| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2022/0050/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/103 |
| Огноо | 2022-08-10 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч А.Оргилбаяр
Шүүгдэгч Ш.Д түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм /онлайнаар/
Шүүгдэгч Б.О түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О, Ш.Д нарт холбогдох 2116000040024 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын хувийн байдал:
1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ...өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргаар ажиллаж байсан, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан 1-р багийн 2-2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай, Олхонууд овогт Ш.Д,
2.Монгол Улсын иргэн, ...-ний өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЗДТГ-ын худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ****** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай, Жалайр овогт Б.О,
Хэргийн товч утга: Шүүгдэгч Ш.Д Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын засаг даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын захирагчийн албаны худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Отэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 13 хүнсний дэлгүүрт тамхины тусгай зөвшөөрөл олгож бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ш.Д Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын засаг даргаар, ажиллаж байх хугацаандаа тус сумын захирагчийн албаны худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Отэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 13 хүнсний дэлгүүрт тамхины тусгай зөвшөөрөл олгож бусдад давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь “Тамхины хяналтын тухай хууль”-д заасан хэмжээнд хүрээгүй газарт тодорхойлолт гаргуулан зөвшөөрөл олгон тухайн 13 нэгжид давуу байдал бий болгосон шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ш.Д, Б.О нар гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Миний ажлын байрны тодорхойлолтод газар хэмжинэ гэсэн заалт байхгүй. Бусдад давуу байдал олгосон зүйл байхгүй. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү. Тухайн иргэн өргөдөл бичиж бичиг хэргээр дамжин над дээр цохолт хийж ирдэг. Газрын даамал өөрөө гарын үсэг зурж тодорхойлолт гаргаж өгдөг байгаа. Би зөвшөөрөл олгодоггүй. Би тухайн өргөдлийг хүлээж авч даргад танилцуулж байгаа. Тухайн газар дээр миний оролцоо байхгүй. Одоо аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан байгаа. Тухайн ажлын хэсэгт би өөрөө орсон гэв.
Шүүгдэгч Ш.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Тухайн хот тосгоны захирагч нар тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлж тамхи худалдаалан борлуулах тусгай зөвшөөрлийг өгдөг байгаа. Энэ хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн. Тамхины хяналтын тухай хуульд ерөнхий боловсролын сургуулиас 500 метр дотор тамхи худалдаалахыг хориглосон хууль байгаа. Энэ хууль дээр нарийвчлан заагаагүй нь хаанаас яаж хэмжих юм бэ, хэмжилтийн процессыг тодорхой зааж өгөөгүй. 21 хотын захирагч нар хоорондоо саналаа солилцдог тусгай чаттай. Засаг даргаас ард иргэд нь юу хүсдэг юм гэхээр ахуй амьдралыг минь дордуулахгүй дээрдүүлж өгнө үү гэж хүсдэг. Ахуй амьдралаа аваад явъя гэхээр төр битгий дарамт учруулаач гэдэг хүсэлтийг тавьдаг. Би 4 жилийн хугацаанд ажиллахдаа энэ чиглэлийг баримталж 1 ч гэсэн аж ахуй нэгжийг орлоготой ажилтай байгаасай гэж хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан. 13 тусгай зөвшөөрлийн асуудлыг 6-7 нь сунгалт хийгдсэн. Өмнөх үе үеийн Засаг дарга нар олгоод явдаг байсан. Бодит байдал дээр ихэнх хот суурин явган хүний замаар хэмжээд олгодог байгаа. Дорноговь аймагт 100 метр газар дутуу байгаа. Тойруулаад хашаа барьсан. Явган хүний замаар тойруулаад явахаар дэлгүүрийн үүдэн дээр очиход 500 метр хүрдэг. Ийм асуудал хүртэл байгаа. Ямар нэгэн хүн авлига хээл хахуул өгсөн зүйл байхгүй. Тусгай зөвшөөрөл хүссэн хүмүүс бараг өөрсдөө хэмжээд ирдэг. Хэнд нь ч давуу байдал олгоогүй. Хэмжилтийн асуудал маш тодорхой бус. Үе үеийн Засаг дарга нараас би анх удаа ач холбогдол өгсөн. Хамгийн хялбараар захын хүний гар утсан дээр ашиглаж байгаа аппликейшнийг ашиглуулаад хэмжилтүүдээ хийлгээд миний 2020 оны 10 дугаар сард гаргасан захирамж байгаа. Мөн энэ хэрэг дээр хохирогч байхгүй. Би өнөөдөр энд суух ёсгүй хүн. Энэ охины тухайд ажил үүргийн хуваарь нь газрын даамал газраа хэмжээд оруулж ирдэг. Энэ хүн маш олон газруудаас дүгнэлтүүд ирдэг. Тэгээд тамхины зөвшөөрөл өгдөг. Бичиг баримт нь бүрдсэн аж ахуй нэгжийн захирамжийн төслийг бэлдээд орж ирдэг. Энэ хүн хэрэгт ямар ч оролцоогүй. Тэгэхэд бүлэглэн болсон байна. Нуруу нь гэмтсэн хүнд хагалгаанд орсон байгаа. Эмч хүний хувьд эмзэглэж байна гэв.
Гэрч П.Д-н мөрдөн байцаалтад өгсөн“...Миний бие Говь-Алтай аймгийн харьяат, 2015-2016 онд манай аймгийн Есөнбулаг сумын тамхи зардаг дэлгүүрүүд маш цөөхөн байсан ба Тамхины хяналтын хууль тогтоомж маш сайн хэрэгжиж байсан. 2016 оноос хойш Есөнбулаг сумын Засаг дарга Ш.Д нь ажлаа хүлээн авснаасаа хойш Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, 500 метрээс дотогш байрлаж байгаа хэд хэдэн дэлгүүрүүдэд тамхины зөвшөөрөл олгосон байдаг ба тухайлбал Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хажуу талаар хойшоо явсан засмалын хажуугийн ****** нэртэй хүнсний дэлгүүр, Бүрнээгийн засварын газрын арын засмалын хажуугийн Хүнсний дэлгүүр \хүнсний дэлгүүрийн нэрийг санахгүй байна\, Бүрнээгийн засварын залгаа хойшоо харсан жижиг дэлгүүр, аймгийн захын урд талын шинээр баригдсан дэлгүүрт, 4-р сургуулийн хажуугийн дэлгүүр нисэх рүү явдаг зам дагуу байдаг ***** хүнсний дэлгүүрүүдэд тамхины зөвшөөрөл олгосон байсан. Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн дагуу тамхийг сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагаас 500 метрийн дотор худалдаалах, үйлдвэрлэх нь хориотой байдаг шүү дээ. Ш.Д нь ямар учраас 500 метрээс дотогш газар байрлаж байгаа хүнсний дэлгүүрүүдэд зөвшөөрөл олгосон байгаа тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг зөрчиж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гаргасан байна.Тамхины хяналтын тухай хууль нь бага насны хүүхдийг хорт зуршлаас ангид байлгахаар заасан байдаг ба тухайн дэлгүүрүүдэд зөвшөөрөл олгосон байгаа нь бага насны хүүхдүүд ойр орчмын дэлгүүрүүдээс тамхи худалдан авч татах зэрэг зуршил гараад байгаа юм..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-62, 233-234-рт/,
Гэрч Э.Т-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчаар ажилладаг. Есөнбулаг сумын Засаг даргын захирамжийн дагуу Мэргэжлийн хяналтын газраас тавьдаг хяналтынхаа дагуу ажлын хэсэгт орж ажилласан. Мэдээж эдгээр 13 дэлгүүр, хоршоо нь Тамхины хяналтын тухай хуульд заасан сургуулиас 500 метрт хүрэхгүй зөрчилтэй байсан учраас ажлын хэсгээс эрх бүхий албан тушаалтанд нь танилцуулсан...” гэх мэдүүлэг/1-р ХХ-82-83-рт/,
Гэрч П.У-н мөрдөн байцаалтад өгсөн “...Миний хувьд Есөнбулаг сумын Засаг даргын захирамжийн дагуу уг ажлын хэсэгт орж ажилласан. Ажлын хэсэг бүрэлдэхүүн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 13 аж ахуй нэгж нь Тамхины хяналтын тухай хуулийн дагуу сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрт хүрэхгүй байгаа 13 дэлгүүр болон аж ахуй нэгжийн тамхины тусгай зөвшөөрлийг нь холбогдох албаны хүмүүсийн хамтаар хурааж авах ажиллагаанд орж ажилласан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-рт/
Гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Засаг дарга Ш.Д нь “Б.О бид хоёрыг газар дээр нь хэмжиж үзээд ир гээд явуулдаг байсан. Даргын үгнээс зөрөөд байж болохгүй, зөрөөд явахгүй, би чадахгүй гэж хэлж болохгүй, би мэдэж байна, та нар гүйцэтгэх албан тушаалтан, би шийдвэр гаргах хүн” гэдэг байсан. Ер нь дарга нартай хэрэлдэх, өөдөөс нь тайлбар хэлэх эрх байдаггүй шүү дээ. Хэрэв ямар нэгэн тайлбар тавих, үг хэлэх, үгнээс нь зөрөх ч юм уу тийм үйлдэл гаргавал хавчин гадуурхах, ажлаас халах зэрэг эрсдэлээ бодож байсан. Ш.Д дарга “чи Б.Отэй хамт цуг яваад хэмжилт хийгээд ир, 500 метртээ хүрэхгүй байгааг нь хүргэ” л гэдэг чиглэл өгдөг байсан. Тийм үүрэг чиглэл өгөхөөр биелүүлэхгүй байя гэхээр нь бас л дарга, цэрэг нарт худлаа үнэн юм ярьж намайг ажлаас халуулчих вий гэхээс айж байсан. Учир нь би 2018 онд Ш.Д даргын үед ажлаасаа халагдаад нэг хэсэг ажилгүй хэцүү байсан болохоор миний талаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын удирдлагад танилцуулаад ажлаас халуулчихаж магадгүй гээд Б.Отэй хамт явж хэмжилтийг нь хийж өгч байсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-66, 174, 2-р хх-ийн 50-51-рт/,
Гэрч Ш.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...намайг Есөнбулаг сумын газрын даамлаар 2018-2019 онд ажиллаж байх хугацаанд Жинст багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “*******”, “*******” нэртэй дэлгүүрийн Бямбажаргал нь тамхи худалдаалах хүсэлтээ ирүүлсэн. Ирүүлсэн хүсэлтийнх нь дагуу тухайн дэлгүүрээс 3-р дунд сургууль хүртэлх зайг гар аргаар метрээр хэмжиж үзэхэд 500 метртээ хүрэхгүй байсан. 500 метртээ хүрэхгүй байхаар нь дэлгүүрийн эзэн Бямбажаргалд хэлээд явуулсан. Тэгээд намайг ажил дээр буцаж очоод байж байсан чинь Засаг дарга Ш.Д над руу утсаар яриад “*******” “*******” дэлгүүрийн хэмжээг 500 метр болгоод тодорхойлолт гаргаад өгчих гэхээр нь даргаа наад дэлгүүр чинь 3-р сургуультай ойрхон байрлалтай, 500 метр хүрэхгүй байсан ш дээ гэсэн чинь Ш.Д дарга “хамаагүй ээ, чи зүгээр 500 метр гээд тодорхойлолт гаргаад өгчих, би мэдэж байна” гэсэн. Тэгээд би тухайн дэлгүүрийн хэмжээг 3-р сургуулиас 500 метр гээд тодорхойлолтыг гаргаж өгсөн юм. ...2018 онд хэдэн сар гэдгийг санахгүй байна. Түмэн багийн нутаг дэвсгэрт хүнсний дэлгүүр ажиллуулдаг “Тунамал- Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн эзэн Ганзүрх нь тамхи худалдаалах хүсэлтээ ирүүлсэн. Тэдний дэлгүүр нь 4-р цэцэрлэгтэй маш ойрхон, бараг булангийн наана, цаана зайтай байдаг болохоор нь танай дэлгүүр чинь яагаад ч 500 метртээ хүрэхгүй ш дээ, би тодорхойлолт гаргаж өгч чадахгүй гэсэн чинь Ганзүрхийн ээж Болор нь миний хажууд Засаг дарга Ш.Д руу утсаар яриад байсан. Чухам юу гэж ярьсан эсэхийг мэдэхгүй байна. Тэгсэн Ш.Д дарга над руу утсаар залгаад 500 метртээ хүрэхгүй байгаа юм уу гэхээр нь хүрэхгүй байна даргаа гэсэн чинь тийм байгаа бол наад хүнийхээ дэлгүүрээс, цэцэрлэг хүртэлх хэмжээг 500 метр болгоод тодорхойлолтыг нь гаргаад өгчих гэхээр нь яах аргагүй тодорхойлолтыг нь 500 метр гэж хийж өгсөн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74, 2-р хх-ийн 47-48-рт/,
Гэрч П.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...би 2020 оны 04 сарын үед Есөнбулаг сумын Тамгын газрын ажилтан Б.От тамхи худалдаалах хүсэлтээ өгсөн. Газрын даамал Б.Д, Б.О нар нь дэлгүүр чинь хэмжээндээ хүрэхгүй байна, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж хэлж байсан. Тэгж хэлэхээр нь бүтэхгүй юм байна гээд түрдээ орхичихсон байсан. Тэгээд сонгуулийн өмнөхөн Ш.Д даргад учир байдлаа хэлсэн чинь за болох бүтэх талаас нь шийдэж өгөхийг бодъё гэсэн. Надад нууж хаагаад байх юм алгаа, анх Б.Д, Б.О нарт хандахад тусгай зөвшөөрөл гаргах ямар ч боломжгүй, танай дэлгүүр чинь 4-р сургуулиас 500 метр хүрэхгүй байгаа гээд миний үгийг авч хэлэлцэхгүй байгаад байсан юм. Харин Ш.Д дарга миний зовлон, учир байдлыг ойлгоод манай дэлгүүрт тусгай зөвшөөрөл олгосон юм. Б.О, газрын даамал Б.Д нар нь 2020 оны 07 сарын 30-ны өдөр тамхи зарах тусгай зөвшөөрлийг надад бичиж өгөхдөө “ та дарга нараар мундагдуулж тусгай зөвшөөрлөө яриулж авлаа шүү, дараа нь иймээ, тиймээ асуудал гарвал, бид хоёрт ямар ч хамааралгүй шүү” гээд хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-рт/,
Гэрч М.Н-н мөрдөн байцаалтад өсгөн “10 сард байх Есөнбулаг сумын Тамгын газраас манай дэлгүүрт бичиг ирсэн. Тэрхүү бичигт 2-р сургуулиас 460 метр дотор байгаа тул тамхи худалдаалж болохгүй гэсэн утгатай бичиг байсан. Дараа нь манай дэлгүүр дээр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Есөнбулаг сумын хэсгийн байцаагч Ууганбаатар болон газрын даамал зэрэг хүмүүс ирээд нэгдсэн журмаар хэмжилт хийж, шийдвэр гарсан байгаа гээд манай дэлгүүрийн тамхины тусгай зөвшөөрлийг хураагаад аваад явсан юм... “ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-рт/,
Гэрч С.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би энэ дэлгүүрийг 2012 оноос хойш ажиллуулж байгаад, тамхины тусгай зөвшөөрлөө 2018 оны 11 сард зохих журмынх нь дагуу сумынхаа Засаг даргын Тамгын газарт өргөдөл, хүсэлтээ өгөөд гаргуулж авч байсан юм. Есөнбулаг сумын мэргэжилтэн нь танай дэлгүүрт хэмжилт хийнэ гээд хэмжилт хийгээд алхмаар хэмжихэд хэмжээндээ хүрэхгүй байна, харин машины замаар машины км 00-д явахаар 500 метртээ хүрч байна гэж хэлж байсан. Яг хэрхэн, яаж хэмжилт хийж 500 метр болсон эсэхийг холбогдох албаны хүмүүс нь өөрсдөө мэдэх байх. Гэтэл энэ оны 10 сарын үед Есөнбулаг сумын худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.О, Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, аймгийн Цагдаагийн газрын байцаагч нар манай дэлгүүр дээр хүрч ирээд Есөнбулаг сумын Засаг даргын захирамж үзүүлээд танай дэлгүүр чинь Тамхины хяналтын тухай хуульд зааснаар 500 метр хүрэхгүй байна гээд тамхины тусгай зөвшөөрлийг маань хураагаад явсан. Манай дэлгүүр ч гэлтгүй, хэд хэдэн дэлгүүрүүдийн тусгай зөвшөөрлийг хурааж аваад цуцалсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-рт /,
Гэрч Ц.Т-н мөрдөн байцаалтад өгсөн “...Тамхи худалдаалах хүсэлтээ Есөнбулаг сумын Засаг даргын захирагчийн ажлын албанд 2018 оны 05 сард гаргаж байсан санагдаад байна. Миний өгсөн хүсэлтийн дагуу газрын даамал, мэргэжилтэн Б.О хоёр хэмжилт хийнэ гээд манай дэлгүүрээс 3-р сургуулийн гадна талын хашааны дээд өнцөг хүртэл хэмжээг хэмжилт авахад хэмжээндээ хүрэхгүй байна гээд зөвшөөрөл өгөхгүй гээд байсан. Тэгэхээр нь би Тамхины хяналтын тухай хууль уншихад уг хууль нь дээр сургуулийн хашаа гэсэн үг, өгүүлбэр байхгүй байсан. Тэгэхээр нь би Засаг дарга Ш.Дтай уулзаад хуульд байхгүй газраас хэмжилт аваад байна, дахиж хэмжилт хийгээд өгөөч ээ гээд хүсэлт тавьсан. Энэ талаар мөн Б.О, газрын даамал нарт дахиж хандаад та нар дахиж хэмжиж өгөөч ээ гэж хэлсэн. Тэгээд дахиад хэмжилт хийлгэсэн ба 3-р сургуулийн дотор талын хаалганаас дэлгүүр хүртэл хэмжээ авхуулахад 500 метртээ хүрч байсан. Тэгээд тусгай зөвшөөрлөө гаргуулж авч байсан юм. Гэтэл энэ оны 10 сарын үед байх, Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, Цагдаагийн газрын байцаагч, үйлдвэрлэл худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн нар нь хүрч ирээд дэлгүүр чинь хэмжээндээ хүрэхгүй, 500 метрээс дотогш байгаа тул тусгай зөвшөөрлийг чинь хурааж авна гээд хураагаад авсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-рт/,
Гэрч Г.М-н мөрдөн байцаалтад өгсөн “Тамхины тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах гээд би 2019 оны 10 сарын үед Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлтээ өгсөн. Миний хүсэлтийг хүлээж авсан худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.О нь хэмжилт хийнэ гэж байсан. Би тухайн үед хөдөө явчихсан байх хойгуур хэмжилт хийсэн гэсэн.Хэмжилт хийх үед баз эгч Лхамаа байсан байна лээ. Яг яаж хэмжих нь тодорхойгүй агаараар хэмжихээр 500 метрт хүрэхгүй, газраар гар метрээр хэмжихээр 500 метрт хүрч байсан гэсэн. Тэгээд манай дэлгүүр аль боломжтой талаас нь холбогдох хүмүүс шийдэж өгсөн байх гэж бодож байна. Гэтэл 2020 оны 10 сарын үед байх Есөнбулаг сумын газрын даамал, Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, цагдаагийн газрын байцаагч нар хүрч ирээд танай дэлгүүр чинь 500 метрт хүрэхгүй байгаа учир тусгай зөвшөөрлийг чинь хурааж авна гээд хурааж аваад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-рт/,
Гэрч Ө.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “Миний бие дэлгүүрээ 2010 онд 8 нэрийн бараа зарах чиглэлээр ажиллуулж эхэлсэн. 2020 оны 04 сард тамхи заръя гээд Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт өргөдөл, хүсэлтээ өгсөн. Тэгсэн газрын даамал, мэргэжилтэн Б.О нар 3-р сургуулиас хэдэн метр зайд байгаа эсэхэд хэмжилт хийнэ гэж байсан. Тэгээд газрын даамал Б.Д, мэргэжилтэн Б.О нар агаараар хэмжилт хийгээд танай дэлгүүр чинь 500 метрт хүрэхгүй байна, тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй гэхээр нь Ш.Д даргын өрөөнд орж уулзаад “сургууль одоохондоо түр орохгүй каренталчихсан байгаа юм чинь зөвшөөрөл олгоод өгөөч” гээд гуйсан чинь Ш.Д дарга бололцоогоор шийдэж өгье гэж хэлсэн. Б.От холбогдох материалаа өгчихсөн байсан болохоор хариу хэлэх байх гээд байж байтал мэргэжилтэн Б.О над руу утсаар яриад хүрч ирээд тусгай зөвшөөрлөө ав гэсэн. Тэгээд би Тамгын газар дээр очиж тусгай зөвшөөрлөө аваад тэрнээс хойш дэлгүүртээ тамхиа зарж байна...” гэх мэдүүлэг /1- р хх-ийн 103-рт/,
Гэрч Ч.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Хүү Ганзүрх бид хоёр ******* хүнсний дэлгүүрийг 2019 оноос хойш одоог хүртэл ажиллуулж байна... 2019 оны намар Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт тамхи зарж борлуулах хүсэлтээ өгсөн. Гэтэл газрын даамал Б.Д бил үү хэн нь билээ, бас мэргэжилтэн Б.О нар танай дэлгүүрт хэмжилт хийнэ гээд хэмжилт хийгээд 500 метрт хүрэхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би Засаг дарга Ш.Дд өөрийн биеэр орж уулзаад хууль журамдаа өөрчлөлт оруулаад өгөөч ээ, та нар ард иргэдийн санал хүсэлтийг дээд шатных нь байгууллагадаа уламжилж өгч шийдвэрлээч, хөрсөн дээр буухгүй хууль хэрэглээд байх юм гэж хэлсэн чинь Засаг дарга Ш.Д дахиад хэмжилт хийх үүргийг Б.Д, Б.О нарт өгсөн. Тэгээд мэргэжилтэн Б.Отэй хамт 2-р сургуулиас өөрийнхөө дэлгүүр хүртэл гар метрээр хэмжилт хийгээд явахад 497 метр болж байл уу даа, тэгэхээр нь би 2, 3 метрийн бол яахав дээ, та нар зөвшөөрөл олгоод өгчих гээд Ш.Д даргаас гуйсан чинь тусгай зөвшөөрлийг гаргаж өгч байсан юм. Би Ш.Д даргад үнэн учраа л хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94-рт/,
Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би “****” хүнсний дэлгүүрийг 2014 оноос хойш ажиллуулж эхэлсэн. Анх тамхины тусгай зөвшөөрлөө 2016 онд гаргуулж авч байсан ба 2019 оны 03 сарын 04-ний өдөр хугацаа нь дууссан. Ингээд Тамхины хяналтынхаа хуулийн дагуу 3 жилээр дахиж сунгуулах шаардлагатай болохоор нь Есөнбулаг сумын захиргаанд хүсэлт болон шаардлагатай бичиг баримтуудаа гаргаж өгсөн. Материалаа бүрдүүлж өгснөөс хойш Есөнбулаг сумын захиргаанаас мэргэжилтэн Б.О нь зөвшөөрлөө ирж аваарай гэсний дагуу очиж авсан. Манай “****” дэлгүүр нь ерөнхий боловсролын 2-р сургуультай ойрхон байдаг учраас холбогдох хүмүүс нь радиусаар л хэмжсэн юм шиг байна лээ. Би гэхдээ холбогдох хүмүүсийг манай дэлгүүрээс сургууль хүртэл яаж хэмжсэн эсэх нь мэдэгдэхгүй байгаа юм. Харин гар метр болон алхаад хэмжээд явбал 500 метрийн хэмжээндээ хангалттай” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 56-57-рт/,
Гэрч Г.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “...Миний бие 2017 оны 10 сарын 16-аас 2019 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Есөнбулаг сумын газрын даамлаар ажиллаж байсан. “*****” “******” хүнсний дэлгүүрүүд нь 3-р сургуультай ойрхон, яагаад ч 500 метртээ хүрэхгүй байсан. Миний хувьд уг 2 дэлгүүрийн хэмжээг авахдаа 3-р сургуулийн гадна талын хайснаас дэлгүүр хүртэл хэмжилтийг авахад ямартай ч хоёулаа хүрэхгүй байсан. Энэ хоёр дэлгүүрийг хэмжээндээ хүрэхгүй байгаа талаар эздэд нь хэлсэн. Гэтэл Засаг дарга Ш.Д нь тодорхойлолтыг нь 500 метр болгоод гаргаад өгчих гэхээр нь тодорхойлолтыг нь хийгээд өгчих гээд нөлөөлж байсан. Харин “******” дэлгүүрийн хэмжээг машины км-ээ 00-оод явсан болохоор 500 метрт хүрч байсан болохоор хэн нэгэнд нөлөөлөөгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77-рт/,
Гэрч Д.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “Би “******” бөөний төвд нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд манай аж ахуй нэгж нь 2010 оноос хойш одоо хүртэл үйл ажиллагаа явуулдаг юмаа. Манай бөөний төв нь Тамхины тусгай зөвшөөрлөө 2020 онд Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж авч байсан бөгөөд тухайн үед холбогдох бичиг баримтуудыг Есөнбулаг сумын Тамгын газарт бүрдүүлж өгч байсан. Өргөдөл, хүсэлт өгсний дараа холбогдох мэргэжилтэн, албан тушаалтнууд нь хэмжилт хийсэн эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан манай бөөний төвд тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл гарсан байсан. Ингээд тэрнээс хойш тамхи худалдаалж байгаа. Гэтэл 2020 оны намар хэдэн сард байсныг санахгүй байна. Ямар ч байсан тусгай зөвшөөрөл гарсны дараа аймгийн Есөнбулаг сумын мэргэжилтнүүд манай бөөний худалдагч, ажилтнуудтай хамт хэмжилт хийгээд яваад байсан, ямар байсан хэмжээндээ арай хүрэхгүй байна, 480 бил үү 490 метр болж байна гээд ярьцгааж байсан. Миний мэдэх зүйл энэ л байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 53-54-рт/,
Гэрч П.Ц-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би “******” хүнсний дэлгүүрийг 2012 оноос хойш одоог хүртэл ажиллуулж байна. Дэлгүүр нээсэн цагаасаа эхлэн зохих журмынх нь дагуу тамхи худалдаалж ирсэн. Тамхины хяналтын тухай хууль 2014 онд батлагдангуут нь 1, 2 жилдээ тамхи зараагүй. Учир нь аймгийн Мэргэжлийн хяналт, цагдаагийн газраас албаны хүмүүс хүрч ирээд тамхи зарах юм бол торгоно гэдэг байсан. Би дэлгүүр ажиллуулж орлого олж, ар гэрээ тэжээдэг, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг учраас Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлтээ өгсөн. Тамхины хяналтын тухай хууль нь дээр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв гэж байхгүй, зөвхөн ерөнхий боловсролын хичээлийн болон дотуур байраас 500 метр гэж заасан байдаг юм байна лээ. Хууль нь дээр байхгүй нэр томьёо ашиглаж тусгай зөвшөөрөл хурааж авна, тусгай зөвшөөрөл хүчингүй болгож байгаа асуудал нь эрх бүхий албан тушаалтан нь өөрсдөө хуулиа зөрчиж байна шүү дээ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-рт/,
Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “Миний хувьд уг дэлгүүрийг Б гэж хүнээс түрээсэлж байсан. Тамхины тусгай зөвшөөрөл гарсны дараа тамхины худалдаа эрхэлж байсан үнэн. Одоо бол “******” дэлгүүрийг түрээслэхээ больсон байгаа. Б.О надаас өөр шаардлагатай бичиг баримт шаардахаар нь бүрдүүлээд аваачиж өгсөн чинь энэ дансанд 250,000 төгрөг тушаагаарай гэхээр нь банкин дээр очиж мөнгөө тушаагаад мөнгө тушаасан баримтаа мэргэжилтэн Б.О аваачиж өгч байсан. Маргааш нь тамхины тусгай зөвшөөрлөө очиж авч байсан юм. Ийм л асуудал болсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 227-228-рт/,
Гэрч Х.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “...Манай сургалт үйлдвэрлэлийн төвд 9-р анги төгссөн сурагчид суралцаж тусгай мэргэжлийг бүрэн дунд боловсролтой хамт эзэмшиж төгсдөг учраас ерөнхий боловсролын сургуультай адилтгаж үзэж болно. Учир нь Ерөнхий боловсролын 9-р анги төгссөн сурагчид манай сургалт, үйлдвэрлэлийн төвд үргэлжлүүлэн сурч 12-р ангийг төгсөж бүрэн дунд боловсролыг эзэмшихээс гадна тусгай мэргэжил буюу барилга, уул уурхай, хөнгөн үйлдвэр, үйлчилгээний 20 гаруй мэргэжлээр мэргэжил эзэмшээд төгсдөг.Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургуулийн 9-р анги төгссөн сурагчид суралцдаг гэж ойлгож болно. Манай сургалт үйлдвэрлэлийн төв нь Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсролын тухай хуулийг үйл ажиллагаандаа нэг мөр хэрэгжүүлээд сургалтаа явуулдаг бөгөөд уг хуулиудад захирагддаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 230-231-рт/,
Гэрч Д.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 2017 оны 02 сараас 2020 оны 12 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Намайг Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаанд болон миний өмнө ч гэсэн ажиллаж байсан Тамгын газрын даргад Тамхины зөвшөөрөл олгох ажлын талаарх боловсруулсан материал, иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлж байгаа хүсэлт, өргөдлийн талаар танилцуулж байгаагүй, үүнийг тодруулж хэлбэл мэргэжилтэн намайг мэдээ, мэдээллээр хангаж ажиллаж байгаагүй, тухайн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод зааснаар дээд шатны удирдлагыг мэдээ, мэдээллээр хангах, ажлаа Тамгын газрын өмнө тайлагнаж, бүх ажлынхаа гүйцэтгэлийн үр дүнг тайлагнаж хариуцлага хүлээх үүрэгтэй албан тушаалтан. Худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн нь Засаг даргыг мэдээ, мэдээллээр ч хангана, Тамгын газрын дарга намайг ч гэсэн мэдээ, мэдээллээр хангах үүрэгтэй байсан. Мэргэжилтэн Б.О нь хийж байгаа ажил үүрэгтэй холбоотойгоор ямар нэгэн зөрчил үүссэн бол тэр тухайгаа надад хэлж танилцуулж, надаас тодорхой чиг үүргийг авах ёстой байсан. Тухайлбал албан тушаалын тодорхойлолтоос Тамхитай холбоотой ажил, үүргийнх нь талаар эргэж харах, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээг нь с******улах, Тамхины хяналтын тухай хууль, түүнтэй дагалдан гарсан дүрэм журмыг с******улах байсан. Энэ асуудлын талаар 2020 оны 10 сарын мэдээд мэргэжилтэн Б.Оээс тамхины зөвшөөрөл олгосон бүх материалтай танилцаж үзэхэд 1-рт газрын даамлын хэмжилтээр тодорхойлолтууд байсан. Би тухайн үедээ мэргэжилтэн Б.От “газрын даамлын ажлын байрны тодорхойлолтод хэмжилт хийнэ гэсэн чиг үүрэг байхгүй байхад яагаад хэмжилт хийлгэсэн юм бэ, чи өөрөө хэмжилтээ хийх ёстой гэдгийг хэлж байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 59-60-р тал/,
Шинжээч Г.Б-н “...Миний бие мөрдөгчийн шинжээч томилох тогтоолын дагуу Баянхайрхан багийн “*****” нэртэй хүнсний дэлгүүрээс хэмжилт авахдаа ойр орчмын нь сургууль, цэцэрлэг боловсролын байгууллагыг судалж үзсэн. Тэгэхэд энэхүү дэлгүүртэй хамгийн ойрхон зайд ЕБ-ын 4-р сургуультай ойрхон байсан учраас уг сургуулийн баруун талын булангаас ***** дэлгүүрийн зүүн хойд талын булан хүртэл 2 долгионы GPS хэмжилтийн багажаар хэмжилт хийхэд 298,89 метрт байрлаж байсан.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Б-ийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан 01 дугаартай шинжээчийн дүгнэлт/1-р хх-ийн 114-115-рт/,
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Б-н 2021 оны 03 дугаар сарын 15- ны өдөр нэмэлтээр гаргасан шинжээчийн дүгнэлт, АUTOCAD-2015 программ дээр зай харуулсан зураглал, Googleearth-ийн зураглал /2-р хх-ийн 71, 72-73-рт/,
Нэр бүхий 13 аж ахуйн нэгжид олгосон тусгай зөвшөөрлийн хуулбарууд /1- р хх-ийн 126-135, 166-168-рт/,
Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай албан тоот /2-р хх-ийн 30-рт/,
Ш.Дг Есөнбулаг сумын Засаг даргаар томилсон тухай Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/103 дугаартай захирамж/2-р хх-ийн 122-р тал/
Ш.Дг Есөнбулаг сумын Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/69 дугаартай захирамж /2-р хх-ийн 123-рт/
Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаартай “Есөнбулаг сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Д нь нийтийн албан тушаалтанд хамаарна” гэх албан тоот /2-р хх-ийн 125-рт/,
Б.Оийг Захирагчийн ажлын албаны Худалдаа, үйлчилгээ, тохижилт хариуцсан мэргэжилтнээр томилсон Есөнбулаг сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай захирамж /2-р хх-ийн 144-рт/,
Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаартай “Есөнбулаг сумын Захирагчийн ажлын албаны худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.О нь нийтийн албан тушаалтанд хамаарна” гэх албан тоот /2-р хх-ийн 146-рт/,
Есөнбулаг сумын ЗДТГ-н ЗАА-ны Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, тохижилт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт 2018.01.04-ний өдөр батлагдсан /2-р хх-ийн 86-89-рт/,
Есөнбулаг сумын ЗДТГ-н Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт /2019.12.25-ны өдөр батлагдсан/ /2-р хх-ийн 148-153-рт/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан Ш.Д, Б.О нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр тамхины тусгай зөвшөөрөл олгох шаардлага хангахгүй нэр бүхий 13 хүнсний дэлгүүрт тусгай зөвшөөрөл олгосон үйлдлийг аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Харин “гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн хүсэлт үндэслэлгүй байна.
Учир нь шүүгдэгч нар Тамхины хяналтын тухай хуульд заасан шаардлага хангаагүй аж ахуйн нэгжид тамхи зарах зөвшөөрөл олгож хийх ёсгүй үйлдэл хийж, эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Мөн шүүгдэгч нар дээрх аж ахуйн нэгжүүдэд хууль зөрчиж зөвшөөрөл олгосноор тухайн аж ахуйн нэгжүүдэд эдийн ашигтай байдал үүсгэсэн нь бусдад давуу байдал олгосон гэж үзэх үндэслэл болж байна.
Шүүгдэгч Ш.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр буюу иргэн П.Доржсүрэн Авлигатай тэмцэх газар өргөдөл гаргасны дараа 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр А/128 дугаартай засаг даргын захирамжаар дээрх 13 нэгжийн тамхины тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудсан дахь Авлигатай тэмцэх газрын өргөдөл, гомдлын бүртгэл, 3 дугаар хавтаст хэргийн 110 дугаар хуудсан дахь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын засаг даргын А/128 дугаартай захирамж зэрэг нотлох баримтаар батлагдаж байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн 2 дугаар хавтаст хэргийн 86-89 дүгээр хуудсан дахь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан Есөнбулаг сумын ЗДТГ-н ЗАА-ны Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, тохижилт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, 148-153 дугаар хуудсан дахь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Есөнбулаг сумын ЗДТГ-н Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтуудад хуулийн хүрээнд тамхины зөвшөөрөл олгох асуудлыг шүүгдэгч Б.О Захирагчийн ажлын албаны Худалдаа, үйлчилгээ, тохижилт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа хариуцан хэрэгжүүлдэг байсан болох нь тогтоогдож байх тул Есөнбулаг сумын засаг даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ш.Дтай бүлэглэж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж аймгийн Прокурорын газраас яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалт байгаа. Иймд миний үйлчлүүлэгчийг ашигтайгаар шийдвэрлэж, гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг шүүх хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх бөгөөд тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн газрын даамлаар ажиллаж байсан Б.Д, Ш.Б нар удирдлагын хууль бус шаардлагыг биелүүлэх үүрэггүй байсан байдлыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Тухайн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байгаа учраас шүүгдэгч нараас гаргуулах гэм хорын хохирол байхгүй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ш.Д, Б.О нарыг нийтийн албан тушаалтан албан тушаал бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д, Б.О нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч Ш.Дагвыг 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.Оийг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ш.Д, Б.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Олхонууд овгийн Ш.Д, Жалайр овогт Б.О нарыг нийтийн албан тушаалтан албан тушаал бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д, Б.О нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, шүүгдэгч Ш.Дагвыг 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.Оийг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ш.Дд оногдуулсан 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.От оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүрийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан нар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Д Б.О нарт танилцуулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Д, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА