Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 292

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг, Өргөө, 12 дугаар байр, 1 тоотод оршин суух Боржигин овгийн Чогсомын Нармандахын /РД: ДЮ78041151/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүх 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийсайхан, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн төлөөлөгч Г.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Нармандах нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2007 оны 09 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажилласан. Тус байгууллагын захирал Г.Гансүх нь ажилд томилогдоод удаагүй байх хугацаандаа шинээр 9 хүн ажилд авсан. Энэ тооцоо төлөвлөлтгүй гэнэт нэмэгдсэн орон тооноос шалтгаалж, ийм олон хүн ажилд авсны сөрөг нөлөөгөөр хуучин ажиллаж байсан олон багшийн эрх зөрчигдөж, миний бие нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажлаасаа халагдсан. Мөн тус сургуулийн багш нар захирлын үйл ажиллагааг шүүмжилж, үйлдвэрчний эвлэлийн байгууллага, салбар яамандаа өргөх бичиг өгсөн. /10 дугаар сард/ Үүнд гарын үсэг зурсныхаа төлөө олон удаагийн дарамт шахалт амсаж, хууль бусаар гэнэт ажлаасаа халагдсан. Би ажиллах хугацаандаа ажил үүргийн болон ёс зүйн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Мөн надтай хамт ажлаас чөлөөлөгдсөн 2 багш болох Д.Алтанзул, М.Сайнзаяа нарыг түр чөлөөлсөн гэх шийдвэр гаргаж 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг сургуулиас төлөх хөнгөлөлт үзүүлсэн байна. Энэ асуудлыг удирдах албан тушаалтны ёс зүйн доголдол буюу ялгаварлан гадуурхах үзлийн илэрхийлэл гэж үзэж, миний бие гомдол гаргаж байна. Учир иймд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хянан үзэж, ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Нармандах нь МСҮТ-д 2007 оны 09 дүгээр сараас эхлэн механизмын жолоодлогын дадлагын багшаар томилогдон 12 дахь жилдээ ажиллаж байгаад 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажлын ачаалалгүй гэдэг шалтгаанаар ажлаас халагдсан. Сургуульд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Сургуулийн захирлын шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа учир ажилд эгүүлэн томилох,  ажилгүй байсан хугацааны цалин нөхөн төлүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Гансүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Механизмын жолооны багш Ч.Нармандахыг цагийн ачаалалгүй болсон тул 2017 оны 09 сарын 15-ны өдөр мэдэгдэл хүргүүлэн, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, “М” ангиллын жолооны цагийн багшаар 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс томилсон юм. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийн хүрээнд уг хуулийн 16.5, 16.5.3, 16.5.9 дэх хэсгийг үндэслэн Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам”-ын 1.2-т заасны дагуу тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал тогтоох бөгөөд захирлын 2017 оны А/72 дугаар тушаалаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог батлан тогтоосон юм. Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас олгож, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас баталгаажуулсан “Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн хавсралт заасан мэргэжлүүд нь тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үндсэн үйл ажиллагаа ба “М” ангиллын жолооны сургалт нь тус төвийн туслах үйл ажиллагаа юм. Нэхэмжлэгч Ч.Нармандах нь “М” ангиллын жолооны курст багшлах эрхтэй ба энэ нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 18.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгаа юм. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн тоог тогтоохдоо Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам”-ын дагуу багшийн ур чадварын түвшинг тогтоож, ажлын ачааллыг тогтоож, ажлын ачааллыг гаргадаг болно. Механизмын жолооны багш Ч.Нармандах нь “Дадлагажигч багш”-аар ур чадварын түвшин тогтоогдсон ба жилийн гүйцэтгэх ёстой ажлын ачаалал нь танхимын 18 багц цаг /кредит/, танхимын бус 2 багц цаг буюу хичээлийн жилд нийт 900 цагийн ачаалалтай байх ёстойгоос Мэргэжлийн боловсрол сургалтын бодлого зохицуулалтын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр баталсан Монгол улсын хэмжээнд мөрдөгдөх “Хүнд машин механизмын оператор” мэргэжлийн чадамжид суурилсан сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан “М” ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох дадлагын нийт 162 цаг буюу 2.85 багц цаг /кредит/ ачаалалтай байгаа учир цагийн багш болох үндэслэл болж байна. Багш Ч.Нармандах нь 2017 оны хичээлийн жилийн 1 дүгээр улиралд /11, 12-р саруудад/ нийт 162 цаг буюу 2.85 багц цаг /кредит/ “М” ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох дадлага орсон ба 09, 10, 01, 02 саруудад нэг ч цагийн хичээл заагаагүй боловч цалингаа бүрэн авч байсан. /Ч.Нармандах нь өөрөө цагийн багш болохыг зөвшөөрч 01 дүгээр сарыг дуустал цалингаа бүтэн авах хүсэлт гаргасан/ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь нэг суралцагчид ногдох хувьсах зардлаар санхүүждэг юм. Засгийн газрын 2012 оны 94 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив”-аар Говь-Алтай аймагт нэг суралцагчид ногдох хувьсан зардлын дундаж норматив 591.600 төгрөг байна. Тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлт харьцангуй бага байгаа тул мэргэжлийн багш, ерөнхий эрдмийн багш нар цагийн ачаалалгүй буюу хичээлийн цаггүй болж байгаа ба 4 багш ажлаас чөлөөлөгдөж, 2 багш түр хугацаагаар ажлаас чөлөөлөгдөж байгаа болно. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилд /2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар нийт мэргэжлийн 19 ангид 201 суралцагч суралцаж байна. Тус сургалтын төвийн 2018 оны батлагдсан төсөвт суралцагчдын тоог 619 байхаар тооцсон юм. Нэхэмжлэгч Ч.Нармандах нь 2007 оноос хойш МСҮТ-д механизмын жолоодлогын дадлагын багшаар ажиллах хугацаандаа сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу багц цагийн гүйцэтгэл хангаж ажилласан эсэх нь сүүлийн 4 жилийн хугацаанд дутуу гүйцэтгэлтэй явсан байдаг. Хичээлийн жилд 2 сарын хугацаанд цалинтай ажиллах боломж бололцоотой байгаа. Өмнөх жилүүдэд дутуу цагийн гүйцэтгэлээ жолооны М ангиллын дамжаа хичээллүүлэх журмаар нөхдөг байсан. Гэтэл М ангиллын жолооны курс манай үндсэн үйл ажиллагаа биш,  манай туслах үйл ажиллагаа болоод явдаг тэгэхээр энэ хоёрын ялгаа зааг байх ёстой. Учир нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Тухайн тусгай зөвшөөрөлд М ангиллын жолооны сургалт байхгүй. Тэгэхээр энэ нь тусгай гэрээгээр гүйцэтгэх ажил үүрэг байгаа. Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлд Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад ажиллах багшид тавих шаардлагыг зааж өгсөн. Бакалавраас дээш зэрэгтэй багшлах эрхтэй мэргэжлийн хүн байх ёстой гэж зааж өгсөн. Ч.Нармандах багшийн тухайд багшлах эрх нь замын цагдаагийн газрын багшлах эрхээр зохицуулагдаад явж байгаа. Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулиар зохицуулагдаад явж байгаа. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багшид тавигдах шаардлага багшийн нийгмийн баталгаа гэдэг дээр зөрчилтэй асуудал гардаг. Багш нарт өөрийгөө хөгжүүлэх тал дээр дутагдалтай зүйл харагддаг. Ч.Нармандах багшийн өөртэй нь шууд хамааралтай зүйл биш сургалтын байгууллагын хувьд дотроо зохицуулах асуудал. Иймээс Ч.Нармандах багшийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөөд 03 дугаар сарын 09-ний өдөр М ангиллын жолооны цагийн багшаар томилсон. Хүнд машин механизмын оператор мэргэжлийн ангид жолооны дадлага хөтөлбөрт заагдсан 36 цагийн хичээл 72 цагийн дадлага, М ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох 18 цагийн онолын цаг, 54 цаг дадлага нийтдээ 182 цагийн хичээлийг цагийн багшаар заагаад үлдсэн цагтаа М,  болон А ангиллын жолооны багшаар ажиллаад ажиллах хугацаандаа жолооны төлбөр ашиг орлогоо зохицуулаад явахаар тохиролцсон. Өмнөх жилүүдэд жолооны курс ажиллуулах нь ашигтай байсан бол сүүлийн жилүүдэд ашиг багатай байгаа. Тракторын жолоочоор жилийн турш сургалт аваад явах боломж байхгүй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тавьж байгаа шаардлага нь үндсэн үйл ажиллагаа туслах үйл ажиллагааг ялгаж салга гэсэн чиглэл тавьдаг. Үндсэн орон тоогоор ажиллах боломж байхгүй учир 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн МСҮТ-д мэргэшсэн жолоо гэдэг анги нь жолооны болон дүрмийн 1 багштай байя бусад багш нарыг цагийн болон гэрээгээр зохицуулаад явъя гэдэг чиглэл гаргасан. Ч.Нармандах багш нь дадлагажигч багшаар ажиллаж байгаа учир он дуустал ажиллах хүсэлт тавьсан. Дадлагажигч багш нь 17 цагийн танхимын сургалт 3 багц цагийн танхимын бус сургалт гээд нийт 20 кредит буюу нийт 900 цагийн хичээл заах ёстой. Жолооны М ангиллын сургалт нь 182 цаг болдог тэгэхээр үндсэн байх боломжгүй гэж үзээд  цагийн багш болгосон. 2018 онд мэргэжлийн сургалтын байгууллагад 5 жил ажиллах тутам 10 сарын тэтгэмж авдаг. Ч.Нармандах нь тухайн тэтгэмжээ авмаар байна. Он дуустал ажиллаад ажлаас чөлөөлөгдөхөд татгалзах зүйл байхгүй гэсэн учир он дуусгаад 01 сарын 08-аар тасалбар болгоод үндсэн цаг нь дууссан. Өмнө нь 09 дүгээр сар, 10 дугаар сар дуустал ямар нэгэн ажил эрхлээгүй байж цалин авсан. 01 сарын 16-ны өдрөөс ямар ч ачаалалгүй болоод явсан. Мөн 01 дүгээр сарыг дуустал ажиллуулж өгнө үү бичиг цаасны ажлаа цэгцэлмээр байна гэхээр нь 03 дугаар сар хүртэл ажиллуулсан. 2017-2018 оны хичээлийн жилд 4 багшийн асуудал яригдсан. Энэ хэд дотроо Ч.Нармандах багшийн хувьд асуудал нь өөрөөр шийдэгдээд явсан. Өөрөөр хэлбэл цагийн багшаар томилогдсон өнөөдрөөс эхлэн М ангиллын жолооны курс ажиллуулъя гээд хүмүүсээ олоод бүртгээд өөрөө цалинжаад явах  боломжтой. 2016 оноос хойш МСҮТ-ийн хүрээнд цалингийн сан нэмэгдүүлээгүй асуудал байгаа. МСҮТ нь 65 орон тоогоор ажиллаж байна. Гэтэл 1 дүгээр сард 1 сая төгрөгийн хэмнэлттэй гарсан. Улсын Их Хурлын 2018 оны Төсвийн тухай хуульд цалин нэмэгдүүлэх асуудлыг бүрэн царцаасан. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш тэтгэвэрт гарсан хүний орон тоон дээр хүн авч болохгүй гэдэг шалтгаанаар тэтгэвэрт гарсан хүний цалинг тэглээд явсан. 2017 онд манай байгууллагад 4 хүн тэтгэвэрт гарсан. Тухайн 4 хүний цалингийн санг 2018 онд бууруулж орж ирсэн. 2019 он дуустал энэ байдал хэвээр байна. 2017оны 93 дугаар тогтоол, Улсын Их Хурлаас баталсан 2017, 2018 оны Төсвийн тухай хууль байгаа. Мөн 5 жилийн тэтгэмж олгох асуудлыг шийдэж өгсөн. 5 жилийн тэтгэмж авах эрх нь 2018 оны 09 сард хэрэгжиж эхэлнэ. 2018 оны 07 дугаар сард тэтгэмж авах багш нарын нэрсийн жагсаалтад Ч.Нармандах багшийн нэрийг оруулаад тэрнээс хойш Ч.Нармандах багшийг цагийн багш болгосон. Ч.Нармандах багш нь өөрөө хүлээн зөвшөөрч байсан. Энэ талаар гарын үсэг зураад өгөхийг зөвшөөрч байна гэж хэлсэн гэтэл одоо яагаад шүүхээр яваад байгаа талаар мэдэхгүй байна. Дээрх үндэслэлүүдийн дагуу механизмын жолооны багш Ч.Нармандахыг цагийн ачаалалгүй болсон тул 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдэл хүргүүлэн, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, механизмын жолооны цагийн багшаар 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс томилсон юм. Нармандахын нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Ч.Нармандахын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ч.Нармандах нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Нэхэмжлэгч Ч.Нармандах нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн механизмын жолооны багшаар ажллаж байгаад 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 38 дугаар дугаар тушаал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/05 дугаар тушаал, 0128318 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заажээ. Нэхэмжлэгч Ч.Нармандах нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Ч.Нармандахтай 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж, ТҮМБ-3-2 шатлалаар цалинжуулан хүнд механизмын мэргэжлийн багшаар ажиллуулсанаар зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна. 
Хариуцагч тал нь Ч.Нармандахыг ажлаас халсан үндэслэлээ Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журмын”-ын 1.2, Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам”-ын 4.1, Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны А/72 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1, 12.1.1, 12.2, 12.2.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/05 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж хариуцагчийн төлөөлөгч маргажээ. 
Хариуцагч тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа ажлын ачаалалгүй болсон, мөн М ангиллын жолооны курс манай үндсэн үйл ажиллагаа биш,  туслах үйл ажиллагаа болж явдаг тул 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “... ажилтны тоог цөөрүүлсэн” гэдэгт эрх бүхий этгээдийн шийдвэрээр хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно. Гэтэл зохигчдын тайлбараар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 43 багшийн орон тоотой ажиллахаар тогтоосон байна.
Хариуцагчаас Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт зааснаар батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох эрх хэмжээнийхээ хүрээнд орон тоог цөөрүүлсэн гэж тайлбарлажээ. Уг заалтын агуулга нь эрх бүхий этгээдээс баталсан орон тоо нь байгаа ч тухайн байгууллагын хувьд ажилтан авч ажиллуулах шаардлагагүй байгаа бол ажилтан авахгүй байх, мөн уг орон тоонд өөр ажлын байрыг шилжүүлэх зэрэг агуулга хамаарах бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа орон тоо нь батлагдсан ажилтанг чөлөөлөх эрх хэмжээ гэж хэрэглэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Сургалт боловсролын байгууллагын үндсэн багшийн кредит хангагдсан байх ёстой онцлогийг харгалзан хичээлийн жилийн эхэнд судалгаа тооцоогоо гаргаж орон тоогоо батлуулдаг байна. Нэхэмжлэгч Ч.Нармандахын тухайд 2017-2018 оны хичээлийн шинэ жил эхлээд хичээллээд явж байсан, багшийн сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарь батлагдсан, багшийн цалин төсөв нь төсөвт суугдсан үед уг орон тоог цөөрүүлсэн нь буруу байна. 
Түүнчлэн энэ зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд мөн хуулийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч хуульд заасан агуулгаар буюу заасан хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх шаардлагатай. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад дээрх хуулийн заалтыг биелүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх ба 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн, ажилтан уншиж танилцсан боловч гарын үсэг зурахаас татгалзсан гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж, мэдэгдэх хуудасны хувийг ирүүлсэн байх боловч дээрх мэдэгдлийг хөндлөнгийн гэрчийг байлцуулан баталгаажуулаагүй, бичиг хэргийн ажилтан, хүний нөөц, гадаад харилцааны ажилтан зэрэг бичиг баримт бүрдүүлэх чиг үүрэг бүхий ажилтан гарын үсэг зурсан байгаа нь дээрх хуулийн заалтын агуулгыг зөв хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна. 
Иймд нэхэмжлэгч Ч.Нармандахыг Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвийн механизмын жолооны багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…олгоно”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.Нармандахын 2017 оны 12, 2018 оны 01, 02 дугаар саруудад ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 1.100.212+629.292+559.627=2.289.131 төгрөг байна. 2.289.131:3=763.043 төгрөг. Үүнээс 1 өдрийн цалинг тооцоход 763.043:21.5=35.490 төгрөг байх тул 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 66 хоногоор тооцож 35.490*66=2.342.340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Нармандахын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвд үүрэг болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 2.342.340 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 52.427 төгрөг, нийт 122.627 төгрөгийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигин овгийн Чогсомын Нармандахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн механизмын жолооны багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.342.340 / хоёр сая гурван зуун дөчин хоёр мянга гурван зуун дөчин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чогсомын Нармандахад олгосугай. 
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Нармандахын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд даалгасугай. 
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 2.342.340 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 52.427 төгрөг, нийт 122.627 төгрөгийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
                        
                         

ДАРГАЛАГЧ                             Ц.ҮЙТҮМЭН