Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 119/2023/0028/З |
Дугаар | 221/МА2024/0123 |
Огноо | 2024-02-22 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2024/0123
“ЭДЦС” ...-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “ЭДЦС” ...-ийн гүйцэтгэх захирал Б.Б
Нэхэмжлэгч: “ЭДЦС” ...
Хариуцагч: Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э, Ж.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.В, Н.Ү,
Хариуцагч Д.Э, Ж.Б,
Гуравдагч этгээд П.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 119/2023/0028/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ЭДЦС” ...-иас хариуцагч Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э, Ж.Б нарт холбогдуулан “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр: “...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.9.8, 10.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 161 дүгээр зүйлийн 161.1, 162 дугаар зүйлийн 162.1, 162.2.5, 162.3.1, 162.3.4, 109 дүгээр зүйлийн 109.3, 109.8 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч ЭДЦС ...-ийн Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э , Ж.Б нарт холбогдуулан гаргасан Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “ЭДЦС” ...-ийн гүйцэтгэх захирал Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-д “Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны хоёр дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” гэсэн хуулийн зүйл, заалт нь ердийн ажлын цагаар буюу өдрийн 8 цагаар ажилладаг, нөхөн амрах боломжтой ажилтнуудыг шөнийн цагаар ажиллуулсан тохиолдолд нөхөн амраах бөгөөд нөхөн амраагаагүй бол 1,2 дахин болон түүнээс дээш хэмжээгээр дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар шөнийн цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлсийг заавал тооцож олгохоор заасан. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8-д “Ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно”, 109.9-д “Ээлжээр ажилладаг ажилтны ээлж долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр таарсан бол энэ хуулийн 109.2, 109.4-д заасан нэмэгдэл хөлс олгохгүй. Харин хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр нэмэгдэл хөлс тогтоож болно” гэж тус тус заасан бөгөөд уг заалт нь манай компанийн хувьд бол нөхөн амраах боломжгүй буюу ээлжээр ажилладаг ажилтан болон ажилтны төлөөлөлтэй тохиролцон олгохоор хууль тогтоогч хуульчилсан гэж ойлгохоор байна. Гэтэл улсын байцаагч нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь заалтаар заавал олгохоор заасан шөнийн цагийн нэмэгдлийг мөн хуулийн 109.8, 109.9 дахь заалтад заавал олгохоор заагаагүй асуудлыг нэгтгэн хууль буруу тайлбарлан 2023 онд 950.504.271 төгрөгийг тус тус төлөхөөр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
3.2. Манай компанийн хувьд ээлжээр ажилладаг 234 ажилтантай цехүүд нь 4 ээлжээр ажилладаг бөгөөд уг 4 ээлжийн ажилтны хувьд нэгэнт нөхөн амраачихсан байхад ийнхүү шөнийн цагийн нэмэгдлийг нөхөн амраачихсан ажилтанд заавал олгох ёстой мэтээр дүгнээд буй улсын байцаагчийн актууд нь үндэслэлгүй байна. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-д “Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны хоёр дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно”, 109.8-т "Ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно”, 109.9-д “Ээлжээр ажилладаг ажилтны ээлж долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр таарсан бол энэ хуулийн 109.2, 109.4-д заасан нэмэгдэл хөлс олгохгүй. Харин хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр нэмэгдэл хөлс тогтоож болно” гэж тус тус заасан. Гэтэл манай компанийн 8 цехэд ажилладаг нийт 326 ажилтнаас 213 ажилтнууд нь нөхөн амарсан байтал нөхөн амраагаагүй гэж тооцож, улмаар шөнийн цагийн нэмэгдэл хөлс олгуулахаар шийдвэрлээд буй улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай акт үндэслэлгүй байна.
3.3. Манай компанийн хувьд ажилтнуудын өмнө хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бөгөөд цаашид ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахаа илэрхийлж байна. Харин Төрийн хяналтын шалгалтын байгууллагын эрх бүхий улсын байцаагч нь хууль зөрчөөгүй байхад хуулийн буруу ойлгож 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай акт гаргаж ирүүлээд байгаа ба уг актыг гаргахдаа Хөдөлмөрийн хамтын хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийн хяналтыг Хөдөлмөрийн тухай хуулиар тусгайлан зохицуулсан байх ба тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлд “Хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийн биелэлтэд хяналт тавих, хэрэгжүүлэх" гэсэн зүйлийн 33.1-д “Хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийн биелэлтэд талууд хяналт тавих бөгөөд хяналт тавих арга, хэлбэрийг талууд харилцан тохирч хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт тусгана. Хамтын хэлэлцээрт тусгайлан заагаагүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн хамтын хэлэлцээрийн биелэлтэд тухайн шатны Засаг дарга, улсын хамтын хэлэлцээрийн биелэлтэд Үндэсний хороо тус тус хяналт тавина” гэж заасан ба харин Хөдөлмөрийн улсын байцаагчид уг хяналт тавих эрхийг хуулиар олгоогүй байна. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “төрийн хяналт шалгалтын зарчим”- ыг хуульчилсан ба мөн зүйлийн 4.1.6-д хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Иймээс анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч “ЭДЦС” ...-иас “Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.2. Хариуцагч Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн маргаан бүхий 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар актаар “ ...нэр бүхий 243 ажилтнуудын 2022 оны 06 дугаар сарын 01-нээс 2023 оны 02 дугаар сарын дуусах хүртэлх хугацааны шөнийн агаар ажилласан ажилтнуудын шөнийн цагийн нэмэгдэл хөлс 950,504,271 төгрөгийг дутуу олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-д “Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны хоёр дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.2-д “илүү цаг, шөнийн цаг, долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтны нэмэгдэл хөлсийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно”, Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамт /тариф/-ын хэлэлцээр-ийн 3.5-д “Тасралтгүй ажиллагаатай аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын байранд ээлжээр ажилладаг ажилтнуудад шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлснөөс 1.35 дахин нэмэгдүүлж олгоно” гэж заасан заалтыг зөрчсөн гэж үзэж хавсралтад заасан нэр бүхий ажилтнуудад 950,504,271 төгрөгийг дутуу олгосон шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгож 2023 оны 07 дугаар сарын 03-ны дотор барагдуулахыг нэхэмжлэгчид хариуцуулсан байна.
2.3. Нэхэмжлэгч “ЭДЦС” ...-иас нь дээрх улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч, “...Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 109.8, 109.9-д заавал олгохоор заагаагүй асуудлыг нэгтгэн хууль буруу тайлбарласан, ... манай компанийн тухайд ээлжээр ажилладаг ажилтнуудаа нэгэнт нөхөн амраасан байхад шөнийн цагийн нэмэгдлийг заавал олгох ёстой мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “...Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар нэмэгдэл хөлсөнд шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс хамаарна гэж тодорхойлсон, ээлжийн ажилтан шөнийн цагаар ажилласан бол хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8-д заасны дагуу нэмэгдэл хөлсийг тооцож олгоно гэснийг зөрчсөн” гэж тус тус маргажээ.
2.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1-д зааснаар Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэх бөгөөд ийнхүү ажиллахдаа мөн хуулийн 162.3.4-д заасны дагуу Ажилтан, үйлдвэрчний эвлэлээс хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбогдуулан гаргасан гомдлын дагуу аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх үүрэгтэй. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол ...хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэж, 10 дугаар зүйлийн 10.9.1-д Улсын байцаагч хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж, 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаас гадна ажилтны цалин хөлстэй холбоотой асуудал хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх асуудлын биелэлтийг шалгах, хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах хуулиар хүлээсэн үүрэг бүхий этгээд байна.
2.5. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж, мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д “Ажил олгогч хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн цалин хөлсний талаар дараах хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг баталж мөрдүүлнэ” гээд 103.3.4-д “цалин хөлсний журам” гэж зааснаас үзвэл цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс багтах бөгөөд ажил олгогч нь цалин хөлсний талаар холбогдох журам гаргаж мөрдүүлэх эрх хэмжээтэй гэж үзнэ.
2.6. Анхан шатны шүүхээс “...“ЭДЦС” ...-ийн ажилтнууд нь ээлжийн хуваарийн дагуу ажиллахдаа шөнийн цагаар ажилладаг, шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлснөөс 1.35 дахин нэмэгдүүлснээр олгодоггүй буюу дутуу олгодог болох нь хяналт шалгалтын явцад ажилчдын цалин хөлсний мэдээллийг цахимаар авч шалгасан баримт ...тогтоогдож байна, ... нэгэнт Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамт /тариф/-ын хэлэлцээр-ийн 3.5-д “Тасралтгүй ажиллагаатай аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын байранд ээлжээр ажилладаг ажилтнуудад шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлснөөс 1.35 дахин нэмэгдүүлж олгоно” гэж тогтоосон байхад байгууллагын эдийн засагт ноцтой нөлөөлнө гэдэг шалтгаанаар ажилтны авбал зохих шөнийн ээлжийн нэмэгдэл хөлсийг хасаж тооцох үндэслэлгүй” гэж дүгнэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
2.7. Учир нь нэхэмжлэгч “ЭДЦС” ...-ийн тухайд хэрэглэгчийг дулаан, цахилгааны эрчим хүчээр тасралтгүй хангах үйл ажиллагаа явуулдаг учраас ажилтнуудаа ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулдаг бөгөөд маргаан бүхий актад заасан нэр бүхий 243 ажилтныг шөнийн цагаар ажиллуулсан болон шөнийн цагийн нэмэгдэл өгөөгүй талаар маргаагүй, харин тухайн ажилтнуудыг нөхөн амраасан гэж тайлбарлаж байгаа хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8-д “Ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.2-д “...шөнийн цаг ...ажилласан ажилтны нэмэгдэл хөлсийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно”, мөн Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамт /тариф/-ын хэлэлцээр-ийн 3.5-д “Тасралтгүй ажиллагаатай аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын байранд ээлжээр ажилладаг ажилтнуудад шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлснөөс 1.35 дахин нэмэгдүүлж олгоно” гэж тус тус заасан байгаа энэ тохиолдолд шөнийн цагаар ажилласан ээлжээр ажилладаг ажилтнуудад шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
2.8. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогчид актын хавсралтад дурдсан 243 ажилтныг бүгд ээлжээр ажилладаг ажилтнууд гэдгийг хүлээн зөвшөөрсөн, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн маргаан бүхий 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар актаар ногдуулсан үнийн дүн нь тооцооллын алдаатай гэж маргасан боловч түүнийгээ зөвтгөсөн болон нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх, тайлбарлах үүргээ хангалттай биелүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ЭДЦС” ...-ийн гүйцэтгэх захирал Б.Б-ээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА