Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 38

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

             

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Иргэдийн төлөөлөгч: С.Адъяабаатар

Шүүгчийн туслах: Н.Бат-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэцэцэг

Улсын яллагч: Ж.Очирбат

Хохирогчийн өмгөөлөгч:Д.Дарьсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Төмөрбаатар

Хохирогч: Э.Бат-Очир

Гэрч: Ж.Оюунчимэг, Э.Янжинлхам

Шүүгдэгч: Ж.Отгонтөгс нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ж.Отгонтөгсөд холбогдох 201512000252 тоот хэргийг 2016 оны 9 сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд 1965.04.29-нд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 5-21 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй /РД:ЗП65042905/ Мааньт овогт Жамъянгийн Отгонтөгс нь танхайрах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллах дүгнэлтэд дурьдснаар:

 

Яллагдагч Ж.Отгонтөгс нь 2015 оны 10 сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт байрлах “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгт 10 сартай Б.Соёмбыг хоолоо идсэнгүй гэх шалтгаанаар зодож танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр дараахь баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: 2015 оны 10 сард өглөө ажилдаа ирээд 2 ангийнхаа хүүхдийн бүртгэлийг авдаг. Тэр өдөр Янжинлхам багшийн ангид хэдэн хүүхэд, Энхтуяа багшийн анги цөөхөн хүүхэдтэй байсан. Нийлээд 20-иод хүүхэд байсан байх. Би тэр үед тогооч, туслах багшаар ажиллаж байсан. 9 цагийн үед өглөөний цай өгсөн. 10 сарын 10-д гаргаад гэж байгаа ч одоо тухайн өдөр яг хэдэн байсныг сайн санахгүй байна, манай цэцэрлэг цаг заахгүйгээр хүүхдүүдээ чөлөөтэй авдаг байсан. Эцэг эхчүүд нь ажлынхаа цагаас шалтгаалж хүүхдүүдээ авчирч өгдөг байсан. Манайх өдрийн хоолонд 1, 2-р хоол өгдөг. Янжинлхам багш намайг Огоо гэж дууддаг байсан. Тэр өдөр ажлын арын өрөөнд байхад Янжинлхам “Огоо Соёмбо ирсэн байна” гэсэн. Тухайн үед уураа барьж дийлэхгүй бухимдлаа гаргасан байна лээ. Янжинлхам багш тэр өглөө нь надад Соёмбын аав нь хүүхэд өлсөж ирээд байна, хоолоо идэхгүй байна гэж хэлсэн. Тэр үед санаанд ороогүй, зодно гэж  бодоогүй. Хоол хийж байгаад туслах багшийн үүргээ гүйцэтгээд багшдаа туслах ёстой гэж бодсон. Янжинлхам багш хүүхдүүдээ хараад байж байсан. Одоо бодоход шазуур зуусан зүйл байхгүй. Хүүхэд зодсон нь миний буруу гэж мэдүүлэв.

- Шүүгдэгч Ж.Отгонтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1-р х.х-72, 74/,

- Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт: 2015 оны 12 сарын 1-ний өдрийн орой 6 цагийн үед манай хүүхдийн ангийн багш Янжинлхам надруу залгаад “Танай хүүхдийн талаар өөрт чинь үзүүлэх бичлэг байна. Эхнэртэйгээ хамт ирээд үзэх боломж байна уу” гэсэн.  Тухайн үед эхнэр ажилтай байсан болохоор би ганцаараа очиж үзье гэж хэлчихээд хадам ээжийгээ дагуулж очиж үзсэн. Тэгэхэд ийм зүйл болсныг мэдсэн. Маргааш нь хууль хяналтын байгууллагад хандаж гомдол гаргасан гэж мэдүүлэв.

- Хохирогч Э.Бат-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1-р х.х-22/

- Гэрч Ж.Оюунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт: 2015 оны 11 сарын 16-ны өдөр Янжинлхамд танай ангийн хүүхдийн тоо цөөрөөд байна, 192000 төгрөгөөр цалинжуулна гэж хэлсэн байсан. Тэгэхэд би тэгж чадахгүй манай ангийн хүүхдийн тоо цөөрөөд байгаа нь Ж.Отгонтөгс хүүхэд зодсонтой холбоотой гэж хэлсэн. Тэгэхэд нь би Ж.Отгонтөгс яахаараа хүүхэд зоддог юм, би итгэхгүй байна гэхэд бичлэг авчирна, манай ээжид бичлэг байгаа гэсэн. Тэгээд ээж нь бичлэг авчирсан. Бичлэгийг үзээд би Ж.Отгонтөгсийг ажлаас нь халсан. Байгууллага буруутай гэдгийг хүлээн зөвшөөрч  байгаа гэж мэдүүлэв.

- Гэрч Ж.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1-р х.х-29, 2-р х.х-13/

- Гэрч Э.Янжинлхам шүүхийн хэлэлцүүлэгт: Манай хүүхэд өлсөж ирээд байна. Хоолондоо цадахгүй байна гэж Соёмбын аав нь хэлсэн. Тэгэхэд нь би Отгонтөгс эгчид өглөө нь хэлэхэд яасан их иддэг юм, өдрийн хоолон дээр би хооллоно гэсэн. Хүүхдүүдийг хооллож байхад Отгонтөгс би Соёмбоог хооллоно гэхээр нь би бичлэгийг хийсэн. Ийм асуудал гарахад хэнд яаж ханддаг гэдгийг мэдэхгүй байсан болохоор хугацаа алдсан. Мөн энэ бичлэгийг өгсөн өдрөө ажлаас халагдана гэдгээ мэдэж байсан гэж мэдүүлэв.

- Гэрч Э.Янжинлхамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1-р х.х-27-28, 2-р х.х-14-15/

- Шинжээчийн 2015.12.07-ны өдрийн №17390 тоот дүгнэлтэд “Б.Соёмбын биед одоогоор гэмтэл тогтоогдохгүй байна” гэжээ. /1-р х.х-55/

- Шинжээчийн 2016.01.19-ний өдрийн №78 тоот дүгнэлтэд “Б.Соёмбын биед гэмтэл тогтоогдсонгүй. Урьд гаргасан шүүх эмнэлгийн шинжээч эмч О.Болороогийн гаргасан №17390 тоот дүгнэлт үндэслэлтэй байна гэжээ. /1-р х.х-58-59/

- Шинжээчийн 2016.06.02-ны өдрийн 678 тоот дүгнэлтэд “Б.Соёмбын биед гэмтлийн зэрэг тогтоолгохоор 2015.12.07-ны өдрийн №17390 тоот шинжээч эмч О.Болороогийн гаргасан дүгнэлт болон 2016.01.19-ний өдрийн №78 тоот шинжээч эмч Ч.Эрдэмболор, Д.Мөнхбат, М.Отгонбаатар нарын гаргасан дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2,3,6 Б.Соёмбын биед гэмтэл тогтоогдсонгүй. 4. Б.Соёмбо нь урьд ямар нэг архаг хууч өвчтэйг тогтоох эмнэлэгийн баримт байхгүй байна. 5. 2015.10.19-ний үед Б.Соёмбо нь бусдад зодуулсан гэх холбогдох эмнэлгийн нотлох баримт байхгүй байна” гэжээ. /2-р х.х-28-29/

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016.05.31-ний өдрийн 2/127 тоот албан бичигт “1. 10 настай гэж уг тогтоолд дурьдсан хүүхэд бидэнд үзүүлэхээр ирэх үед 1 нас 5 сартай байв. 2. 1 нас 5 сартай хүүхдийн хэл яриа бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг тул сэтгэцийн дүн шинжилгээг /дэлхий аль ч улс оронд/ хийх боломжгүй. 1 нас 5 сартай Б.Соёмбыг нэр бүхий эмч нар хамтран үзсэн боловч дээр дурьдсан шалтгааны улмаас шүүх сэтгэцийн магадлан шинжилгээ хийх боломжгүй болохыг мэдэгдье гэжээ. /2-р х.х-31-32/

- Бичлэгээр “бичлэгийн эхэн үед Э.Янжинлхам гар утсаа ямар нэгэн зүйл дээр байрлуулан тавиад бичлэг хийхээр тохируулан орхисон бөгөөд шүүгдэгч Ж.Отгонтөгсийн дэргэд нь бага насны 3-н хүүхэд байсан ба эхний 2 хүүхдийг хооллож дууссаад дараагийн хүүхэд болох Б.Соёмбыг хооллож байхдаа амнаасаа яагаад хоол гаргаад байгаа юм бэ, хоол идсэнгүй, ямар зэвүүн шаар вэ, зэвүүн гөлөг, ид чи, мангас шиг иддэг гэсэн биз дээ гэх мэтчилэн үг хэрэглэн өвдөг дээрээ хэвтүүлж байгаад нүүр лүү нь удаа дараалан хүчтэй алгадаж, мөн нуруу, гар луу нь хүчтэй алгадах, шалан дээр хүчтэй огцом шидэж суулгах, хүүхэд хоол идэх дургүй уйлж байхад нь ам руу нь халбагаар гударч хоол хийж, улмаар хивсэн дээр унасан будааг түүж ам руу нь чихэх зэрэг үйлдэл хийж байгаа” нь бичигдсэн нийт 10 минут 28 секундын бичлэг. /1-р х.х-4-5/   

- Гэрч А.Балдан-Осорын “ Би Соёмбо гэх 10 сартай эрэгтэй хүүхдийг 9, 10, 11 саруудад үзэж байсан. 9 сард 5 удаа, 10 сард 3 удаа тархи хөдөлсөн байсан тул толгойг нь барьсан. 11 сард үзэхэд тухайн хүүхэд хордлоготой байсан байсан тул толгойг нь бариагүй” гэх мэдүүлэг / 1-р х.х-45/ 

- Гэрч С.Энхтайваны “Би хүргэнийхээ хамт Янжинлхамынд очиход манай зээ хүүг туслах багш Отгонтөгс зодож байгаа бичлэг гар утсан дээр нь байхаар нь уг бичлэгийг гар утас руугаа хуулж аван маргааш нь мэргэжлийн хяналтын газар өргөдөл бичин хавсаргаж өгсөн. Манай зээ хүү Соёмбод хоол хүчээр өгч, алгадаж, ямар нэгэн шалтгаангүйгээр зодож байгаа бичлэг байсан” гэх мэдүүлэг / 1-р х.х-46/ 

- Гэрч С.Ууганбаярын “Уг бичлэгийг аваад өөрийн “Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар” гэсэн facebook хуудсанд 2015.12.03-ны өдөр байрлуулсан. Байгууллагын удирдах ажилтанууд шийдвэр гаргаж Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-д заасны үндсэн дээр Facebook хуудсанд байрлуулсан юм” гэх мэдүүлэг / 1-р х.х-44/ 

- Шинжээчийн 2015.12.07-ны өдрийн №586 тоот дүгнэлтэд “Ж.Отгонтөгсийн биед баруун зүүн нүдний зовхи, духанд цус хурсан, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийг чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /1-р х.х-48/      

- Хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 2015.11.14-ний өдрийн №04 хуудсанд “бөөлжилттэй, шингэн алдалт, хордлоготой, хүүхдийн тасагт хэвтүүлнэ” гэжээ. /1-р х.х-89-90/

- Сайнцагаан сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтод” Б.Соёмбо нь 2015 оны 10 сарын 9, 15, 26-ны өдрүүдэд халуурсан, бөөлжсөн, суулгаж гүйлгэсэн өвчний учир үзүүлж эмчлүүлж байсан бөгөөд биеийн байдал сайжраагүй тул дараагийн шатлалд шилжүүлж эмчлүүлсэн” гэжээ. /1-р х.х-85/

- Өвчний түүх /1-р х.х-91-96/

- Эмчийн үзлэгийн бүртгэл /1-р х.х-97-98/

- “Оюуны хөгжил” цэцэрлэгийн дүрэм, аюулгүй байдлын дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ /1-р х.х-106-123, 132-133/

- Ажилд авах, чөлөөлөх тушаал /1-р х.х-134-138/

- Ажлын байрны тодорхойлолт /1-р х.х-141-145/

- Дундговь аймгийн Засаг даргын 2015.12.09-ний өдрийн №А/528 дугаар захирамжид “Оюуны хөгжил төрийн бус цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон” гэжээ. /1-р х.х-146/

- Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн материал /1-р х.х-151-158/

- Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015.12.09-ний өдрийн №13-09-021/28 тоот актаар “Оюуны хөгжил” цэцэрлэгийн үйл ажиллагааг таслан зогсоосон байна. /1-р х.х-147-150/

- Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ж.Отгонтөгс нь 10 сартай хүмүүжигч Б.Соёмбыг хүч хэрэглэн зодсон байна гэв.

 

Дээрх баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

 

Шүүх бүрэлдэхүүн эдгээр баримтыг шинжлэн судалж үзээд прокуророос “ Ж.Отгонтөгс нь 2015 оны 10 сарын 18-ны өдөр “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэг буюу олон нийтийн газар ажлын цагаар тус цэцэрлэгт хүмүүжиж байсан 10 сартай Б.Соёмбыг хоолоо идсэнгүй гэх шалтгаанаар хүч хэрэглэн зодож танхайрсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар яллагдах бүрэн үндэслэлтэй” гэж Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар ял оногдуулах санал гаргасныг хэлэлцээд зүйлчлэл тохироогүй гэж дүгнэв.

Учир нь: Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д “ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол ... “ гэж; Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “цэцэрлэг” гэж хүүхдийг асрах, хамгаалан хүмүүжүүлж, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшэхүйн хөгжлийг дэмжиж сургалтын байгууллага гэсэн утгаар ойлгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ж.Отгонтөгс нь 10 сартай Б.Соёмбод хүч хэрэглэн зодох үед цэцэрлэгийн хоолны цаг байсан бөгөөд дэргэд нь бага насны 3-н хүүхэд байсан, ийнхүү зодсоноор тухайн өдөр цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, тасалдаагүй болох нь гэрч Э.Янжинлхам,  Ж.Оюунчимэг нарын мэдүүлэг, гар утасны бичлэгээр тогтоогдож байна. Хэдийгээр цэцэрлэг нь үйлчилгээ сургалтын байгууллага мөн боловч байгууллагын дотоод үйл ажиллагаа явагдах үед гэмт хэрэг үйлдэгдсэнийг прокуророос “олон нийтийн газарт” үйлдэгдсэн гэж танхайрах гэмт хэргийн объектив талын нэг шинж болгон авч үзэж байгаа нь үгүйсгэгдэж байна.

Мөн танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив тал нь: гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байх бөгөөд сэдэлт нь бусдыг үл хүндэтгэсэн танхайн сэдэлттэй байдаг.

Танхайрах үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй байдаг. Шүүгдэгч Ж.Отгонтөгсийн үйлдсэн хэрэг нь тодорхой сэдэлттэй буюу Б.Соёмбын эцэг, эхээс гаргасан “манай хүүхэд өлсөж ирээд байна” гэсэн гомдолд дургүйцэж, эсэргүүцсэнээс үүдэлтэй болох нь тогтоогдож байна. Тухайлбал: хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “ урьд өдөр нь хүү Соёмбыг цэцэрлэгээс авахад цэцэрлэгээс гэр хүртэл машинаар явах замд цайны печенийг бариад идсэн. Маргааш нь цэцэрлэгт өгөхдөө манай хүүхэд өлсөж очлоо, хоолыг нь ахиухан өгч болдоггүй юм уу гэж хэлсэн. Эрхлэгч Оюунчимэгийн хүүхдэд нь ч хэлсэн” гэх мэдүүлэг / 1-р х.х-228/, гэрч Э.Янжинлхамын “нэг өдөр Соёмбын ээж нь ирээд манай хүүхэд өлсөөд ирлээ, хоол ундандаа ямархуу байна гэхээр нь би тэрийг нь тогооч Отгонтөгсөд хэлсэн. Тэгсэн Отгонтөгс би өдөр Соёмбыг хооллоно шүү гэж надад хэлсэн. Нэг л сэжигтэй, заналтай хэлсэн болохоор нь би гар утасныхаа бичлэгийг асаагаад цонхон дээр утсаа тавиад гарсан. Гал тогоонд уух юм бэлдээд байж байхад Отгонтөгсийн дуу нь хадаад идээч чи, гэртээ очоод мангас шиг иддэг гэсэн биз дээ гээд хашгираад байсан. Хүүхэд уйлаад л байсан. Тэгээд намайг орж ирэхэд энэ муу чинь будаа идэлгүй түй гээд хаячихлаа гээд ууртай босч ирж байсан” гэх мэдүүлэг /1-р х.х-27-28/; гар утасны бичлэгт Ж.Отгонтөгс нь Б.Соёмбыг зодохоосоо өмнө өөр 2 хүүхдийг хооллож байх бөгөөд тэдгээр хүүхэдтэй хэвийн харьцаж хооллож байх хоорондоо Б.Соёмбыг тусд нь хажуудаа суулгаж хааяа хааяа халбагаар аманд нь хоол хийж “ ид чи” гэх мэтээр алагчилж харьцаж байгаа байдал, мөн Б.Соёмбыг зодож байх явцдаа “мангас шиг иддэг гээ биз дээ, ид чи” гэх мэтээр аманд нь халбагаар гударч байгаа байдал, хэлсэн үг зэргээр Б.Соёмбын эцэг, эхийн зүй ёсны шаардлагад дургүйцэж, эсэргүүцэж энэхүү үйлдлийг гаргасан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Отгонтөгс нь шүүхийн хэлэлцүүлэгт “ би шазуур зуугаагүй, тухайн үед гэнэт уур хүрээд зодсон” гэж мэдүүлсэн нь дээрх нотлох баримтаар няцаагдаж байна.

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд Ж.Отгонтөгсийн үйлдэл нь танхайн гэмт хэргийн объектив, субъектив талын шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх боловч “танхайрах” гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулаагүй байх тул Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар ял оногдуулах тухай улсын яллагчийн саналыг хүлээн авах боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заажээ.

Шүүгдэгч Ж.Отгонтөгс нь 10 сартай Б.Соёмбыг өвдөг дээрээ хэвтүүлж байгаад нүүр лүү нь удаа дараалан хүчтэй алгадаж, мөн нуруу, гар луу нь хүчтэй алгадах, шалан дээр хүчтэй огцом шидэж суулгах, хүүхэд хоол идэх дургүй уйлж байхад нь ам руу халбагаар гударч хоол хийж, улмаар хивсэн дээр унасан будааг түүж ам руу нь чихэх зэрэг үйлдлийг 3 минут 30 секундын хугацаанд үргэлжлүүлэн зодож байна. Ийнхүү зодох явцдаа чангаар зандран загнаж байгаа болох нь эд мөрийн баримт гар утасны бичлэгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Отгонтөгсийн үйлдлийн улмаас Б.Соёмбын бие махбодид учирсан гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч тодорхой сэдэлтээр, нэг удаагийн тохиолдлоор 10 сартай хүүхдийн бие махбодь, сэтгэцэд онцгой нөлөөлөх өвдөлт, зовиур, шаналал учруулан хэрцгий үйлдлийг олон удаа, идэвхитэйгээр үргэлжлүүлэн үйлдэж байгааг шүүх “ тарчлаах” гэмт хэрэг мөн гэж дүгнэлээ.  Иймд прокуророос Ж.Отгонтөгсөд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 болгон өөрчилж, “тарчлаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Отгонтөгс нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо баримтын хэмжээнд сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Дээрхи нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар их, учруулсан хор уршгийн шинж чанарыг тогтоох боломжгүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан ялаас хорих ялыг сонгон оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч нь баримтаар нийт 1503123 төгрөгийн эд хөрөнгийг хохиролд, баримтгүйгээр  сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүгдэгч Ж.Отгонтөгс нь 1503123 төгрөгийг хохирогч талд хүлээлгэн өгсөн нь 1 дүгээр хавтаст хэргийн 215 дугаар тал дахь баримтаар тогтоогдож байх тул энэ талаар шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт дурьдлаа.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан, Б.Соёмбын нас, биеийн онцлогоос хамааран сэтгэцийн шинжилгээ хийх боломжгүй болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016.05.31-ний өдрийн 2/217 тоот албан бичгээр тогтоогдож байгаа тул сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч хожим нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Отгонтөгс нь гэмт хэрэг үйлдэхдээ “Оюуны хөгжил” цэцэрлэгт тогооч, бага бүлгийн туслах багшаар ажиллаж байсан болох нь 2015.01.01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байсан ажил олгогч хүлээнэ” гэж заажээ. Иймд иргэний нэхэмжлэлийн хариуцагч нь “Оюуны хөгжил” ХХК байх тул шүүгдэгчийн өөрийнх нь эзэмшлийн газар, газрын гэрчилгээг битүүмжилж, хураасан мөрдөн байцаагчийн шийдвэрийг  хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Шүүх хэрэг хэлэлцэх ажиллагааг зөвхөн шүүгдэгч Ж.Отгонтөгсийн хувьд, гагцхүү түүний шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явууллаа. Тодруулбал: Монгол Улсын 1990.01.26-нд гарын үсэг зурж, 1990.07.05-нд соёрхон баталсан “Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлд зааснаар “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах; хүүхдийн эцэг, эх асран хамгаалагч буюу түүний төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдүүдийн “эрх, үүргийг харгалзан, хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авах” үүргийг Монгол Улс хүлээсэн.

Дээрхи конвенцийн дагуу батлагдсан Монгол Улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм, цэцэрлэгийн зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм зэрэг хууль тогтоомжийг эрхлэгч Ж.Оюунчимэг, туслах багш Э.Янжинлхам нар нь зөрчсөн эсэх, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалган тогтоолгохоор өмнө нь буюу 2016 оны 4 сарын 21-нд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тогтоолын заалтыг биелүүлээгүй, холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэлгүйгээр шүүхэд хэргийг ирүүлсэн тул шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, хийх үндэслэлгүйг талуудад тайлбарлах нь зүйтэй байна.         

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 285, 286, 288, 290 дүгээр зүйлийн 290.3, 291,

 297-299, 301, 304 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Мааньт овогт Жамъянгийн Отгонтөгсөд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Мааньт овогт Жамъянгийн Отгонтөгсийг тарчлаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар шүүгдэгч Ж.Отгонтөгсөд 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Отгонтөгсөд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   

5. Шүүгдэгч Ж.Отгонтөгс нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид 1503123 /нэг сая таван зуун гурван мянга нэг зуун хорин гурван/ төгрөгийг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурьдсугай.

                                              

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Э.Бат-Очир энэхүү нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаагчаас шүүгдэгч Ж.Отгонтөгсийн эзэмшлийн газар битүүмжилсэн, үл хөдлөх хөрөнгийн Г-0813000418 дугаартай гэрчилгээ хураан авсан тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолд бүхэлд нь,  иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт нь шийтгэх  тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Отгонтөгсөд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар 10 минут 28 секундын бичлэг бүхий 2 /хоёр/ цахим зээрэнцэгийг Ж.Отгонтөгсөд холбогдох 201512000252 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ                                     С.СЭРЖМЯДАГ

                                        ШҮҮГЧИД                                     Г.МӨНХБАТ

                                                              Л.ОДОНЧИМЭГ