Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2018/00031/и |
Дугаар | 133/ШШ2018/00122 |
Огноо | 2018-03-19 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдасан /төрийн тусгай албан хаагч/, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 133/ШШ2018/00122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын *** багийн 0 тоотод оршин суух, *** овогт ***-ын ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** ХК-ний Говь-Алтай аймгийн *** газарт холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуудах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлэн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***, түүний өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагчийн төлөөлөгч *** , түүний өмгөөлөгч Э.Дорждэрэм, гэрч ***, ***, ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газар жолооч, хүргэгч, харуулын ажилд орсон. 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс хүргэгч, жолооч болж 2017 оны 06 дугаар сарын 16-наас механик жолоочоор томилогдон ажилладаг болсон. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 05-нд Цээл сумруу хөлсөнд явсан. Яваад иртэл бензин, масло их зарцуулсан. Аждын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Би энэ байгууллагад ажиллах хугацаандаа нэг ч удаа сахилгын арга хэмжээ авагдаагүй. Ажил ч завсардуулж үзээгүй. Би энэ тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа учир *** ТӨХК-ийн Говь-Алтай аймгийн *** газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 тоот тушаалыг хүчингүй болгож, *** намайг *** ТӨХК-ийн Говь-Алтай аймгийн *** газрын механик жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг гаргуулж өгнө үү. Ажиллах хугацаанд би Цээл сум, Алтайн хүдэр рүү явсан. Тэгэхэд машин тэрэг эвдрээд цас ихтэй хүйтэн байсан. машин эвдэрэхээр нь *** дарга руу утсаар хэлэхэд чи ямар арчаагүй новш вэ? засаад явж чадахгүй гэж над руу зандарсан. Миний унаж явдаг машин 08-42 улсын дугаартай бор пургон маркийн машин байгаа. 1998 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд орж ирсэн. Би 4 дэх жолооч нь байгаа юм. Энэ машин элэгдэлд орсон байх. Тэгээд би Цээл сумын Алтайн хүдэрт 3 сар ажиллах гээд очиход миний машин эндээс гараад Цээл сумын төв дээр очоод эвдэрч хувиарлах гол нь эвдэрсэн байсан. Би дарга руу ярьж тахир гол, хувиарлах гол захиж авч засаад Цээл сумын Алтайн хүдэрт хуваарийн дагуу ажилласан. Тэгэхэд дарга нь танай энэ машин тэнцэхгүй. Танайх ийм машин яаж явуулдаг юм гэхээр нь би 2 сар ч гэсэн явъя гэхэд манайх хувьд гарах гэж байна. Танай машиныг ажиллуулах боломжгүй болж байна гэсэн. Тэгэхэд миний машины бөгс нь эвдэрчихсэн байсан. Би бөгсийг нь захиж авхуулахад *** дарга 37 шүдтэй араа өгч явуулсан байсан. Машиндаа тавихад тохироогүй. Тэгэхэд нь би хагас голоо сугалаад зөвхөн урд талаараа явсаар байгаад 11 сарын эхээр ирсэн. *** дарга наадах чинь таарч тохирдог юм гэсэн. Би энд хүнээр засуулах гэтэл тохироогүй. Би өөрөө 250.000 төгрөгөөр хувиасаа бөгс авч тавьсан. Дараа Цээл сумын Алтайн хүдэр рүү жолооч нарыг нь авч явсан. Тэгээд Мааньтын хөтөл дээр цасанд суугаад 3 цаг ухаж байж машинаа цаснаас гаргаж аваад цаашаа Цээл рүү явсан. Цээл дээр очоод миний машины бензин дууссан. Би *** дарга руу яриад бензин дуусчихлаа одоо яах вэ? гэхэд чи өөрөө наанаасаа хүн ол гэсэн. Би хүн олъё гэж бодоод 2 хоноход хүн олдоогүй. Тэгэхэд *** дарга над руу буцааж яриад хойшоо бугат руу Бор булаг гэдэг газар руу яв. Би тэндээс мал ачих гэж байна гэсэн. Тэндээс *** дарга 35 литр бензин хийж өгөөд Бор булаг ороод Бор булгаас мал ачаад явсан. Миний машины нум аймагт орж ирэхэд хугарсан. Тэгээд намайг ажлаас халсан. Одоо би ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгэм эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилдаа эргэж ормоор байна. Манайх ам бүл тавуулаа эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Би гацаараа ажил хийдэг. Манай эхнэр ажил хийдэггүй. Би Ховд аймгийн Мөст сум руу 2 хүнтэй явсан. Тэгээд миний машин газрын өөд явж байгаад цээж утас шатаж эхэлсэн. Тэгэхээр нь галын хор хайхад миний машинд галын хор байхгүй байсан. Би нягтлан, нярав хоёрт галын хор авъя гэхэд гаражинд ажилдаггүй галын хорнууд байсан. Галын хоргүй юм байна гээд үзлэгээр ороход галын хор авч өгөөгүй. Мөн ослын зогсолтын тэмдэг байхгүй. Би өөрөө зогсоогоод буугаад бүх цээж утаснуудыг салгаад гал унтрааж утаснуудаа тасалсан. Тэгээд би даргад галаас болоод жанам нь шатчихжээ гэхэд чи чинь ямар арчаагүй пизда вэ? гэж намайг зэмэлсэн. Тэгэхэд нь би ийм, ийм зүйл боллоо. Би хоёр эмэгтэй хүнтэй явж байсан учраас байсан тус болоогүй. Ховд аймгийн шуудангийн дарга руу ярьж цээж утас захиж авхуулсан. Ховд аймгийн Мөнх хайрхан сумаас жанамыг нь авлаа гэж хэлээд мөнгийг нь эндээс шилжүүлээд наашаа ирсэн. Цээл рүү явсан хоёр хүний зардлыг өөрсдөө очоод өгье гэсэн. Тэгээд Цээл сумын Алтайн хүдэрт хүргэж өгчихөөд хоёр хүний зардал 50.000 төгрөг авсан. Эндээс нэг хүнийг 25.000 төгрөгөөр авч явдаг. Цээл сум руу ороод машины маслоны улаан гэрэл ассан. Тэгээд яагаад маслоны гэрэл асчихав гээд масло үзээд тэндээс масло авч хийхээр болсон. Надад өөрт томилолтын мөнгө гаргаж өгөөгүй. Өөрт мөнгө байхгүй байсан болохоор тэр зардлын мөнгөнөөс авсан. Цээл сумын шууданчийг явуулаад 5 литр 8000 төгрөгийн үнэтэй масло, 3 литр тосол авхуулсан. Тэгээд ирээд хоёр хүний зардал ийм ийм зүйлд зарцууллаа гэж дарга, нягтланд хэлсэн. Надад сахилгын хариуцлагын талаар хэлж өгөөгүй. Би тэр болгон архи уугаад байдаггүй. Баяр ёслолын үеэр уудаг. 2017 оны 03 дугаар сарын 17-нд орилж янз бүрийн авир гаргаагүй гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд механик жолоочийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тайлагнуулах нэхэмжлэлийг хүргүүлсэн байна. *** нь ажилдаа хайнга хандаж, удаа дараа ажлын цагаар ажлын байранд согтуу ирж жижгээр танхайрсан. 1. 2017 оны 03 дугаар сарын 17-нд 15 цагийн орчимд согтуу ирж агсам тавин орилж, хашгирч байсныг жолооч ***-аар гэрт нь хүргүүлсэн. Энэ зөрчилд нь 2017 оны 03 дугаар сарын 22-нд бүх ажилчдыг байлцуулан зөвлөмж өгч, аман сануулах арга хэмжээ авсан. 2.2017 оны 07 дугаар сард Ховд аймгийн Мөст сумруу 7 хоногоор хөлсөөр явуулсан боловч автомашины бүрэн бүтэн байдал, үзлэг үйлчилгээ хийгээгүйгээс олон хоног саатаж 230.000 төгрөгийн төлөвлөгдөөгүй сэлбэгийн зардал гаргасан. 3. 2017 оны 09 дүгээр сард “Алтайн-Хүдэр” ХХК-нд гэрээгээр явуулсан боловч урсгал засвар болон засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйгээс олон хоног саатан байгууллагад их хэмжээний сэлбэгийн зардал хэтрүүлэн, “Алтайн-Хүдэр” ХХК-тай хийсэн гэрээг тасалдуулсан учир 2017 оны 09 дүгээр сарын 21-нд байгууллагын даргын 12 тоот тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан. 4. 2017 оны 12 дугаар сарын 21-нд 13 цаг өнгөрч байхад ажлын байранд согтуу ирсэн. 5. 2018 оны 01 дүгээр сарын 05-нд Цээл сумруу шууданд явуулсан. Шатахууны нормыг өвлийн цагийн байдлын норм болох 100 км 20 литр шатахуун зарцуулахаар тооцон 140 л бензин өгч явуулсан боловч 320 км буюу Цээл сумын төвд очоод бензин дууссан гэсэн шалтгаанаар 3 хоног саатаад байсныг буцах замд нь байх “Бор булаг” гэдэг газраас 60 ямааны махыг 150.000 төгрөгийн бензин хувиасаа өгч байж аймагт ирүүлсэн. Мөн эндээс явахдаа 11 хүнтэй явсан боловч 9 хүний зардал болох 225.000 төгрөгийг кассанд тушаасан. 2 хүний зардал болох 50.000 төгрөгийг тушаагаагүй. Энэхүү үйлдэлээ тайлбарлахдаа Цээл сумаас масло тосол авсан. Эндээс хийж явсан масло нь асгараад очсон гэсэн тайлбар өсгөн. Дээр дурдсан зөрчлүүдийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хууль 40.1.4, 38.1.2, *** ХК-ний хөдөлмөрийн дотоод журмын 13.2 “д”, “к” заалтуудыг зөрчиж, ноцтой алдаа дутагдал гаргасан тул ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 13.2.к-д заасан үндэслэлүүдээр *** г ажлаас чөлөөлсөн байгаа. Ажлаас чөлөөлөхдөө хариуцсан ажилдаа хайнга хандсан гэж үзсэн. Сэлбэг материал шатахууны тооцоог хэтрүүлэн хэрэглэсэн, ажил тасалсан, орлогын төлөвлөгөө биелүүлээгүй, зорчигчийн орлогыг дутуу тушаасан, хариуцсан ажилдаа хайнга хандсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн байгаа. Энэ хүн яагаад ажилдаа тэнцдэггүй. Тавилга угсар гэсэн чинь энэ хүн чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь хойно Чойням байхгүй байгаа юм байна. Түүний оронд ачаа тараа гэхэд би чадахгүй гэж хэлээд гарсан. Гараад явахаар нь дахиж дуудаж оруулж ирээд нягтлан хярав хоёрыг балцуулаад нягтлан, нярав хоёр чи ажлаас гарна гэж хэлж болохгүй. Дотор хүргэлтийн машин дээр сэлгэж ажилла гэдэг шаардлага тавьсан. Тэгэхэд би ажил хийхгүй гэсэн. Чи тухайн машины жолооч байхдаа шатахууныг дандаа хэтрүүлэн ашигладаг байсан. Шатахууныг хэтрүүлэхгүй явна гэдэг гарын үсгээ зурж өгчихөөд энэ машин дээр сэлгээд орчих гэж хэлэхэд үгүй би ажлаасаа гарна гээд хоёр хоног ажил тасалж явсан. Удаа дараа 6 удаагийн зөрчил гаргасан болохоор би ажлаас чөлөөлсөн. Эдгээр зөрчлүүд нь ноцтой бөгөөд Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй байсан. Ажлын байрны тодорхойлолтод авто машины үйлчилгээ, тосолгоо, гараж зэргийг хариуцна гээд заасан байгаа. Энэ хүн Ховд аймгийн Мөнх хайрхан сум руу явахдаа надтай өөрөө утсаар яриагүй. Хүнээр дамжуулж танай машин саатсан байна гэж яриулсан. Тэгээд би Ховд аймгийн Шуудангийн дарга руу ярьж байж тэр утсыг нь явуулсан байгаа. Галын хор, ослын зогсолтын тэмдэгийн хувьд над дээр тийм зүйл ярьж орж ирээгүй. Машины бүрэн бүтэн байдлыг энэ хүн хариуцах ёстой болохоор энэ хүний хариуцлага алдсан зүйл гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч *** гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч *** нь *** ХК-ний Говь-Алтай аймгийн *** газарт холбогдуулан урьд эрхэлж байсан ажил буюу механик жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч *** нь *** ХК-ийн Говь-Алтай аймгийн *** газрын механик жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан *** ХК-ийн Говь-Алтай аймгийн *** газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаартай Ойдовын Одонхүүг харуулын ажилд томилох тушаал, 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаартай хүргэгч жолоочоор ажилд томилох тушаал, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 6 дугаартай *** г ажилд сэлгүүлэн ажиллуулах тухай тушаал, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3 дугаартай *** г механик жолоочийн ажлаас чөлөөлөх тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн шаардлагыг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Хариуцагч тал нь *** г ажлаас халсан үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, *** ХК-ний дотоод журмын 13.2 “д”, “к”-г тус тус үндэслэн ажилдаа хайнга хандаж сахилгын зөрчил давтан гаргасан, ажлын хариуцлага алдсан тул даргын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч маргажээ.
*** г ажлаас халсан тушаалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор байна. Харин хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо тушаалд заасан үндэслэл нь хуульзүйн хувьд үндэслэл бүхий эсэх, сахилгын шийтгэл оногдуулах үед дурдсан сахилгын зөрчил нь тус бүрдээ хэрхэн нотлогдсон байсан талаарх хуульзүйн фактуудыг шүүх нотлох баримтыг үнэлэх замаар тогтоодог.
Хариуцагч *** ХК-ийн Говь-Алтай аймгийн *** газар нь ажлаас халсан үндэслэлээ нотлохын тулд *** д авсан 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар, *** ХК-ийн Говь-Алтай аймгийн *** газрын дотоод журам, 2017 онд *** ГАА дугаартай автомашинд тавьсан сэлбэг бусад дагалдах зардалын жагсаалт,сэлбэгийн зардалын тооцоо, Цээл сум явсан тооцоо, 2018 оны 01 дүгээр сарын цагийн тооцоо, 2017 онд авсан сэлбэгийн жагсаалт, шатахуун зарцуулалт, орлогын тооцоо, зарлагын баримтууд, ажлын байрны тодорхойлолт, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, Монгол шуудан компанид ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн судалгаа, техникийн тодорхойлолт, техникийн ашиглалт, оношлогоо, үйлчилгээ, засварын заавар, ашиглалтын норм, норматив, ачаа болон зорчигч тээврийн жишиг тариф зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчийн төлөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн талаар тайлбарлаж байх бөгөөд сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэдэгт сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд мөн тухайн зөрчил тус бүрдээ тогтоогдсон байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч сахилгын ямар зөрчлийг хэрхэн, хэзээ гаргасан болохыг сахилгын шийтгэл ноогдуулсаан тушаал гаргах үед хэрхэн тогтоосон болох нь баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал бензин шатахуун илүү зарцуулсан, сэлбэг хэрэгслийн зардал хэтрүүлсэн, машин эвдэрсэн зэрэгт тухай бүр тооцоо нийлж, үзлэг хяналт тавьж ажилласан, хэлэлцэж тогтоож байгаагүй, энэ талаарх баримт байхгүй байна.
*** ХК-ийн Говь-Алтай аймгийн *** газрын дотоод журмын ажлаас чөлөөлөх ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдолд *** ХК-ийн Говь-Алтай аймгийн *** газрын хөдөлмөрийн дотоод журмын 13.2 “д” “к” тохиолдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.
Хариуцагч байгууллага болох *** ХК-ний хөдөлмөрийн дотоод журмын 13.2 “д”-д хөдөлмөрийн гэрээгээр болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, /гэрээний дүгнэлтээр баталгаажуулна/
Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэнийг гэрээний дүгнэлтээр баталгаажуулна гэж заасан боловч гэрээгээр дүгнэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Мөн “к”-д жолооч нь эзэмшиж буй техник хэрэгслийг өөрийн буруугаас эвдсэн, хувьдаа болон гадны хүмүүст ашиглуулсан, машины эд анги, сэлбэг хэрэгслийг дутаасан, сольсон гэжээ. Энэ заалтын гол нөхцөл нь өөрийн буруугаас гэж байх ба *** нь эзэмшиж буй техник хэрэгслийг өөрийн буруугаас эвдсэн, машины эд анги, сэлбэг хэрэгслийг дутаасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдохгүй байна.
Хариуцагч удаа дараа гаргасан гэх зөрчилдөө архи уусан гэх байдлыг үндэслэн тайлбарлаж байх ба 2017 оны 3 сарын 17-ны өдөр архи уусан гэх байдлын талаар хамт олны хурлаар хэлэлцсэн боловч уг зөрчилд арга хэмжээ авахааргүйгээр шийдвэрлэсэн байх ба хариуцагч тайлбарлахдаа амаар сануулсан гэх бөгөөд сануулах нь хуульд заасан сахилгын шийтгэлийн нэг төрөл бөгөөд сахилгын шийтгэлийг эрх бүхий этгээдийн тушаалаар ноогдуулдаг тул сахилгын шийтгэл хүлээлгээгүй гэж үзэхээр байна. 2017 оны 12 сарын 21-ний өдөр архи уусан гэх зөрчлийн хувьд тухайн өдөр тодорхой шалтгааны улмаас амаар чөлөө олгосон байсан бөгөөд түүний дараад нь ажил дээр архи ууж ирсэн гэх зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын цагаар, ажлын байранд согтуурсан гэж үзэх үндэслэл болохооргүй байх ба чөлөө олгосон байсан болох нь хариуцагчийн болон гэрч нарын тайлбараар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч *** г *** ТӨХК-ийн Говь-Алтай аймгийн *** газрын механик жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…олгоно”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч *** гийн 2017 оны 10, 11, 12 дугаар саруудад ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 790.410+450.000+420.000 = 1.660.410 төгрөг байна. 1.660.410:3=553.470 төгрөг. Үүнээс 1 өдрийн цалинг тооцоход 553.470 : 21.5 = 25.742 төгрөг байна. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт ажлын 47 хоногийн цалинг тооцож 1.209.874 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** гийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч *** ТӨХК-ний Говь-Алтай аймгийн *** газарт үүрэг болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *** ТӨХК-ний Говь-Алтай аймгийн *** газраас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.209.874 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 33.587 төгрөг нийт 103.787 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан *** овогт ***ын ***г *** ХК-ийн Говь-Алтай аймгийн *** газрын механик жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *** ХК-ийн Говь-Алтай аймгийн *** газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.209.874 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар *** гийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч *** ХК-ийн Говь-Алтай аймгийн *** газарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар *** ХК-ийн Говь-Алтай аймгийн *** газраас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.209.874 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33.587 төгрөг, нийт 103.787 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдолыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН