| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2022/0957/Э/220/2022/0741 |
| Дугаар | 2022/ШЦТ/972 |
| Огноо | 2022-07-27 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/972
2022 7 27 2022/ШЦТ/972
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Г.Лхагвасүрэн /томилолтоор/,
хохирогч А.Н-,
иргэдийн төлөөлөгч Б.Одончимэг,
шүүгдэгч С.Б-н, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д барилгын туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
... овогт С.Б (регистрийн дугаар:та8202....).
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч С.Б-н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 14 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух иргэн Б.А-н гэрт болон хашааны гадна тодорхой шалтаг, шалтгаангүйгээр А.Н-гийн толгойд заазуураар цохих, улмаар түүний цээж, гуянд хутгалж биед нь цээжний хөндийн нэвтэрсэн шарх, зүүн уушгины зүсэгдэж хатгагдсан шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт, толгой, зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 658 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан болон хохирол төлсөн, эмчилгээний түүхтэй холбоотой баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч С.Б-н болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй болно.
Иргэдийн төлөөлөгч: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж байна гэв.
1. Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч С.Б-н нь архидан согтуурсан үедээ хохирогч А.Н-г заазуураар толгойд нь цохих, хутгаар гуя, цээжин тус газруудад хутгалах байдлаар хүнд гэмтэл учруулсан болох нь:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-8 хуудас),
- Хохирогч А.Н-гийн “...Очиход С.Б- гэх залуу хэвтэж байсан бөгөөд бид нар 1 шил архи уугаад байж байхад С.Б- над руу “зайл” гэх юм ярьж над руу дайраад байхад Оогий намайг өмөөрөөд С.Б-ийг 2 удаа алгадсан санагдаж байна. Тэгээд Оогий явъя гэж хэлээд түрүүлээд гарсан ба би хойноос нь гараад гудамжаар алхаад явж байхад С.Б- миний араас ирээд зүүн талын уушги, хавирга хэсэгт 1 удаа, зүүн хөлийн гуя хэсэгт 1 удаа хутгалчхаад намайг чирээд буцаад Алтанхуягийн гэр лүү авч орох гээд хашаан дотор зогсоод намайг газар хэвтчихсэн байхад айлаас заазуур гаргаж ирээд толгойд 3 удаа заазуураар зүссэн. Тэгэхэд хажуу талын айлын эмэгтэй дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-17 хуудас),
- Гэрч Б.Мөнхдэлгэрийн “... С.Б- гэрээс заазуур аваад гараад явсан. Би араас гараад очсон чинь С.Б- Жанцан гэдэг хүнийг бариад авчихсан, толгой руу нь заазуураар цохисон толгойноос нь цус гарсан зууралдаад ахиж цохих гээд зогсож байсан. Тэгээд Г эгч бид хоёр тэр хоёрыг салгаад С.Б-, Жанцан хоёрыг дагуулаад Х ахын гэрт орж ирсэн. С.Б- орж ирээд Ж ахтай муудалцаад ахиж цохих гээд байхаар нь би заазуурыг булааж аваад хоолны шүүгээний хажуу талаар шидсэн чинь С.Б- гэрээс гараад явсан, гарч яваад нээх удаагүй хойд талд байх манай гэрээс ногоо арилгадаг жижиг хутга барьчихсан орж ирсэн тэгээд нөгөө хутгаа бариад Жанцан ах руу дайраад байсан. Тэр үед гэрт байсан хүүхэд шалдан гадаа гарчихсан явж байхаар гэр лүү оруулчхаад буцаад Х гэрт орж ирэхэд С.Б- Ж ахыг нуруу, гэдэс, гуя, толгой хэсэгт нь хутгалчихлаа гэж Г эгч надад хэлсэн. Тэгээд би гэрт нь орж С.Б-с хутгыг булааж аваад тэр хоёрыг эвлэрүүлж тайвшруулаад гэртээ орсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 хуудас),
- Гэрч А.Дэвшихдоржийн “... 2022 оны 4 сарын 01-ний өдөр гэртээ байж байхад 15 цаг 30 минутын орчим ах Н залгаж “Н ах хутгалуулчихсан гээд цэргийн төв эмнэлэгт ирчихсэн байна гэнэ, яаралтай хагалгаанд орох гэж байна гэж эмч ярьж байна” гэж хэлэхээр нь би ах дүү нарын хамт Цэргийн төв эмнэлэгт очиход хагалгаанд орчихсон байсан, тэгээд хагалгааг хүлээж байгаад хагалгааг нь дууссаны дараа эмчтэй нь уулзахад “За танай ах толгойндоо 2 удаа заазуурдуулсан, уушгиндаа 2 удаа хутгалуулсан, гуяндаа хутгалуулсан байдалтай ирсэн, анх ирэхдээ өөрийн ухаантай байсан ба өөрийгөө хүнд хутгалуулж, заазуурдуулсан талаар хэлсэн, эмчийн үзлэгийн явцад амаар орсон амьсгал нь уушгиар нэвт гарч дотор нь хий хуралдсан байсан учир яаралтай уушгины хагалгаанд орох шаардлагатай болсон, уушгины хагалгаанд ороход дотуур цус алдалт, шингэн их хурсан байсан бид нарын зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авсан, хагалгаанд ороод амь наснаас нь холуур болсон, биеийн байдал хүндрэх эсэх нь маргааш, нөгөөдөр ямар байхаас шалтгаална” гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 хуудас),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 5245 дугаартай “...А.Н-гийн биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, зүүн уушгины зүсэгдэж хатгагдсан шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт /220-250мл/, толгой, зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 хуудас),
- Шүүгдэгч С.Б-нийн “...Би А ахтай “...”-д барилгын ажил хийдэг тэдний гэрт 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс хойш архи уусан юм. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө манай ажлын Э-ийн танил Т, О, Ж гурав А ахын гэрт 5,000 т барьчихсан "архи уух гээд” орж ирсэн ба А ах бид хоёр 2 шил архи уугаад сууж байсан болохоор тэрнээс ууцгаагаад суусан. Т-тай хамт ирсэн эмэгтэй нь О-той хамт явах гээд байхаар нь би "болиулах" гээд хэдэн юм хэлээд маргалдсан. Тэгээд би хэсэг муудчихаад жоохон сэргээд А ахын гэрт орсон чинь Алтанхуяг ганцаараа, байсан хүмүүс бүгдээрээ явчихсан байхаар нь би гал тогооны шүүгээнээс нь заазуур аваад гудамжаар хойноос нь явсан. Ж ах явж байхаар нь Ж ахын толгой руу нь 2 удаа заазуураар зүссэн. ...Тэгэхэд М /М/ бид хоёрыг салгаад заазуур булааж аваад А ахын гэр лүү буцаад орсон. Тэгээд би А ахынд сууж байгаад согтуудаа М-ийн гэр рүү ороод тавиур дээр хутгыг нь аваад Ж-ийн суганых нь дор 2-3 удаа хутгалсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон.
2. Шүүгдэгч С.Б-н нь тодорхой шалтгаангүйгээр архидан согтуурсан үедээ хутга, заазуураар хохирогчийн толгой, цээж, гуя нь хэсэгт зүсэж, хутгалсан өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, түүнийг хүсэж үйлдсэн, түүний дээрх үйлдлийн улмаас А.Н-гийн эрүүл мэндэд “...цээжний хөндийн нэвтэрсэн шарх, зүүн уушигны зүсэгдэж хатгагдсан шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт /220-250мл/, толгой, зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий...” амь биед аюултай хүнд хохиролд зориуд хүргэсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон тул уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хууль тогтоогчийн тайлбараар “зэвсэг”-т хамаарна, мөн шүүгдэгч нь тодорхой шалтгаангүйгээр, олон хүний дэргэд хутга, заазуур хэрэглэн олон удаагийн үйлдлээр зүсэх, хутгалах байдлаар хүний амь насанд аюултай гэмтэл учруулсан, хохирогч уг гэмтлийн улмаас зовж шаналахаар байдлыг зориуд бий болгосон, хор уршиг бүрэн арилаагүй зэргээс дүгнэхэд уг гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж прокуророос хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүхээс иргэдийн төлөөлөгч, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Б-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, зэвсэг /хутга/ хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
3. Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:
Хохирогч А.Н-гийн баримтаар нэхэмжилсэн хохирлын 660,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн, хохирогчийн биеийн эрүүл мэндийн байдал бүрэн сэргээгүй тул хохирогч цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын асуудлаар иргэний нэхэмжлэл гараагүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан мөнгийг нэхэмжилсэн.
Хавтаст хэргийн 79 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн өвчний түүхийн баримтаар эрүүл мэндийн даатгалын сангаас 2,551,700 төгрөг зарцуулсан болох нь тогтоогдсон, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8.Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1. гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлэх гэж тус тус заасан. Уг сан нь төр, даатгал төлөгч иргэдийн мөнгөөр бүрдсэн сан тул төр, нийтийн эрх ашгийн үүднээс уг зардлыг гэм буруутай этгээдээс буцаан төлүүлэх, мөн прокурор уг нэхэмжлэлийг хэдийд ч гаргах эрхтэй тул шүүгдэгч С.Б-ноос дээрх зардлыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
4. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: С.Б-нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 10 жил хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.
Хохирогч А.Н-: Ял шийтгэл дээр саналгүй гэсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хохирогчид учирсан бодит зардлыг төлсөн, анх удаа ял шийтгүүлж байгаа хувийн байдал, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч С.Б-н нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан баримттай зардлыг төлсөн, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ үйлдсэн, шүүгдэгч уг гэмт хэргийг урьдаас төлөвлөж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй зэргийг харгалзан мөн өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг хохирогч гомдолгүй гэсэн боловч түүний эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй, цаашид эмчилгээ, сувилгаа шаардлагатай байгаа, мөн иргэний нэхэмжлэгчээс гарсан зардал төлөгдөөгүй тул хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Б-нт 06 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шийдвэрлэсэн.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг заазуурыг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэх нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ... овогт Сарангэрэлийн С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар С.Б-нт 06 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар С.Б-нт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар С.Б-ноос 2,551,700 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт (Төрийн сан 10090020080 дансанд) олгуулж, хохирогч А.Н- цаашид гарах эрүүл мэндийн зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг заазуурыг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Б-нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б-нт энэ тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР