Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2018/00198/И/ |
Дугаар | 133/ШШ2018/00291 |
Огноо | 2018-06-06 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 133/ШШ2018/00291
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 0тоотод оршин суух *** овгийн ***-ийн ***-ийн /РД: ***/ нэхэмжлэлтэй
Хариуцагч. ***-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүх 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн төлөөлөгч *** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн захирлын тушаалаар ***-д Монгол хэлний багшаар ажилд орсон. 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажиллаж байгаа. Энэ хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал, сахилгын зөрчил гаргаж байгаагүй. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлөвлөгөө хөтөлбөрөө батлуулаад ажлаа үргэлжлүүлэн хийж байсан. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар цагийн ачаалалгүй болсон гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Тухайн тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа учир ***-ийн монгол хэл, уран зохиолын багшийг ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус ***-ийн Монгол хэлний багш *** нь ажлын ачаалалгүй болсон тул ажлын байрны тодорхойлолтод үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм. ***-ийн захирал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийн хүрээнд уг хуулийн 16.5, 16.5.3, 16.5.9 дэх хэсгийг үндэслэн Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам”-ын 1.2-т заасны дагуу тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог ***-ийн захирал тогтоох бөгөөд захирлын 2017 оны А/72 дугаар тушаалаар ***-ийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог батлан тогтоосон юм. Уг тушаалын хавсралтаар батлагдсан 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тооны Монгол хэл, уран зохиолын багш үндсэн 1, цагийн 1 байна. ***-ийн 2017-2018 оны хичээлий жилд ажиллах багшийн тоог тогтоохдоо Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам”-ын 4.1-ийг үндэслэн тухайн мэргэжлийн ангиудын элсэлт, уг элсэлтээс үндэслэн баталсан сургалтын төлөвлөгөөг баримталдаг болно. ***-ийн 2017-2018 оны хичээлийн жилд орох ёстой Монгол хэл, уран зохиолын хичээл нь нийт 972 цаг буюу 21.6 кредит цаг байна. Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам”-ыг үндэслэн багш *** ийн багшийн ур чадварын түвшин “багш” зэрэглэлд тогтоогдсон учир Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам”-ын 1.8-д заасны дагуу жилийн цагийн ачаалал нь 20 багц цаг буюу 17 багц цагийг танхимын сургалтаар, 3 багц цагийг танхимын бус сургалтаар гүйцэтгэх ёстой. Дээрх ачааллын дагуу үндсэн 1 багш нь 17.6 кредит, цагийн багш нь 4 кредит цагийг заахаар тооцоолсон. *** нь монгол хэлний багшаар томилогдон ажиллаж байсан ба *** ийн мэргэжил нь “монгол-англи судлал” мэргэжилтэй тул Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн албан шаардлага дээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 471 дүгээр тушаалын 4 дүгээр зүйлийн 4.1.1 заалтыг зөрчиж байгааг илэрхийлж, мэргэжлийн хүн байлгах ёстой тухай албан шаардлага ирүүлсэн. Мэргэжлийн бус хүн хичээл зааж байна. Өөрөөр хэлбэл монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй хүн тухайн хичээлийг заах ёстой гэсэн асуудлыг боловсролын асуудал хариуцсан байцаагч Дэлгэрцогт албан шаардлага өгсөн. Үүний дагуу багш ***т 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлөх тухай мэдэгдээд тухайн мэдэгдлийн дагуу *** ийг ажлаас чөлөөлөх талаар 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд мэдэгдсэн боловч *** багш нь би мэргэжлийн бус байгаа нь үнэн, монгол англи хэл судлалаа дүйцүүлээд монгол хэл уран зохиолын багш болоход тодорхой хугацаа шаардлагатай юм байна. Иймээс өөр ажилд ажиллуулах, эсхүл он дуустал ажиллуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Тэгээд захирлын зөвлөлийн хурал дээр хэлэлцээд он дуустал цагийг нь тавиад явъя гэдэг асуудлыг хэлэлцсэн. Монгол хэл, уран зохиолын хичээлийн цаг нь нийт 21.6 кредит буюу 840 цагийн хичээл байгаа учир үндсэн багш 1, цагийн багш 1 байхаар шийдвэрлэж зохицуулсан. 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлт бага байгаатай холбоотойгоор он дуустал нэмэлт элсэлт авсан. 2017-2018 оны хичээлийн жилийн ачааллыг тооцоод захирлын 2017 оны А/72 дугаар тушаалаар хичээлийн жилд ажиллах багш нарын бүтэц орон тоог тогтоогоод, тухайн бүтэц орон тооны дагуу монгол хэл, уран зохиолын багш үндсэн орон тоогоор нэг, цагийн багшаар нэг багш байхаар шаардлага байна гээд он дуустал *** багшийг нийт 4 кредитийн буюу 108 багц цагийн хичээл байгаа учир үлдсэн нэг багш дээр нь шилжүүлээд явах боломжтой. Ингээд хүсэлтийн дагуу 2017 оны хичээлийн жилийн 1 дүгээр улиралд /09-12 саруудад/ 4 кредитийн /180 цагийн/ хичээлийг зааж гүйцэтгэсэн. Мөн хичээлийн жилийн 2 дугаар улирлаас багш *** т хичээл хуваарилаагүй ба 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нэг ч цагийн хичээл заагаагүй боловч цалингаа бүрэн авч байсан. *** нь нэг суралцагчид ногдох хувьсах зардлаар санхүүждэг юм. Засгийн газрын 2012 оны 94 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив”-аар Говь-Алтай аймагт нэг суралцагчид ногдох хувьсан зардлын дундаж норматив 591.600 төгрөг байна. Тус ***-ийн 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлт харьцангуй бага байгаа тул мэргэжлийн багш, ерөнхий эрдмийн багш нар цагийн ачаалалгүй буюу хичээлийн цаггүй болж байгаа ба 4 багш ажлаас чөлөөлөгдөж, 2 багш түр хугацаагаар ажлаас чөлөөлөгдөж байгаа болно. ***-ийн 2017-2018 оны хичээлийн жилд /2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар нийт мэргэжлийн 19 ангид 201 суралцагч суралцаж байна. Тус сургалтын төвийн 2018 оны батлагдсан төсөвт суралцагчдын тоог 619 байхаар тооцсон юм. Дээрх үндэслэлүүдийн дагуу Монгол хэлний багш нь ажлын ачаалалгүй болсон тул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08-09-029/01/12 дугаар албан шаардлага, Монгол хэлний багшийн ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн *** ийг ажлаас нь чөлөөлсөн юм. *** ийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч *** нь хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа ***-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч *** нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа ***-ийн Монгол хэлний багш, Монгол хэл, уран зохиолын багшаар ажллаж байгаад 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь Хөдөлмөрийн яамны харьяа ***-ийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/25 дугаар дугаар тушаал, нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа ***-ийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаар тушаал, 0010500 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заажээ. Нэхэмжлэгч *** нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нь Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа *** нь *** тай 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж, ТҮМБ-3-1 шатлалаар цалинжуулан монгол хэл уран зохиолын мэргэжлийн багшаар ажиллуулсанаар зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч тал нь *** ийг ажлаас халсан үндэслэлээ Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журмын”-ын 1.2, Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам”-ын 4.1, 4.4, Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын “Улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08-09-029/01/12 дугаар албан шаардлагын 3,***-ийн захирлын 2017 оны А/72 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1, 12.1.1, 12.2, 12.2.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж хариуцагчийн төлөөлөгч маргажээ.
Хариуцагч тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа ажлын ачаалалгүй болсон, мөн мэргэжлийн хяналтын байгуулллагаас мэргэжлийн бус хүнийг ажиллуулсан зөрчил гаргасан гэсэн албан шаардлага ирүүлснийг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.
Ажил олгогч нь ажилтныг анх мэргэжлийн бус хүн ажилд авсан бол дараа нь энэ үндэслэлээр ажлаас чөлөөлөх нь тухайн хүний эрхийг зөрчсөн үйлдэл бөгөөд харин тухайн албан тушаалын шаардлагад нийцүүлэн хөрвөхийг шаардах нь зохистой. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь “Анх ажилд орохдоо ажилд орох тухай хүсэлт, мэргэжлийн дипломыг хавсаргаж өгсөн. Тухайн үед шалгалт өгөөд ажилд орсон. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч хэлэхдээ энэ нь ажлаас халах үндэслэл болохгүй зөрчилийг арилга гэж ирүүлсэн. Монгол Улсын Боловсролын Их сургуулийн нийгмийн ухааны сургуулийн хөрвөх сургалтад намар суралцаж байгаад ар гэрийн шалтгаанаар жилийн чөлөө болгосон...” гэж тайлбарлаж байна.
*** нь ***ийг анх ажилд авахдаа мэргэжлийн бус буюу Монгол судлал-Англи хэл мэргэжилтэйг мэдэж байсан ба ажил олгогч байгууллагын эрх баригч өөрчлөгдсөн нь ажилтныг дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд ажил олгогч нь мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлагыг үндэслэн *** ийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус болжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “... ажилтны тоог цөөрүүлсэн” гэдэгт эрх бүхий этгээдийн шийдвэрээр хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно. Гэтэл зохигчдын тайлбараар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар *** нь 43 багшийн орон тоотой ажиллахаар тогтоосон байна.
Хариуцагчаас Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт зааснаар батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох эрх хэмжээнийхээ хүрээнд орон тоог цөөрүүлсэн гэж тайлбарлажээ. Уг заалтын агуулга нь эрх бүхий этгээдээс баталсан орон тоо нь байгаа ч тухайн байгууллагын хувьд ажилтан авч ажиллуулах шаардлагагүй байгаа бол ажилтан авахгүй байх, мөн уг орон тоонд өөр ажлын байрыг шилжүүлэх зэрэг агуулга хамаарах бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа орон тоо нь батлагдсан ажилтанг чөлөөлөх эрх хэмжээ гэж хэрэглэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Сургалт боловсролын байгууллагын үндсэн багшийн кредит хангагдсан байх ёстой онцлогийг харгалзан хичээлийн жилийн эхэнд судалгаа тооцоогоо гаргаж орон тоогоо батлуулдаг байна. Нэхэмжлэгч *** ийн тухайд 2017-2018 оны хичээлийн шинэ жил эхлээд хичээллээд явж байсан, багшийн сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарь батлагдсан, багшийн цалин төсөв нь төсөвт суугдсан үед уг орон тоог цөөрүүлсэн нь буруу байна.
Түүнчлэн энэ зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд мөн хуулийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч хуульд заасан агуулгаар буюу заасан хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх шаардлагатай бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад дээрх хуулийн заалтыг биелүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэх хуудас ирээгүй, хариуцагч нь мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид өөрт нь өгөөд гарын үсэг зуруулсан, өөртэй нь уулзсан ярилцсан гэж маргаж байх боловч хавтаст хэрэгт ажлаас чөлөөлсөн талаар мэдэгдэх хуудас гардуулсан гэх баримтыг ирүүлээгүй нь дээрх хуулийн заалтын агуулгыг зөв хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.
Иймд нэхэмжлэгч *** ийг Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа ***-ийн монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…олгоно”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч *** ийн 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 01, 02 дугаар саруудад ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход
1.061.387+568.889+617.672=2.247.948 төгрөг байна. 2.247.948:3=749.316 төгрөг. Үүнээс 1 өдрийн цалинг тооцоход 749.316:21.5=34.851 төгрөг байх тул 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 66 хоногоор тооцож 34.851*66=2.300.166 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** ийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа ***-д үүрэг болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа ***-өөс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 2.300.166 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 51.753 төгрөг, нийт 121.953 /нэг зуун хорин нэгэн мянга долоон зуун тавин гурван / төгрөгийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа ***-өөс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан *** овгийн ***-ийн ***-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа ***-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа ***-өөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.300.166 /хоёр сая гурван зуун мянга нэг зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***-ийн ***-т олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа ***-д даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 2.300.166 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 51.753 төгрөг, нийт 121.953 /нэг зуун хорин нэгэн мянга долоон зуун тавин гурван / төгрөгийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа ***-өөс гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН