Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/964

 

 

 

 

 

 

 

       2022         07         26                                        2022/ШЦТ/964

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Л.М-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.М-т холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 сарын 29-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .... суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Сэргээн босголт” ХХК-ийн хяналтын инженер ажилтай, ам бүл 1, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

... овогт Л.М (регистрийн дугаар:чй6002...).

 

Холбогдсон хэргийн утга:

Шүүгдэгч Л.М-нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ... тоотод “...Хардалтын улмаас маргалдаж...” гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч С.Г-н гар болон мөр хэсгүүдэд гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун мөр, бугалга, шуу, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 838 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Л.М-нь хамтран амьдрагч С.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас),

- Дуудлага мэдээллийн лавлагаа (хавтаст хэргийн 5-9 хуудас),

- Хамтарсан багийн хурлын тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээ “Өндөр” (хавтаст хэргийн 11-14 хуудас),

- Урьд гэр бүлийн хүчирхийллийн зөрчил гаргаж захиргааны хариуцлага хүлээсэн тухай “Шийтгэвэр” (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

- Хохирогч С.Г-н “... Л.М-тай 1993 онд танилцсанаас хойш сүүлийн 20 орчим жил над дээр ирэн очин амьдардаг байж байгаад 2021 оны 7 дугаар сард хамтран амьдрахаар тохиролцоод манай гэрт ... тоотод ирсэн түүнээс хойш Л.М-байнга архи ууж, хэл амаар доромжилж намайг их бага хэмжээгээр 3-4 удаа хамт амьдрах хугацаандаа зодож байсан. Тэгээд хамгийн сүүлд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Мягмаржав надтай маргалдаад хоёулаа салъя гээд хашаанд байсан өөрийнхөө Монгол гэрийг ачаад Налайх дүүрэгт байдаг төрсөн дүүгийнхээ гэр рүү ачаад явсан юм. 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн орчим намайг гэртээ байж байхад ...манай хашаанд хөлсөөр ажил хийлгэж байсан хүмүүстэй намайг хардаад нөгөө хүмүүсийг хөөж явуулаад явсан хойгуур нь гэрт орж ирээд хөлсний ажил хийж байгаа хүмүүст чи яахаараа хоол хийж өгдөг юм бэ гээд баруун гараараа миний баруун мөр, баруун гарын булчин, баруун гарын шууны дотор талд нийт 3 удаа цохичхоод гараад явсан юм ...Л.М намайг 2021 оны 7 дугаар сараас хойш 3-4 удаа зодоод би тухай бүр цагдаад дуудлага өгч шалгуулж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-25 дугаар хуудас),

- Шүүх эмнэлгийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 6904 дугаартай “...С.Г-н биед баруун мөр, бугалга, шуу, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 4-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

- Гэрч Х.Х-н “...Хадам ээж надаас танай хажуу хашаанд эмэгтэй, эрэгтэй хоёр хүн орилолдоод байна би айгаад гарч харсангүй гэж ярьсан. Тэгэхээр нь би ямар хүн байсан талаар асуухад эхнэр нөхөр хоёр бололтой 60 орчим насны хүмүүс байсан. Нөхөр нь эхнэрээ орилуулаад байсан гэж ярьсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дугаар хуудас)

- Л.М-н мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гаргасан “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

2. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилжээ.

Шүүгдэгч, хохирогч нар хамтран амьдарч байсан тул дээрх хуулийн ойлголтод хамаарна.

Шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн тул санаатай гэмт хэрэгт тооцох бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч, хохирогч нар нэг гэр бүлд хамтран амьдарч байсан нь тогтоогдсон тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

3. Хохирогч С.Гэрэл нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Л.Мягмаржавыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн бөгөөд хохирогч нь хохирлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Л.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү? гэсэн.

 

            5. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хохирогч гомдолтой гэсэн, согтуурсан үедээ үйлдсэн, хохирогчийн биед учирсан хохирол хор уршиг арилсан, гэмт хэргийн нийгмийн аюул их биш, нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, ажил хөдөлмөр эрхэлдэг, өндөр настай зэргийг харгалзан харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ... овогт Л.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.М-г 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Л.М-т үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.М-т мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч С.Г нь эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

         7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ