| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2018/01047/и |
| Дугаар | 155/ШШ2018/01047 |
| Огноо | 2018-06-07 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2018/01047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, “Хөвсгөлийн долгио” радио редакцид холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 365.469 /гурван зуун жаран таван мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөг, алданги 182.734,5 /нэг зуун наян хоёр мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөг, нийт 548.203,5 /таван зуун дөчин найман мянга хоёр зуун гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2018/00836/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч байгууллагын дарга Л.Юмжирдулам, хариуцагч байгууллагын захирал М.Нямаа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/30 тоот тушаалыг үндэслэн шалгахад “Хөвсгөлийн долгио” радио редакци нь 2009 оны 9 дүгээр сард ажиллагсадынхаа ниймгийн даатгалын шимтгэлийн тайланг баталгаажуулсан боловч 365.469 төгрөгийн өрийг барагдуулаагүй байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр 365.469 төгрөг, алданги 182.734,5 төгрөг, нийт 548.203,5 төгрөгийг “Хөвсгөлийн долгио” радио редакциас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 10-24 тоотод оршин суух, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга ажилтай, РЮ76030203 дугаар регистртэй, эмэгтэй, Халх овогт Лхамсүрэнгийн Юмжирдулам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөлийн долгио” радио редакцийн санхүүгийн баримтад Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/30 тоот тушаалыг үндэслэн шалгахад тус байгууллага нь 2009 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын шимтгэлийн тайланг 9 дүгээр сард нөхөн гаргаж, 365.469 төгрөгийн дутуу төлөлттэй тайлагнаж, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлөөгүй байсан тул улсын байцаагчийн акт тавьсан. Гэвч “Хөвсгөлийн долгио” радио редакцийн захирал М.Нямаа нь аймгийн Радио телевизийн нэгдсэн редакцид ажиллаж байсан нэр бүхий 4 хүний нийгмийн даатгалын шимтгэлийг манай байгууллага төлөх ёсгүй гэж тайлбарлаж байгаа боловч 2009 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 1 дүгээр гарын үсгийг дарга М.Нямаа, 2 дугаар гарын үсгийг нягтлан бодогч Т.Мягмар нар зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаас харахад 4 даатгуулагчийн төлөх ёстой 332.175 төгрөгийг 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн, харин ажил олгогчийн төлөх 11 хувь буюу 365.392 төгрөг төлөгдөөгүй орхигдсон байгаа нь харилцах дансны хуулгаар нотлогдож байгаа. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулинд зааснаар “Мөрөн” телевизийг хувьчилсан орлогоос дээрх хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ёстой гэж байгаа ч Радио телевизийн нэгдсэн редакци татан буугдаагүй харин “Хөвсгөлийн долгио” радио редакци болж өөрчлөн байгуулагдсан тул хуулинд зааснаар тус байгууллага төлөх ёстой.
2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр улсын байцаагчийн тавьсан 05 тоот актыг захирал М.Нямаад танилцуулсан боловч гарын үсэг зураагүй, энэ тухай тайлбар бичээгүй. Мөн актын хувийг тус байгууллагад хүргүүлээгүй. Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар алдангиас чөлөөлнө гэсэн зүйл байхгүй. Тус актаар хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 365.469 төгрөг, шимтгэлийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алданги 182.734,5 төгрөг ногдуулсан боловч “Хөвсгөлийн долгио” радио редакци өдий болтол төлөөгүй.
Манай байгууллага нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/108 тоот “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах журам”-ын 9.2.5-д “121 ба түүнээс хоногийн насжилттай шимтгэлийн авлага үүсгэсэн ажил олгогчийн хуримтлагдсан шимтгэлийн авлагыг барагдуулаагүй тохиолдолд төлбөл зохих шимтгэл, алдангитай тэнцэх хэмжээний хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд “Хөвсгөлийн долгио” радио редакциас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 365.469 төгрөг, түүнд тооцсон алданги 182.734,5 төгрөг, нийт 548.203,5 төгрөг гаргуулж нийгмийн даатгалын санд оруулж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 14-05 тоотод оршин суух, “Хөвсгөлийн долгио” радио редакцийн захирал ажилтай, РЮ45091719 дугаар регистртэй, эрэгтэй, Цувдаг овогт Минжигийн Нямаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Радио телевизийн нэгдсэн редакцид ажиллаж байсан Д.Ганчимэг, Ж.Эрдэнэцэцэг, Д.Гангаа, Ц.Бэхчулуун нарын нийгмийн даатгалын шимтгэлийн байгууллагаас төлөх төлбөр болох 365.469 төгрөгийг “Хөвсгөлийн долгио” радио редакциар төлүүлэхээр Нийгмийн даатгалын хэлтсээс акт тогтоосон. Дээрх 4 хүний нийгмийн даатгалын шимтгэлийн байгууллагаас төлөх төлбөрийг манай байгууллага төлөх үндэслэлгүй.
Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Хөвсгөл аймгийн Радио телевизийн нэгдсэн редакцийг “Хөвсгөлийн долгио” радио редакци болгон өөрчлөн зохион байгуулж, “Мөрөн” телевизийг хувьчлан эд хөрөнгийг худалдсан. “Мөрөн” телевизэд ажиллаж байсан Д.Ганчимэг, Ж.Эрдэнэцэцэг, Д.Гангаа, Ц.Бэхчулуун нар ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж авахаар аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан байдаг. Үүний дагуу тэдгээр хүмүүст 3 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж, ээлжийн амралтын мөнгийг хувьчлалаас олсон орлогоос 3.351.952 төгрөг олгохоор аймгийн Засаг даргын захирамж гарч, нийгмийн даатгалын шимтгэл 335.195 төгрөг, хүн амын орлогын албан татвар 133.195 төгрөг суутгаж аваад 2.883.076 төгрөгийг аймгийн Төрийн сангаас Зоос банкин дахь Д.Ганчимэгийн хувийн дансанд шилжүүлж олгосон байна. Дээрх хүмүүст олгосон тэтгэмжийн эх үүсвэр Төрийн сангаас гарсан тул байгууллагаас төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцна. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулинд зааснаар “Мөрөн” телевизийг хувьчилсан орлогоос дээрх хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ёстой.
Тухайн үед “Хөвсгөлийн долгио” радио редакци бие даасан үйл ажиллагаа явуулаад бараг 2 сар орчим болж байсан ба тэтгэмжийн эх үүсвэр, олгосон тэтгэмж нь манай байгууллагатай хамааралгүй юм. Төрийн сангаас нэр бүхий 4 хүний тэтгэмжийг олгох гэтэл санхүүгийн баримт бүрдүүлэхэд таны гарын үсэг, тамга шаардлагатай байна гэсэн хүсэлтийн дагуу шилжүүлгийн баримтад гарын үсэг зурж, өөрчлөн байгуулагдсан радиогийн тамга дарсан. Манай байгууллага аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүгийн дэмжлэг авч, зөвхөн радио долгионы төлбөр, хоёр хүний ажилласны урамшуулал, түүнд оногдох нийгмийн даатгалын шимтгэл, татварт зарцуулдаг. Нийгмийн даатгалын хэлтсээс улсын байцаагчийн акт тавьсан гэж мэдэгдсэн, би тус актыг зөвшөөрөөгүй тул гарын үсэг зураагүй, надад гардуулж өгөөгүй.
Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр 365.469 төгрөг, түүнд тооцсон алданги 182.734,5 төгрөг, нийт 548.203,5 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Хөвсгөлийн долгио” радио редакцид холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 365.469 /гурван зуун жаран таван мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөг, алданги 182.734,5 /нэг зуун наян хоёр мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөг, нийт 548.203,5 /таван зуун дөчин найман мянга хоёр зуун гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь аймгийн Радио телевизийн нэгдсэн редакци өөрчлөгдөн “Хөвсгөлийн долгио” радио редакци болсон бөгөөд 2009 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 1 дүгээр гарын үсгийг дарга М.Нямаа, 2 дугаар гарын үсгийг нягтлан бодогч Т.Мягмар нар зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан ба ажил олгогчийн зүгээс 4 даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөх ёстой 11 хувь буюу 365.392 төгрөг төлөгдөөгүй зөрчил илэрсэн тул 2009 оны дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, түүнд ногдох алдангийг гаргуулж авна,
хариуцагч нь дээрх 4 хүнд олгосон тэтгэмжийн эх үүсвэр Төрийн сангаас гарсан тул байгууллагаас төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ёстой, манай байгууллага хариуцахгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11 тоот тогтоолоор Хөвсгөл аймгийн Радио телевизийн нэгдсэн редакцийг “Хөвсгөлийн долгио” радио редакци болгон өөрчлөн зохион байгуулж, “Мөрөн” телевизийг хувьчлан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж тус телевизэд ажиллаж байсан уран бүтээлч Д.Ганчимэг, Ж.Эрдэнэцэцэг, Д.Гангаа, Ц.Бэхчулуун нарт цалин, тэтгэмж олгохоор 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын 68 дугаар захирамж, хавсралтын хамт гарч, Төрийн сангаас 2.883.076 төгрөгийг 2411008045 тоот дансанд шилжүүлжээ.
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/30 тоот тушаалыг үндэслэн “Хөвсгөлийн долгио” радио редакцид шалгалт хийж, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 365.469 төгрөгийг нөхөн төлүүлж, 182.734,5 төгрөгийн алданги ногдуулсан тухай акт тавьсан болох нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “Хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд алданги тооцох тухай” 05 тоот улсын байцаагчийн акт, ажил олгогчийн өглөг авлагын тайлан, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын байцаагчийн үйлдсэн актанд байцаагч болон актыг зөвшөөрч хүлээн авсан байгууллагын эрх бүхий хүмүүсийн албан тушаал, овог, нэр, гарын үсэг байх ба тамга тэмдэг дарснаар баталгаажихаар нийгмийн даатгалын байцаагчийн дүрэмд заажээ. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “Хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд алданги тооцох тухай” 05 тоот улсын байцаагчийн актанд “Хөвсгөлийн долгио” радио редакцийн захирал М.Нямаагийн гарын үсэг зурагдаагүй, тус байгууллагын тамга тэмдэг дарагдаагүй, мөн актын хувийг хүргүүлээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн “...05 тоот актыг захирал М.Нямаад танилцуулсан боловч гарын үсэг зураагүй, энэ тухай тайлбар бичээгүй. Мөн актын хувийг тус байгууллагад хүргүүлээгүй...”, хариуцагчийн “...Нийгмийн даатгалын хэлтсээс улсын байцаагчийн акт тавьсан гэж мэдэгдсэн, би тус актыг зөвшөөрөөгүй тул гарын үсэг зураагүй, надад гардуулж өгөөгүй...” гэх тайлбарууд зэрэг баримтуудаар нотлогдож байх тул тус актыг нотлох баримтад үнэлэх боломжгүй.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 2009 оны дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, түүнд ногдох алдангийг гаргуулж авна гэж маргаж байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй болно.
Иймд “Хөвсгөлийн долгио” радио редакциас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 365.469 /гурван зуун жаран таван мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөг, алданги 182.734,5 /нэг зуун наян хоёр мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөг, нийт 548.203,5 /таван зуун дөчин найман мянга хоёр зуун гурав/ төгрөг гаргуулах тухай Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн дараахь нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: “Хөвсгөлийн долгио” радио редакцийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2009 оны 1 дүгээр сараас 5 дугаар сар, 9 дүгээр сарын тайлан, нийгмийн даатгалын тооцоо нийлсэн акт, “Мөрөн” телевизэд ажиллаж буй даатгуулагчийн 2009 оны 1 дүгээр сараас 5 дугаар сард шимтгэл төлөлтийн тооцоо, нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах талаар хийсэн уулзалтын тэмдэглэлүүд, утсаар холбогдсон тухай тэмдэглэл зэрэг баримтуудад Нийгмийн даатгалын хэлтэс нь хэргийн оролцогчийн нэг тал мөртлөө “өөрийн байгууллагын хуулбар үнэн” гэх дардас дарсан, 2016 оны 12 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангийн хуулбар нотариатаар гэрчлэгдээгүй зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэсэн заалтыг зөрчсөн, Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “Аймгийн радио телевизийн нэгдсэн редакцийг өөрчлөн зохион байгуулах тухай” 11 тоот тогтоол давхардсан байна.
Нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдлаа.
Шүүх хуралдаанд прокурор Л.Отгончимэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хэргийн оролцогчийн хүсэлтээр түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хариуцагч “Хөвсгөлийн долгио” радио редакциас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 365.469 /гурван зуун жаран таван мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөг, алданги 182.734,5 /нэг зуун наян хоёр мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөг, нийт 548.203,5 /таван зуун дөчин найман мянга хоёр зуун гурав/ төгрөг гаргуулах тухай Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА