Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1611

 

МАГАДЛАЛ

 

2017.7.19                                                   Дугаар 1611                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

М.Ариунболорын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01134 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Ариунболорын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 хороолол, 22 дугаар байр 26 тоотод байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 165/02 дугаартай эд хөрөнгө хураасан тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Батбилэг,

Өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 4856 дугаартай шийдвэрээр П.Сарантуяагаас 15 910 455 төгрөг гаргуулж, Т.Нармандахад олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Б.Наранчимэг, хошууч Д.Анхтуяа нар гүйцэтгэсэн байна. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 22 дугаар байр 25 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг надад мэдэгдэлгүй, 2015 оны 10 дугаар сарын 07-нд битүүмжилсэн байна. Битүүмжлэхдээ төлбөр төлөгч П.Сарантуяагийн төлөх төлбөрийн үнийн дүнгийн хэмжээгээр биш, бүхэлд нь битүүмжилж эд хөрөнгийг хураах тогтоолыг 2015 оны 11 дүгээр сарын 02-нд гаргаж, мэдэгдэж танилцуулалгүй хураасан байна.

Ийнхүү бидний өмч хөрөнгийг төлбөр авагч Т.Нармандахад шилжүүлэх гэж байгааг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 3/29823 дугаартай мэдэгдлээр тэр өдөр мэдээд Т.Энхбатад 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр бичгээр гомдол гаргасан боловч, хуульд заасан хугацаанд хариу өгсөнгүй. Т.Нармандахад байрыг санал болгох хуралд дуудагдсан үед П.Сарантуяа манай гэрт ирж таараад мэдсэн. П Сарантуяа бусдад     өртэй нь үнэн боловч тэдний хамтран өмчилдөг эд хөрөнгө буюу орон сууц битүүмжлэн хураагдаж өрөнд очихоор болсон байсан. Энэ талаар М.Ариунболор огт мэдээгүй, тэрээр хөгжлийн бэрхшээлтэй, хэлгүй, дүлий хүн байдаг. Гэр бүлийн хурал болоод Т.Нармандахад 4 500 000 төгрөгийг өгөөд орон сууцаа үлдээж авъя, олон хүн гудамжинд гарах гээд байна гэж санал тавьхад хүлээж аваагүй. Иймд ажиллагааг мэдэгдээгүй явуулсан байх тул Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол, 22 дугаар байр, 26 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 165/02 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 4856 дугаар шийдвэрээр Л.Сарантуяагаас 15 910 455 төгрөг гаргуулж, Т.Нармандахад олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч П.Сарантуяагийн хамтран өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 22 дугаар байрны 26 тоот 2 өрөө opoн сууцыг 2015 онь 10 дугаар capын 07-ны өдрийн 165/07 дугаар тогтоолоор битүүмжлэн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 165/02 дугаартай тогтоолоор хурааж 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 3/3026 тоот албан бичгээр М.Ариунболорт, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 3/3027 тоот албан бичгээр М.Оюунболорт, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 3/3028 тоот албан бичгээр А.Мөнхзулд, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 3/3029 тоот албан бичгээр төлбөр төлөгч П.Сарантуяад, 2016 онь 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3/3076 дугаартай албан бичгээр М.Ариунболорт тус тус үнийн саналаа ирүүлэх, ирүүлээгүй тохиолдолд хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгох болохыг мэдэгдсэний дагуу хамтран өмчлөгч М.Ариунболор нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шинжээч томилуулах тухай хүсэлтийг тус албанд ирүүлсэнийг хүлээн авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зах зээлийн үнийг тоггоолгохоор хөндлөнгийн шинжээч томилсон. Хөндлөнгийн шинжээчээр "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийг томилсон бөгөөд 36 450 000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 3/18693 тоот албан бичгээр төлбөр төлөгч П.Сарантуяа, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 3/18694-18696 тоот албан бичгүүдээр хамтран өмчлөгч нарт мэдэгдсэн. Битүүмжлэн хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хуулийн дагуу явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх, ажиллагааг явуулсан. Иймд М.Ариунболорын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 4856 дугаар шийдвэрээр П.Сарантуяагаас 15 910 455 төгрөгийг гаргуулж, надад олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийн дагуу ажиллагаа явагдсан. Гэвч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа удааширч, миний эрх ашиг зөрчигдөж байгаад гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг М.Ариунболор огт мэдээгүй, түүнд танилцуулаагүй гэж худлаа ярьж байна. П.Сарантуяагаас мөнгөө нэхэж, тэдэнтэй уулзаж байхад М.Ариунболор бүх ажиллагааг мэдэж байсан төдийгүй үнийн санал хүртэл өгсөн. П.Сарантуяа нарын өмчлөлийн орон сууцыг шинжээч 80 000 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд П.Сарантуяаг 4/1 хувиар тооцож,     9 000 000 төгрөг өгчих үлдэх хэсгийг би авахгүй, ажиллагааг дуусгая гэж санал тавихад хүлээж аваагүй, мөнгийг төлье гэсэн сэтгэл гаргахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын    08-ны өдрийн 4856 тоот шийдвэрийн дагуу явагдсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 165/02 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоолыг хүчингүй болгож Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 22 дугаар байр, 26 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай М.Ариунболорын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн үзсэнээр 4 иргэний хамтран өмчлөх өмч, эд хөрөнгийг шүүхийн шийдвэргүйгээр битүүмжлэх, хураахдаа 1 иргэнийг байлцуулаад, түүнд бусад 3 иргэдэд мэдэгд гэж хэлээд /тэмдэглэлдээ хуурамчаар нэмж бичээд/ болох юм байна. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч П.Сарантуяад хэлгүй, дүлий иргэн М.Ариунболорт хэлмэрчлэхийг мэдэгдсэн байна. Харин хуульд юу гэж заасан бэ гэхээр "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд зааснаар хязгаарлана" гэжээ. Шийдвэр гүйцэтгэгч Б.Наранчимэгт төлбөр төлөгч бус, нэр бүхий 3 иргэний өмчлөх эрхэнд халдах эрхийг ямар хуулиар олгосон юм бэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.7-д " .... төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эд хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна" гэж заасан байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн № 14/137 дугаартай албан даалгаварт "төлбөр төлөгч бус иргэн, түүний эд хөрөнгийн эрхийг хөндөхгүй байхыг нийт шийдвэр гүйцэтгэгч нарт анхааруулсугай" гэжээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №14/173 дугаартай албан даалгаварт "...төлбөрийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэн, эрхийг хязгаарлах," гэсэн байна. Төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдуулан, өөрөөр хэлбэл, бидний, миний эрх зөрчигдсөн тул тухайн эд хөрөнгийг битүүмжлэлээс чөллөөлүүлэх, хураасан тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.

Иргэн М.Ариунболор нь хөгжлийн бэрхшээлтэй /хэлгүй, дүлий/ бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар "Монгол дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн бөгөөд сонсголгүй хүн дохионы хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхтэй" гэсэн эрхээ эдлэж чадалгүй, эсрэгээрээ өмч хөрөнгөө өөрөө ч мэдэхгүй бусдад алдаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, үндсэн эрх, эрх чөлөөг эдлэх эрхтэй", мөн хуулийн 6.3-т зааснаар хөгжлийн бэрхшээлтэй хүн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох эрхээ эдлэхэд иргэн хуулийн этгээдийн дараахь үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ. 6.3.2 "Хөгжлийн бэрхшээлтэй хүн мэдээлэл авах, бусадтай харилцахад шаардлагатай орчин нөхцөлийг бүрдүүлээгүй" байхыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3, 29.4 дэх заалтууудад хэлгүй, дүлий хөгжлийн бэрхшээлтэй иргэн орчуулагч, хэмлмэрч авах, эсхүл шийдвзр гүйцэтгэгч томилох тухай заасан байна. Энд 29.2-д Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч /П.Сарантуяа/ орчуулагч, хэлмэрчийн үүрэг гүйцэтгэхийг хориглосон байна. Ийнхүү шийдвэр гүйцэтгэч Б.Наранчимэгийн үйл ажиллагаа хүний эрх болон хууль зөрчсөн байна. Нөгөө талаас шийдвэр гүйцэтгэгч Б.Наранчимэг нь, өөрийн үйлдсэн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн битүүмжлэх үйл ажиллагааны тэмдэглэлийн 2 дахь нүүр тал дахь "...тэмдэглэн авав" болон "Тэмдэглэл үйлдсэн..." гэдэг мөрнүүдийн хоорондох зайд "битүүмжилсэн тогтоолыг хамтран өмчлөгч А.Мөнхгэрэл, М.Ариунболор, М.Оюунболд нарт танилцуулахыг мэдэгдэв" гэж шинээр өгүүлбэр оруулан өөр бүдэг гардаг үзгэн балаар нэмж, засварлан бичсэн. Өөрийн үйлдсэн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хураах үйл ажиллагааны тэмдэглэлийн 2 дахь нүүр тал дээр "...тэмдэглэв" болон "Тэмдэглэл үйлдсэн..." гэдэг мөрнүүдийн хоорондох зайд "хураах тогтоолыг бусад хамтран өмчлөгч нарт танилцуулахыг төлбөр төлөгч П.Сарантуяад мэдэгдэв" гэж шинээр өгүүлбэр оруулан өөр бүдэг гардаг үзгэн балаар нэмж, засварлан бичсэн.

Өөрөөр хэлбэл, хоорондоо сарын зайтай бичигдсэн 2 өөр тэмдэглэл дээр 1 ижил өнгийн үзгэн балаар тус тусад нь өгүүлбэр нэмж бичин 2 тэмдэглэлийг 1 өдөр засварласан байна. Ийм учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 17-д заасан эргэлзээтэй нотлох баримтыг шинжээч томилон бичиг баримтын кримналистикийн шинжилгээ хийлгэн дахин хянан үзэх шаардлагатай тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Ариунболор нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 хороолол, 22 дугаар байр 26 тоотод байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 165/02 дугаартай эд хөрөнгө хураасан тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 4856 дугаар шийдвэрээр П.Сарантуяагаас 15 910 455 төгрөгийг гаргуулж Т.Нармандахад олгохоор шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагджээ.

Нэхэмжлэгч М.Ариунболор нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 22 дугаар байрны 26 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг П.Сарантуяа, А.Мөнхзул, М.Оюунболор нарын хамт өмчилдөг болох нь улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн байна.

Хариуцагч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр битүүмжлэх, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хураахдаа зөвхөн төлбөр төлөгч П.Сарантуяаг байлцуулсан, бусад өмчлөгч нарт мэдэгдээгүй, бусад өмчлөгч нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар танилцуулахыг түүнд мэдэгдсэн нь өмчлөгч нарын эрхийг хязгаарласан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.

Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал тооцох талаар заасан ажиллагаа хийгдсэн эсэхийг хэргийн 38 дугаар хуудсанд байгаа баримтаар дүгнэх боломжгүй бөгөөд төлбөр төлөгч П.Сарантуяагийн цалин хөлс, орлого тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01134 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 4856 тоот шийдвэрийн дагуу явагдсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 165/02 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоолыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 22 дугаар байр, 26 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай М.Ариунболорын нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.БАТЗОРИГ

                                   

                       ШҮҮГЧИД                                              Д.ЦОГТСАЙХАН                                             

 

                                                                                     М.НАРАНЦЭЦЭГ