Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 40

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэцэцэг

Улсын яллагч Ж.Очирбат

Хохирогчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам, И.Олонмөнх

Хохирогч Г.Өлзийбаатар

Шүүгдэгч З.Эрдэнэбилэг нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Эрдэнэбилэгт холбогдох 201612000028 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10 сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1973.12.05-нд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сум 6-р баг Боржигоны 10-6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗЮ73120596/ Боржигон овогт Зулын Эрдэнэбилэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас насанд хүрээгүй Д.Ууганцэцэгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр дараахь баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

-  Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт:  Өмнөх өдөр нь айлын найранд суугаад өглөө 04 цагт гэртээ ирсэн. 5 цаг 30 минутын үед манай ажлынхан ирж намайг сэрээгээд, ажил руу явах гэсэн унаа олдохгүй байна. Ажил руу хүргээд өг гээд байсан. Тэгээд театрын урд засмалаар урагш явж байгаад 1 дүгээр 10-н жилийн гарцан дээр 2 хүүхэд түрүүлээд гарсан. Би гарцнаас 6,7 м зайтай байсан. Зохицуулагч хойшоо хараад зогсож байсан ба 2 хүүхэд явж байхаар арай орж ирэхгүй байх гэж бодож байтал талийгаач ороод ирсэн. Би тэр үед дуут дохио болон тормоз гишгэж амжаагүй. Машиныхаа буруу талын толь хэсгээр мөргөсөн. Тэгээд эмнэлэг рүү хүүхдийг авч очоод, дараа нь цагдаа дээр очсон гэж мэдүүлэв.

-  Хохирогч Г.Өлзийбаатар шүүхийн хэлэлцүүлэгт “2016 оны 2 сарын 22-ны өдөр 13 цаг 30 минутын үед баруун цагаан дэлгүүрийн зүүн гудамжинд бага ангийн хүүхэд хичээлээс нь ава,ад харьж явтал өөдөөс охин маань ангийнхаа хүүхэдтэй гарч ирсэн. Хаа хүрэх нь вэ гэхэд цуглаандаа явж байна гэсэн. Би хариад дэлгүүр орох гээд явлуу яалаа тэгтэл удалгүй 2 цаг болж байхад хөгшин утасдаад хүүхэд аваарт орчихлоо, хурдан ир гэсэн. Гэртээ очоод хөгшинтэйгээ хамт эмнэлэг дээр ирэхэд ухаангүй, аппараттай хэвтэж байсан. Хүү дэргэд нь байсан. Тухайн үед юу болсныг сайн санахгүй байна. Тэгээд дөрөв хоногийн дараа хот авч явах гээд хотоос тоноглогдсон аппараттай машин дуудсан. Эмнэлэг ч эмч нарыг дуудсан. Хотоос ирсэн эмч нар авч явах ямар ч боломжгүй гэсэн. Тэгээд өнгөрсөн. Өөрсдийн зардлаар машин дуудсан. Хойноос эмнэлэг эмч нарын багийг дуудсан. Их эмч нь нэрээ хэлж байсан ч нэрийг нь мартчихсан байна. 700-800 метр газар шидэгдсэн байна. Хот руу авч явах ямар ч боломжгүй, хот хүрэхгүй гэсэн. Тэгээд авч яваагүй гэж мэдүүлэв.

- Насанд хүрээгүй гэрч Э.Намжилдуламын “ ... тэгээд гарцтай газраар Одонтунгалаг, Пунсандулам нар гарсан ба ардаас нь Ууганцэцэг бид хоёр гарах гэж байсан юм. Ууганцэцэг миний зүүн гар тал буюу хойд талд надаас үл ялиг урдуур явсан байх тэгсэн хойд талаас нэг машин хурдтай ирээд Ууганцэцэгийг дайраад нилээн урд очтол нь мөргөсөн. Жолооч нь бололтой нэг согтуу ах гарч ирээд түргэн дуудсан юм уу гээд байсан. Хэсэг хугацааны дараа түргэн ирээд Ууганцэцэгийг аваад явсан ба жолооч нь түргэний машинтай хамт явсан. Дуут дохио бол өгөөгүй гэх мэдүүлэг /1-р х.х-45/

- Гэрч Х.Бурамын: Би 2016.02.22-ны өдөр 13 цагаас 18 цагийн хооронд 1-р сургуулийн зүүн талын зам дээр эцэг эхийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Би 1-р сургуулийн зүүн талын явган хүний 2 гарцны хойд талын гарц дээр замын баруун талд нь зогсож зохицуулагч хийж байсан ба ар талаас хэдэн хүүхдүүд ирээд замаар явган хүний гарц хэсгээр гарах гэж байтал хойд талаас нэг машин хүчтэй орж ирээд нэг хүүхдийг нь мөргөөд урагшаагаа өнхөрүүлээд нөгөө машин нилээн урагшаагаа яваад зогссон ба жолооч нь гарч ирээд түргэн дуудаад тэгээд түргэний машинтай хамт явцгаасан. Би зохицууллага хийж  модоо өргөсөн эсэхээ санахгүй байна гэх мэдүүлэг /1-р х.х-37/

- Гэрч Н.Пунсандуламын: ...би Одонтунгалагтай хамт гарцаар гарч байсан ба ардаас Ууганцэцэг, Намжилдулам нар гарч байсан. Тэгсэн ард гэнэт түс хийх чанга чимээ гарсан тэгээд эргээд хартал Ууганцэцэг нилээн урд хэвтэж байсан. Мөргөсөн машин нь мөн нилээн урагшаагаа яваад зогссон. Тэгээд хэсэг хугацааны дараа түргэн болон цагдаа нар ирсэн. Тээврийн хэрэгсэл дуут дохио өгөөгүй гэх мэдүүлэг /1-р х.х-38/

- Гэрч Д.Одхүүгийн: 2016.02.22-ны өглөө ажлын Эрдэнэбилэг ахынд мөн ажлын Мөнхбаяр, Мөнхдэлгэр, Золбаяр, Баярсайхан нарын хамт нэг шил архи уугаад бид хэд Гурвансайхан сум руу гарсан юм. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна.  Аймгийн театрын уулзвараар урагшаагаа уруудаж байсан. Тэгсэн гэнэт түс хийх чимээ гарахаар нь Эрдэнэбилэг ахаа та хүн дайрчихвуу гэж асуухад Эрдэнэбилэг ах зогсоод хойшоогоо гүйгээд яваад өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа эмнэлэг ирсэн. Эрдэнэбилэг ах цуг явсан. Тээврийн хэрэгслийг Эрдэнэбилэг ах жолоодож явсан гэх мэдүүлэг /1-р х.х-39/

- Насанд хүрээгүй гэрч О.Одонтунгалагын: ... Бид хэд сургуулийн баруун талд Нарлаг гэх дэлгүүрийн гадаа уулзаад зүүн тийшээ явж сургуулийн хашаагаар гараад замын гарцаар зам хөндлөн гарах гэж байсан юм. Гарцан дээр нэг эгч хантааз өмссөн зохицуулагч хийж байсан. Пунсандулам бид хоёр эхлээд зам гарсан ба ард Намжилдулам, Ууганцэцэг хоёр ардаас явж байсан. Тэгсэн ард гэнэт түс хийсэн дуу гарсан тэгээд эргээд хартал Ууганцэцэгийг нэг машин мөргөчихсөн. Ууганцэцэг нилээн урд хэвтэж байсан. Хэсэг хугацааны дараа түргэн ирсэн. Тэгээд Ууганцэцэгийг аваад явсан. Жолооч ах мөн хамт явсан. Дуут дохио бол өгөөгүй гэх мэдүүлэг /1-р х.х-44/

- Шинжээчийн 2016.02.23-ны өдрийн 33 тоот дүгнэлтэд “1. Истана маркын 25-94 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан З.Эрдэнэбилэг нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. 2.  Истана маркын 25-94 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан З.Эрдэнэбилэг нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а –д согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 3. Явган зорчигч Д.Ууганцэцэг нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна гэжээ. /1-р х.х-92/

- Шинжээчийн 2016.03.22-ны өдрийн 34 тоот дүгнэлтэд “1. Замын цагдаагийн тасгийн шинжээч а/х Т.Ганбаярын гаргасан 33 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Истана маркын 25-94 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан З.Эрдэнэбилэг нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 13.1-д заасныг зөрчсөн байна. 3. Явган зорчигч Д.Ууганцэцэг нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна гэжээ. /1-р х.х-94/

- Шинжээчийн 2016.08.29-ний өдрийн техникийн дүгнэлтэд “1. 25-94 УБӨ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл нь 2015.05.05-нд Дундговь аймагт үзлэг оношлогоонд хамрагдсан байна. 2. Ослын улмаас баруун урд тольны кронштен хугарч толь хагарсан, урд салхины шил хагарсан, баруун урд дохио хагарсан, баруун урд их гэрэл дотогш цөмөрч шил хагарсан зэрэг эвдрэл гэмтэл илэрсэн бөгөөд осол болсны дараа үүссэн байх талтай. 3. Дээрхи гэмтэл нь осол гарахад нөлөөлөөгүй. 4. Тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгүүр сольсон нь тээврийн хэрэгсэл ашиглах хориглох эвдрэл гэмтэл техникийн зөрчилд хамаарахгүй бөгөөд, арын шил байхгүй, заалны хаалга онгойхгүй зэрэг нь тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох зөрчилд хамаатай болно гэжээ. /2-р х.х-166/  

- Согтуурал шалгасан тэмдэглэлд 2016 оны 2 сарын 22-ны өдрийн 15 цагт З.Эрдэнэбилэгийн согтуурлыг драгерь багажаар шалгахад 1.48 хувь согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэжээ. /1-р х.х-29/

 

Дээрх баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч З.Эрдэнэбилэг нь 2016 оны 2 сарын 22-ны өдөр 14 цагийн орчимд согтуурсан үедээ  Istana маркийн 25-94 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж, Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-ын ”Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн  2.7-ын “а”-д согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, 13 дугаар зүйлийн 13.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтаар хүлээсэн үүргээ зөрчиж, гарцаар явж байсан явган зорчигч Д.Ууганцэцэгт зам тавьж өгөлгүйгээр мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь баримтаар тогтоогдож байна.

Хохирогч Д.Ууганцэцэг нь зам тээврийн осолд орсны дараа эмнэлэгийн тусламж авсан боловч 2016 оны 2 сарын 26-ны өдрийн 22 цаг 50 минутанд нас барсан, хохирогч Д.Ууганцэцэгийн үхлийн шалтгаан нь автомашинд мөргүүлсний улмаас авсан гэмтэл болох нь өвчний түүх, нас барсны гэрчилгээ, шинжээчийн 09 тоот дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.  /1-р х.х 50-90, 127, 47/

Зам тээврийн осол гаргах үед З.Эрдэнэбилэгийн жолоодож явсан Istana маркийн 2594 УБӨ улсын дугаартай автомашины арын шил байхгүй, заалны хаалга онгойхгүй, өнгө үзэмж маш муу болох нь уг тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэг, гэрэл зураг, техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /1-р х.х 8-11, 2-р х.х-115, 166/ Энэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт “Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил”-ийн 6 дугаар зүйлийн 6.4-ийн “Хаалга тэвшний цоож түгжээ эвдэрсэн, гүйцэд хаагдаж нээгдэхгүй болсон”, 6.5-ын “ар талаа харах толь, салхины шил, нарны хаалтгүй болсон”, 6.9-д “…бүхээг, тэвшний гадна хэсэг их хэмжээгээр эвдэрсэн  буюу өнгө үзэмж нь илт муудсан” зэрэг тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглосон зөрчилтэй тээврийн хэрэгслийг жолооч З.Эрдэнэбилэг жолоодож явжээ.

Энэхүү зөрчил нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөөгүй боловч жолооч З.Эрдэнэбилэг нь бүрэн бүтэн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үүргээ зөрчиж, ашиглахыг хориглосон зөрчилтэй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон нь осол гарах шалтгаан болсон байна.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзээд шүүх З.Эрдэнэбилэгийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, ашиглалтын журам зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Д.Ууганцэцэгийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

2/ Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч нь амь насны төлбөр, оршуулгын зардал, өмгөөлөгчийн хөлс, өмгөөлөгч нарын замын зардал нэхэмжилж баримт гаргаж өгснийг судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

1/ Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг хохирогчийн төлөөлөгч шаардах эрхтэй. Мөн хохирогч гэмт хэргийн улмаас нас барсан, тухайн үед насанд хүрээгүй байсан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйл, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар өмгөөлөгч заавал оролцуулах шаардлагатай, түүнчлэн шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа тул хохирогчоос урьдчилан төлсөн шинжээчийн хөлсийг шүүгдэгч З.Эрдэнэбилэгээс гаргуулах үндэслэлтэй байна. 

             Иймд 2016 оны 2 сарын 26-наас 3 сарын 4-ний хооронд гарсан зардал болох 11973023 төгрөгийг зайлшгүй зардалд тооцлоо. Үүнд: оршуулгын зардал-2624700 төгрөг, бензин, шатахуун, түлш- 822000 төгрөг, хүнс, барааны зардалд-3486323 төгрөг, өмгөөлөгчийн хөлс-5000000 төгрөг, шинжээчийн хөлс-40000 төгрөг болно.

            Үүнээс шүүгдэгчээс бэлнээр өгсөн 3 сая төгрөг, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9–р баг Мандалын 19-ийн задгайн 48 тоот хаягт байрлах газрыг хохирогчийн төлөөлөгч Ө.Хүүхэнсугирын өмчлөлд шилжүүлснийг гэрээнд /2-р х.х-95/ заасан үнэ буюу 2500000 төгрөгөөр тооцоход нийт 5500000 төгрөг болж байгааг 11973023 төгрөгөөс хасч, 6473023 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

            2016 оны 4 сарын 11-нээс хойш гарсан зардал нь хоног хураахтай холбогдон гарсан, мөн зарим баримт нь хуульд заасан шаардлага хангахгүй, юуг хэзээ авсан нь тодорхойгүй, гараар бичсэн,  түүнчлэн өмгөөлөгч нарын замын зардал нь байцаан шийтгэх ажиллагааны нөхөн төлүүлэх зардалд хамаарахгүй тул 3649900 төгрөгтэй холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Үүнд: 1-р хавтаст хэргийн 217-223, 163, 191, 167, 192, 193, 195, 213, 226, 2-р хавтас хэргийн 88 дугаар хуудсанд байгаа болон  шүүх хуралдаанд гаргаж өгсөн 90350 төгрөгийн баримтууд хамаарч байгаа болно.

Шүүгдэгч З.Эрдэнэбилэг нь өөрийн эзэмшлийн Toyota corsa маркийн 8466 ДУА улсын дугаартай, 2800000 төгрөгийн үнэлгээ бүхий  автомашиныг хохирол төлбөрт тооцон шилжүүлж өгнө гэх боловч бодитойгоор шилжүүлэн өгөөгүй, мөн шүүгдэгч, хохирогч нар үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул шүүх З.Эрдэнэбилэгийн төлбөл зохих төлбөрөөс хасч тооцсонгүй. 

Мөн Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно” гэж, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “үндэсний мөнгөн тэмдэгт гэж Монгол банкнаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох төгрөгийг хэлнэ” гэж  тус тус  заажээ.

Иймд Монгол Улсын хэн нэгэн иргэнд эзэмшүүлж байгаа төрийн өмч болох газрыг төлбөрийн хэрэгсэл мэтээр ойлгох нь буруу тул иргэн З.Энхжаргалын эзэмшлээс иргэн З.Алимаагийн эзэмшилд шилжүүлсэн газар, мөн иргэн З.Энхтайваны эзэмшлийн газрыг хохирогч талд шилжүүлнэ гэж байгааг шүүх төлбөр гүйцэтгэгдсэнд тооцон шийдвэрлэх хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

2/ Хохирогч амь насны нөхөн төлбөр нэхэмжилж байгааг шүүх дараахь шалтгаанаар энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ. Үүнд:

а/ Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол …гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж зааснаар хохирогч нь гэм хорын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй байна.

Шүүгдэгч З.Эрдэнэбилэг нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа болгоомжгүй үйлдлийн улмаас Д.Ууганцэцэг агсны амь насыг хохироосон нь тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас…-д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж , мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан …бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй ”гэж тус тус зааснаар гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Шүүгдэгч З.Эрдэнэбилэгийн болгоомжгүй үйлдлийн улмаас 17 настай Д.Ууганцэцэгийн амь нас хохирсон нь үнэн бодитой, илэрхий үйл баримт бөгөөд хүний амь нас хохирсноос үүдэн гарсан хор уршиг нь хэзээ ч сэргээгдэхгүй, буюу нөхөн арилашгүй зүйл юм.

Хохирогч буюу Д.Ууганцэцэгийн өвөг эцэг Г.Өлзийбаатар нь охиноо дунджаар 70 наслахад сард доод тал нь 600000 төгрөгийн цалин хөлс авна гэж үзээд нийт 374.400.000 төгрөгийг  /600.000 х 12 сар х 52 жил=374.400.000/ нэхэмжлэх эрхтэй, ийнхүү шаардах эрхийг хуульд тодорхой заасан байна.

Мөн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй … бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байна.

Хохирогчийн өмгөөлөгч “Хүний амь нас хохирсон ”-ыг эдийн бус гэм хор учирсан гэж үзэж байгаагаа Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн заалтад үндэслэж байгааг хуулийн заалттай тулган шалгаж үзэхэд уг заалтууд нь “хүний амь нас”-анд учирсан хохирлыг арилгахтай холбогдсон харилцааг зохицуулаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан боловч  “Монгол хүний амь насанд учирсан хохирлын хэмжээг хэрхэн тогтоох, уг хохирлыг хэрхэн нөхөн төлүүлэх талаархи” үндэсний хууль тогтоомж байхгүй, батлагдаагүй, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 3-т зааснаар “…шүүх …албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” тул шүүх энэ асуудлыг өнөөдрийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

б/ Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс, орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй” гэж заасан.

 Хохирогч тал дээрх зүйлд заасан этгээд мөн эсэх нь баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул хохирогчийн өмгөөлөгчийн “Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.2-т тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэйд бүх насаар нь гэм хор учруулсны төлбөрийг төлүүлнэ. Шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, амьжиргааны доод түвшингийн асуудал хуулиар тогтоогдсон байдаг учраас тэрүүгээр тооцох боломжтой. Өөр нотлох баримт гаргах боломж муутай” гэсэн тайлбар гаргаж байгааг хүлээн авах боломжгүй байна.

Иргэний нэхэмжлэгч нь хэрэгт ач холбогдол бүхий баримт сэлт гаргаж өгөх, нэхэмжлэлтэй холбогдсон өөрт байгаа баримт сэлтийг гаргаж өгөх үүрэгтэй байна.

 

 3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгч З.Эрдэнэбилэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчийг эмнэлгийн байгууллагад хүргэлцэж өгсөн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.10-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  215 дугаар зүйлд “согтуугаар үйлдсэнийг” тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхаар заасан тул Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Эдгээр нөхцөл байдал, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч шударгаар мэдүүлж байгаа байдал болон үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар их /сургуулийн хүүхдүүдийн байнга зорчдог гарц дээр гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэрэг үйлдээд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан үндсэн ялаас хорих ялыг сонгон оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял заавал оногдуулахаар заасан тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, хорих ял биечлэн эдэлж дууссаны дараа нэмэгдэл ялын хугацааг эхлэн тоолохыг тогтоолын “тогтоох” хэсэгт заах нь зүйтэй байна.

 

4/ Бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт нь аливаа гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангахад оршино.

Мөрдөн байцаагч, цагдаагийн байгууллагын ажилтнууд энэхүү гэмт хэргийн талаар мэдээлэл хүлээж аваад хэргийн газрыг зохих журмын дагуу хамгаалалтад аваагүй, хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн, замын хөдөлгөөний бичлэгийг цаг тухайд нь баримтжуулж аваагүй, хуулиар хүлээсэн үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан байдал тогтоогдсон боловч уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй болсон, ийнхүү залруулснаар хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт байгаа бусад баримтаар давхар батлагдаж байгааг харгалзан хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.

Цаашид ийм төрлийн алдаа гаргахгүй байхыг мөрдөн байцаагч, прокурор анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.Эрдэнэбилэгийн эзэмшлийн Истана 25-94 УБӨ улсын дугаартай автомашиныг хурааж, Тоёота Корса 84-66 ДУА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй тул мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.Эрдэнэбилэгийн 2016 оны 2 сарын 23-наас 2 сарын 25-ныг хүртэл сэжигтнээр баривчлагдсан 3 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298, 299, 301, 304 дүгээр зүйлд тус тус заасныг

удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Зулын Эрдэнэбилэгийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон ашиглалтын журам зөрчсөний улмаас 17 настай Д.Ууганцэцэгийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.1, мөн хуулийн Тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар З.Эрдэнэбилэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасч, 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар З.Эрдэнэбилэгт оногдуулсан 5 /таван/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7-д зааснаар З.Эрдэнэбилэгийн сэжигтнээр баривчлагдсан 3 /гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар  З.Эрдэнэбилэгийн хувьд ногдох эд хөрөнгөөс 6473023 /зургаан сая дөрвөн зуун далан гурван мянга хорин гурван/ төгрөгийг гаргуулан хохирогч Шувуутай овогт Гэлэгдоржийн Өлзийбаатарт олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 3649900 төгрөг гаргуулахтай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т заасныг баримтлан хохирогч Г.Өлзийбаатараас гаргасан амь насны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь  нотлох баримтаа бүрдүүлэн З.Эрдэнэбилэгээс нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Шүүх шүүгдэгч З.Эрдэнэбилэгээс хохирогч талд бэлнээр өгсөн 3 /гурван/ сая төгрөг, Ө.Хүүхэнсугирын нэр дээр шилжүүлсэн Дундговь аймгийн Сайнцагаан сум 9-р баг Мандалын 9-48 тоотод байрлах Г-0814002571 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй газрыг 2500000 төгрөгийн төлбөрт тооцож хассаныг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар  Шүүгдэгч З.Эрдэнэбилэгийн эзэмшлийн Истана 25-94 УБӨ улсын дугаартай автомашиныг хураасан, Тоёота Корса 84-66 ДУА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 9. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч З.Эрдэнэбилэгт энэхүү тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримт 41 секундын бичлэг бүхий цахим зээрэнцэгийг болон Истана маркийн 25-94 УБӨ улсын дугаартай автомашины №АЯ0011255 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Тоёота Корса 84-66 ДУА улсын дугаартай автомашины №01160203 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №54041 дугаартай BCDE ангиллын жолооны үнэмлэхний хуулбарыг З.Эрдэнэбилэгт холбогдох 201612000028 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.    

11. Энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

12. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Эрдэнэбилэгт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

13. Энэхүү шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц З.Эрдэнэбилэгийн №54041 тоот жолоочийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай.    

14. Энэхүү шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц Истана маркийн 25-94 улсын дугаартай автомашиныг, №АЯ0011255, №01160203 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийн хамт З.Эрдэнэбилэгт эгүүлэн олгож, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ