Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2021/00794

 

 

 

Д.Уранчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/00140 дүгээр шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Д.Уранчимэг

Хариуцагч: Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 437 дугаар нээлттэй хорих анги

Хариуцагч: Итгэлт-Эстимэйт ХХК

 

нэхэмжлэл: үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын хяналтын журмаар 2020.04.16-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие Хас банкнаас авсан зээлийн үлдэгдэл 38,140,279 төгрөгийг төлж чадаагүйгээс Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас Өрлөг зэлмэ ХХК-ийн өмчлөлтэй сендвичен барилгыг шийдвэр гүйцэтгэлийн албанаас төлбөрийн гүйцэтгэлийг хангуулахаар албадан дуудлага худалдаанд оруулахаар үнэлгээ хийсэн билээ. ..Итгэлт-Эстимэйт ХХК үнэлгээний байгууллагаас 2019.10.01-ний өдөр дүгнэлт гаргахдаа дээрх барилгын онцлог шинж, орлого зарлагыг харгалзан үзээгүй 164,225,300 төгрөгөөр үнэлсэн талаар 2019.10.04 ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн газраас танилцуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны саналаар хийгдсэн нь Итгэлт-Эстимэйт ХХК үнэлгээний байгууллагын үнэлгээ хийхдээ А зэрэглэлийн газарт байрлаж байгаа бусад обьектуудтай жишиж үнэлгээг тогтоосон гэх боловч эдгээр обьектуудын 250-1000 м.кв талбайтай 70,000,000-250,000,000 төгрөгөөр 2019 онд худалдаалагдсан, үнэлэгдсэн обьектуудтай жишиж үнэлгээг гаргасан атлаа тэднээс өндөр үнэтэйгээр үнэлсэн нь үндэслэлгүй байна. Уг үнэлгээг эх баримтаар өгөх боломжгүй гэсэн ба хуулбарлан авах хүсэлт гарахад мөн боломжгүй гэх хариуг өгсөн. Шүүхийн журмаар гаргуулахад өгөх боломжтой гэсэн. Иймд Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны хүсэлтээр хийгдсэн Итгэлт-Эстимэйт ХХК үнэлгээний байгууллагын 2019.10.01-ний өдрийн 64/03 тоот үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 437 дугаар нээлттэй хорих анги тайлбартаа: ...ИХ-н 177.1-д заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор Итгэлт-Эстимэйт ХХК-ийг томилж үнэлгээ хийлгэхэд 3 үл хөдлөх эд хөрөнгийг нийтэд нь 164,225,300 төгрөгөөр үнэлсэн. ШШГТХ-н 55.3-т заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг талууд болон талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөндлөнгийн шинжилгээний байгууллага томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан бие даан дүгнэлт гаргадаг тул төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус газар хариуцахгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Итгэлт-Эстимэйт тайлбартаа: ҮОУС-ын аргын дагүу орлогын хандлага, өртгийн хандлага, жиших хандлагын аргуудаар тооцож үзэж зах зээлийн жиших хандлагын аргад ач холбогдол өгөн тооцож дүгнэлт гаргасан. Бидний үнэлгээ хийж буй обьект нь Эрдэнэт хотын 3-р микрт, 3-13-р байрны ард, Орос 8-р цэцэрлэгийн урд байрлалтай, 1-р барилгын хувьд сууриараа 10,6м*6,4м хэмжээтэй бетон цутгамал суурьтай, сэндвичин ханатай, модон хучилттай, налуу төмөр дээвэртэй, 2-р барилгын хувьд сууриараа 8,0м*6,8м хэмжээтэй бетон цутгамал суурьтай, сэндвичин ханатай, модон хучилттай, төмөр налуу дээвэртэй, хуванцар рамтай вакум цонхтой, төвийн дулааны шугаманд холбогдсон барилгууд байсан. Зах зээлийн жиших хандлагын дагуу бүх үнийн мэдээллийг энэхүү үнэлгээг шинэчлэн хийх үед буюу 2019.09 сард хэвлэл мэдээллийн хэрэгслээс авсан болно гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 142/ШШ2020/00140 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1,177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2,55.3, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1,9.2-д заасныг баримтлан үнэлгээг хүчингүй болгосон байна.

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/00140 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чанцалдулам давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурджээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: магадлалыг ИХШХШТХ-н 172.2.1-д заасан үндэслэлээр буюу хуулийг буруу тайлбарласан гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. 1. ИХШХШТХ-н 44.2-т зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь боломжгүй бол нотариатаар батлуулсан хуулбарыг өгнө гэх заалтыг анхан шатны шүүх ... хуульд заасан шаардлагыг хангуулж аваагүй гэж буруутган шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх нотлох баримтыг эхээр хэрэгт хавсаргах, нотариатаар батлуулах, нотлох баримтын шаардлага хангуулах зэрэг үүргийг хуулиар хүлээгээгүй бөгөөд зохигч нотлох баримтын шаардлага хангаж, нотлох баримтаа хуульд заасан журмын дагуу гаргах, цуглуулах үүргийг ИХШХШТХ-н 38.1-д заасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авснаас шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хариуцагч нотлох баримтаа бүрдүүлж өгөх боломжтой байсан бөгөөд бүрдүүлж өгөөгүй. 2. Мөн хуулийн 38.5-д зааснаар зохигч нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж, цуглуулж өгөөгүй бол нотлох чадвараа алдах талаар заасан бөгөөд шүүх шийдвэрийнхээ үндэслэл болохгүй гэж заасан байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 3. Хариуцагч өөрийгөө үнэлгээ гаргах эрхтэй тусгай зөвшөөрөл олгогдсон эрх бүхий байгууллага гэдгээ нотлох баримтаа хуулийн дагуу гаргаж өгөөгүй байдалд анхан шатны шүүхийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нотлох баримтыг шаардлага хангаж өгөх эрх үүргээ мэдэж байсан этгээд байхад ХХША-ны журмыг анхан шатны шүүх зөрчсөн гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Уранчимэг 2019.10.10-ны өдөр Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 437 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2019.10.01-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгохыг шаардсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа хуульд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

 

Д.Уранчимэг нь ...эд хөрөнгийг өндөр үнээр үнэлсэн...үнэлгээ үндэслэл бүхий болоогүй... \хх1, 69\ гэж 2019.10.01-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгохыг шаардаж шүүхэд ханджээ.

 

Эд хөрөнгийн талаарх шинжээчийн үнэлгээ өндөр байгаа нь төлбөр төлөгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн, үнэлгээ үндэслэл бүхий болоогүй гэх үйл баримтын талаарх тайлбараа нэхэмжлэгч нотолж чадаагүй байна.

 

Хариуцагч гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн гаргасан баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээдийг оролцуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД, Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН