Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1647

 

МАГАДЛАЛ

 

2017.7.21                                                  Дугаар 1647                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Гурван өргөө 2” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/01280 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Гурван өргөө 2” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Лхамсүрэнд холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал 1,623,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ц.Батбаатар,

Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч: Д.Баттулга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: “Гурван өргөө 2” сууц өмчлөгчдийн холбооны харьяа 21 дүгээр байрны 27 тоотод оршин суугч Б.Лхамсүрэн нь 2013 оны 10 дугаар сараас 2017 оны 03 дугаар сарыг хүртэл сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,623,900 төгрөгийг төлөөгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй эсрэг санал өгсөн оршин суугчид, гишүүд биелүүлэх үүрэгтэй”, 13 дугаар зүйлийн 13.2.6-д “сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч, ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчиж байна. Түүнчлэн манай сууц өмчлөгчдийн холбооны 380 оршин суугчийн эрх ашгийг хөндөж байна. Иймд хариуцагч Б.Лхамсүрэнгээс 1,623,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.Лхамсүрэн миний бие ямар ч шалтгаангүйгээр сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхгүй байх ухамсар мөчид хүн биш юм. Би өөрийн төрсөн эгч Б.Амаржаргалын хамтаар 2012 оны 12 дугаар сард “Хос өргөө 2” сууц өмчлөгчдийн холбоог дүрмийн дагуу байгуулан 5-н сар ажиллуулсан. Гэтэл нэг өдөр Ариунболд, Мөнгөнцэцэг тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс гарч ирэн бидний байгуулсан сууц өмчлөгчдийн холбоог хууль бус гээд өөрсдөө хурал зарлан шилжүүлэн авсан. Тухайн үед бид 4,000,000-5,000,000 төгрөгийг сууц өмчлөгчдийн холбоонд зарцуулсан бөгөөд энэ зардлаа шинэ сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулах гэхэд Сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтын зардалд суутгаж тооцохоор тохиролцсон юм. Иймд “Гурван өргөө 2” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 1,6 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад энэ төлбөрөө суутган тооцуулах саналтай байна. Б.Лхамсүрэн миний бие Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 21-27 тоот орон сууцнаасаа нүүгээд 2 жил гаран болж байна. Би байраа зарах гэж байгаа бөгөөд шинээр худалдаж авсан хүн нь журмынхаа дагуу сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөх байх гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Лхамсүрэнгээс 333,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Гурван өргөө 2” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс 1,290,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 40,932 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10,655  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Үйл ажиллагаа явуулж эхлэхэд өмнөх сууц өмчлөгчдийн холбооны гишүүн айл өрхүүд бүгд шилжиж ирсэн. Ингэж шилжиж ирэхдээ зарим СӨХ-ны гишүүн айл өрхүүд нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлдөггүй, СӨХ-нд авлага үүссэн байсан. Энэхүү өр буюу авлага нь шинээр үүсгэн байгуулагдсан "Гурван Өргөө 2" СӨХ-нд шилжиж ирсэн. Тодруулбал энэхүү авлагыг шилжүүлсэн банкны баримт, хариуцагч нь 2013 оны 10 дугаар сараас 2017 оны 03 дугаар cap хүртлэх хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөөгүй болох банкны баримтууд хавтас хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх энэхүү үйл баримтад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй дүгнэсэн нь учир дугтагдалтай боллоо. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар Сууц өмчлөгчдийн холбоо нарын хооронд өр авлага шилжүүлэх хэлцэл хийсэн байхад дүгнээгүй байна. Учир нь өмнөх сууц өмчлөгчдийн холбоо хариуцагчаас буюу үүрэг гүйцэтгэгчээс авах 1 290 400 төгрөгийн шаардах эрхээ нэхэмжлэгчид шилжүүлсэн нь Иргэний хуулийн Өр шилжих гэсэн 124 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хангасан. Хэдийгээр нэхэмжлэгч нь 2016 онд үүсгэн байгуулагдсан ч гэсэн өмнө нь үүссэн авлагыг цуглуулах, бусдад төлөх өрийг барагдуулах зэргээр өмнөх үйл ажиллагааг үргэлжлүүлсэн бөгөөд нэхэмжлэгчид шилжиж ирсэн авлагыг цуглуулах эрхийг шилжүүлсэн хууль ёсны юм.

Хариуцагч нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 21 дүгээр байрны 27 тоот орон сууцны өмчлөгч нь гэдэгтэй маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар "орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч заавал тухайн холбооны гишүүн байна" гэж зааснаар сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөх нь хариуцагчийн үүрэг юм. Гэтэл хариуцагч нь төлбөр төлөхгүй их хэмжээний авлага үүсгэснээс болж сууц өмчлөгчдийн холбоо хэвийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирч, улмаар санхүүгийн тайланд авлага үүссэн байгаа бөгөөд түүний өмнөөс бусад гишүүн этгээдүүд СӨХ-ны төлбөрөө төлөх нь шударга бус юм. Өөрөөр хэлбэл хариуцагч сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлдөггүй, бусад этгээдүүд нь болохоор төлдөг байж болохгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдийг хянаж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хариуцагчаас гаргуулбал зохих төлбөрийг буруу тооцсон байх боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Гурван өргөө 2” СӨХ нь хариуцагч Б.Лхамсүрэнд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал 1,623,900 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2013 оны 4 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл хугацааны төлбөрийг гаргуулна...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...энэ байранд сүүлийн 2 жил суугаагүй, тус СӨХ-өөс 4 000 000-5 000 000 төгрөгийн авлагатай...” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэлд заасан орон сууцны өмчлөгч бөгөөд 2013 оны 4 дүгээр сараас хойш орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдох зардлыг төлөөгүй, хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй, нэхэмжлэгчээс авах авлагатай болон түүнийг харилцан тооцох талаар шаардлага гаргаагүй зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, нэхэмжлэлийн заримыг хангахдаа хийсэн дүгнэлт үндэслэлгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан хугацааны талаар шүүх дүгнэлгүй, тус СӨХ үүсгэн байгуулагдсан 2016 оны 3 дугаар сараас хойшхи төлбөрийг хариуцагчаас гаргуулсан нь буруу байна.

Учир нь хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг харъяалан ажилладаг “Гурван өргөө” СӨХ-ийн нэр, удирдлага өөрчлөгдсөн нь хуульд заасан төлбөрөөс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй тул хуулийн дээрх зохицуулалтад нийцүүлэн хариуцагчаас 2014 оны 3 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл хугацааны СӨХ-ийн төлбөр 1 143 030 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Хариуцагчаас төлбөр гаргуулахдаа хэргийн 11-16 дугаар хуудсанд авагдсан төлөгдөөгүй байгаа Төрийн банкны хуулга болон төлбөр төлөхийг шаардаж байсан шаардах хуудас, нэхэмжлэх зэрэг баримтыг үндэслэсэн болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/01280 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Лхамсүрэнгээс 1 143 030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Гурван өргөө-2” СӨХ-д олгож, үлдэх 480 870 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...хариуцагчаас 10 655 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэснийг “31 983 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 40 932 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                                                ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

                                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ