Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 133/ШШ2018/00170

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгрийн Цогт сумын 0 оршин суух, *** овогт ***-ийн **-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Цогт сумын ***-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулж нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтийг шүүх 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн төлөөлөгч ***, түүний өмгөөлөгч Д.Батмөнх, гэрч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний ***-ийн *** нь Говь-Алтай аймгийн Цогт сумын ***-т 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа ажил үүргийн ямар нэг зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Өөрийн хүсэлтээр 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цалингүй чөлөө авсан. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажилд орох хүсэлтээ өгсөн боловч ***-ийн үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2018 оны 01 дүгээр 29-ний өдрийн Б/02 тушаалаар намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Миний бие уг тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Цогт сумын ***-ийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/02 тушаалыг хянан үзэж, ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулж, нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. *** нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны дөрөөс эхлэн Цогт сумын ***-т багшаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс өөрийн хүсэлтээр чөлөө авсан. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл цалингйү чөлөө авсан. энэ хүн нь суралцаж байгаа учраас сургуульдаа сурахын тулд цалингүй чөлөө авсан. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр чөлөөний хугацаа дуусаж ажилдаа орох хүсэлтээ өгсөн боловч 2018 оны 01 дүгээрсарын 29-ний өдрийн Б/ 02 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Энэ тушаалыг хууль зүйн үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж шүүхэд хандсан байгаа. Цогт сумын ***-ийн багшийн ажил нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү? гээн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***-ийн багшаар ажиллаж байсан *** нь өөрийн хүсэлтээр 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн цалингүй чөлөө авсан. Би чөлөө авах үед өмнө цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан *** багш ажилд орох хүсэлтээ өгсөн байгаа. Ажлын байраа хадгалж ажлын байран дээрээ түр байж бай гэсэн хариу өгсөн боловч заавал авна энэ асуудлыг шийдэж өг гэж байгууллагын багш ажилтнуудын хурал дээр хүсэлтээ гаргаад өөрөө хүсэж чөлөө авч *** багшийг оруулсан. Өмнө ***-ийн эрхлэгчээр ажиллаж байсан Баясаа багшаар ажиллах өргөдөл өгсөн ба энэ хүний талаар Говь-Алтай аймгийн Боловсрол соёл Урлагын газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн П.Санждорж мэргэжилийн багшлах эрхтэй багшийг авч мэргэжилийн боловсон хүчээр ханга гэсэн үүргийн дагуу мэргэжилийн боловсон хүчнээр хангагдсан гэж үзэж цэцэрлэгийн багшийн ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журмын 2.1.10 дахь заалт Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12.1 дэх заалтыг үндэслэн чөлөөний хугацаа дуусахаар ***-г багшийн үүрэгт ажлаас эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/02 тоот тушаалаар чөлөөлсөн. Чөлөөтэй байх хугацаанд *** ажлаас гарах тушаал гаргаад өг би ажилгүйдлийн тэтгэмжээ авах гэсэн юм гэж удаа дараа утсаар ярьж байсан. ***-тай удаа дараа уулзаж төгсөж багшлах эрхийн шалгалтанл тэнцэх хүртлээ ажлын түр орон тоо санал болгосон боловч хүлээн аваагүй. *** нь Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилгүй, сурч байгаа гэх боловч одоогоор сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилгүй багшлах эрхгүй байгаа нь сургуулийн өмнөх боловсролын багшийн ажлын байрны шаардлага, сургуулийн өмнөх боловсролын тухай хууль дотоод журмын заалтуудыг зөрчиж байгаа тул энэ нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч ***-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч *** нь Говь-Алтай аймгийн Цогт сумын ***-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч *** нь Говь-Алтай аймгийн Цогт сумын ***-т багшаар ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Хөдөлмөрийн гэрээ, Говь-Алтай аймгийн Цогт сумын ***-ийн эрхлэгчийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/12 тоот “***-г ажилд томилох тухай” тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, Говь-Алтай аймгийн Цогт сумын ***-ийн эрхлэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/13 тоот “***-г ажилд томилох тухай” тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, Говь-Алтай аймгийн Цогт сумын ***-ийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/15 дугаартай “***-д цалингүй чөлөө олгох тухай” тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, Говь-Алтай аймгийн Цогт сумын ***-ийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/02 тоот “***-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн шаардлагыг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Хариуцагч тал нь ***-г ажлаас халсан үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, 12 дугаар зүйлийн 12.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.8, 10.9, 2.1.10 дахь заалтуудыг тус тус үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/02 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч маргажээ.

Нэхэмжлэгч ***-г ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 буюу мэргэжилийн багш биш гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тухайн ажилтныг гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болохыг нотолсон байхыг ойлгоно. Энэ агуулга нь тухайн мэргэжлийг эзэмшээгүй хүний тухайд биш уг ажлын байранд шаардагдах мэргэжлийг эзэмшсэн боловч өөрийн мэдлэг, ур чадвар ажил, албан тушаалдаа тэнцэхгүй байхыг явдал юм.

Түүнчлэн энэ зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд мөн хуулийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлсэн байх буюу сарын өмнө мэдэгдэх тухай заалтыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зурж баталгаажуулах шаардлагатай юм.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад дээрх хуулийн заалтыг биелүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх ба хариуцагч тайлбарлахдаа байгууллагын хурал дээр хэлж байсан гэж байгаа нь дээрх хуулийн заалтын агуулгыг зөв хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.

Үйл баримтаас үзэхэд одоогийн эрхлэгч ***-аас өмнө 2015 оны 10 сарын 7-ны өдөр эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч ***-ийн тушаалаар томилсон байгаа, тэр үед *** нь цэцэрлэгийн багшийн мэргэжил эзэмшээгүй байсан байгаа боловч тухайн үед Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчиж ажилд авсны үр дагаварыг ажил олгогч хэн байхаас үл хамааран ажилтан хариуцах үндэслэлгүй юм. Тодруулбал ажилтанг боловсролын үнэмлэхгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм. Ажилтан *** нь энэ хугацаанд тухайн мэргэжлээр суралцаж байгаа буюу энэ оны 5 дугаар сард төгсөх гэж байгаа нь хэрэгт баримтаар гаргасан Сэрүүлэг их сургуулийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч ***-г Говь-Алтай аймгийн Цогт сумын ***-ийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…олгоно”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Энх-Амгалангийн 2017 оны 08, 09, 10 дугаар саруудад ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 179.204+972.060+599.875= 1.751.139 төгрөг байна. 1.751.139:3=583.713 төгрөг. Үүнээс 1 өдрийн цалинг тооцоход 583.713: 21.5 = 27.149 төгрөг байна. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 02-ний өдөр хүртэл нийт ажлын 48 хоногийн цалинг тооцож 1.326.735 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ***-ийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Цогт сумын ***-т үүрэг болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Цогт сумын ***-ээс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.326.735 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 36.178 төгрөг нийт 106.378 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан *** овогт ***-ийн ***-г Говь-Алтай аймгийн Цогт сумын ***-ийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Цогт сумын ***-ээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.326.735 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***-д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ***-ийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Цогт сумын ***-т даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Цогт сумын ***-гээс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.326.735 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 36.178 төгрөг нийт 106.378 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдолыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                   Ц.ҮЙТҮМЭН