Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 146/ШШ2018/00121

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, ...... гэх газар оршин суух Д овогтой Ц.Д-ын / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, ................багт оршин суух Х овогтой Б.Б-д холбогдох

            Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Д, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б-тэй 2000 онд хамтран амьдарч байгаад 2013 онд салсан юм. Тэр үед бид хоёрын дундаас хүү Б.С 2004 онд төрсөн. Б.Б нь салснаас хойш хүүхдээ тэжээн тэтгэхгүй байгаа болно. Иймд Б.Бийг Б.С-ын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бид хоёр 2013 оноос хойш тусдаа амьдарсан. Учир нь Б.Б 3 жил шоронд суугаад 2017 онд шоронгоос гарч ирсэн. Шоронгоос гарч ирснээс хойш хүүхэдтэйгээ уулзахаар ирдэггүй, хүүхдээ хайхардаггүй. Ийм учраас Б.Б-ийг эцэг хүний хувьд хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байх гэж бодоод шүүхэд  нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б миний бие Ц.Д-ын нэхэмжилсэн хүү С-д хүүхдийн тэтгэлэг төлүүлэхийг зөвшөөрч байна. Б.С нь миний хүүхэд мөн. Бид хоёр 2010 онд танилцаад 2014 он хүртэл хамтран амьдарсан. 2014 онд хэрэгт ороод шоронд яваад 2017 онд гарсан. Шоронгоос гараад намар нэг удаа хүүхэд дээрээ очсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

            Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч Б.Б-өд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүү Б.С-ыг өөрийн хүү болохыг хүлээн зөвшөөрч хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн тайлбар өгч маргаагүй байна.

Зохигчид 2000 оноос хамтын амьдарлаар амьдарч байсан бөгөөд тэдгээрийн дундаас 2004 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүү Б.С төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хүүхдийн №0010510/057 тоот төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон байдал нь эцэг, эхийг үр хүүхдээ өгсөж хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч Б.Б-өөс хүү Б.С-од хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхол харшлахааргүй бол тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хуульд заасан эцэг, эхийн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон байх тул Б.Б нь эцгийн хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь эх Ц.Д хориг саад болох эрхгүйг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх нэхэмжлэлийн  шаардлагыг  хангаж  шийдвэрлэсэн  тул  нэхэмжлэгч Ц.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-өөс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Д-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тогтоож нэг жилийн хугацаанд тэжээн тэтгэх тэтгэлэг болох 2 191 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30 844 төгрөгийг хариуцагч Б.Б-өөс гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2004 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.С-ын төрсөн эцэг нь Б.Б мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.С-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл, хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Б.Б-өөр тэжээн тэтгүүлсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Д-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б.Б-өөс хүү Б.С-ын нэг жилийн хугацаанд тэжээн тэтгэх тэтгэлэг болох 2 191 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30 844 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц.Д-д даалгасугай

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                 Б.САРАНТУЯА