| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2023/00500/З |
| Дугаар | 221/МА2024/0145 |
| Огноо | 2024-02-29 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2024/0145
Ё.Оийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 944 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Ё.О
Хариуцагч БЗДЗД
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.
Хэргийн индекс: 128/2023/0500/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 944 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.Оийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн БЗДЗДд холбогдуулан гаргасан” БЗДЗД-ын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ха дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч Ё.О нь БЗДЗД-ын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А\546 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Төмөр замын 10-14 тоот хаягт байрлах 410 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг хуулийн дагуу эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан эзэмших эрх үүссэн байсан юм. Ё.О нь газар эзэмшиж байх хугацаандаа газрын төлбөрөө төлж мөн газар эзэмших хугацаа дууссан даруйд газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулж байсан юм. Ё.О нь эзэмшиж буй газраа хашаа барьж амьдрах гэсэн боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан хугацаанд тухайн газар нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар дахин төлөвлөлтөд орж, “Ж” ХХК нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлт хийж хотхон барихаар шалгарч улмаар тухайн байршилд газар эзэмшиж байсан иргэдтэй “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулсан юм. Ё.О нь ч мөн тус гэрээг байгуулж гарын үсэг зурсан байсан боловч захиргааны хэрэг үүсгэсэн хугацаанд “Ж” ХХК-аас тухайн гэрээг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч тухайн гэрээ байхгүй гэсэн албан бичиг ирүүлсэн байсан юм. БЗДЗД-ын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А\1009 тоот захирамжаар иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 41 дүгээр зүйлийн 41.6 дахь заалтуудыг үндэслэн хүчингүй болгосон. Газар эзэмшигч нь газрын тухай хуульд зааснаар газар дээрээ хашаа барьж амьдрах хүсэлтэй байсан боловч газар нь дахин төлөвлөлтөд орж газар нь байраар золигдох болсон гэж үзэх хүлээлт үүссэн байсан. Энэ хүлээлт нь Нийслэлийн Засаг даргын дахин төлөвлөлтөөс үүссэн. Иймд газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж үзэх боломжгүй юм. Энэ хугацаанд байр ашиглалтад орно гэсэн итгэлийг үүсгэсэн байсан тул газар дээрээ хашаа байшин бариагүй болно. Иймд нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйлдлээс хамааран газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж үзэх боломжгүй тул захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07 өдрийн 128\ШШ2023\0944 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Ё.Оийн хүчингүй болгуулахыг хүссэн “БЗДЗД-ын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дүгээр захирамжаар (Хавсралтын 28) Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д зааснаар газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж, нэхэмжлэгчид анх 2014 оны А/546 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээнд 410 м.кв эзэмших эрх олгосон, 2020 оны А/325 дугаар захирамжаар хугацааг нь сунгасан газар эзэмших эрхийг хүчингүй болгон” шийдвэрлэжээ.
2. Анхан шатны шүүх “... Нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт амьдраагүй, оршин суугаагүй үндэслэлээ Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/602 дугаар захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Ж” ХХК-ийг батламжилсан, тус хуулийн этгээд нь Шинэ амьдрал төсөл хэрэгжүүлэхээр болсон тул газрыг арчлах, нэмж бүтээн байгуулалт хийх шаардлагагүй гэж хэлсэн гэж тайлбарлаж буй хэдий ч нэхэмжлэгч нь тухайн төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулаагүй болох нь “Ж” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 23/09 тоот албан бичгээр нотлогдож байна. ... мөн нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах үүргээ биелүүлээгүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгч нь газраа 2 жил дараалан ашигласан гэж маргаагүй бөгөөд харин “... Миний эзэмшиж байгаа газар нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар дахин төлөвлөлтөнд “Ж” ХХК нь орон сууцны хотхон барихаар болсон гэж надад хотхоны зураг үзүүлж энэ газар дээр хотхон баригдана тийм учраас хашаа болон үл хөдлөх хөрөнгө барьж илүү зардал гаргах хэрэггүй харин өөрийн эзэмшлийн газраа байраар сольж орон сууц захиалгын гэрээ байгуулчих гэсэн тул Нийслэлийн Заса даргын Тамгын газар очиж орон сууц захиалгын гэрээ байгуулсан. ... Надаас шалтгаалаагүй байдлаас газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ...” гэж маргажээ.
3.1. Үүнтэй холбоотой хэрэгт Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр ГХДТ-2014/2 багцын 26.3 га Б талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Ж групп” ХХК-ийг шалгарсныг батламжилсан Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/602 дугаар захирамж, тус талбайн барилгажилтын төсөл (1-р хавтас, 126 дугаар хуудас) зэрэг баримтууд авагдсан боловч тухайн дахин төлөвлөлтөд нэхэмжлэгчийн газар багтаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.
3.2. Мөн төсөл хэрэгжүүлэгч гэх “Ж групп” ХХК-аас ирүүлсэн “... 200 гаруй хоёр талт гэрээн дунд Ё.Оийн дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хийсэн 2 талт гэрээ манай компанийн төв архивт байхгүй...” гэх хариу (1-р хавтас, 141 дүгээр хуудас) хэрэгт авагдсан, мөн нэхэмжлэгч нь 2 талт гэрээгээ шүүхэд гаргаж өгөөгүй нь тухайн газар нь дахин төлөвлөлтөд орсонтой холбоотой “... газраа эзэмших, ашиглах боломжгүй байсан” гэх нэхэмжлэлийн үндэслэлийг бүрэн үгүйсгэх нөхцөл байдал гэж үзэхээргүй байна.
3.3. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан тухайн газар нь дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх талбайд хамаарч байгаа эсэх, тухайн төслийн үйл ажиллагаа нь ямар үе шатандаа явж байгаа, хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа энэ талаар ажиллагаа явуулсан эсэхийг анхан шатны шүүх тогтоосны үндсэн дээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай.
4. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ху-гийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбарт[1] “... Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон “Улаанбаатар төмөр замын” ХНН-с Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газарт шинээр газарт олголт хийхгүй байх газар олгосон шийдвэрийг Газрын тухай хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох тухай албан бичиг ирүүлсний дагуу манай албанаас судлан үзэхэд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5. 40.1.6-д заасны дагуу хүчингүй болох үндэслэл бүрдсэн байсан тул БЗДЗД-ын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжаар хүчингүй болсон” гэж дурдсан байхад уг тайлбарын үндэслэлийн талаар тодруулахгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь дээрх тайлбараас үзвэл тухайн газарт зам төлөвлөсөн, төмөр замын хамгаалалтын зурвас газар байсан гэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасан газар эзэмшигчийн буруутай үйлдлээс шалтгаалж газар эзэмших эрхийг хүчингүй болгосонтой хэрхэн хамаарч байгааг тодруулах, энэ нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байна.
5. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар, маргаан бүхий актын үндэслэл, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзсэн эрх, ашиг сонирхлыг нь тодруулж, холбогдох тайлбар, баримтыг цуглуулан дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 944 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хагийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
[1] Хэргийн 45-р хуудас