Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 146/ШШ2018/00220

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, ...... тоотод оршин суух С овогтой Ө.Б-ын  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймаг, ...... тоотод оршин суух П овогтой О.Д-д  холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Б, хариуцагч О.Д, хариуцагчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ө.Б нь О.Д-тай 2011 онд үерхэж улмаар 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болж гэрлэлтэй батлуулсан. Хамт амьдрах хугацаанд бид эвтэй сайхан амьдарч байсан үе зөндөө л байсан. Бидний дундаас 2 хүү төрсөн. Том хүү Д.Б нь 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн бага хүү Д.Б нь 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн. Бидний дундуур нөхөр Д-ийн эцэг, эх их орж биднийг үймүүлж намайг гэр орноос минь хөөж туун дарамталдаг байсан. Энэ асуудлаас болж нөхөр Дгийн ааш авир өөрчлөгдсөн архи уун агсан согтуу тавьж намайг зовоох болсон. Намайг өнчин өрөөсөн учир өмгөөлж хамгаалах хүнгүй болохоор хадам талынханд дарамтлуулан нилээд хугацаанд хамт амьдарсан. Энэ дамрамт нь даамжирч сүүлдээ хадам эгч нь намайг зодож нүдэн дүүгээ сал гэж ятган бидний амьдрал орох болсон. Бид хоёрын хувьд өөрийн гэсэн орон гэртэй би сургуульд багшилдаг амьдрал болж бүтэх боломж байсан. Дгийн хувьд 2 сайхан хүүгийн минь ээж хань минь гэж үзэхгүй хүндлэхгүй байгаад би их гомдож байна. Миний хувьд Дгийн эцэг, эх, эгчтэй суугаагүй. Харин Дтай сууж гэр бүл болон түүний 2 хүүхдийг төрүүлсэн. Одоо би Хужирт сумандаа сургуульд багшилдаг. Миний хувьд юуг буруу, юуг зөв гэдгийг өөрөө ойлгох ухамсартай түмний хүүхдүүдэд багшлаад явж байна. Хүнийхээ хувьд ч адилхан Үндсэн хуулиар заагдсан эрхтэй хүн би буруу зүйл хийгээгүй байхад намайг доромжилон гэрээс минь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөөн гаргаж төрсөн хүүг минь авч үлдэн эх үрийг хагацаан зовлонд оруулж байна. Хүүгээ авах талаар удаа дараа хэлсэн боловч дарамтлаад өгөхгүй байна. Одоо би хүү Баа өөрийн асрамжиндаа авч гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Цаашид нөхөр Дтай амьдрах боломжгүй. Миний хувьд 2 хүүхдээ өөрийн асрамжиндаа авч тэжээн өсгөж хүмүүжүүлэх бүрэн боломжтой. Д-гийн хувьд хүүхдээ өөрөө өсгөж хүмүүжүүлж чадахгүй байнга өөрөө аав ээжийнхээ асрамж дэмжлэгтэй байдаг. Одоо мөн хүүг минь өөрөө биш аав ээжийнхээ асрамжинд байлгадаг. Миний хүү Б нь бага насны хүүхэд эхийн хайр халамж байнга дутаж байгаа. Хэдийгээр өмсөж зүүхээр дуутаахгүй ч гэсэн эх хүний хайрыг өгч чадахгүй байна. Иймээс би хүү Б-гаа өөрийнхөө асрамждаа авмаар байна. Д сүүлийн үед над руу залгаад хүүг минь аваад Солонгос улс руу явна уулзуулахгүй гэж сэтгэл зүйгээр минь тоглож дарамтанд оруулж байна. О.Д-гийн миний хүсэлтэд гаргасан хариу тайлбар нь ор үндэсгүй худал хуурмаг зүйл бөгөөд надад үүний эсрэг нотлох баримт бий тул О.Д-гийн тайлбарыг эрс эсэргүүцэж гаргасан хүсэлтийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдье. Миний бие Ө.Б нь О.Д-гаас салаад тусдаа амьдрах 1 жилийн хугацаанд хүүхдээ хүний гар харуулаагүй. Өөрийн гэсэн гэр оронтой болж хоол, унд, хувцас хунараар дутаалгүй авч явж байгаа бөгөөд миний хүүхэд төрсөн эхийнхээ асрамжид хайр халамжаар дутхааргүй өсөж бойжиж цэцэрлэгт хамрагдаж байгаа. Үүнд Ө.Б миний бие үр хүүхдээ сайн сайхан байлгахын тулд бүхий л боломжоороо хичээж ажиллаж амьдарч байгаа бөгөөд миний эх Д, аав Ө нар ч мөн санаа тавьдаг.

 Би анх хариуцагч О.Д-тай 2011 онд танилцаж улмаар бид хоёрын дундаас 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр анхны хүүхэд төрсөн. 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хоёр дахь хүүхдээ төрүүлсэн. 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр 2011 оноос хойш 2017 он хүртэл 7 жил хамт амьдарсан. 2017 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдрах болсон. Би хариуцагч О.Д-гаас гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийнхөө асрамжинд авч О.Д-гаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна.  Би салахдаа энэ хүний хүсэлт болон ар гэрийнх нь хүсэлтээр салж байгаа. Хамтран амьдрах хугацаандаа намайг гэрээсээ явахыг удаа дараа хүсч намайг гэрээсээ хөөж туудаг байсан. Би тэр хүсэлтээр нь гэрээсээ явсан гэв. 

  Хариуцагч О.Д нь  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ө овогтой Б нь тус шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах мөн хоёр хүүхдээ өөр дээрээ авах тухай хүсэлттэй танилцлаа. Том хүү болох Б нь асаргаа халамж муугаас түлэгдсэн гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл юм. Тухайн үед Б цэцэрлэгт команд түлэгдсэн болно. Хүүхэдтэй уулзуулахгүй байгаа гэсэн нь бас буруу ташаа. Хүүхэд ээжийгээ харчихаад дуудаад байхад нь тоохгүй явдаг. Мөн намайг байнгын хардаж зовоож байснаас зүрхний фулс ихсэх өвчин туссан.

  1. Гэрлэлт цуцлуулж салахад татгалзах зүйлгүй.

Учир нь эхнэр Б-ын ааш араншин сурган хүмүүжүүлэгч хүнд байхгүй маш хэцүү зан чанартай.

  1. Бидний  амьдралд  аав, ээж, ах, дүү огт оролцдоггүй. Бямбадулам хоёр хүүхдээ

анхаарч үздэггүй орон гэрээ авч явах тал дээр халамж хайр байхгүй. Хоёр хүүгээ хаяаад явчихдаг. Энэ бүхэнд нь битгий тэгж бай ингэж болдоггүй юм гэж хэлж яриахаар амьдралд оролцсон болдог. Хүнээс үг сонсдоггүй.

3. Хүүхдүүдээ би өөрөө авна. Хүний эх шиг үр хүүхдээ анхаарч халамж хайраардутаалгүй сэтгэл тайван амьдруулж чадахгүй хүн. Том хүү маань одоогоор миний асрамжинд байгаа. Уг нь хоёулаа байсан юм. Хоёр хүүхдээ хаяад явсан. Бага хүү маань мөөмөө санаад байхаар нь би аваачиж өгсөн. Би өөрөө төрийн алба хашдаг. Солонгос явах асуудал юу ч байхгүй. Хүү маань надтай хамт амьдарч байхад үндэслэлгүй зүйл нэхэмжлэлд дурдсан байна.

Би нэхэмжлэгч Ө.Б-ыг гэрээсээ хөөж туусан зүйл байхгүй. Бид хоёр маргалдахаар өөрөө би танайхаас явна гэж хэрэлддэг байсан. Энэ хүн их ааштай. Бид хоёр буцаад нийлэх боломж байхгүй. Би гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр хүүхдээ өөрийнхөө асрамжинд авна. Яагаад гэвэл ах дүү хүүхдүүд нэг гэрт, нэг дор өсвөл зүгээр байх гэж бодож байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ хоёр хүний хувьд эвлэрүүлэн зуучлалаар хоёр удаа орсон. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хоёр удаа амжилтгүй болсон байгаа. Энэ хоёр хүн цаашдаа хамтран амьдрах боломж байхгүй гэдэг нь өмнөх шүүх хурал болон өнөөдрийн шүүх хурлаас харагдаж байна. Өмгөөлөгчийн хувьд хүүхэд ээжтэйгээ хамт байвал илүү сайхан амьдрана, аавтайгаа хамт байвал хүүхдийн амьдрал уруудана гэсэн ойлголт байхгүй гэж бодож байна. Өнөөдрийн хувьд хүнийг хувийн байдал талаас нь харж үзэх хэрэгтэй байх гэж бодож байна. Нэхэмжлэгчийн хувьд хуульч хүний зүгээс харахад маш тогтворгүй, зан ааштай хүн байгаа. Хэдий тусдаа амьдарч байгаа ч гэсэн эрэгтэй хүн юмийг санахгүй байж болно. Эмэгтэй хүн үр хүүхдийнхээ төлөө гэсэн сэтгэлээр аливаа зүйлийг санах хэрэгтэй. Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас гаргасан судалгаан дээр нэхэмжлэгчийн талаар дэлгэрэнгүй дүгнэсэн байсан. Хариуцагчийн хувьд ажилгүй боллоо гээд амьдралгүй болж байгаа юм биш. Өөрийн гэсэн тав, арван малтай. Тодорхой хэмжээгээр хувийн бизнес эрхлээд, хаана ч амьдрах боломжтой эр хүн боловч үр хүүхдээ хаях тийм эр хүн бол биш гэж хэлмээр байна. Нэхэмжлэгчийн хувьд тогтвор суурьшилтай орон гэр байхгүй. О.Д-гийн хувьд өөрийн гэсэн орон гэртэй. Өнөөдөр хүн бүхэн л Солонгос улс руу ажил хийхээр явж байна. Тэнд очоод хүн болгон харлаад байдаггүй. Үүнийг хэрэгт ач холбогдолгүй ч гэсэн заавал дурдах шаардлагатай болчихлоо. Хүний л амьдрал болсон хойно үр хүүхэдтэйгээ өөрөө өнгөтэй өөдтэй амьдраад явъя гэсэн үүднээс Солонгос улс руу виз мэдүүлсэн байх гэж бодож байна. Миний визны асуудал бүтсэнгүй тийм учраас эргээд төрийн албандаа орж ажиллаад цаашдаа үр хүүхдээ өсгөөд тогтвор суурьшилтай амьдраад явна гэж өөрийнх нь зүгээс хэлдэг. Энэ хоёр хүн цаашдаа хамт амьдрах боломжгүй учраас Ө.Б, О.Д хоёрын гэрлэлтийг цуцалж, Д.Б, Д.Б нарыг эцэг О.Д-гийн асрамжинд нь өгч эх Ө.Б-аас 18 нас хүртэл хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна гэв.   

            Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч О.Д-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ. 

Хариуцагч О.Д нь гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин хоёр хүүхдээ өөрийн асрамжид авна. Эх Ө.Б-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэж маргажээ.

Зохигчид нь 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болж тэдний дундаас 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр  хүү Д.Б, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүү Д.Б нар төрсөн болох нь №6255000012 дугаартай зохигчдын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, №6255000110 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, №6255000055 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь хамтран амьдрах хугацаандаа хоорондын таарамжгүй харьцаатай байснаас тусдаа амьдрах болсон, гэр бүл цуцлуулахыг зөвшөөрсөн, гэрлэгчид цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх хэн аль нь сонирхолгүй, шүүхээс өгсөн эвлэрэн хэлэлцэх хугацаанд эвлэрээгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

Хариуцагч О.Д нь нэхэмжлэгч Ө.Б-ыг хоёр хүүхдээ  анхаарч үздэггүй, орон гэрээ авч явах тал дээр халамж хайр байхгүй. Хоёр хүүгээ хаяаад явчихдаг. Хүний эх шиг үр хүүхдээ анхаарч халамж хайраар дутаалгүй сэтгэл тайван амьдруулж чадахгүй хүн гэж тайлбарлаж байгаа боловч хүү Д.Б нь бага насны /3 настай/, төрсөн цагаасаа хойш ээжтэйгээ хамт амьдарч байгаа зэргийг харгалзан түүнийг эх Ө.Бын асрамжид, харин 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн том хүү Д.Б нь гэрлэгсэдийг тусдаа амьдарсан хугацаанд эцэгтэйгээ хамт амьдардаг, нэхэмжлэгч Ө.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд “... том хүүгээ эцгийх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй” гэж байсан зэргийг харгалзан эцэг О.Д-гийн асрамжид тус тус үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон байдал нь эцэг, эхийг үр хүүхдээ өгсөж хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд  2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Д.Б-т сар бүр тэтгэлэг тогтоож эцэг О.Д-гаар, 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Д.Б-т сар бүр тэтгэлэг тогтоож эх Ө.Б-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхол харшлахааргүй бол тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хуульд заасан эцэг, эхийн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон байх тул О.Д нь эцгийн хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь эх Ө.Б, Ө.Б нь эхийн хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь эцэг О.Д хориг саад болох эрхгүйг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

Талууд шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч О.Д-гаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Ө.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тогтоож 2 хүүхэд тус бүрийн нэг жилийн хугацаанд тэжээн тэтгэх тэтгэлэг болох 2 191 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30 844 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Б, хариуцагч О.Д нараас тус тус гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар С овогтой Ө.Б, П овогтой О.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Д.Б-ыг эцэг О.Д-гийн, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Д.Б-ыг эх Ө.Б-ын асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Д.Б-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож эх Ө.Б-аар, хүү Б-ыг эцэг О.Д-аар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эцэг О.Д, эх Б нарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамж 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ө.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Д-гаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч О.Д-гаас хүү Д.Б-ын, нэхэмжлэгч Ө.Б-аас хүү Д.Б-ын нэг жилийн хугацаанд тэжээн тэтгэх тэтгэлэг болох 2 191 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30 844 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.САРАНТУЯА