгэрт буюу 500000 төгрөг хураан авсан тэмдэглэл,
Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Г.Буянхишигтийг ажилд томилох тухай Б/31 дугаар тушаал,
Ажил олгогч Б.У, ажилтан Г.Буянхишигт нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.У нь тухайн үед Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд ажиллаж байсан болох нь Батзориг овогтой Ундрахыг Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулах тухай тус аймгийн эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс гэрч Ё.Нарангарав нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, Ё.Нарангаравын мэдүүлгийг гэрч О.Гантуяа үгүйсгэж байгаа учраас Ё.Нарангаравын мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэжээ.
Гэрч Ё.Нарангарав нь өөрийн ахын эхнэр буюу бэр эгч болох О.Гантуяагаас Л.Д өөрийн охин Г.Буянхишигтийг нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн албаны даргын ажилд томилуулахаар Б.У 500000 төгрөг өгсөн талаар сонсож энэ мэдээллийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан бөгөөд гэрч О.Гантуяа нь Ё.Нарангаравт ийм зүйл яриагүй гэж мэдүүлсэн байна.
Гэвч гэрч О.Гантуяа нь шүүгдэгч Л.Д найз нөхдийн харилцаатай, шүүгдэгч Б.У садан төрлийн холбоотой болох нь гэрч О.Гантуяагийн “Манай ээж, Б.У эмчийн ээж хоёр бүлүүд. Би Д найзууд гэдэг нь үнэн” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Л.Д “О.Гантуяа нь манай найз” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд О.Гантуяа нь өөрийн садан төрлийн харилцаатай Б.У, найз нөхдийн харилцаатай Л.Д нарыг хамгаалах зорилгоор мэдүүлэг өгсөн байх боломжтой.
Тиймээс хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар энэ үйл баримт нотлогдож байгаа бөгөөд анхан шатны шүүх гэрч Ё.Нарангаравын мэдүүлэг нь шүүгдэгч нарын гэм бурууг нотолж байна гэж үнэлсэн нь үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлд ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлэхийг үүрэг болгосон байна.
Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн бүх ажилчдын хурлаар 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр батлагдсан нэгдсэн эмнэлгийн дотоод журмын 5.2 дугаар зүйлд эмнэлэгт ажиллах ажилтанг байгууллагын хүний нөөцийн төлөвлөсөн хэрэгцээнд үндэслэн, албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлагыг зааж хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалт явуулж ажилд томилохоор зохицуулсан байна.
Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт нэгдсэн эмнэлгийн дарга нэгдсэн эмнэлгийн ажилчдыг ажилд авах, ажлаас халах тушаалыг гаргахаар зохицуулсан байна.
Тухайн үед мөрдөгдөж байсан төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх хэсэгт иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчмыг төрийн албанд баримтлахаар, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал гэж тодорхойлсон бөгөөд Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолтод хүний нөөцийн менежер нь эрүүл мэндийн удирдлага болон хүний нөөцийн мэргэжлээр мэргэшсэн, тухайн мэргэжлээр хоёроос доошгүй жил ажилласан, удирдан зохион байгуулах туршлагатай байх шаардлагатай болохыг тусгасан байна.
Хуульд заасан энэхүү иргэд төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчим нь ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажилтан сонгож авахад ч нэгэн адил хамаарна.
Гэтэл Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У нь, эрүүл мэндийн удирдлага болон хүний нөөцийн мэргэжлээр мэргэшээгүй, эрүүл мэндийн удирдлага, хүний нөөцийн мэргэжлээр хоёроос доошгүй жил ажилласан байх шаардлага хангахгүй, хүний их эмч мэргэжилтэй, Г.Буянхишигтийг хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлаагүй, сонгон шалгаруулалт явуулаагүй тус эмнэлгийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд томилсон байна.
Дээрх байдлууд нь Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирлын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар Г.Буянхишигтэд хүний их эмч мэргэжил, боловсролын бакалавр зэрэг олгосон тухай мэдээлэл бүхий бакалаврын диплом, Г.Буянхишигт нь 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл их эмчээр ажиллаж байсан тухай бичилт бүхий нийгмийн даатгалын дэвтэр, гэрч А.Золзаяагийн: “Батмөнх-Оргил компани нь нягтлан бодох бүртгэл, нарийн бичгийн дарга, конторын ажилтны түр сургалт явуулах эрхийн гэрчилгээтэй бөгөөд Г.Буянхишигт нь 2017 оны 01 дүгээр сарын 30-наас эхэлсэн 46 хоногийн сургалтад хамрагдаж чадамжийн гэрчилгээ авсан, уг сургалтын төв нь хүний нөөцийн мэргэшлийн боловсрол олгодоггүй, чадамжийн гэрчилгээгээр хүний нөөцийн мэргэжилтэй байхыг шаардсан албан тушаалд томилогдон ажиллах боломжгүй, хүний нөөцийн чиглэлээр чадамж эзэмшсэн учраас хүний нөөцийн ажилтны туслахаар ажиллаж болно гэсэн мэдүүлэг, гэрч Г.Буянхишигтийн “сонгон шалгаруулалтад ороогүй, их эмч мэргэжилтэй, мэргэжлээрээ ажиллаж байсан, хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байгаагүй, удирдлага төгсөөгүй тухай мэдүүлэг, шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “хүний нөөцийн мэргэжлээр ажиллахад заавал хүний нөөцийн мэргэжил, үнэмлэх дипломтой байх ёстой. Хүний нөөцийн мэргэжилтнээр мэргэжлийн бус шүдний эмч хүн ажиллаж байна гэж яригдаж байсан. Тийм учраас хүний нөөцийн мэргэжилтэй хүн байвал ажилд авна гэж ярьж байсан” тухай мэдүүлэг, Г.Буянхишигтийг хүний нөөцийн менежерээр томилсон тогтоолд хөдөлмөрийн дотоод журмын ажилтныг ажилд томилох зүйл заалтыг баримтлалгүй, дотоод журамд байхгүй 4.5 дугаар заалтыг баримталсан зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.У энэхүү үйлдэл нь шүүгдэгч Л.Д өөрийн охин Г.Буянхишигтийг ажилд томилуулах ашиг сонирхлын үүднээс төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн хууль, түүнд нийцүүлэн гаргасан Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн дотоод журамд заасны дагуу Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн менежерийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, уг ажлын байранд тавигдах шаардлагад нийцэж байгаа хүнийг тухайн албан тушаалд томилох үүргээ зохих ёсоор гүйцэтгэлгүй, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн менежерийн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй Г.Буянхишигтийг тус эмнэлгийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд томилон албан тушаалынхаа эрх хэмжээнд хамаарахгүй эрх мэдлийг дур мэдэн хэрэгжүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр амлаж Л.Д 500000 төгрөгийг өөрөө бэлнээр авч захиран зарцуулах боломж бүрдүүлэн Г.Буянхишигтийг тухайн албан тушаалд томилж хээл хахууль өгөгчид зүй бус давуу байдал бий болгож өөртөө 500000 төгрөгийн ашиг олж, Монгол Улсын Үндсэн хууль, төрийн албаны тухай хуульд заасан тэгш эрхийн зарчим, нийгмийн шударга ёсыг зөрчсөн шинжүүдээрээ 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан хээл хахууль авах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна.
Шүүгдэгч Л.Должинсүрэнгийн үйлдэл нь нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн менежерийн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй өөрийн охин Г.Буянхишигтийг Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд томилуулах хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өөрөө Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У өөрийн 500000 төгрөг өгч уг мөнгийг захиран зарцуулах эрхээ шилжүүлснээрээ 2002 оны эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан хээл хахууль өгөх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгтэй тохирч байгаа боловч шинэ эрүүгийн хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын хэмжээ нэмэгдэж, хүндэрсэн байна.
Мөн 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгтэй тохирч байгаа бөгөөд хорих ялын дээд хэмжээ өөрчлөгдөөгүй хэдий ч шинэ эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ял хэрэглэхээр заасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах эрсдэлтэй.
Тиймээс хууль буцаан хэрэглэх зарчмыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Түүнчлэн шүүгдэгч Ш.Т нь ажилд томилогдож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 800000 төгрөгийн хээл хахуулийг 2017 оны 02 дугаар сарын сүүлч 03 дугаар сарын эхээр бэлнээр өгсөн, Шүүгдэгч Б.У нь хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хүнийг ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Ш.Т 80000 төгрөгийн хээл хахуулийг 2017 оны 02 дугаар сарын сүүлч, 03 дугаар сарын эхээр бэлнээр авсан гэх үйл баримт тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Учир нь прокурорын яллах дүгнэлтэд Б.У нь Ш.Т 800000 төгрөгийн хахууль авсан, Ш.Т нь Б.У 800000 төгрөгийн хахууль өгсөн болох нь гэрч Ё.Нарангаравын мэдүүлэг, гэрч О.Гантуяагийн мэдүүлэг, яллагдагч Ш.Т гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Б.Батбилэгийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж дүгнэжээ.
Гэвч хэрэг бүртгэлтийн шатанд Ш.Т, Л.Д нар нь Б.У мөнгө өгч ажилд томилогдсон тухай мэдээлэл ирсэн байхад мөрдөгч тухайн хэрэгт шууд сэжиглэгдэж байгаа Ш.Т, Б.У, Л.Д нарт эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл буюу худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг сануулж өөрсдийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэхийг хориглоно” гэсэн заалт болон түүнд нийцүүлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгасан яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно гэснийг зөрчсөн байна.
Тиймээс шүүгдэгч Ш.Т, Б.У нарыг тухайн гэмт хэрэгт яллах үндэслэл болж байсан шүүгдэгч Ш.Т хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Мөн гэрч Б.Батбилэг хэрэг бүртгэлтэд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Ш.Т нь нэгдсэн эмнэлгийн захирал Б.У мөнгө өгсөн талаар надад мэдэх зүйл байхгүй. Манай эхнэр Ш.Т Авлигатай тэмцэх газар чинь аймаар юм байна. Түрүүчийн хүмүүсийг хорьсон байгаа утас нь энэ байна гэхэд нь айхдаа У даргад мөнгө өгсөн гэж хэлсэн гээд байсан” гэж мэдүүлсэн бол гэрч Б.Батбилэгээс 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дахин мэдүүлэг авахад “Эхнэр бид хоёр 2017 оны 02-03 дугаар сарын орчимд ажил төрөлд жинхэлж оруулахад туслах байх гэж ярилцаад миний 5336023883 дугаар данснаас 800000 төгрөг бэлнээр авч манай эхнэр Б.У өрөөний ширээн дээр тавьчхаад гарсан гэсэн” гэж мэдүүлсэн байна.
Гэвч гэрч Б.Батбилэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хэрэг бүртгэлтэд дахин гэрчийн мэдүүлэг өгөхдөө өмнөх мэдүүлэгтэйгээ адилхан мэдүүлэг өгөхөд прокурор Б.Батнасан “Энэ мэдүүлэг чинь болохгүй байна. Хот явж Авлигатай тэмцэх газарт очиж мэдүүлэг өг гэж хэлсэн. Тэгээд намайг гараад явж байтал эхнэр утасдаад чамайг буцаад хүрээд ир гэж байна. Надтай адил мэдүүлэг өгөх юм бол хот явах шаардлагагүй юм байна. Чи бид хоёр мөнгө төгрөгийн боломж муутай. Тийм учраас чи миний мэдүүлгийг уншиж байгаад адил мэдүүлэг өг гэсэн. Тэгээд буцаж ирэхэд танай эхнэрийн мэдүүлэг энэ байна гээд уншиж танилцуулсан. Би мэдэхгүй зүйлээ мэдэхгүй гээд эхнэр надаас мөнгө авч өгөөгүй гэсэн чинь Батнасан прокурор нөгөө өрөөнд дуудаж оруулаад мэдүүлэг чинь болохгүй байна. Ундрах гуай тэртэй тэргүй ял авна. Эхнэртэйгээ адилхан мэдүүлэг өг гэж хэлсэн” гэж мэдүүлсэн байна.
Гэрч Б.Батбилэгийн энэхүү мэдүүлгийг тухайн хэргийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагчаар оролцсон прокурор Б.Батнасан хүлээн зөвшөөрч “Та бид хоёр хажуу талын өрөө рүү орж уулзсан. Та эхнэрээсээ огт зөрүүтэй зүйл яагаад яриад байгаа юм бэ? гэхэд та Б.У дарга манай эхнэрийн дарга учраас янз бүрийн дарамт ирэх вий гэдгээс болгоомжилж байна гэж та хэлсэн” гэж тайлбарласан байна. /хэргийн 4 дүгээр хавтасны 103 дугаар хуудас/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Нотлох баримт цуглуулж бэхжүүлэхдээ айлган сүрдүүлэх, мэдүүлэг гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно гэж заажээ.
Тиймээс мөрдөгч, прокурор нарын гэрч Б.Батбилэгээс дахин мэдүүлэг авах ажиллагааны явцад олж авсан баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан эсэх, хэрэг ач холбогдолтой эсэх нь эргэлзээтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолтой эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.
Мөн прокурорын яллах дүгнэлтэд Ш.Т яллах үндэслэл болгон дурдсан гэрч О.Гантуяагийн “Төртуяа надтай уулзаад намайг ажилд томилуулаад өгөөч. Та дансны дугаараа өгчих гэхэд нь дансны дугаараа өгөөгүй, утсаар яриагүй, тэгсгээд орхисон” тухай мэдүүлэг нь шүүгдэгч Б.У, Ш.Т нарын тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг нотлохгүй байна.
Түүнчлэн шүүгдэгчдийн өмгөөлөгч нараас шүүх хуралдаан дээр прокуророос ХААН банкны хуулга гаргаж өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримт цуглуулах шаардлага хангаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтад тооцохгүй байх хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж бэхжүүлэхээр заасан бол мөн зүйлийн 7 дахь хэсэгт хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй байхаар зохицуулсан байна.
Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дүгээр заалтад “Мөрдөн шалгах ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хийгдэх ажиллагааг ойлгохоор тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулахаар заасан байна.
Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үед оролцогчдоос шинээр гаргаж өгсөн нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооход сөргөөр нөлөөлөх үндэслэлтэй.
Тиймээс анхан шатны шүүхэд шүүгдэгч, прокурор нарын шинээр гаргаж өгсөн Онош зүйн тасгийн судлаач их эмч Г.Түвшинжаргалын тодорхойлолт, Говь-Алтай аймгийн прокурорын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ХААН банкны харилцагч нарын талаарх мэдээлэл авах тухай прокурорын тогтоолууд, ХААН банкнаас Говь-Алтай аймгийн прокурорын газарт ирүүлсэн албан бичгүүд, Б.Батбилэгийн ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэхгүй байх нь зүйтэй гэж үзлээ.
Хэдийгээр шүүгдэгч Ш.Т яллагдагчаар анх удаа болон дахин мэдүүлэг өгөхдөө “2017 оны 02 дугаар сараас 03 дугаар сарын үед та намайг жинхлээд эмнэлгийн үндсэн ажилтан болгож өгөөч гэж 800000 төгрөгийг Б.У даргад өрөөнд нь оруулж өгсөн” гэж мэдүүлсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 3 дахь заалтад зааснаар Ш.Т уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
Түүнээс гадна шүүгдэгч Ш.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Сүүлд би 800000 төгрөг өгсөн гэж дэлгэрэнгүй яриагүй. Амартүвшин гэдэг хүн компьютер дээр бичээд прокурор хажууд нь суучхаад тийм, үгүй гэдэг үгээр хариул гэсэн. Б.Болормаа өмгөөлөгч миний хажууд сууж байсан.” гэж мэдүүлсэн нь үндэслэлтэй байж болохоор эргэлзээтэй байгааг дурдах нь зүйтэй.
Анхан шатны шүүх гэрч Г.Буянхишигтийн мэдүүлгийг нотлох баримаар тооцуулахгүй байх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй байна.
Учир нь гэрч Г.Буянхишигтэд өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь сануулж түүний зөвшөөрснөөр гэрчийн мэдүүлэг авахад ээж Л.Д нь түүнийг ажилд оруулах гэж Б.У мөнгө өгсөн эсэх талаар мэдэхгүй гэж мэдүүлсэн, гэрч Г.Буянхишигтийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах хамаарал бүхий нотолгоо бий болсон байхад буюу тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж байхад түүнээс гэрчийн мэдүүлэг авсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх 2002 оны энэхүү хуулийг хэрэглэж шүүгдэгч Б.У, Л.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг тус бүрийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, тэдэнд тухайн зүйлүүдэд заасан хэмжээний дотор зохих ял шийтгэлийг оногдуулсан байна.
Тиймээс шүүгдэгч Б.Ун өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн хэргийг хэрэгсэхгүй болгуулж Б.У цагаатгуулах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.