Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 1330

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн дугаар хороо,  дугаар хороолол,  дүгээр байрны  тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар , Гөрөөчин овогт Чимэддоржийн Өлзийсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн  дүгээр хороо,  дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж,  дүгээр байрны  тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар, Өрлүүд овогт Данзангийн Дорждагвад холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 173 200 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ч.Өлзийсайхан, хариуцагч Д.Дорждагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Д.Дорждагвийн хүсэлтээр 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 80 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусч мөнгөө нэхэхэд Д.Дорждагва өгнө гэсэн боловч төлөхгүй байна.Энэ хугацаанд зээлийн хүүгийн төлбөр болох 42 800 000 төгрөгийг төлсөн.Талуудын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Д.Дорждагва гэрээний үүргээ биелүүлээгүй, түүний авсан зээлийн хугацаа дууссан.Зээлдэгч Д.Дорждагва нь зээлийн төлбөр барагдуулах тухай тохирсон хэлцэл хийж гарын үсгээ зурсан болно.Иймд зээлдэгч Д.Дорждагвийн хүсэлтээр төлөхөөр хэлцэл хийж баримт бичиж гарын үсэг зурсан 173 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Өлзийсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Д.Дорждагвад 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож 80 000 000 төгрөгийг зээлдүүлсэн, үүнээс Дорждагва 42 800 000 төгрөгийн хүү төлсөн.Одоо үндсэн зээл 80 000 000 төгрөг, зээлийн хүү болон алдангийн хамт 93 200 000 төгрөг нийт 173 200 000 төгрөгийг Д.Дагвадоржоос гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Д.Дорждагва шүүхэд гаргасан тайлбартаа:Би 173 200 000 төгрөгийн төлбөрийг 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор Ч.Өлзийсайханд бүрэн төлж барагдуулна, иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Дорждагва шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би барилгын ажил эрхэлдэг бөгөөд Өлзийсайханаас зээлсэн 80 000 000 төгрөгийг буцааж өгч чадахгүй байгаадаа гэмшиж байна, нэхэмжилж байгаа мөнгийг төлөхийг зөвшөөрч байна, зээлийн хугацааг сунгаагүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ч.Өлзийсайхан хариуцагч Д.Дорждагвад холбогдуулан үндсэн зээлийн 80 000 00 төгрөг, зээлийн хүү, алданги 93 200 000 төгрөг нийт 173 200 000  төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан байна.

            Д.Дорждагва нь Ч.Өлзийсайханаас 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 80 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан болох нь талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

            Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д “зээлдүүлэгч нь зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж талууд тохирсон байна.      

            Дээрх зээлийн гэрээний үүргээс Д.Дорждагва 42 800 000 төгрөгийг эргүүлж зээлдүүлэгчид төлсөн үйл баримтад талууд маргахгүй байна.

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасны дагуу зээлийн гэрээний хугацаа 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дууссан байхад талууд зээлийн гэрээний хугацааг сунгасан талаарх баримт хэрэгт ирүүлээгүй байх тул тухайн зээлийн гэрээний хугацааг сунгагдсан байна гэж үзэх боломжгүй байна.

            Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацаа 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дууссанаас хойшхи хугацаанд зээлийн хүү бодогдох хуулийн үндэслэлгүй байхад хариуцагчийн эргүүлэн төлсөн 42 800 000 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөр гэж үзсэн нэхэмжлэгчийн тайлбар хуулийн үндэслэлгүй байна.

            Иймд талуудын гэрээгээр тохирсон нөхцлийн дагуу зээлдэгч Д.Дорждагва үндсэн зээлийн 80 000 000 төгрөг, 3 сарын зээлийн хүү 12 000 000 төгрөг нийт 92 00 000 төгрөгийг Ч.Өлзийсайханд төлөх үүрэгтэй байх бөгөөд үүнээс хариуцагчийн буцаан төлсөн 42 800 000 төгрөгийг хасахад 49 200 000 төгрөгийн үүрэг төлөгдөөөгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийх бөгөөд талууд дээрх хэлцлээр алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь үндсэн зээлийг бүрэн төлөөгүй нөхцөлд гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гэрээний үүргийн хариуцлага буюу алданги төлөх үүрэгтэй тул энэхүү 49 200 000 төгрөгийн үүрэгт 24 600 000 төгрөгийн алданги тооцож нийт 73 800 000 төгрөгийг Д.Дорждагва нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1,    232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан Данзангийн Дорждагваас 73 800 000 /далан гурван сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулан Чимэддоржийн Өлзийсайханд олгож, үлдсэн 99 400 000 /ерэн есөн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 023 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д.Дагвадоржоос 526 950 /таван зуун хорин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан Ч.Өлзийсайханд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         З.ДОРЖНАМЖИН