Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/965

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022            07             26                                    2022/ШЦТ/965

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Г.С- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.С-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 07 сарын 07-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ... тоотод байнга оршин суух бүртгэлтэй, одоогоор ... тоотод түр оршин суух, урьд:

- ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- ... шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн,

- ... таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- ... шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 137 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 8 хоногийн хорих ялын хугацааны өмнө тэнсэж, суллагдсан,

- ... шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн,

         ... овогт Г.С- (регистрийн дугаар:МЭ7911...).

         Холбогдсон хэргийн товч агуулга:

         Шүүгдэгч Г.С- нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баруун-салаа 41 номерын автобусанд явж байхдаа тус автобусаар зорчиж явсан Л.Э-халаасанд утас байхыг харж улмаар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Баянхошууны Хөтлийн автобусны буудал дээр буух үед халааснаас нь түүний эзэмшлийн Samsung Galaxy A51 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 450,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 829 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

  1. Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.С- нь хохирогч Л.Э-“Samsung Galaxy A51” загварын гар утсыг түүнд мэдэгдэхгүйгээр халааснаас нь авч бусдад 450,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Л.Э-“...Би 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Баруун-салаа 41 чиглэлийн автобусанд суугаад Баянхошууны Хөтлийн автобусны буудал дээр буух үедээ халааснаасаа Samsung Galaxy A51 загварын гар утсаа хулгайд алдсан. Тэгээд би утас руугаа залгасан 2 удаа дуудсан... 2021 оны 02 дугаар сард Мобиком ХХК-иас 1,000,000 төгрөгөөр худалдан авсан. Би гар утсаа авсан үнээрээ үнэлнэ. Миний гар утас Samsung Galaxy A51 загварын хар хөх өнгийн гар утас, улаан өнгийн гэртэй байсан. Ямар нэгэн гэмтэл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 хуудас),

- Дамно ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн НЦУГ-22-31 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд “Samsung Galaxy A51 маркийн гар утсыг 450,000 төгрөг”-өөр үнэлсэн (хавтаст хэргийн 23-24 хуудас),

- Хулгайд алдагдсан гар утсыг хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 6-7 хуудас),

- Шүүгдэгч Г.С-ын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянхошуу руу хүнээс машин авах гээд 18 цагийн орчим гэрээсээ гарч Буурал ээжийн автобусны буудлаас Баянхошуу, Зүүн салаа чиглэлийн автобусанд сууж явсан. Тэгтэл 20-25 орчим насны эрэгтэй хүний гадуур хувцасны халааснаас Самсунг галакси А51 загварын улаан өнгийн гэртэй гар утас цухуйсан байхаар нь авчхаад явж байсан... айлд очиж машинаа аваад Драгон автовокзал орж хөдөөгөөс ирсэн юм тосож авахаар очоод зогсож байхад энгийн хувцастай цагдаагийн алба хаагч нартай таарч шалгуулахад миний хулгайлан авсан 2 ширхэг гар утас гарч ирээд баригдаад гар утаснуудаа хүлээлгэн өгсөн ... тухайн үед би ганцаараа явж байсан... Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Мөн хулгайлан авсан гар утсаа хүлээлгэн өгч, хохирлыг барагдуулсан. Хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 117-119 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэрэг нотлох баримтаар нотлогдсон.

 

2. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зоригоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

 

Шүүгдэгч Г.С-ыг үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтээр хохирогчийг халааснаас гар утсыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн байна. Шүүгдэгч Г.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан болно.

 

Шүүгдэгч Г.С-аас: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын санал болгосон ял дээр хэлэх зүйлгүй байна гэв.

 

4. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Г.С-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бусдад учруулсан хохирол их биш, хохирогчийн утсыг биет байдлаар буцаан өгсөн, хувийн байдлын хувьд урьд 5 удаа хулгайн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан зэргийг харгалзан 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэлээ.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. ... овогт Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.С-ыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ