Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/966

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022            07             26                                    2022/ШЦТ/966

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Б.Энэрэл /томилолтоор/,

шүүгдэгч Х.Ц-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ц-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ... хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эмээ, ах, дүү, эх нарын хамт, ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

... овогт Х.Ц (регистрийн дугаар: уп9909....).

 

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Х.Ц-нь 2022 оны 04 сарын 21-ний өдрийн 08 цагийн үед ... тоотод байрлах найз Э.Б-нд унтаж байхад К.А-“энэ хэн юм, ах нь хөөгөөд явуулчих уу” гэж хэлээд, Х.Ц-н хөлөөс татаж сэрээгээд “одоо яв” гээд хөөхөд нь босоод гараад явахад араас нь очиж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар Х.Ц-нь газарт унагаан хөлөөрөө нүүрэн тус газарт нь 2 удаа дэвсэж “уруулд шарх, хамар ясны хугарал, таславчийн, мурийлт, баруун, зүүн чамархай, хамрын нуруу, дух, хоёр нүдний зовхи, нүдний алимын салстад цус хуралт, баруун дээд зовхинд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 805 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1.Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Х.Ц-нь К.А-эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үл таних хүнд зодуулсан...” гэх гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

- Хохирогч К.А-“...2022 оны 4 дүгээр сарын 21-ний шөнө ажиллаж байгаад өглөө 06 цагийн орчимд ажлаа тараад архи ууж байхдаа би найз Э.Б-н дүү Э.Б-руу “гэртээ байгаа юм уу, яваад очъё” тэхэд “би гэртээ ууж байна, эхнэр, манай найз хоёр тасраад унтчихсан байна” гэхээр нь би Толгойтод Э.Б- гэрт очсон. Гэрт нь ороход Э.Батжавхлангийн эхнэр нь хүүхэдтэйгээ унтаж байсан ба найз нь гэх нэг үл таних эрэгтэй унтаж байсан бөгөөд Э.Б-бид хоёр нэг том пиво уугаад суусан. Тэгээд гэрээс нь гараад тамхилаад зогсож байсан ба Э.Б-н найз нь явлаа гээд гарсан. Тэгэхээр нь би хойноос нь “тамхи байна уу” гээд асуусан чинь байхгүй гэж үг хаяад, намайг мэдээгүй байхад гэнэдүүлж газар унагаагаад, хөлөөрөө 2 удаа дэвссэн ... миний бие 2 сарын дараа хагалгаанд орно, үүний мөнгө дээр дурдсан мөнгөтэй нийлээд 2,500,000 төгрөг болсон. Хагалгааны баримт нь одоогоор байхгүй байгаа түүнийг Х.Ц- 2 сарын дотор барагдуулахаар тохирсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7, 9 тал),

- Гэрч Э.Б-н “...Би ... тоотод айлын хашаанд амьдардаг бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 23 цагийн орчимд манай найз Х.Ц- гэрт ирсэн...Тэгээд би нойр хүрэхгүй фейсбүүкийн чат ороод байж байхад танил ах Х.А- над руу “өнөөдөр очиж хонох газаргүй байна, яваад очих уу” гэхээр нь зөвшөөрсөн. Шөнө 04 цагийн үед гэрт ирсэн бөгөөд Х.А-ах бид хоёр 1 том пиво хувааж уусан. Тэгэхэд Х.Ц унтаж байхад Х.А-“энэ хэн юм, ах нь хөөгөөд явуулчих уу” гэж хэлээд, Х.Ц-ийн хөлөөс татаж сэрээгээд “одоо яв” гээд хөөсөн. Х.Ц- “явлаа” гээд гарсны дараа Х.А-хойноос нь гарсан бөгөөд 5 минутын дараа...араас нь ... гарахад Х.Ц- нь Х.А-ахыг газар унагаачихсан, нүүрэн дээр нь дэвсэж байхаар нь би очиж салгаад явуулцгаасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-р тал),

- Шүүх шинжилгээний үнэдсэний хүрээлэнгийн 2022 оны 04 сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6136 дугаартай “... К.А-ын биед уруулд шарх, хамар ясны хугарал, таславчийн, мурийлт, баруун, зүүн чамархай, хамрын нуруу, дух, хоёр нүдний зовхи, нүдний алимын салстад цус хуралт, баруун дээд зовхинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх хамар ясны хугарал, таславчийн мурийлт, уруулын шарх, зовхи, нүдний алимын салстад цус хуралт нь тус тусдаа бусад цус хуралт зулгаралт нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх 2022.04.21-ний өдөр үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19-р тал),

- Х.Ц-н мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гаргасан “... миний бие маргах зүйл байхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...Тухайн үед үүссэн таарамжгүй харьцаанаас үүдэн давхар хамж унагаан нүүрэн дээр нь 2 удаа дэвссэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 –хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

2. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн буюу хохирогчийг зодсон гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Х.Цэнд-Аюушийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

3. Хохирол, хор уршгийн талаар. 

Хохирогч К.А-нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 36,200 төгрөг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч Х.Ц-аас гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаар цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Х.Ц-ажил хөдөлмөр хийдэггүй, хохирол төлөөгүй, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруугаа хүлээж байна, би хувиараа Говь-сүмбэр аймагт  очиж барилгын цутгалт хийх ажилтай байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү? гэсэн.

 

            5. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

            Шүүгдэгч Х.Ц-нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

           

            Шүүгдэгч Х.Ц-ийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ... овогт Х.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Х.Ц-ид үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.Ц-д мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар Х.Ц-аас 36,200 төгрөг гаргуулж,  хохирогч К.А-“рд:ук9908...., .... тоотод оршин суух, утас ....”-д олгож, хохирогч цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ