Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 12

 

                              Б.Н холбогдох эрүүгийн

                                                   хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, ерөнхий шүүгч Ш.Баттогтох, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ц.Сайнхүү, 

Шүүгдэгч Б.Н, түүнийг өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн давж заалдах гомдлоор, Б.Н-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, урьд нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, төрөөс авсан гавьяа шагнал байхгүй, хэрэг хариуцах чадвартай, Б Н.

Шүүгдэгч Б.Н нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Алтай сумын төвд 2018 оны 7 дугаар сарын 8-ны шөнө зэвсэг буюу хутга хэрэглэж С.Б зүүн гарын дээд булчин хэсэгт 2 удаа, зүүн дал орчим 1, хүзүүний зүүн талд 1, зүүн чихний хойд хэсэгт 1 удаа нийт 5 удаа хутгалж, С.Б биед зүүн чамархайн хуйхан дахь гавлын хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсны зүсэгдсэн шарх, аалзан хальсны цус харвалт, зүүн эгэмний дээд хэсэг, хүзүү, зүүн дал, бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацар, баруун мөрөнд зулгаралт гэмтэл буюу хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар шүүгдэгч Б.Н 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж. Шүүгдэгч  Б.Н цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Н 5.133.330 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Б хууль ёсны төлөөлөгч Н.Д олгож, 13.980.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, 721.582 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д нь хэлэлцэхгүй орхисон 13.980.000 төгрөг болон хойшид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэвэл гэж шүүгдэгч Б.Н архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Алтай суманд 2018 оны 07 дугаар сарын 8-ны шөнө зэвсэг буюу хутга хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Б.Н хувьд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг санаатай үйлдсэн гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж бусдын биед хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал хавтаст хэргийн материал болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогддог. Б.Н нь гэм буруугийн асуудал дээр маргадаггүй бөгөөд шүүхээр тогтоогдсон хохирол 5.133.330 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлсөн. Хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд гэрч Амаржаргалын мэдүүлэг байгаа. Улсын яллагч ажлаа хийж чадаагүй. Хохирогч С.Б асуудлыг шийдвэрлээгүй. С.Б асуудал тусдаа гэдэг зүйлийг хэлж байна. С.Б нь Б.Н чих рүү цохьсон асуудал тогтоогдохгүй байгаа гэж тайлбарлаж байна. Харин эсэргээрээ хангалттай нотлогдож байгаа. Мөрдөгч С.Б таны хаашаа цохиж ямар гэмтэл учруулсан юм бэ гэж шүүгдэгчээс асуухад С.Б миний зүүн чих рүү цохисон гэдэг зүйлийг хэлдэг. Хохирогчийн мэдүүлэг, гэрч Амаржаргалын мэдүүлэг, хохирогчийн биед гарсан гэмтлийн зэрэг, шинжээчийн дүгнэлт зэргийг хохирогчийн өмгөөлөгч яаж үгүйсгээд байгаа юм бэ? Өнөөдөр С.Б асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Хохирогчийн өмгөөлөгч тайлбартаа Ганцэцэгийн мэдүүлгээр гэдэг зүйлийг хэлээд байна. Ганцэцэгийн мэдүүлэгт энэ хоёр хүнийг хоорондоо барьцалдаж авч байхыг харсан гэдэг. Амаржаргалын мэдүүлгийг яаж үгүйсгээд байгаа юм бэ? Иймээс давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

Шүүгдэгч Б.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Ганцэцэг гэдэг гэрч нь намайг бүжгийн талбай дээр байхад С.Б өөрөө ирж маргаан эхлүүлж намайг боосныг гэрчилдэг. Би тэндээс гараад цэргийн байр руу явах замдаа Сумъяа гэдэг залуутай таардаг. Тэндээс би буцаад бүжгийн талбайд очиход С.Б намайг буцаж ирлээ гэдэг шалтгаанаар чихний хэнгэргийг бяц цохисон байдаг. Удаа дараагийн гэм буруутай хүч хэрэглэсэн гэдэг асуудал гарч ирээд дараа нь миний гэм буруутай асуудал яригдах ёстой байсан. Ганцэцэг, Амаржаргал хоёр тусдаа болсон явдалыг гэрчилж байгаа. С.Б  хууль бус үйлдлийг хааж өмгөөлж өгсөн боловч гэм буруутай үйлдлээ батлан өгүүлсэн байдаг. Улсын яллагч Б.Н бүжгийн талбай дээр буцаж очсон гэдгээр санаатай гэж хэлж байгаа. Засгийн газраас санхүүжүүлсэн Алтай сумын Засаг даргын захирамжаар болсон албан ёсны баярын хөтөлбөр байсан. Энэ баяр руу ороход С.Б надад хууль бус шаардлага тавьсан. Би түүнийг эсэргүүцэж өөрийн эрхээ биелүүлж үдэшлэгт үргэлжлүүлэн орсноороо Монгол Улсын ямар хууль тогтоомж зөрчсөн юм бэ? Намайг үдэшлэгт буцаж ирлээ гэдэг шалтгаанаар С.Б миний чихний хэнгэргийг хагалсан нь С.Б зөвшөөрөгдсөн ямар үйлдэл байсан юм бэ? Мөн намайг согтуу байсан гэдэг зүйлийг хэлж байна. 2008 онд албадан мэдүүлэг авахыг хүний эрхийн комиссын хороогоор эрүү шүүлт болгосон. Надаас миний эсрэг мэдүүлэг авсан. Үүний дараа 07 дугаар сарын 24-нд мэдүүлэг өгөхөд намайг яллагдагчаар татсан байсан. Үүнээс эхлээд Б.Н согтуу байсан гэдэг зүйлийг ярьж байгаа. Юуг үндэслэж согтуу байсан гэж нотлоод байгаа юм бэ? намайг хутга авахыг  хүн харсан юм уу? мөн гэрч Сумъяаг байцаахад Сумъяа мэдэхгүй гэж хэлсэн байдаг. Намайг драгер үлээлгэсэн юм уу? надаас цусны шинжилгээ  авсан юм уу? яагаад намайг баримтгүй гүтгээд байгаа юм бэ? би тэр бүжгийн орой эрүүл, бүх хүнтэй эелдэг зөөлөн харилцаж байсан. Хүмүүсээс мэдүүлэг авахдаа Б.Н согтуу байсан гэдгийг нотлох гэж тулгаж асуусан мэдүүлгээр хавтаст хэрэг дүүрсэн байдаг. Ингээд С.Б хуулийн өмнөх гэм буруу нь дарагдсанаар энэ хэргийг Б.Н санаатайгаар үйлдсэн гэдэг зүйл яригдаж байна. С.Б үйлдлийг тогтоосон бол хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас миний сэтгэл санаа цочрон давчидсан гэдэг нь тогтоогдох байсан. С.Б нь удаа дараа заналхийлж түүнийгээ хэрэгжүүлсэн учир миний чихний хэнгэрэг хагараад хагас муужирхад хэрэг хариуцах чадвартай гэдгийг нотолсон. Анхан шатны шүүх хуралдаан дээр намайг F1 гэдэг өвчнөөр оншилсон байдаг. Би тийм сэтгэцийн эмгэгтэй явсанаа огт мэдээгүй. Сэтгэцийн эмгэг сэтгэцийн хэвийн байдал алдагдах гэдэг нь шууд нэг утгаараа Эрүүгийн хуульд байдаг. Сэтгэцийн ухамсар гэдэг нь тусдаа асуудал. Анхан шатны шүүх хуралдаан дээр Баатаржав эмчийг байлцуулаад энэ хүн хэрэг хариуцах чадвартай хүн үү? гэж асуухад Б.Н өнгөрснийг санах чадвартай гэж хариулсан. Баримтгүйгээр хүн гүтгэж болохгүй. Санаатайгаар, хохирогчийн зүй бус буруутай үйлдэл байгаагүй гэдгээр ярьж байна. Хохирогчийн эхлүүлсэн гэм бурууг үүрч байна. Гэхдээ хохирогчийг хутгалсан үйлдэлдээ би маш их гэмшиж явдаг. Эмнэлэгт байхад нь ном уншуулсан, ээж аав 1000 километрийн цаанаас ирж уулзсан. Хохиролд төлсөн мөнгийг манай ээж аав хоёр тэтгэврийн зээл авч төлж байгаа. Хохирогчийн гэм буруутай үйлдэл хуульд байна уу? Б.Н чихний хэнгэрэг хагарсан байгаа шүү дээ гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ: Өнөөдөр С.Б холбогдох хэрэг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй. Б.Н холбогдох хэрэг шийдэгдэж байгаа. Б.Н хэнгэргийг С.Б хагалсан, хагалаагүй гэдэг асуудал энэ хавтаст хэргээр тогтоогдоогүй. Гэмт хэргийн шинжгүй учир яллагдагчаар татах үндэслэл байхгүй. Намайг хүн боогоод цохисныг хүн харсан гэж байна. Гэтэл Б.Н чихэнд цохьсон гэж хэлээгүй. Хаашаа цохьсон талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Ганцэцэг гэдэг хүний мэдүүлгийг үндэслээд байна. Гэтэл Ганцэцэг мэдүүлэгтээ 304 дүгээр ангийн өндөр цэрэг залуу бүжгийн талбайд ирсэн. Төрийн банкны эмэгтэйн хажууд ирээд түлхээд нудраад авах шиг болсон чинь С.Б ах ирээд нөгөө цэрэг залуутай үг сөрөөд заамдалцаад түлхээд би С.Б ахын хажууд байсан учир С.Б ахыг салгаад, С.Б ахыг холдуулсан нэг их сүртэй зүйл болоогүй гэж мэдүүлдэг. Шүүгдэгчийн хэлж байгаа шиг боогоод багалзуурдаад амь насанд аюултай байдал үүсгэсэн гэдэг зүйлийг хэлдэггүй. “Нэг мэдсэн С.Батсүрэн ах, нөгөө цэрэг залуу хоёр алга болсон байсан. Удалгүй бүжгийн талбай дээр С.Б, цэрэг залуу хоёр ирээд дахиад маргалдаад зогсож байх шиг байсан. Нэг их удалгүй байж байтал хүмүүс орилолдоод эхэлхээр нь харахад С.Б ах газарт унасан байсан. Хүмүүс С.Б ахыг тойроод овоорсон байсан. Очоод харахад С:Б ахын биенээс цус гоожиж газарт урссан байсан” гэж мэдүүлдэг. Б.Н чих рүү цохиж хэнгэргийг хагалсан талаар нэг ч гэрчийн мэдүүлэг байхгүй. Энэ хүн хаана хэнгэргээ цоолсон байхыг ч үгүйсгэхгүй. Гэрчээр нотлогдохгүй байгаа асуудал. Эмнэлгийн баримтаар энэ хүний хэнгэрэг хагарсан байна. Юунаас болж хагарсан талаар мэдэхгүй. Би архи уусан байсан учир цусны шинжилгээ авсан гэдэг. Гэтэл архи уухаас өмнө таарсан хүмүүс нь энэ хүнийг согтуу байсныг гэрчилдэг. Шүүгдэгч нь 10 хоног архи уусан гэж хэлдэг. Хэргийн бодит байдлыг гуйвуулах гэж, тэнд хохироод үлдсэн хүнийг өөрийнхөө хажууд суулгах гээд ийм юм яриад сууж байж болохгүй. Хохирогч нь шүүгдэгчийг харахаараа айдас хүйдэст автаад байгаа. Анхан шатны шүүх хуралдаан завсарлахад гарч дарамталсан байдаг. Намайг тэр хүн чинь өвчтэй гэсэн гараараа боож унагалаа гэж доромжилсон. Хэргээр тогтоогдоогүй асуудлыг шүүх хуралдаанд иш татан ярьж байгаад хамарсалтай байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх асуудал дээр шүүхийн эрх хэмжээний асуудалд халдаагүй. Би ял хөнгөрүүлэх үндэслэл байхгүй гэдэг зүйлийг ярьсан. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд яригдах асуудал. Шүүгдэгч нь би хутгалсан гэхдээ санаатай биш гэж хэлж байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн тухайд алахыг завдсан гэсэн байр суурьтай байна гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Алтай сумын төвд 2018 оны 07 дугаар сарын 08-ны шөнө зэвсэг буюу хутга хэрэглэж С.Б зүүн гарын дээд булчинд 2 удаа, зүүн дал орчим нэг, хүзүүний зүүн талд нэг, зүүн чихний хойд хэсэгт нэг удаа, нийт 5 удаа хутгалж С.Б биед хүнд гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Дээрх хэргийг Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцэж 35 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Дээрх шийтгэх тогтоол дээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророос оролцож байгаа. Өмгөөлөгчийн гаргасан тайлбар болоод гомдолтой холбоотой тайлбарыг прокурорын зүгээс хэлсэн. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд аливаа асуудлыг шийдвэрлэхээр хуулийн заалт байгаа. Иймээс анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг төдийгүй хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэгт зааснаар  мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Мөн хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой.

Анхан шатны шүүх Б.Н, С.Б нарын харилцан бие биедээ гэмтэл хохирол учруулсан байж болох үйлдлүүдээс зөвхөн Б.Н С.Б хутгалсан үйлдэлд үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь шүүхээс хэргийн талаар бодитой дүгнэлт хийхэд сөргөөр нөлөөлсөн байна.          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бодитой нотолсон эсэх нь мөн хуулийн 32.3 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу прокуророос хэргийн талаар хяналт тавьж ажилласан байдалтай шууд холбоотой.   

Өөрөөр хэлбэл прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх”, 1.7 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэх”,  1.10 дахь хэсэгт заасан “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх”, гэм буруутай бол 1.9 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тодруулсан эсэхийг” хянах шаардлагуудыг зөрчсөн нь шүүхээс хэргийн бодит байдлыг зөв тогтоож, үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Б.Н нь хохирогч С.Б хутгалсан үйлдээ хүлээн зөвшөөрч байгаа боловч С.Б довтолгооноос өөрийгөө хамгаалах зорилгоор уг үйлдлийг хийсэн гэж мэдүүлж байгаа бөгөөд хэргийн үйл баримт буюу С.Б, Б.Н нарын үйлдлийг тухайлбал С.Б нь Б.Н биед гэмтэл учруулсан эсэх, Б.Н ямар, ямар үйлдлийн улмаас хохирогч С.Б биед ямар гэмтэл учирсан,  хохирогч С.Б биед учирсан хөхрөлт, зулгаралт зэрэг гэмтлүүд хэзээ, хэний ямар үйлдлийн улмаас ямар хүчний үйлчлэлийн улмаас үүссэн зэргийг нарийвчлан тогтоож, шүүгдэгч, хохирогч нарын  үйлдлүүдийн сэдэлт, санаа зорилго зэргийг тогтоож, тэдгээр үйлдэлүүдэд хууль зүйн дүгнэлт хийснээр хэргийг бодитой шийдвэрлэх боломжтой бөгөөд эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах” тухай заалт нь прокурор яллаагүй, шүүхэд шилжүүлээгүй гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хязгаарлаж байгаа болохоос бус шүүхэд шилжүүлсэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийг прокурорт буцааж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн асуудал болохгүй бөгөөд шүүгдэгчийн эрхийг хамгаалах зорилготой энэхүү зохицуулалт нь шүүгдэгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болох учиргүй.

Мөрдөгч, прокурор хүн хуулийн этгээдээс гэмт хэргийн талаар гомдол гаргасан, мэдээлсэн эсхүл гэмт хэргийн шинжийг өөрөө шууд илрүүлсэн тохиолдолд шалгах үүрэгтэй бөгөөд мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянаж  үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх буюу хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, харъяаллын дагуу шилжүүлэх саналын аль нэгийг прокурорт гаргахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заасан байна.

Б.Н нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын төвд бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан тухай мэдээллийг хүлээн авч 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Б.Н биед гэмтлийн зэрэг тогтоолгох зорилгоор шинжилгээ хийлгэсэн, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авсан байна.

Гэвч мөрдөгч Б.Н нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан талаарх энэхүү гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх буюу, нээхээс татгалзах, харъяаллын дагуу шилжүүлэх талаар ямар нэгэн санал гаргаагүй, энэ гомдол мэдээллийг мөрдөгч, прокурор зохих ёсоор шалган тогтоож, хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлээгүй нь уг үйлдлийн талаар бодитой үнэлж дүгнэх боломжгүй болгож байгаа бөгөөд анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэхэд хүргэж байна.

Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах таалаарх саналыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дугаар заалтад заасан үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн давж заалдах гомдлыг хангаж, Б.Н холбогдох эрүүгийн хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Шүүгдэгч Б.Н урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалыг эс зөвшөөрвөл хуульд заасан үндэслэл журмын дагуу прокурор ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                                                ДАРГАЛАГЧ                                   Т.ЖАРГАЛСАЙХАН

                                        ШҮҮГЧИД                                   Ш.БАТТОГТОХ

                                                                                        Ч.ЭНХТӨР