Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 170

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгрийн Цогт сумын Баян-Өндөр багт оршин суух, Харнууд овогт Цог-Эрдэнийн Энх-Амгалангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Цогт сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулж нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтийг шүүх 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн төлөөлөгч Р.Дүгэржав, түүний өмгөөлөгч Д.Батмөнх, гэрч Д.Санждорж,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ц.Энх-Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний Цог-Эрдэний Энх-Амгалан нь Говь-Алтай аймгийн Цогт сумын хүүхдийн цэцэрлэгт 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа ажил үүргийн ямар нэг зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Өөрийн хүсэлтээр 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цалингүй чөлөө авсан. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажилд орох хүсэлтээ өгсөн боловч цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2018 оны 01 дүгээр 29-ний өдрийн Б/02 тушаалаар намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Миний бие уг тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Цогт сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/02 тушаалыг хянан үзэж, ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулж, нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Энх-Амгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ц.Энх-Амгалан нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны дөрөөс эхлэн Цогт сумын хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс өөрийн хүсэлтээр чөлөө авсан. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл цалингйү чөлөө авсан. энэ хүн нь суралцаж байгаа учраас сургуульдаа сурахын тулд цфалингүй чөлөө авсан. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр чөлөөний хугацаа дуусаж ажилдаа орох хүсэлтээ өгсөн боловч 2018 оны 01 дүгээрсарын 29-ний өдрийн Б/ 02 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Энэ тушаалыг хууль зүйн үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж шүүхэд хандсан байгаа. Цогт сумын хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажил нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү? гээн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Р.Дүгэржав шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан Ц.Энх-Амгалан нь өөрийн хүсэлтээр 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн цалингүй чөлөө авсан. Би чөлөө авах үед өмнө цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Г.Баясаа багш ажилд орох хүсэлтээ өгсөн байгаа. Ажлын байраа хадгалж ажлын байран дээрээ түр байж бай гэсэн хариу өгсөн боловч заавал авна энэ асуудлыг шийдэж өг гэж байгууллагын багш ажилтнуудын хурал дээр хүсэлтээ гаргаад өөрөө хүсэж чөлөө авч Г.Баясаа багшийг оруулсан. Өмнө цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Баясаа багшаар ажиллах өргөдөл өгсөн ба энэ хүний талаар Говь-Алтай аймгийн Боловсрол соёл Урлагын газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн П.Санждорж мэргэжилийн багшлх эрхтэй багшийг авч мэргэжилийн боловсон хүчээр ханга гэсэн үүргийн дагуу мэргэжилийн боловсон хүчнээр хангагдсан гэж үзэж цэцэрлэгийн багшийн ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журмын 2.1.10 дахь заалт Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12.1 дэх заалтыг үндэслэн чөлөөний хугацаа дуусахаар Ц.Энх-Амгаланг багшийн үүрэгт ажлаас эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/02 тоот тушаалаар чөлөөлсөн. Чөлөөтэй байх хугацаанд Ц.Энх-Амгалан ажлаас гарах тушаал гаргаад өг би ажилгүйдлийн тэтгэмжээ авах гэсэн юм гэж удаа дараа утсаар ярьж байсан. Ц.Энх-Амгалантай удаа дараа уулзаж төгсөж багшлах эрхийн шалгалтанл тэнцэх хүртлээ ажлын түр орон тоо санал болгосон боловч хүлээн аваагүй. Ц.Энх-Амгалан нь Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилгүй, сурч байгаа гэх боловч одоогоор сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилгүй багшлах эрхгүй байгаа нь сургуулийн өмнөх боловсролын багшийн ажлын байрны шаардлага, сургуулийн өмнөх боловсролын тухай хууль дотоод журмын заалтуудыг зөрчиж байгаа тул энэ нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Ц.Энх-Амгалангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Энх-Амгалан нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Ц.Энх-Амгалан нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Хөдөлмөрийн гэрээ, Говь-Алтай аймгийн Цогт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/12 тоот “Ц.Энх-Амгаланг ажилд томилох тухай” тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, Говь-Алтай аймгийн Цогт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/13 тоот “Ц.Энх-Амгаланг ажилд томилох тухай” тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, Говь-Алтай аймгийн Цогт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/15 дугаартай “Ц.Энх-Амгаланд цалингүй чөлөө олгох тухай” тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, Говь-Алтай аймгийн Цогт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/02 тоот “Ц.Энх-Амгаланг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн шаардлагыг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Хариуцагч тал нь Ц.Энх-Амгаланг ажлаас халсан үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, 12 дугаар зүйлийн 12.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.8, 10.9, 2.1.10 дахь заалтуудыг тус тус үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/02 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч маргажээ.

Нэхэмжлэгч Ц.Энх-Амгаланг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 буюу мэргэжилийн багш биш гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тухайн ажилтныг гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болохыг нотолсон байхыг ойлгоно. Энэ агуулга нь тухайн мэргэжлийг эзэмшээгүй хүний тухайд биш уг ажлын байранд шаардагдах мэргэжлийг эзэмшсэн боловч өөрийн мэдлэг, ур чадвар ажил, албан тушаалдаа тэнцэхгүй байхыг явдал юм.

Түүнчлэн энэ зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд мөн хуулийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлсэн байх буюу сарын өмнө мэдэгдэх тухай заалтыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зурж баталгаажуулах шаардлагатай юм.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад дээрх хуулийн заалтыг биелүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх ба хариуцагч тайлбарлахдаа байгууллагын хурал дээр хэлж байсан гэж байгаа нь дээрх хуулийн заалтын агуулгыг зөв хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.

Үйл баримтаас үзэхэд одоогийн эрхлэгч Р.Дүгэржаваас өмнө 2015 оны 10 сарын 7-ны өдөр эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Баясаагийн тушаалаар томилсон байгаа, тэр үед Энх-Амгалан нь цэцэрлэгийн багшийн мэргэжил эзэмшээгүй байсан байгаа боловч тухайн үед Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчиж ажилд авсны үр дагаварыг ажил олгогч хэн байхаас үл хамааран ажилтан хариуцах үндэслэлгүй юм. Тодруулбал ажилтанг боловсролын үнэмлэхгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм. Ажилтан Энх-Амгалан нь энэ хугацаанд тухайн мэргэжлээр суралцаж байгаа буюу энэ оны 5 дугаар сард төгсөх гэж байгаа нь хэрэгт баримтаар гаргасан Сэрүүлэг их сургуулийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Энх-Амгаланг Говь-Алтай аймгийн Цогт сумын Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…олгоно”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Энх-Амгалангийн 2017 оны 08, 09, 10 дугаар саруудад ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 179.204+972.060+599.875= 1.751.139 төгрөг байна. 1.751.139:3=583.713 төгрөг. Үүнээс 1 өдрийн цалинг тооцоход 583.713 : 21.5 = 27.149 төгрөг байна. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 02-ний өдөр хүртэл нийт ажлын 48 хоногийн цалинг тооцож 1.326.735 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Энх-Амгалангийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Цогт сумын Хүүхдийн цэцэрлэгт үүрэг болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Цогт сумын Хүүхдийн цэцэрлэгээс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.326.735 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 36.178 төгрөг нийт 106.378 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Харнууд овогт Цог-Эрдэнийн Энх-Амгаланг Говь-Алтай аймгийн Цогт сумын Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Цогт сумын Хүүхдийн цэцэрлэгээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.326.735 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Энх-Амгаланд олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Ц.Энх-Амгалангийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Цогт сумын Хүүхдийн цэцэрлэгт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Цогт сумын Хүүхдийн цэцэрлэгээс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.326.735 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 36.178 төгрөг нийт 106.378 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдолыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                   Ц.ҮЙТҮМЭН