Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2019/0969/З |
Дугаар | 128/шш2020/0639 |
Огноо | 2020-10-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 128/шш2020/0639
2020 оны сарын 25 өдөр Дугаар 128/ШШ2020/0 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р. Б /РД:ЧЙ5210****/,
Нэхэмжлэгч: Ш. О /РД:ЧЙ8402****/,
Хариуцагч: Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс,
Гуравдагч этгээд: З.Х /РД:ЧД8412****/,
Гуравдагч этгээд: Г.Ш /ЧИ4212****/, түүний эрх залгамжлагч Ш. Т /РД:ЧЙ7111****/,
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч газар өмчлөх эрхээ баталгаажуулахыг хүссэн нэхэмжлэгч нарын мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн татгалзал нь хууль бус болохыг тогтоолгох, Г.Ш газар өмчлөлийн эрхийн бүртгэлийг сэргээж, З.Х газар өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгож, бүртгэлээс хасалт хийлгэх, Р.Б, Ш.О нарын газар өмчлөх эрхийн бүртгэлийг шинээр хийлгэх, Г.Ш, Р.Б, Ш.О нарын хамтран дундаа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн бүртгэлийг хийж өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг тус тус хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, түүний өмгөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээд З.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С өмгөөлөгч Э.О, гуравдагч этгээд Г.Ш эрх залгамжлагч Ш.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б, Ш.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: 1. Нэхэмжлэлийн үндэслэл буюу улсын бүртгэл хийлгэх үндэслэл, шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасан тухайд: Иргэн Р. Б би Г. Ш агсантай 1985 оноос гэр бүл болж хамтран амьдарч улмаар 1991 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд бид анх гэр бүл болохдоо Г.Ш 400 төгрөг, Р.Б би 400 төгрөг гарган 800 төгрөгөөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамжны 1** тоот хашааг худалдан авч хамтран өмчлөх болж, 1999 онд 30 жилийн хугацаатай Баянгол дүүргийн Засаг даргын шийдвэрээр Г.Ш нэр дээр гэр бүлийн зориулалтаар хашааны газрыг эзэмшүүлэх шийдвэр гарч гэрчилгээ олгогдсон юм. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 523 дугаар захирамжаар Г.Ш нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргаас ам бүл 2 гэсэн тодорхойлолт авч, манай гэр бүлд хэзээ ч хамт амьдарч байгаагүй, манай гэр бүлийн гишүүн биш Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 6-124 тоотод амьдардаг байсан өөрийн эгчийн охин З.Х эхнэр гэж хамтран өмчлөх болж, гэр бүлийн гишүүн хууль ёсны эхнэр Р.Б, охин Ш.О бидний газар өмчлөн авах эрхийг зөрчсөн байсан юм.
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар шийдвэрээр гэр бүлийн гишүүн болох Р.Б, Ш.О нар нь Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах эрхтэй болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 523 дугаар захирамжийн Г.Ш, З.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон.
Гуравдагч этгээд З.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С гаргасан хүсэлтээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 350 дугаар тогтоол гарч шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шинээр хэлэлцүүлэх болсон.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 798 дугаартай шийдвэр гаргаж, Ш З.Х нарын үнэн зөв гаргаагүй баримтыг нягтлан шалгалгүйгээр тэдгээрт газар өмчлүүлсэн нь алдаатай, зохицуулалт бүхий хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж гаргасан захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэж, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 523 дугаар захирамжийн З.Хд холбогдох хэсгийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, түдгэлзүүлсэн хугацаанд Р.Б, Ш.О нарт газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 798 дугаар шийдвэрийн дагуу 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 523 дугаар захирамжийн З.Хд газар өмчлүүлсэн заалт хүчингүй болсон тул Нийслэлийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/884 тоот захирамж шинээр гарч Г.Ш өмчилсөн газрын бүртгэлд өөрчлөлт оруулж Р.Б, Ш.О нарт хамтран өмчлүүлсүгэй гэсэн болно.
2. Улсын бүртгэгч бүртгэхээс үндэслэлгүй татгалзсан тухайд:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0798 дугаартай шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 523 дугаар захирамжийн З.Хд өмчлүүлсэн хэсэг хүчингүй болсон тул Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн А/884 тоот захирамж гарч иргэн Г.Ш өмчилсөн газрын бүртгэлд өөрчлөлт оруулж Р.Б, О нарт хамтран өмчлүүлэх, захирамжийн 2 дахь заалтад Энэ захирамжийн дагуу газар өмчлөгч иргэдийн бүртгэлд өөрчлөлт орсон нэгж талбарт газар зохион байгуулалт хийж, газрыг хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгэх гэж тус тус заасан тул Р.Б, Ш.О бид нар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст дэлгэрэнгүй өргөдөл тайлбар холбогдох бүхий л баримт материалыг гарган өгсөн боловч улсын бүртгэгч улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан байна.
Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үндэслэлдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох гэж заасныг удирдлага болгон үл хөдлөх эд хөрөнгийн газрын гэрчилгээг эх хувиар мэдүүлэгт хавсаргах гэсэн шаардлага тавьсан нь мөн хуулийн 20.1.1-д улсын бүртгэгч нь үйлчлүүлэгчид хууль бус щаардлага тавих, зүй бусаар харьцах, үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэх заалтад нийцэхгүй байна. Эрхийн улсын бүртгэлд Г-220500**** дугаартай Улаанбаатар Баянгол дүүрэг, 16-р хороо, Туул 8 гудамж, 1** тоот гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгчөөр иргэн Г.Ш, З.Х нар бүртгэлтэй байгааг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0798 дугаартай шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн А/884 тоот захирамжийг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд Улсын бүртгэл үнэн зөв байх гэж заасныг зөрчиж, гэр бүлийн гишүүн болох Р.Б, Ш.О биднийг Г.Ш хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэхээс үндэслэлгүй татгалзаж бидний хуулиар олгогдсон өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдаж зөрчиж байгаад гомдолтой байна.
Улсын бүртгэгч Г.Ш, Р.Б, Ш.О нарын хамтран өмчлөх эрхийн гэрчилгээг шинээр олгохоос татгалзахдаа Ш.Ш д олгогдсон анхны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг заавал эх хувиар гарган өгөхийг биднээс шаардсан бөгөөд үүнийг эх хувиар гаргаж өгөх боломжгүй байгаа талаар бид бичгээр өргөдөл гарган тайлбар өгсөн боловч хэрэгсэж үзсэнгүй. Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс бичигч авч ир, эс бөгөөс гэрчилгээг хүчингүй гэсэн дахин шүүхийн шийдвэр гаргуулах шаардлагатай мэтээр чирэгдүүлсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.2, 5.5.5-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-220500**** дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг манай 1864131179**** нэгж талбарын дугаартай 248 м.кв газрын өмчлөгчөөр Г.Ш, З.Х нарт 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр олгосон байна. Энэхүү гэрчилгээг бид эх хувиар нь үзээгүй бөгөөд тухайн гэрчилгээний хуулбар хувийг захиргааны хэргийн шүүхийн хавтаст хэрэгт авагдсан байдлаар олж мэдсэн учир гэрчилгээг үрэгдүүлсэн, гээгдүүлсэн биш учраас Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн хариу биелэгдэх боломжгүй болно.
Г.Ш, З.Х нарт олгогдсон дээрх өмчлөх эрхийн гэрчилгээ нь хуурамч бичигт үндэслэн хийгдсэн болох нь тогтоогдсон тул шүүхийн шийдвэрийн дагуу бидний газар өмчлөх эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлтийг хийхээс татгалзсан нь ойлгомжгүй байна.
Улсын бүртгэгч бидний өргөдөл, хавсаргасан баримт материалд хэтэрхий хайнга хайхрамжгүй хандаж байсан, огт уншиж танилцахгүй бие биедээ шилжүүлж, ганц гэрчилгээ эх хувиар байхгүй гэдгээр шалтаглан бүртгэхээс татгалзаж байсан нь ажил үүргээ үнэнч шударгаар гүйцэтгэж байгаа, ажил үүргээ мэддэг эсэхэд нь эргэлзээ төрөх хүртэл байдалд хүргэсэн. Улсын байцаагч татгалзсан мэдэгдэлдээ дурдсан 3 шалтгааны 2 дугаарт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0798 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн хуудас дутуу гэж бичсэн нь түүний шүүхийн шийдвэрийг ар өвөргүй уншаагүй болохыг илэрхийлж байна. Шүүхийн шийдвэрийн 11 дүгээр хуудасны ард талд нь хэвлэгдсэн 12 дугаартай тогтоох хэсгийн гарын үсэгтэй сүүлийн хэсгийг байхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байсан. Шүүхийн шийдвэр хуудас бүрэн байсан талаар УБЕГ-т гаргасан өргөдөлдөө дурдаж шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь хуулбарлан өгсөн болно.
Улсын байцаагчийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийн 3 дахь үндэслэл: 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 тоот захирамжийн газар өмчлөх эрх сэргээсэн захирамж хавсаргах гэсэн нь мөн хамааралгүй бичиг баримтыг шаардаж байгаа хууль бус үйлдэл болно. Улсын байцаагчийн энэхүү шаардсан эрх сэргээсэн захирамж гараагүй, энэ захирамжийн Г.Ш, З.Х нарт холбогдох өмчлөх эрхийг нь хүчингүй болгосон заалтын талаар бидний нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулий 134 дүгээр зүйлд зааснаар Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар дүгнэлт өгч, шийдвэр гаргасан болно.
Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд Г.Ш, З.Х нарт олгогдсон гэрчилгээ болон газар өмчлөх эрхийн улсын бүртгэл хийгдсэн баримт байгаа болно. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т зааснаар З.Х манай хашааны газрыг хамтран өмчлөх эрх нь хүчингүй болж 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөр шүүхийн шийдвэрийн дагуу дуусгавар болсон үр дагаварыг улсын байцаагч харгалзаж үзсэнгүй. З.Х манай газрын өмчлөх эрхийн бүртгэлээс хасах хүсэлтийг бид Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргаж байсан бөгөөд танай хариу мэдэгдэх хуудаст шаардсан өмчлүүлэх шийдвэр гаргасан Нийслэлийн Засаг даргын захирамжийг Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст гарган өгсөн боловч улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсанд гомдолтой байна.
3. Бидний хууль ёсны эрх ашиг хохирч байгаа тухайд:
Р.Б, Ш.О бид хашааны газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хамтран өмчлөх эрхтэй болохоо тогтоолгохоор 2009 оноос хойш 10 жилийн турш хууль хяналтын байгууллагаар явж маш их чирэгдэж хохирсоор байгаа бөгөөд өөрийн худалдан авсан 20 гаруй жил амьдарч ирсэн өмчлөх эрхтэй хашааны газар дээрээ ч амьдарч чадахгүй айлын хаяа хашаанд нүд үзүүрлэгдэн амьдарч ирлээ. Одоо намар болж удахгүй өвлийн хүйтэн улирал болохоос өмнө ахуй амьдарлаа цэгцлэх хэрэгцээ шаардлагатай байгаа учирлан асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч дахин өвлийн нүүр үзэхэд хүрч хохирч байна. Нэхэмжлэгч Р.Б би зүрхний мэс засалд орсон, бас олон жилийн өмнө гэмтлийн улмаас хөлний мэс засалд орж хөгжлийн бэрхшээлтэй болсон учир өөрийн орон гэртээ амар амгалан амьдрах боломж нөхцлийг гүнээ хүсэмжлэх болсон, өдгөө 65 нас хүрч өөрийн орон гэртээ, үр хүухдүүддээ төвөг чирэгдэл болохгүй байхыг хичээж ядарч явна.
Гэтэл улсын бүртгэлд манай хашааны газарт хамтран өмчлөх эрхтэй гэсэн шүүхийн болон Нийслэлийн Засаг даргын шийдвэр гаргасан байхад татгалзаж байгаа бүртгэлийн байгууллагын буруутай байдлаас дахин шүүхэд хандан гомдол мэдүүлэхэд хүрч дахин хохирч байна.
Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 болон 25 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтэй байгаа тул үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч газар өмчлөх эрхээ баталгаажуулахыг хүссэн нэхэмжлэгч нарын мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн татгалзал нь хууль бус болохыг тогтоолгох, Г.Ш газар өмчлөх эрхийн бүртгэлийг сэргээлгэх, З.Х газар өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгох, бүртгэлээс хасалт хийх, Р.Б, Ш.О нарын газар өмчлөх эрхийн бүртгэлийг шинээр хийж Г.Ш, Р.Б, Ш.О нарын хамтран дундаа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн бүртгэлийг хийж өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг тус тус хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 458 дугаартай бүртгэгч Б.О 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдлийн өмнө буюу 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлд өргөдөл, мэдүүлэг өгсөн боловч Баянгол дүүргийн улсын бүртгэгч Н.Ү мөн татгалзсан хариу өгсөн. Иймд манай зүгээс улсын бүртгэгчийн тавьсан шаардлагыг биелүүлж, бүх дутуу материалууд болох Нийслэлийн Засаг даргын 2007 оны 523 дугаартай захирамж, Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 143 дугаартай шийдвэр, 2016 оны шинээр илэрсэн нөхцөл байдлаар хүчингүй болсон тухай шийдвэр байхгүй талаарх баримт, 2007 оны Нийслэлийн Засаг даргын захирамжийг түдгэлзүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр, мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст болон Нийслэлийн Засаг даргын бүртгэлд өөрчлөлт оруулж, газрын холбогдох материалуудыг бүрдүүлэх албан бичгийн хамт тус тус хавсаргаж өгсөн. Эдгээр баримтуудаа бүрэн гүйцэд бүрдүүлж өгсөн боловч Улсын бүртгэгч О нь гэрчилгээний эх хувь, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0798 дугаартай шийдвэрийн арын хэсэг дутуу байна, мөн газар өмчлөх эрхийг сэргээсэн захирамж зэргийг дутуу байна гээд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл өгсөн.
Энэ бүртгэлийн асуудлыг хийхэд шаардлагатай баримтуудыг нь аваад очиход бүртгэлд шаардлагатай баримтаас шал өөр зүйл нэхсэн. Иймд миний бие Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргатай уулзахад улсын бүртгэгч Г.Ш өв залгамжлагч Ш.Т, Р.Б болон нэр бүхий 5 хүнийг ирүүлэхийг шаардсан. Улсын бүртгэгч О нь боломжгүй материалууд шаардсан учраас Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан боловч дахин Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст ханд гэсэн хариу өгсөн. Тиймээс энэ асуудлаар шүүхээр шийдүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн учраас 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Баянгол дүүргийн улсын бүртгэгч Огийн бүртгэхээс татгалзсан актыг хүчингүй болгуулж, бүртгэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан. Ингэж гаргахдаа З.Х, Г.Ш нарт олгосон эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах шаардлагатай болсон. Уг тодруулсан шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд талууд гардаж аваад, хариу тайлбараа ирүүлсэн байна. Хариу тайлбараас харахад Г.Ш өмчлөх эрхийг сэргээхтэй холбоотой асуудал яригдаж байгаа тул Г.Ш эрхийг залгамжлан авсан этгээд нь Ш.Т юм. Тиймээс Ш.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц нь Г.Ш өмчлөх эрхийг сэргээлгэх тухай бие даасан шаардлага гаргах эрхтэй этгээд гэдэг нь харагдаж байна. Мөн гуравдагч этгээд З.Х хувьд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан. Шийдвэр гарснаас хойш З.Х хувьд эрх, ашиг нь хөндөгдсөн зүйлгүй, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан зүйл байхгүй. Харин 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0798 дугаартай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад З.Х өмчлөх эрх хүчингүй болох талаар дурдсан. Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22, 25 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлттэй байх тул үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч газар өмчлөх эрхээ баталгаажуулахыг хүссэн нэхэмжлэгч нарын мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн татгалзал нь хууль бус болохыг тогтоож, Г.Ш газар өмчлөх эрхийн бүртгэлийг сэргээж, З.Х газар өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгож, бүртгэлээс хасалт хийх, Р.Б, Ш.О нарын газар өмчлөх эрхийн бүртгэлийг шинээр хийх, Г.Ш, Р.Б, Ш.О нарын хамтран өмчлөх дундын гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн бүртгэлийг хийж өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг тус тус даалгаж өгнө үү.
Бид лавлагаа авахаар Г.Ш өмчлөх эрх цуцлагдсан байна гэдэг. Тиймээс Г.Ш өмчлөх эрхийн бүртгэлийг сэргээлгэх шаардлага гаргасан.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д гэрчилгээ ашиглах боломжгүйгээр элэгдэж хуучирсан, гэмтсэн, эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд гэрчилгээг дахин авах хүсэлт гаргасан, гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн, устсан, эрхийн улсын бүртгэлийг хүчингүйд тооцсоны улмаас гэрчилгээг ашиглах боломжгүй болсон, шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхэд улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй болсон тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгоно, 5.7-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн улсын бүртгэгч ажлын 15 өдрийн дотор гэрчилгээг дахин олгоно гэж заасан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно гэж заасан байна. Нэхэмжлэгч нараас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.Ш, Р.Б нар нь иргэн хуулийн этгээдэд өр төлбөргүй болохыг тодорхойлсон баримтуудыг хавсаргаж өгсөн. З.Х мэдүүлэг өгөх шаардлагатай бол З.Х өмчлөх эрхийн хугацаа 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дууссан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Г.Шид өөр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө байхгүй. Өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргахдаа мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана гэж зааснаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Засаг даргын захирамж зэрэг шаардлагатай бүх баримтуудыг гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Ш, З.Х нар нь 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт /тухайн үеийн нэрээр/ хандан мэдүүлэг нотлох баримтуудыг гаргаж, Баянгол дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөдүүргийн 16 дугаар хороо Туулын 8 гудамж, 1** тоот хаягтай, нэгж талбарын 1864131179****өр бүртгүүлсэн байна.
Иргэний гаргасан мэдүүлгээс харахад мэдүүлэгт хавсаргагдсан нотлох баримт нь: 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан мэдүүлэг, үйлчилгээний хөлс төлсөн баримт, 62 дугаартай нотариатчийн гэрчилсэн гарын үсгийн үнэн зөвөөр баталсан тэмдэг бүхий өргөдөл, Г.Ш, З.Х нарын гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 248 м2 талбайтай 3,273,600 төгрөгийн үнэ бүхий газрыг 523 дугаар захирамжаар, 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр, 43 дугаартай нотариатын гэрчилсэн хуулбарын үнэн зөвийг гэрчлэв тэмдэгтэй иргэн Г.Ш, З.Х нарын иргэний үнэмлэх хуулбар, 2008 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг, 62 дугаартай нотариатын гэрчилсэн хуулбарын үнэн зөвийг гэрчлэв тэмдэгтэй гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үндэслэл болгон 2008 оны 4 дүгээр сарын 03-ны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгэсэн байна.
Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.1-д Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн дагуу иргэн, хуулийн этгээдийн гаргасан мэдүүлгийг өмчлөгч эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын бүртгэгч хүлээн авна гэж, мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Төрөөс гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлсэн газрын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэлд бүртгэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.3, 13.5.7, 13.5.8-д заасан нотлох баримт бүрдсэн байна гэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.3-т тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан тул энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдгээ дарна гэж тус тус заасны дагуу улсын бүртгэгч тухайн бүртгэлийг хийжээ.
2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаартай шийдвэрийн хуулбар, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн иргэн Р.Б, Ш.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эын өргөдөл, 1991 оны гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2010 оны 846 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжийн хуулбар, газар өмчлөх шийдвэр нь хүчингүй болж байгаа иргэдийн жагсаалт /2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 276 дугаартай нотариатын хуулбар үнэн зөвийг гэрчлэв/ тамгатай, иргэн Г.Ш иргэний үнэмлэхийн лавлагаа хуулбар эдгээрийг бичиг хэргийн ажилтан хүлээн авч албан бичиг хариуцсан ажилтан хувийн хэрэг болон мэдээллийн санд оруулсан байна. Нэхэмжлэгч иргэн Р.Б, Ш.О нар нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйл, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйлийн 20.1.8-д заасан улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзээд хариу албан бичиг Улсын бүртгэлийн ерөнхий газраас хүргүүлсэн байна.
Эрхийн улсын бүртгэлийн Г-220500**** дугаартай газрын өмчлөгч иргэн Г.Ш нь нас барсан нь нотлох баримтаар нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш 1 жилийн өнгөрсний дараа олгоно гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 6.4-д өв залгамжлалаар эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг өв залгамжлах эрхийн гэрчилгээг үндэслэн бүртгэнэ гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч иргэн Р.Б, Ш.О нар нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дээрх заалтуудыг дагаж мөрдөх үүрэгтэй. Мөн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Н.О, Н.Ү нарын татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нотлох баримтыг бүрдүүлсний үндсэн дээр бүртгэл явагддаг. Нотлох баримт дутуу байгаа тохиолдолд бүртгэл хийгдэх боломжгүй. Манай байгууллага нь эх хувь гэрчилгээг үндэслэн бүртгэл хийддэг. Хэрвээ эх хувь гэрчилгээ байхгүй бол Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасныг үндэслэн гэрчилгээ олгох боломжтой. Нэхэмжлэгч талаас бүх материалаа хуулийн дагуу бүрдүүлж өгсөн тохиолдолд бүртгэхгүй гэх маргаан байхгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх явцад гэрчилгээ олдоогүй бол энэ талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс бичиг авчрах ёстой.
Бүртгэхээс татгалзсан үндэслэлд дутуу гэж үзсэн 2 материал байгаа. Нэгдүгээрт гэрчилгээний эх хувь, хоёрдугаарт шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг байхгүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан. Энэ 2-оос өөр баримт шаардаагүй. Өөр баримтууд нь бүрэн байсан. Эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэг бол гээгдүүлсэн шийдвэр гаргуулах, эсхүл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад гэрчилгээ олдоогүй гэсэн бичиг авчрах ёстой.
Гэрчилгээний хуулбар манай байгууллагад байгаа. Эх хувийг нь шаардсан. Хэрэгт гэрчилгээний хуулбар байгаа. Газрын өмчлөх эрхийн Г-220500**** дугаартай бүртгэл Г.Ш, З.Х нарын нэр дээр хүчинтэй хэвээр байгаа. Хувийн хэргээс үзэхэд анхны бүртгэл хэвээрээ байсан. Хувийн хэрэгт авагдсан 2010 оны шүүхийн шийдвэрийг үзээд лавлагаанд өмчлөх эрх цуцлагдсан гэсэн хариу өгсөн. Хувийн хэрэгт түүнээс хойших бусад шийдвэрүүд байхгүй. Өмчлөх эрхийн бүртгэл хэвээрээ байгаа. Эрхийн улсын бүртгэл цаасаар болон цахимаар гэсэн 2 төрлөөр хадгалагддаг. Цахим бүртгэлд хувийн хэрэгт байгаа цаасан баримтууд л бүхэлдээ скайнердсанаар харагдана. Цаасан бүртгэлд анх газар өмчилж авахын тулд ямар ямар материал бүрдүүлсэн, түүнээс хойш өгсөн баримт бүгд хавсаргасан хувийн хэрэг л байгаа. Эрхийн улсын бүртгэлийг хүчинтэй, хүчингүй бүртгэл гэдгийг тусгаарлаж, ялгасан тусдаа бүртгэл байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгө барилга нураасан үгүй болсон тохиолдолд ерөнхий бүртгэгчийн тушаалаар бүртгэлийг хаадаг. Үүнийг программд оруулж, архивладаг.
Сүүлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахад өгсөн материалуудыг буцаагаад өгсөн. Хуулбарлаж үлддэггүй. Гэхдээ дутуу гэж үзсэн баримт нь гэрчилгээ эх хувиараа бас шүүхийн 2018 оны 798 дугаартай шийдвэрийн сүүлийн хуудас.
Иймд Р.Б, Ш.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд З.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүлэнгэнгэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Р.Б, Ш.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. З.Х аав Д.З, ээж Г.Ч нар нь 1987 оны 12 сард Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамжны 1** тоот хашаа газрыг анх 800 төгрөгөөр худалдан авч байсан. Өөрийн төрсөн ах Г.Шийг эхнэр Г.Б хүүхдүүдийн хамт амьдрах газар байхгүй гэсэн тул Г.Ч өөрийн гомдол дахь шүүхийн маргаанд хэлэлцэгдэж буй хашаанд буулгасан. Тухайн үед Г.Ч нөхөр хүүхдийн хамт байрандаа амьдарч байсан. Г.Ч нь Г.Ш, З.Х нар газрыг хамтран өмчлөхөд оролцоогүй. Г.Ч нь энэхүү газрыг хамтран өмчлөх эрхтэй тул нэхэмжлэлийн шаарлагагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Г.Ш эрх залгамжлагч Ш.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий газрыг З.Х нь сургуулийн зардал, Япон явах зардал, ээж Г.Чын эмчилгээний мөнгө, Солонгос улсад ажиллаж байхад зээлж авсан мөнгөө төлж чадаагүй учраас маргаантай газраа хамтран эзэмшсэн гэж Г.Ш надад ярьж байсан. Тиймээс З.Х нь нэрээ татаж авах нь зөв байх. Харин Р.Б нь хамт амьдарч байсан, баталгаатай байсан учир хуулийн дагуу эзэмших эрхтэй байх. Г.Ш бид хоёр 1968 оноос 1972 оныг хүртэл хамт амьдарсан, хууль ёсны гэр бүл бөгөөд дундаасаа 3 хүүхэдтэй. Бага охин Ш.Т 6 настай аав дээрээ үлдээд, 8 дугаар ангид сурч байхдаа 16 нас хүрээд над дээр ирсэн. Ш.Т Г.Ш төрсөн хүүхэд нь ба биднийг салснаас хойш аавтайгаа хамт байсан ч ааваасаа юу ч өвлөж аваагүй. Одоо Франц улсад өвчтэй хүүхдээ асардаг. Би 3 хүүхдээ өөрөө өсгөсөн бөгөөд ааваас нь ямар ч туслалцаа дэмжлэг авч байгаагүй. Тиймээс Ш.Т нь Г.Шид ногдох хувийг авах эрхтэй гэж үзэж байна. Шүүхээр маргаад байх зүйлгүй гэж үзэж байна. Р.Б, Ш.Т нарын өмчлөх эрхийг нь сэргээлгэх хүсэлттэй байна. гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Р.Б, Ш.О нар нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, 9 дүгээр сарын 05-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-220500**** дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 1** тоот 248 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг Г.Штай хамтран өмчлөгчөөр шүүхийн шийдвэр, Нийслэлийн Засаг даргын захирамж-ийг үндэслэн бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахад[1] Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч 2019 оны 9 дүгээр сарын 04, 9 дүгээр сарын 09-ний өдрийн мэдэгдлүүдээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар хавсаргаагүй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0798 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн хуудас дутуу үндэслэлээр бүртгэхээс татгалзаж[2] мэдүүлгийг хавсаргасан баримтуудын хамт буцаасан байна.
Нэхэмжлэгч Р.Б, Ш.О нар нь газар өмчлөх эрхийг бүртгүүлэх мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн татгалзал нь хууль бус болохыг тогтоолгох, Г.Ш газар өмчлөлийн эрхийн бүртгэлийг сэргээж, З.Х газар өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгож, бүртгэлээс хасалт хийлгэх, Р.Б, Ш.О нарын газар өмчлөх эрхийн бүртгэлийг шинээр хийлгэх, Г.Ш, Р.Б, Ш.О нарын хамтран дундаа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн бүртгэлийг хийж өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг тус тус даалгах шаардлага[3] гаргажээ.
Хэрэгт авагдсан эрх зүйн баримт бичгүүдээр дараах үйл баримтууд тогтоогдож байна.
- Г.Ш гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байсан Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 158 тоот, газрын кадастрын мэдээллийн сангийн нэгж талбарын 1864131179**** дугаартай, 248 м.кв газрыг өөрийн төрсөн эгч Г.Чын охин З.Х хамт өмчлөх хүсэлтээ гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 523 дугаар захирамжаар тэдгээрт гэр бүлийн хэрэгцээнд хамтран өмчлүүлэхээр шийдвэрлэж[4], уг шийдвэрийг үндэслэн уг газрыг Г.Ш, З.Х нарын өмчлөлд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-220500**** дугаарт 2008 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэж[5], өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00002**** дугаартай гэрчилгээ олгожээ.
- Г.Штай 1987 гэрлэсэн Р.Б нь охин Ш.О[6]-ийн хамт гэр бүлийн хэрэгцээний газрыг нэг удаа үнэгүй хамтран өмчлөх эрх зөрчигдсөн хэмээн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 523 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар шийдвэрээр[7] Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн Г.Ш, З.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
- Шүүхийн энэ шийдвэрийг биелүүлж Нийслэлийн Засаг дарга 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 846 дугаар захирамжаар[8] 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн Г.Ш, З.Х нарт газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгожээ.
- Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар шийдвэртэй захиргааны хэргийн гуравдагч этгээдээр татагдсан З.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлтээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 350 дугаар тогтоолоор[9] гуравдагч этгээдийг татсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, эрхийг нь хангаагүй үндэслэлээр тус шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар шийдвэр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас ийнхүү хянагдаж 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 350 дугаар тогтоолоор хүчингүй болсон бөгөөд түүнийг үндэслэж гарсан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 846 дугаар захирамж биелэгдээгүй, эрх зүйн үр дагавар үүсгээгүй буюу өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-220500**** дугаартай бүртгэлд өөрчлөлт ороогүй, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 158 тоот, 248 м.кв газрын өмчлөгчөөр Г.Ш, З.Х нар одоог хүртэл бүртгэлтэй хэвээр[10], биелэгдсэн шийдвэрийг цуцлах асуудал гараагүйг дурдах нь зүйтэй.
- Р.Б, Ш.О нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2007 оны 523 дугаар захирамжтай маргасан захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 798 дугаартай шийдвэрээр[11] Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн З.Хд холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн З.Хд холбогдох хэсэг хүчингүй болох-ыг заасан.
Шүүхийн энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт ... З.Х нь тухайн хаягт бүртгэлгүй байсан, ... газар өмчлүүлэх шийдвэр 2007 онд гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх иргэн, гэр бүлийн гишүүн дундаа хамтран өмчлөх хэлбэрээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх заалтаар Г.Ш гэр бүлийн гишүүн Р.Б, Ш.О нарт тухайн газрыг өмчлөх эрх байсан, ... үнэн зөв гаргаагүй баримтыг нягтлан шалгалгүйгээр шийдвэр гаргасан нь алдаатай, зохицуулалт бүхий хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн, ... З.Хд холбогдох хэсгийг түдгэлзүүлэх хугацаанд Р.Б, Ш.О нарын зөрчигдсөн эрхийг сэргээсэн шийдвэр гаргах үүрэгтэй хэмээн дүгнэсэн байдаг.
Р.Б, Ш.О нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох энэ хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд гуравдагч этгээд З.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, Г.Т нар оролцсон[12] бөгөөд шийдвэрийг Ч.С нь 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр гардан авсан[13], энэ шийдвэрт гуравдагч этгээд З.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гомдол гаргаагүй, хэргийн оролцогчдод шийдвэрийг гардуулсан хугацаанаас тооцоход 2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн энэ шийдвэрээр нийслэлийн Засаг даргын 2007 оны 523 дугаар захирамжийн З.Хд газар хамтран өмчлүүлсэн хэсэг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаагаар түдгэлзэж, энэ хугацаа дууссанаар хүчингүй болсон, тодруулбал 2019 оны 8 дугаар сарын 05-нд нийслэлийн Засаг даргын 2007 оны 523 дугаар захирамжийн маргаанд хамаарах газрыг З.Хд хамтран өмчлүүлсэн хэсэг хүчингүй болжээ.
- Улмаар шүүхийн энэ 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 798 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт З.Хд холбогдох хэсгийг түдгэлзүүлэх хугацаанд Р.Б, Ш.О нарын зөрчигдсөн эрхийг сэргээсэн шийдвэр гаргах үүрэгтэй гэж дүгнэсний дагуу Нийслэлийн Засаг дарга 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр А/884 дүгээр захирамжаар[14] Г.Ш өмчилсөн газрын бүртгэлд өөрчлөлт оруулж Р.Б, Ш.О нарт хамтран өмчлүүлж шийдвэрлэсэн, энэ шийдвэртэй тухайн үед маргаагүй байна.
Сүүлд 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр З.Х төлөөлж иргэн Б.Тэмүлэнгэнгис Нийслэлийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/884 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан байх хэдий ч гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх боломж олгож шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулсан /2020 оны 5 дугаар сарын 25, 9 дүгээр сарын 24/ ч энэ талаарх баримтыг ирүүлээгүй, энэ талаар дахин хүсэлт гаргаагүй, мөн энэ шийдвэртэй холбогдуулж шүүхэд маргаагүй болно.
Дээрх үйл баримтуудыг дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг агуулгын хувьд бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэснээр газар өмчлөх эрх үүсэх бөгөөд газар өмчлөх эрхтэй холбогдсон хөдөлгөөний бүртгэлийг буюу газар өмчлөх эрхийн бүртгэл, бүртгэлд орсон өөрчлөлтийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмаар хөтөлнө.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн хоёрдугаар бүлэгт үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой бүхий л зохицуулалтыг, тухайлбал үл хөдлөх эд хөрөнгө анх удаа бүртгүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, бусад эрхийн шилжилтийг бүртгэх, бусад эрхийн бүртгэл, эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэлийг тусгажээ.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т эрх бүхий этгээдийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол шийдвэрийн нэр, огноо, дугаарыг мэдүүлэгт тусгахаар, 11.3-т шүүхийн шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүхийн шийдвэрийг хавсаргахаар, 29 дүгээр зүйлийн 29.1-д улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл, журмыг заажээ.
Нэхэмжлэгч Р.Б, Ш.О нар 2019 оны 8 дугаар сарын 30, 9 дүгээр сарын 05-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-220500**** дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 1** тоот 248 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг Г.Штай хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахдаа шүүхийн шийдвэр, Нийслэлийн Засаг даргын захирамж-аар өмчлөгч өөрчлөгдөж Г.Ш, Р.Б, Ш.О нарын өмчлөлд бүртгэгдэхийг тусгаад, 30 хуудас баримт хавсаргасан байх бөгөөд хариуцагч нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг бүхий сүүлийн хуудсыг шаардаж, эдгээр баримтыг дутуу үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна.
Бүртгэхээс татгалзсан мэдэгдэл болон хариуцагчийн тайлбараар эрх бүхий этгээдийн шийдвэр, шүүхийн шийдвэрийг мэдүүлэгт хавсаргаагүй гэж маргаагүй, нэхэмжлэгч нар мэдүүлэгтээ Г.Ш өмчилсөн газрын бүртгэлд өөрчлөлт оруулж Р.Б, Ш.О нарт хамтран өмчлүүлэх-ээр шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/884 дүгээр захирамжийг, мөн З.Хд газар өмчлүүлсэн шийдвэрийг түдгэлзүүлсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 798 дугаартай шийдвэрийг бүрэн хавсаргасан хэмээн маргажээ.
Нэхэмжлэгч нарын 2019 оны 8 дугаар сарын 30, 9 дүгээр сарын 5-ны өдөр мэдүүлэгтээ хавсаргаж улсын бүртгэлийн байгууллагад өгсөн гэх 69 дугаартай нотариатчийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хуулбар үнэнийг гэрчилсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 798 дугаартай шийдвэр[15] нь 6 хуудаст 12 тал /2 талд/ хэвлэгдсэн байх бөгөөд шийдвэрийн тогтоох хэсэг 11 дэх тал болон түүний ард хэвлэгдсэн 12 дахь талд бичигдэж, гарын үсэг, тамгаар баталгаажжээ. Эндээс үзвэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг бүхий хуудас дутуу гэсэн бүртгэхээс татгалзсан үндэслэл няцаагдаж байна.
Р.Б, Ш.О нараас улсын бүртгэлийн байгууллагад гаргасан мэдүүлэгт Г.Ш, З.Х нарт 1 хувь олгогдсон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00002**** дугаартай гэрчилгээ эх хувиар хавсаргаагүй нь маргаангүй ч нэхэмжлэгч нар гэрчилгээг эх хувиар нь хавсаргаагүй гэх бүртгэхээс татгалзсан үндэслэлийг Г.Ш нас барсан, газар өмчлүүлсэн шийдвэр нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон З.Хд байгаа гэрчилгээний эх хувийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр хамтран өмчлөх эрх авсан этгээдээс шаардаж байгаа нь үндэслэлгүй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасан гэрчилгээг дахин авах үндэслэл үүсээгүй хэмээн маргажээ.
Г.Ш нь 2015 онд нас барсан, З.Х нь Монгол Улсад оршин суудаггүй үйл баримттай талууд маргахгүй.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг нь улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох зохицуулалт бөгөөд энэ хэсэгт заасан үндэслэл үүсээгүй, мэдүүлэг гаргагч нь гэрчилгээг дахин олгуулах хүсэлт гаргаагүй байна. Тодруулбал гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн, ашиглах боломжгүй болсон гэх 5.5.1, 5.5.3-т заасан үндэслэл үүсээгүйн дээр З.Хд газар өмчлүүлсэн шийдвэр шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон ч энэ шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдээгүйгээс гэрчилгээг хураан авах боломжгүй болсон гэх 5.5.5-д заасан үндэслэл мөн үүсээгүй, 5.6, 5.7-д зааснаар хэн нэгэн гэрчилгээг дахин авах хүсэлт гаргаагүй болно.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд болох нийслэлийн Засаг даргын шийдвэрээр мэдүүлэгт хамаарах газрыг хамтран өмчлөх эрх олж авсан этгээд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрээр өмчлөх эрх шилжиж байгааг бүртгүүлэхээр мэдүүлгээ гаргаж, мэдүүлэгт 11.1.4-т заасан эрх бүхий этгээдийн шийдвэрийг болон уг шийдвэрийн үндэслэл болсон шүүхийн З.Хд хамтран өмчлүүлсэн шийдвэр хүчингүй болсон шийдвэрийг хавсаргасан байхад энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох зохицуулалт барьж гэрчилгээг эх хувиар нь шаардаж, бүртгэхээс татгалзсан нь эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах 29 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байна.
Нэхэмжлэгч нар 2019 оны 8 дугаар сарын 30, 9 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан мэдүүлэгтээ эрхийн улсын бүртгэлийн Г-220500**** дугаарт бүртгэгдсэн газрын хамтран өмчлөгчөөр эрх бүхий этгээдийн шийдвэрээр бүртгүүлэхээр хандаж буйгаа тодорхой илэрхийлсэн байхад хариуцагч тухайн газрын өмчлөх эрхийг шинээр бүртгүүлэхтэй адилтгаж өмнө нь бүртгэгдсэн бүртгэл хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэхийг хориглох заалт барьж гэрчилгээг эх хувиар шаардах татгалзлын үндэслэл болгосон нь мөн буруу болжээ. Учир нь улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэлд гэрчилгээг эх хувиар хавсаргах үндэслэл болгож баримталсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8 дахь улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно гэсэн заалт энэ маргаанд хамааралгүй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр Р.Б, Ш.О нарын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, 9 дүгээр сарын 05-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-220500**** дугаарт бүртгэгдсэн газрын хамтран өмчлөгчөөр эрх бүхий этгээдийн шийдвэр, шүүхийн шийдвэрээр бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгээр бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын шийдвэр хууль бус, нэхэмжлэгч нарын өмчлөх эрхээ бүртгүүлэх эрхийг зөрчсөн байх тул бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, мэдүүлгийн дагуу Г.Штай хамтран өмчлөгчөөр Р.Б, Ш.О нарыг бүртгэхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 1** тоот 248 м.кв газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-220500**** дугаартай бүртгэлээс хамтран өмчлөгчөөр З.Х бүртгэгдсэнийг хасах бүртгэл мэдүүлэгт хавсаргаж өгсөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 798 дугаар шийдвэрийг үндэслэж хийгдэхээр байх тул З.Х хамтран өмчлөгчөөс хасаж бүртгэхийг даалгах шаардлага мөн үндэслэлтэй байна. Учир нь шүүхийн энэ шийдвэрээр нийслэлийн Засаг даргын 2007 оны 523 дугаар захирамжийн газрыг З.Хд хамтран өмчлүүлсэн хэсэг 6 сарын хугацаагаар түдгэлзэж, энэ хугацаа 2019 оны 8 дугаар сарын 05-нд дууссанаар 2007 оны 523 дугаар захирамжийн газрыг З.Хд хамтран өмчлүүлсэн хэсэг хүчингүй болсон байдаг.
Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 1** тоот 248 м.кв газрын өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Г-220500**** дугаартай бүртгэлд Г.Ш бүртгэлтэй хэвээр байх тул нэхэмжлэлийн шаардлагаас Г.Ш газар өмчлөлийн эрхийн бүртгэлийг сэргээх шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Улсын бүртгэлийн байгууллагаас нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 002815021 дугаартай Г.Ш өмчлөх эрх шүүхийн 2010 оны 143 дугаартай шийдвэрээр цуцлагдсан гэх лавлагаагаар нэхэмжлэлийн энэ шаардлага тодорхойлогдсон ч бүртгэл хүчинтэй хэвээр, уг лавлагаа нь бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үр дагаврыг илэрхийлсэн хэмээн хариуцагч тайлбарласныг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.3, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Р.Б, Ш.О нарын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, 9 дүгээр сарын 05-ны өдрийн мэдүүлгээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-220500**** дугаартай бүртгэлд шүүхийн шийдвэр, эрх бүхий этгээдийн шийдвэрээр өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэхээс татгалзсан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 9 дүгээр сарын 04, 9 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэр /мэдэгдэл/-ийг хууль бус болохыг тогтоож, шүүхийн шийдвэр, эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-220500**** дугаартай бүртгэлд З.Х хамтран өмчлөгчөөс хасаж, Р.Б, Ш.О нарыг хамтран өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Г.Ш газар өмчлөлийн эрхийн бүртгэлийг сэргээх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, эрх залгамжлагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 20, 22 дугаар хуудас
[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 21, 14 дүгээр хуудас
[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 1-12, 2 дугаар хавтсын 10, 125-126 дугаар хуудас
[4] Хэргийн 2 дугаар хавтсын 58-66 дугаар хуудас
[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 76-82, 95 дугаар хуудас
[6] Хэргийн 2 дугаар хавтсын 78 дугаар хуудас
[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 84-85 дүгээр хуудас
[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 89-90 дүгээр хуудас
[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 29-36 дугаар хуудас
[10] Хэргийн 2 дугаар хавтсын 128, 134, 136 дугаар хуудас
[11] Хэргийн 1 дүгээр хавтсын 36-42 дугаар хуудас
[12] Хэргийн 2 дугаар хавтсын 79-89 дүгээр хуудас
[13] Хэргийн 2 дугаар хавтсын 90-91 дүгээр хуудас
[14] Хэргийн 1 дүгээр хавтсын 43 дугаар хуудас
[15] Хэргийн 1 дүгээр хавтсын 37-42 дугаар хуудас