Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 128/шш2020/0517

 

 2020 оны 08 сарын 20 өдөр Дугаар 128/ШШ2020/0517 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХХК /РД:585****/,

Хариуцагч: Монгол Улсын Сангийн яам,

Гуравдагч этгээд: И ХХК /РД:543****/,

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 6-1/3924 тоот албан бичгийн Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "Т" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 421DBG/20/**** дугаар бүхий тендерийн баталгаа хүчингүй болсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн тендер шалгаруулалтыг хүчингүй болгон дахин зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна. гэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Н, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч "Т" ХХК нь Мал эмнэлгийн ерөнхий газраас зарласан "Ариутгал халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хувцас, багаж хэрэгсэл худалдан авах" МЭТШ2020/03/*** дугаартай тендерийн нэгдүгээр багцад хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор шалгарсан. Мөн Мал эмнэлгийн ерөнхий газрын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01/553 тоот гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүлээн авсан. Тендерт оролцогч "И" ХХК нь тендер шалгаруулалттай холбогдуулан Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Сангийн яамны 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 6-1/3276 тоот гомдол хянасан тухай албан бичгийн дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1, 55.3.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхээр болсон.

Дээрх Сангийн яамны гомдол хянасан албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийгдэж нэхэмжлэгч "Т" ХХК нь дахин хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор шалгарч, Мал эмнэлгийн ерөнхий газрын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 01/625 дугаартай гэрээ байгуулах тухай мэдэгдлээр 5 дугаар сарын 29-ний өдрөөс хойш гэрээ байгуулах эрх үүссэн. Тендерт оролцогч "И" ХХК нь тендер шалгаруулалттай холбогдуулан хоёр дахь удаагаа Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамны 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 6-1/3924 тоот албан бичгээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгон тендерийг дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Иймд дээрх Сангийн яамны 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 6-1/3924 тоот албан бичиг нь дор дурдсан үндэслэлээр хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь:

1. Сангийн яам нь хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ... гэж заасан байдаг. Гэтэл тендерт оролцогч "И" ХХК-иас 5 дугаар сарын 22-ны өдөр гаргасан гомдлыг Сангийн яам 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 6-1/3924 Хариу хүргүүлэх тухай албан тоотоор 17 хоногийн дараа шийдвэрлэсэн.

2. Сангийн яам нь "И" ХХК-иас гаргасан хоёр дахь гомдлыг гомдлын хүрээнд хянан шийдвэрлэж, гомдлыг хүлээж авахаас татгалзах ёстой байсан. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т ...Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана гэж заасан. Гэтэл Сангийн яам нь хоёр дахь гомдлыг хүлээн авч шийдвэрлэхээс гадна гомдол гаргасан үндэслэлээс хэтрүүлэн тендерийн баталгааны хугацаа дууссан гэх үндэслэлээр шийдвэрлэсэн байна. Дээрх хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасанчлан 14 хоногт багтаан шийдвэрлэсэн бол тендерийн баталгааны хугацаа хүчинтэй байсныг тендерийн материалаас үзэж болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр Сангийн яамны 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 6-1/3924 тоот албан бичгийн Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "Т" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 421DBG/20/**** дугаар бүхий тендерийн баталгаа хүчингүй болсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн тендер шалгаруулалтыг хүчингүй болгон дахин зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мал эмнэлгийн ерөнхий газраас Ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, халдвар хамгааллын хувцас, багаж хэрэгсэл худалдан авах тухай тендер зарлагдсан. Тендерийг 2020 оны 4 сарын 06-ны өдөр нээж, сонгон шалгаруулалт явагдаж Т ХХК-ийг шалгаруулсан. 2020 оны 4 сарын 30-ны өдөр И ХХК-ийн зүгээс сонгон шалгаруулалттай холбоотой гомдол гаргасан байдаг. Энэхүү гомдлыг үндэслэн Сангийн яамнаас гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлж, 2020 оны 5 сарын 14-ний өдөр дахин үнэлэхийг даалгасан.

2020 оны 5 сарын 18-ны өдөр тендерийн хүчинтэй хугацаа дуусах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн учраас Сангийн яаманд Мал эмнэлгийн ерөнхий газраас 15 хоногоор сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг илгээсэн. Сангийн яамнаас тендерийн хүчинтэй хугацааг сунгах талаар ямар нэгэн хариу өгөөгүй.

Мал эмнэлгийн ерөнхий газар дахин үнэлж, 2020 оны 5 сарын 20-ны өдөр Т ХХК-ийн сонгон шалгаруулсан. Ингээд 2020 оны 5 сарын 22-ны өдөр И ХХК-иас Сангийн яаманд дахин гомдол гаргаж, энэ гомдлыг Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн тухай хуулиар захиалагчийн шийдвэрт гаргасан гомдлыг 14 хоногт шийдвэрлэнэ гэснийг зөрчин 17 хоногийн дараа шийдвэрлэхдээ тухайн гомдлын агуулгаар биш өөр үндэслэлээр буюу тендерийн баталгаа хүчингүй болсон гэдэг үндэслэлээр тендерийг хүчингүй болгож, дахин зарлах шийдвэр гаргасан байгаа нь тухайн тендерт шалгарсан Т ХХК-ийн эрх ашгийг зөрчиж байна. 14 дэх хоногт нь манай баталгааны хугацаа хүчинтэй байсан. Сангийн яам нь 17 хоногтоо шийдвэр гаргасан.

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөөр бараа ажил үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх гэж заасан. Гуравдагч этгээд гомдол гаргаж байгаа учраас хугацаа сунгах шаардлага үүссэн гэдгийг мэдсээр байж захиалагч хугацаа сунгуулах хүсэлт гаргасан байхад Сангийн яам эс үйлдэхүй гаргаж тендерийн хугацааг сунгаагүй байгааг ойлгохгүй байна.

Иймд Сангийн яамны 2020 оны 6 сарын 08-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 6-1/3924 тоот албан бичгийн Т ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 4 сарын 24-ний өдрийн тендерийн баталгаа хүчингүй болсон байх тул тендер шалгаруулалтыг хүчингүй болгон дахин зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна гэсэн энэхүү захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Сангийн яам нь Мал эмнэлгийн ерөнхий газраас зарласан "Ариутгал халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хувцас, багаж хэрэгсэл худалдан авах" МЭТШ2020/03/*** дугаартай тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад оролцсон "И" ХХК-иас 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гаргасан гомдлыг хүлээн авч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын дагуу хянан шийдвэрлэсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэхээр заасан ба дээрх гомдлыг хүлээн авснаас хойших 14 дэх хоног нь 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өдөр тохиосон. Энэхүү өдөр нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т зааснаар бурхан багшийн их дүйчин өдөр тохиосон тул гомдол хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эцсийн өдрийн дараагийн ажлын өдөр хүргүүлсэн болно. Иймд хуульд заасан хугацаа хоцроож гомдол шийдвэрлэсэн зүйл байхгүй.

Түүнчлэн "И" ХХК нь тус тендер шалгаруулалттай холбоотой анхны гомдлыг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тодорхой үндэслэлээр гаргасан ба гомдлыг Сангийн яамны 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 6-1/3276 дугаартай албан бичгээр хянан шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу захиалагч дахин үнэлгээ хийж гаргасан шийдвэрийг "И" ХХК мөн эс зөвшөөрч 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг гомдлыг гаргахдаа өмнө нь шийдвэрлэж хариу өгсөн асуудлаас өөр асуудлаар хандсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана гэсэн зохицуулалтад хамаарахгүй юм. Хууль, журамд нийцүүлэн гаргасан хууль ёсны шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд И ХХК нь Сангийн яаманд 2 удаа гомдол гаргасныг хүлээж аваад гомдол хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлж, тендер шалгаруулалтын ажиллагааг түдгэлзүүлж, холбогдох баримтуудыг авч үзэхэд Т ХХК, И ХХК-ийн тендерийн баталгааны хугацаа дуусгавар болсон нөхцөл байдал тогтоогдсон. Сангийн яам хуулиараа гомдлыг хянан шийдвэрлээд гомдол үндэслэлгүй гэж үзвэл тендерийг баталгааг улсын орлого болгох ёстой. И ХХК-ийн гомдлыг хянан шийдвэрлэсэн тохиолдолд тус компанийн тендерийн баталгаа заавал хүчин төгөлдөр байх ёстой гэсэн шаардлагыг Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар баталсан журамд заасан. 2 дахь удаагийн гомдлыг 2020 оны 5 сарын 22-ны өдөр ирүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар гомдлыг хянан шийдвэрлээгүй буцаасан. Гэхдээ мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь заалтыг баримталсан нь буруу болсон байна.

Тендерийн хугацаа сунгуулах хүсэлт захиалагч ирүүлсэн, хугацаа сунгах асуудлыг шийдвэрлээгүй, гэхдээ манай 2020 оны 6 сарын 08-ны өдрийн 6-1/3924 тоот шийдвэр тендерийн хүчинтэй хугацааг авч үзээгүй, гомдол шийдвэрлэхдээ гомдол үндэслэлгүй бол тендерийн баталгааг улсын орлого болгох ёстой гэдгээрээ тендерийн баталгааны хүчинтэй хугацааг л шалгаад "И" ХХК-ийн тендерийн баталгааны хүчинтэй хугацаа дууссан байсан тул гомдлыг хянаагүй, мөн Т ХХК-ийн тендерийн баталгааны хугацаа дууссан байсан тул тендерийг хүчингүй болгож, тендерийг дахин зарла гэсэн шийдвэр захиалагчид өгсөн.

Гомдлыг хүлээж авсан бол хуульд зааснаар тодорхой үндэслэлээс бусад тохиолдолд тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэхээр заасан. Энэ нь тендерийн хүчинтэй хугацаатай хамааруулж түдгэлзүүлэх харилцааг зохицуулаагүй. Гомдол илт бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй, хянахгүй тохиолдолд 14 хоног шалгахгүй нэн даруй хариу өгдөг. Тендер хүчинтэй байх хугацааны асуудал нь манайхаас гаргасан шийдвэрийн үндэслэл биш. Манай шийдвэрийн үндэслэл нь тендер шалгаруулалт зохион байгуулах хугацааны хүчинтэй асуудал биш, тендерийн баталгааны л хүчинтэй хугацаа юм. Баталгаа нь хүчингүй байгаа тохиолдолд тендер гэрээ байгуулж болохгүй нөхцөл байдал үүснэ. Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа 2020 оны 06 сарын 05-нд дууссан. Журмын заалтаараа бүрдүүлбэрийн шаардлага нь тендер шалгаруулалтанд оролцохдоо хүргүүлсэн тендерийн баталгааны хуулбар. Энэ хуулбар ирсэн, гэхдээ хүчингүй байгаа тохиолдолд хянах боломжгүй. Сангийн яаманд 2 дах удаа ирсэн гомдлыг эхний байдлаар хянаад гомдол нь эхний гомдлоос зөрүүтэй байсан гэж үзээд гомдол хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн. Гомдлыг хянаагүй учраас нэг бүрчлэн тухайлан дурдаж үндэслэлээ гаргаж ирээгүй байна. Аль аль тал нь Сангийн яамны 2020 оны 05 сарын 14-ний өдрийн шийдвэртэй маргаагүй. Өмнөх шийдвэрийн үндэслэлийг дурдах нь ач холбогдолгүй гэж үзэж байна гэв.

 

Гуравдагч этгээд "И" ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай "И" ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Мал эмнэлгийн ерөнхий газраас зарласан "Ариутгал халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хувцас, багаж хэрэгсэл худалдан авах" МЭТШ2020/03/*** дугаартай тендерийн 1-р багц болох халдваргүйтгэлийн 3 төрлийн бодис худалдан авах тендерт оролцсон юм.

Тухайн тендерийн матөриалыг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 14:00 цаг хулээн авч, тухайн өдрийнхөө 14:15 цагт нээсэн бөгөөд Мал эмнэлгийн ерөнхий газрын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01/534 тоот албан бичгээр уг тендерийн 1 дүгээр багцад хүргүүлсэн манай тендер шалгараагүй талаар мэдэгдэл ирүүлсэн. Тус мэдэгдэлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь шаардлага хангасан боловч тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4-т заасны дагуу тендерийн үнэ хамгийн бага харьцуулсан үнэ-тэй бус гэсэн шалтгаанаар шалгараагүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Манай компанийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад хандан хууль тогтоомжид заасны дагуу тендерийн сонгон шалгаруулалт явуулсан үнэлгээний хорооны гишүүдийг сонгож, томилсон тушаал, уг тендерийн 1-р багцад шалгарсан Т ХХК-ийн тендерийн баримт бичиг, сонгон шалгаруулалт явуулсан үнэлгээний хорооны гишүүдийн хуралдааны протокол зэргийг гаргуулан авах талаар хүсэлт гаргасан.

Мал эмнэлгийн ерөнхий газрын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 02/552 дугаар албан бичгээр тендерт шалгарсан оролцогчийн тендерийг цахимаас хянан үзэх боломжтойг дурьдаад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсэн. Улмаар манай компанийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 17/2020 албан тоотоор тухайн тендерийн шалгаруулалт нь хууль бусаар явагдаж, Т ХХК-ийг шалгаруулсан гэж үзэн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яаманд хандан гомдол гаргасан. Учир нь:

- Үнэлгээний хорооны гишүүн Ж.Г АЗ гэрчилгээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасныг зөрчсөн,

- Дээрх тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад захиалагчийн хамгийн сайн гэж шалгаруулсан оролцогч Т ХХК нь малын эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй ч, нийлүүлэх бэлдмэл нь малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд, Монгол Улсад хэрэглэх пестицид, гербицид, ариутгал халдваргүйтгэлийн бодисын жагсаалтад ороогүй гэх зэргээр захиалагчийн шаардлагыг хангаагүй,

- Тэнүүн хишиг ХХК нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт (ТШӨХ)-ийн ТОӨЗ 12.1(а)-(ё)-д техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт бичиг (хлорын шохой, суперкилл, роксицидын гарал үүслийн гэрчилгээ байхгүй, роксицид нь Монгол улсад 2020 онд ашиглаж болох пестицидийн жагсаалтад ороогүй)-г ирүүлээгүй,

- Т ХХК нь тендер ТОӨЗ-ийн 19.4 дэх заалт буюу Монгол Улсын малын эмийн бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээний хуулбар ирүүлээгүй.Т ХХК нь тендер ТОӨЗ-ийн 18.1(а)-д заасны дагуу роксицид бэлдмэл үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг хавсаргаагүй Т ХХК-ийн тендер нь ТОӨЗ-ийн 18.1(б)-д заасны дагуу санхүүгийн тайланг ирүүлээгүй,

- Т ХХК-ийн тендер нь ТОӨЗ-ийн 18.1(г), ТОӨЗ-ийн 18.2(б)-д заасны дагуу 2019 оны ижил төстэй ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй байдаг.

Манай И ХХК-ийн зүгээс дээр дурдсан алдаа дутагдалтай тендерт оролцогчийг захиалагч буюу Үнэлгээний хороо хуйвалдаанаар, хууль бусаар шалгаруулсныг илрүүлсний үндсэн дээр Сангийн яаманд хандсан юм.

Дээрх зөрчил дутагдлуудтай холбоотой манай гомдлыг Сангийн яамнаас хянаад 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 6-1/3276 тоот Гомдол хянасан тухай албан бичгийг Мал эмнэлгийн ерөнхий газарт хаяглан, хувийг манай компанид ирүүлсэн.

Тус Сангийн яамны гомдол хянасан тухай бичигт манай компанийн гаргасан гомдлыг үндэслэн захиалагч нь И ХХК-ийн тендерээс хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-ийг үндэслэн татгалзсан шийдвэр үндэслэлгүй байх тул тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад захиалагчийн гаргасан гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 заалтад үндэслэн үүгээр мэдэгдье гэжээ.

Сангийн яамнаас манай компанийн гаргаж тавьсан 8 асуудлаас 7 асуудлыг нь үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд Т ХХК нь гаргасан зөрчлүүдээ залруулаагүй, залруулах ч боломжгүй юм. Гэтэл Мал эмнэлгийн ерөнхий газраас 2020.05.20-ны өдөр 01/627 тоот албан бичгээр манай компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-д заасан шаардлагыг хангахгүй байна гэсэн хариуг ирүүлсэн. Энэ нь захиалагчийн зүгээс үйлдсэн ашиг сонирхлын зөрчилтэй бөгөөд огт ойлгомжгүй хариу байсан болно. Өмнө нь Мал эмнэлгийн ерөнхий газар 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01/534 дугаар албан бичгээрээ тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь заалтын дагуу шаардлага хангасан тухай хариуг ирүүлсэн байсан. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтээр шаардлага хангаагүй Т ХХК-тай гэрээ байгуулах мэдэгдэл өгсөн тул Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандах нөхцөл байдал үүсэж бий болсон. Бид 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 20/2020 албан тоотоор дараах асуудлаар Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргасан болно.

- Тендерийн хүчинтэй хугацаа дууссан.

- Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтээр тендерийн шалгуур үзүүлэлтийн шаардлага хангаагүй Т ХХК-ийг дахин шалгаруулсан.

Дээрх гомдлыг Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаад 2020 оны оны 6 дугаар сарын 08-ны өдөр Мал эмнэлгийн ерөнхий газарт хаяглан хувийг манай компанид хаяглан ирүүлсэн. Уг бичигт И ХХК-ийн Голомт банкны 2020.04.03-ны өдрийн 110OLCBD0****дугаар бүхий тендерийн баталгаа хүчингүй болсон байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь заалтад тендерийн баталгаа гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх .... гэж заасныг үндэслэн уг гомдлыг хянан үзэх боломжгүйг үүгээр уламжилж байна. Түүнчлэн захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон Т" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 2020.04.24-ний өдрийн 421DBG/20/**** дугаар бүхий тендерийн баталгаа хүчингүй болсон байх тул хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн дээрх тендер шалгаруулалтыг хүчингүй болгон, дахин зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Мөн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Мал эмнэлгийн ерөнхий газраас 01/722 тоот албан бичгийг манай компанид ирүүлсэн бөгөөд уг бичигт: Тус тендер шалгаруулалттай холбоотойгоор Сангийн яаманд 2 удаа гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/3924 тоот албан бичгээр "Ариутгал халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хувцас, багаж хэрэгсэл худалдан авах" МЭТШ2020/03/*** дугаартай тендерийн нэгдүгээр багцад гарсан гомдлыг хянан үзэх боломжгүй бөгөөд тендерийн хүчинтэй хугацаа дууссан зэрэг шалтгаанаар тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зарлахыг мэдэгдсэн байна. Иймд захиалагчийн зүгээс "Ариутгал халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хувцас, багаж хэрэгсэл худалдан авах" МЭТШ2020/03/*** дугаартай тендерийг хүчингүй болгон дахин зарлах болсныг үүгээр мэдэгдэж байна. гэжээ.

Энэ бүгдээс маш тодорхой харагдаж буй нэг асуудал нь захиалагч буюу Мал эмнэлгийн ерөнхий газраас томилсон Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон захиалагчийн өөрсдийнх нь гаргаж тавьсан шаардлагуудыг огт хангахгүй байгаа Т ХХК-ийг хууль бусаар удаа дараа шалгаруулахыг оролдож, энэхүү тендерийн үйл ажиллагаанд маш их ашиг сонирхлын зөрчилтэйгөөр саад учруулж, хуулийн болон захиалагчийн тавьсан шаардлагуудыг бүгдийг нь хангаж байгаа "И" ХХК-ийг шалгаруулахгүй байх бүх талын хаалтыг ямар ч үндэслэлгүйгээр тавьж ирсэн нь маш их зөрчлийг үүсгэж байгаа болно. Иймд "Т" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тендерийг хүлээж авч, 14 цаг 15 минутад нээж, Мал эмнэлгийн ерөнхий газар 01534 албан бичгээр И ХХК-д мэдэгдэл ирүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-т зааснаар шаардлага хангасан боловч тус хуулийн 28.3, 28.7.4-т хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасныг хангаагүй гэж татгалзсан. Тиймээс цахимаар тендерийн материалуудыг шалгаж үзээд 8 асуудал бүхий тендерийн зөрчлийг Сангийн яаманд гомдол гаргасан. Үүний дагуу Сангийн яамнаас манай гомдлыг хангаж, дахин үнэлүүлэхээр буцаасан.

Гэтэл дараа нь танай компанийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1, 27.3-т заасан шаардлагыг хангахгүй байна гэж татгалзсан. Иймд шинээр нөхцөл байдал үүссэн учраас дахин 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан. Манай компанийн зүгээс 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө гомдлоо өгсөн учраас хянаж үзээд, материалуудыг судалж үзэхэд Т ХХК, И ХХК-ийн тендерийн баталгааны хугацаа дууссан байсан. Сангийн яамнаас 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тендерийн баталгааны хугацаа дууссан учраас бид танай гомдлыг хангасан, хангаагүй талаар талуудад хариу өгөх боломжгүй, гомдлыг хянан хэлэлцэх боломжгүй гэдэг тодорхой хариу 2020.06.08-ны өдөр өгсөн байсан. Энэ асуудлаар Сангийн яамыг буруутгах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Энэ бичиг бидний эрхийг хаасан хэдий ч дахин зарлагдаж байгаа юм чинь санаа зовох асуудалгүй гэж үйлчлүүлэгчдээ зөвлөсөн. Тэнүүн хишиг ХХК-ийг үндэслэлгүй шалгаруулсан гэдгээ нотлох ёстой байсан. Гэрээ байгуулахаас өмнө тендерийн баталгааны хугацаа дууссан асуудалд зөвхөн Сангийн яамыг буруутгах ёсгүй, захиалагч өөрөө энэ хугацааг хянах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК, гуравдагч этгээд И ХХК нь Мал эмнэлгийн ерөнхий газраас 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зарласан "Ариутгал халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хувцас, багаж хэрэгсэл худалдан авах" МЭТШ2020/03/*** дугаартай тендерийн нэгдүгээр багцад оролцсон бөгөөд Үнэлгээний хороо 4 дүгээр сарын 24-нд үнэлээд Тэнүүн хишиг ХХК-ийг хамгийн бага үнийн саналаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулан захиалагчид 4 дүгээр сарын 28-ны өдөр 02/529 дугаартай зөвлөмж өгснөөр захиалагч Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/113 дугаар тушаалаар гэрээ байгуулах эрх олгож, мөн өдрийн 01/533 тоотоор Т ХХК-д гэрээ байгуулах тухай, 01/534 тоотоор И ХХК-д хамгийн бага харьцуулах үнэтэй бус үндэслэлээр тендерт шалгараагүй тухай мэдэгдэл тус тус хүргүүлсэн байдаг.

И ХХК-ийн 4 дүгээр сарын 30-ны өдрийн гомдлоор Сангийн яам тендер шалгаруулалтыг түдгэлзүүлж, тендер шалгаруулалтыг ажиллагааг хянаад 5 дугаар сарын 14-ний 6-1/3276 тоотоор дахин үнэлэхийг захиалагчид даалгаснаар Үнэлгээний хороо 5 дугаар сарын 19-нд дахин үнэлж, мөн өдрөө 02/620 дугаартай зөвлөмж захиалагчид хүргүүлэн, захиалагч Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 5 дугаар сарын 20-ны өдрийн А/131 дүгээр тушаалаар гэрээ байгуулах эрх олгож, Мал эмнэлгийн ерөнхий газар 5 дугаар сарын 20-ны өдрийн 01/627 тоотоор И ХХК-д тендерт шалгараагүй тухай мэдэгдэл, 01/625 тоотоор Т ХХК-д гэрээ байгуулах тухай мэдэгдэл тус тус өгчээ.

И ХХК-ийн 5 дугаар сарын 22-ны өдрийн гомдлоор Сангийн яам дахин тендер шалгаруулалтыг түдгэлзүүлж, 6 дугаар сарын 08-ны өдөр 6-1/3924 тоот маргаан бүхий албан бичгээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зохион байгуулахыг Мал эмнэлгийн ерөнхий газарт мэдэгдсэн байдаг.

Нэхэмжлэгч Т ХХК нь Сангийн яамны 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 6-1/3924 тоот албан бичгийн Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "Т" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 421DBG/20/**** дугаар бүхий тендерийн баталгаа хүчингүй болсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн тендер шалгаруулалтыг хүчингүй болгон дахин зохион байгуулахыг мэдэгдсэн хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Сангийн яам нь "И" ХХК-иас хоёр дахь удаагаа гаргасан гомдлыг шалгахаас татгалзах хуулийн зохицуулалтыг зөрчиж хянан шалгасан, мөн хуульд заасан 14 хоногийн хугацаанд шийдвэрлээгүйгээс тендерийн баталгааны хугацаа дууссан, гэтэл энэ үндэслэлээр тендерийг хүчингүй болгож, дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь хууль болон нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн хэмээн тайлбарлан маргасан бол хариуцагч нь тендерт оролцогч "И" ХХК-ийн 2 дахь удаагийн гомдол нь эхний гомдлоос агуулгын хувьд өөр байсан тул хянан шалгасан ч тендерийн баталгааны хугацаа дууссан тул гомдлыг хянан үзэх боломжгүй болсон, нөгөө талаас тендерт ялсан оролцогчийн тендерийн баталгааны хугацаа дууссанаас гэрээ байгуулах боломжгүй болсон тул тендерийг хүчингүй болгож, дахин зохион байгуулахыг захиалагчид мэдэгдсэн, гомдлыг хянан үзэх 14 хоногийн хугацаа нийтээр амрах баярын өдөр таарсан тул дараагийн ажлын өдөр шийдвэрлэж хариуг өгсөн гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар тус бүрээр дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1. Сангийн яам нь "И" ХХК-иас хоёр дахь удаагаа гаргасан гомдлыг шалгахаас татгалзах хуулийн зохицуулалтыг зөрчиж хянан шалгасан, энэ нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд 2019 оны 3 дугаар сарын 22-нд нэмэлт өөрчлөлт орж, 55 дугаар зүйлийн 55.2-т Сангийн яам гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд ... энэ нь эцсийн шийдвэр болно гэж байсныг Сангийн яам шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана гэж нэг асуудлаар дахин гаргасан гомдлыг хянан шалгахгүй байхаар өөрчлөн найруулсан.

"И" ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Үнэлгээний хорооны гишүүн АЗ гэрчилгээгүй, шалгарсан оролцогчийн нийлүүлэх бэлдмэл нь малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, Монгол Улсад хэрэглэх пестицид, гербицид, ариутгал халдваргүйтгэлийн бодисын жагсаалтад ороогүй, хлорын шохой, суперкилл, роксицидын гарал үүслийн гэрчилгээ байхгүй, роксицид нь Монгол улсад 2020 онд ашиглаж болох пестицидийн жагсаалтад ороогүй, Монгол Улсын малын эмийн бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээний хуулбар ирүүлээгүй, роксицид бэлдмэл үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг хавсаргаагүй, санхүүгийн тайланг ирүүлээгүй, 2019 оны ижил төстэй ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй үндэслэлээр гаргасан бол 2 дахь удаагаа буюу 5 дугаар сарын 22-ны өдөр Тендерийн хүчинтэй хугацаа дууссан, тендерийн шалгуур үзүүлэлтийн шаардлага хангаагүй Т ХХК-ийг дахин шалгаруулсан гэж гомдол гаргажээ.

"И" ХХК-ийн дээрх 2 гомдлын агуулгаас үзвэл Т ХХК-ийг шалгаруулсан үндэслэлийн талаар буюу техникийн чадавхийг хангасан эсэх, тодруулбал нийлүүлэх барааг нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, ... бодисын жагсаалтад ороогүй, ... үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг хавсаргаагүй зэргээр гомдол гаргасан, нөгөө гомдлын үндэслэл нь тендерт оролцогчдоос үл хамаарах тухайлбал Тендерийн үнэлгээний хорооны гишүүний чадавхи, тендерийн хүчинтэй хугацаа гэсэн захиргааны байгууллагын зохион байгуулалтын асуудлаар байна.

Т ХХК-ийг шалгаруулсан үндэслэлийн талаар буюу техникийн чадавхийг хангасан эсэх асуудлаар Сангийн яам "И" ХХК-ийн эхний гомдлоор шалгаад ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын хангасан гэж үнэлсэн нь үндэслэлтэй, харин нийлүүлэх бэлдмэл нь гарал үүслийн гэрчилгээ ирүүлээгүй, жагсаалтад ороогүй, үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, ... гэрчилгээний хуулбар хавсаргаагүй нь техникийн тодорхойлолтын болон тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн заалтыг хангаагүй тул дахин үнэлгээ хийхийг даалгасан байдаг.

Гэтэл энэ шийдвэрээр дахин үнэлгээ хийсний дараа дахин энэ агуулгаар буюу Т ХХК-ийг тендерийн баримт бичгийн шалгуур үзүүлэлтийн шаардлага хангаагүй гэсэн гомдол гаргасан байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан шалгах хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчин гомдлыг хянасан нь үндэслэлгүй, хуулийн энэ заалтад нийцээгүй байна.

 

2. Хуульд заасан 14 хоногийн хугацаанд шийдвэрлээгүйгээс тендерийн баталгааны хугацаа дууссан, гэтэл энэ үндэслэлээр тендерийг хүчингүй болгож, дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь хууль болон нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна.

Сангийн яам маргаан бүхий актаар И ХХК-ийн Голомт банкны 2020.04.03-ны өдрийн 110OLCBD0****дугаар бүхий тендерийн баталгаа, Т" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 2020.04.24-ний өдрийн 421DBG/20/**** дугаар бүхий тендерийн баталгааг хүчингүй болсон гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн тендер шалгаруулалтыг хүчингүй болгон, дахин зохион байгуулах-аар шийдвэрлэжээ.

Гэтэл 2 оролцогчийн тендерийн баталгаа аль аль нь 6 дугаар сарын 5-ныг дуустал хүчинтэй байхад хариуцагч Сангийн яам маргаан бүхий актдаа хугацааг алдаатай дүгнэсний дээр Сангийн яам И ХХК-ийн гомдлыг 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авах үед болон гомдлыг хянан шийдвэрлэх хуулийн хугацаанд тендерт шалгарсан Т" ХХК-ийн болон гомдол гаргасан И ХХК-ийн тендерийн баталгаа хүчинтэй, хугацаа дуусаагүй байсан, тэдгээрийн тендерийн баталгаа 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хүчинтэй байжээ. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар тендерт оролцогчийн дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан бол, хянан шалгахаар хугацаа аваагүй бол тендерийн баталгааны хүчинтэй хугацаа дууссан гэх үндэслэл үүсэхээргүй байсан, нөгөөтэйгүүр гомдлыг өмнөх гомдлоос агуулгын хувьд өөр гэж үзээд хянасан байлаа ч уг 55.2 дахь хэсэгт зааснаар 14 хоногт багтаан шийдвэрлэсэн бол дээрх тендерийн баталгааны хүчинтэй хугацаа дууссан гэх нөхцөл мөн л үүсэхээргүй байсан гэж шүүх үзлээ. Учир нь энэ хуулийн 14 хоногт багтаан гэсэн нь 1-14 хоногийн доторх боломжит хугацааг ойлгох бөгөөд 14 дэх хоног гэж, 14 хоногийн дараа гэж ойлгохгүй нь тодорхой. Тиймээс хариуцагчийн 14 дэх хоног нь нийтээр амрах тэмдэглэлт өдөр байсан тул дараагийн ажлын өдөр шийдвэрлэсэн гэх тайлбар үндэслэлгүй, хугацааг ийнхүү тоолох зохицуулалтыг хэрэглэх шаардлагаас илүүтэй худалдан авах ажиллагааг шуурхай явуулах шаардлага байжээ.

Тендерийн баталгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д зааснаар гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулахыг баталгаажуулж тендерт оролцогчдоос захиалагчид ирүүлсэн банкны баталгаа болохоос тендерт оролцогчийн гомдлыг хянахад хамаарах баталгаа биш.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д орсон өөрчлөлтөөр тендер 4 дүгээр сарын 6-нд нээснээс хойш 30 хоногт тендерийг зохион байгуулж дуусгах хүчинтэй хугацаатай бөгөөд Сангийн яаманд гомдол гаргаснаар энэ хугацааг тоолохгүй зогсоож тендер шалгаруулалтын ажиллагааг түдгэлзүүлэх тул ийнхүү тооцоход 5 дугаар сарын 20-ныг дуустал тендер хүчинтэй байжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй хугацаанд багтааж гэрээ байгуулах-аар, 29.4-т захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч Сангийн яаманд хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгах-аар, 29.5-д Сангийн яам хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянаж, шийдвэрлэх-ээр тус заасан.

Сангийн яамнаас 5 дугаар сарын 14-нд дахин үнэлэхийг даалгаснаар тендерийн хүчинтэй хугацаа 6 хоног үлдсэн, захиалагчаас тендерийн хүчинтэй хугацааг сунгуулах хүсэлтийг 5 дугаар сарын 18-нд Сангийн яаманд хүргүүлсэн, Сангийн яам 5 дугаар сарын 22-ны дотор, шаардлагатай гэж үзвэл тендерийн хүчинтэй хугацаанд багтааж 5 дугаар сарын 20-ны дотор шийдвэрлэх үүрэгтэй ч шийдвэрлээгүй, өөрөөр хэлбэл тендерийн хүчинтэй хугацааг сунгах эсэхийг шийдвэрлээгүй, Үнэлгээний хороо тендерийн хүчинтэй хугацаанд багтааж 5 дугаар сарын 19-нд дахин үнэлгээг хийж, 5 дугаар сарын 20-нд гэрээ байгуулах мэдэгдэл өгсөн, үүнээс 5-аас доошгүй хоногийн дараа гэрээ байгуулах эрх үүснэ.

Дээрхээс үзвэл Сангийн яамнаас дахин үнэлэхийг даалгасны дагуу Үнэлгээний хороо дахин үнэлсэн, энэ хугацаанд захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендерийн хүчинтэй хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй нь тодорхой болсон тул захиалагч хуульд зааснаар хугацаа сунгах хүсэлтийг гаргасан, энэ хугацаанд тендерийн хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх боломжтойгоос илүү шаардлагатай байхад хүсэлтийг тендерийн хүчинтэй хугацаанд багтааж шийдвэрлэх үүргээ Сангийн яам хэрэгжүүлээгүй орхигдуулсан буруутай, үүнийгээ тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон, дахин зохион байгуулахаар мэдэгдсэн шийдвэрийнхээ үндэслэл болоогүй гэдгээр хаацайлж, тендерийн хугацааг сунгах хүсэлтийг хэрхэснээ тайлбарладаггүй.

 

Маргаан бүхий актад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтыг баримталсан ч захиалагчийн ямарваа үйлдэл, шийдвэрийг тендерийн хууль зөрчсөн болохыг Сангийн яам тогтоогоогүй, өөрөөр хэлбэл уг заалтыг үндэслэлгүйгээр хэрэглэж тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон байдаг. Тендер шалгаруулалт хууль бусаар явагдсан эсэх асуудлыг шалган тогтоогоогүй, оролцогчийн гомдлыг хянан шалгаагүй атал тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Сангийн яамны оролцогчийн 2 дахиа гаргасан гомдлыг шалгахгүй буцаах эсэхээ даруй шийдвэрлээгүй, хянан шалгах хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн, гомдлыг хянан шалгаагүй атал ийнхүү хууль зүйн үндэслэлгүйгээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан худалдан авах ажиллагааны үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай, өрсөлдөх тэгш боломжтой, ил тод байх зарчимд нийцэхгүй байна.

Тендерт оролцогчдын техникийн чадавх, нийлүүлэх барааны чанар шаардлага хангасан эсэхийг хэрхэн үнэлсэн нь Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмжид тодорхой тусгагдсан. Тухайлбал: Үнэлгээний хорооны 5 дугаар сарын 19-ний хуралдааны тэмдэглэлд ... Т ХХК-ийн ирүүлсэн тендерт хлорын шохой, суперкилл, роксицид 3 бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг ирүүлсэн тул энэ шалгуурыг хангаж байна. Тендерт санал болгосон роксицид бэлдмэл нь мал эмнэлгийн зориулалтаар ашиглаж болох ариутгал, халдваргүйтгэлийн бодисын жагсаалтад худалдааны нэрээрээ ороогүй боловч уг бэлдмэлийн гол үйлчлэх бодис потасиум моноперсульфат /Potassium monopersulfate/ нь тус жагсаалтад орсон байна. Тендерийн баримт бичигт бэлдмэл нь болон гол үйлчлэх бодис нь тус жагсаалтад орсон байна гэж заасан. Монгол улсын малын эмийн бүртгэлийн гэрчилгээ ирүүлээгүй боловч техникийн тодорхойлолтод бичигдсэн гэрчилгээний дугаараар шүүхэд гэрчилгээ нь олгогдсон байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д тендерийн үнэ болон агуулгыг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар, тодруулга бичгээр авч болно гэсний дагуу дээрх жагсаалтад орсон байх, гэрчилгээ ирүүлсэн байх шалгуурыг хангасан гэж үзсэн. ... Тоо ширхэг их, ажлын уусмалыг тооцоход илүү байсан. Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайланг ирүүлсэн, энэ нь цахимаас авч болох мэдээлэл, шаардах ёсгүй байсан. гэж Т ХХК-ийн тендерийг шалгаруулсан үндэслэлээ хэлэлцсэн, мөн ... захиалагч 3 бодис авахаар заасан байхад И ХХК-ийн тендерт 2 бодис санал болгосон байна. Өмнө нь үнэлэхдээ энэ үндэслэлийг бас бичсэн ч тендерийг шалгаруулаагүй мэдэгдэлд хамгийн бага харьцуулах үнэтэй бус гэсэн үндэслэлийг л зөвхөн заасан. Гол үйлчлэх бодис тухайн бүтээгдэхүүний ихэнх хувийг эзэлж байх ёстой. Гол үйлчлэх бодис 1 бэлдмэлд 1 л байна, бусад нь туслах бодис байна. Гол үйлчлэх бодис нь хлори агуулсан нэгдлээс гадна гол үйлчлэх бодис нь натрид суурилсан, калид суурилсан 2 бэлдмэл, нийт 3 бэлдмэл авахаар байхад хлор агуулсан бэлдмэлээс гадна натри, калийг тус тусдаа агуулсан 2 бэлдмэл биш 1 бэлдмэл буюу Хайкопыг дээрх 2 бүтээгдэхүүнд санал болгосон байна. Хайкоп бэлдмэлийн заавар, орц, найрлагаас үзэхэд гол үйлчлэх бодис нь калийн давс /1кг-д 500 мг/ бөгөөд натри агуулаагүй байна. Натрид суурилсан бэлдмэл санал болгоогүй гэсэн үндэслэлээр И ХХК-ийн тендерээс 100 хувийн саналаар татгалзсан байна.

Үүнээс үзэхэд Үнэлгээний хороо Т ХХК-ийн тендерийг шалгаруулсан, И ХХК-ийн нийлүүлэх бодис нь ТОӨЗ-ийн техникийн тодорхойлолтод заасан шалгуурт нийцээгүй гэдгийг тодорхой шалгуур үндэслэлээ тайлбарлан хэлэлцэж үнэлсэн байдаг.

Иймд тендерт оролцогчдын болон захиалагчийн буруутай ажиллагаанаас биш, Сангийн яамны дээрх хуульд нийцээгүй ажиллагаанаас буюу гомдлоор хянах чиг үүрэгтэй захиргааны байгууллагын буруугаас тендерийн баталгааны болон тендерийн хүчинтэй хугацаа дууссан, ийнхүү хугацаа дуусахаас өмнө тендерийн хүчинтэй хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан, гомдол гаргах, гомдлыг шалгах хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчин гомдлыг хянасан, улмаар гомдлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлээгүйн улмаас мөн тендерийн баталгааны хугацаа дууссан байх тул худалдан авах ажиллагаа өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 6 дугаар зүйлийн 6.1, 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4, 29.5, 55 дугаар зүйлийн 55.3.1, 55.2, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан "Т" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 6-1/3924 тоот албан бичгийн Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "Т" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 421DBG/20/**** дугаар бүхий тендерийн баталгаа хүчингүй болсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн тендер шалгаруулалтыг хүчингүй болгон дахин зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ХАЛИУНА