| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2022/0180/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/187 |
| Огноо | 2022-08-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.*******ад холбогдох эрүүгийн 2215000000175 дугаартай, 163/2022/0180/Э индекстэй хэргийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Архангай аймгийн ******* суманд 1972 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг *** гэх газарт оршин суух бүртгэлтэй, малчин, ам бүл 3, эхнэр, ахын хамт амьдардаг, 50 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь 2022 оны 07 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Шар тал гэх газар гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Б.*******ын бие, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000175 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
2022 оны 07 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Б.******* нь Булган аймгийн ******* сумын хоёрдугаар багийн нутагт гэртээ нөхөр Н.*******ад толгойн тус газраа халуун саваар цохиулсаны улмаас толгойн дээд хэсэгт 2 см орчим хуйх нь язарч цус гарсан шархтай, баруун гарын булчингийн дотор хэсэгт 3 орчим см хөхөрсөн, даралт нь ихэссэн, зүрхний цохилт олширсон байдалтайгаар эмнэлгийн анхан шатны тусламж авсан, Н.******* нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эхнэр Б.*******ын бие, эрх чөлөөнд халдсан энэ үйлдлээрээ түүний толгойн хуйханд сорви, хуйхны дор зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Цэдэнбалжидын өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би нөхөр ******* болон *******, ******* нарын хамтаар гэртээ нэг шил архи хувааж уусан. Архиа ууж дуусаад *******, ******* хоёр гэртээ харина гээд явсан. Шөнө манай нөхөр ******* гадаа гарчихаад буцаж орж ирэхдээ нэлээн согтчихсон орж ирээд надтай маргалдсан. Тэгээд над руу агсраад байхаар нь би гэрээсээ гарах гэтэл над руу гэрийн авдар дээр байсан цайны ягаан өнгийн халуун савыг аваад шидсэн ба миний толгойг онож хагалсан. Тэгэхээр нь би гарч гүйгээд хажууд байдаг Батсүрэн гэх айлд очтол Батсүрэнгийн эхнэр нь эмнэлэгт дуудлага өгсөн ба эмнэлэг ирээд намайг аваад явсан. ... Н.******* над руу халуун сав шидсэнээс өөрөөр цохиж зодоогүй, гар хүрээгүй. Урьд нь цохиж зодож байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,
3. Гэрч Д.ы өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 05-ны шөнийн 01 цагийн үед манай эмнэлгийн сувилагч надруу залгаад нэг эмэгтэй нөхөртөө зодуулаад цус алдаад байна гэж хэлсэн. Уг дуудлагын дагуу ******* гэх айлын гэрт очиход нөхөртөө зодуулсан гэх эмэгтэй байгаагүй бөгөөд нөхөр болох ******* нь хоймортоо суучихсан үүдээр нь аргал асгарсан байдалтай байсан. Би эхнэр чинь хаана байна гэхэд би мэдэхгүй малдаа яваад иртэл гэр ийм болчихсон байна гэсэн. Ингээд ******* гэх айлын хажуу айлд ортол ******* гэх эмэгтэй хөл нүцгэн толгойноос нь цус гарсан байдалтай гэрийн багана налаад сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад манай нөхөр намайг архины шилээр толгой руу цохисон гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэйг эмнэлэгт авч ирээд эмнэлгийн хүлээн авахад хэвтүүлэн эмчилгээ хийсэн, ...үзлэг хийхэд тухайн эмэгтэйн толгойн дээд хэсэгт 2 сантиметр орчим хуйх нь язарч цус гарсан шархтай, баруун гарын булчингийн дотор хэсэгт 3 орчим сантметр хөхөрсөн, даралт нь ихэссэн, зүрхний цохилт олширсон байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
4. Гэрч А.ийн өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн орчимд манай гэрт ******* ахын эхнэр ******* эгч ирсэн ба толгойноос нь цус гарчихсан, нүүр гар нь цус болчихсон байсан. Тухайн үед манайд гэдэг найз маань байсан ба эмнэлэгт дуудлага өгсөн. Түргэн тусламж 30-40 минутын дараа ирсэн. ******* эгчээс юу болсон талаар асуухад нөхрийнхөө нэрийг хэлээд толгой өвдөж байна гэсэн. ******* эгчээс архи үнэртэж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-55 дахь тал/,
5. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101 дугаартай: Б.*******ын биед хуйханд сорви, хуйхны дор зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хуйханд үүссэн сорви нь эдгэрсэн тул ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг нарийн тогтоох боломжгүй. Хуйхны дор зөөлөн эдийн няцрал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь хуучин гэмтэл ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хуйхны сорви, хуйхны дор зөөлөн эдийн няцрал нь учрах үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт /хавтаст хэргийн 62-64 дэх тал/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Н.*******ын гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр эхнэр *******ын хамтаар Булган аймгийн ******* сумын наадам үзчихээд Бүрнээ, Инжгээ нарын хамт гэртээ ирсэн. Гэрт ирээд бид дөрөв 0,75 летрийн хэмжээтэй Qualy нэртэй нэг шил архи хувааж уусан. Архиа уучихаад Бүрнээ эхнэртэйгээ харих гээд явсан. Би гэртээ эхнэртэйгээ үлдсэн. Тухайн үед би согтчихсон болохоор эхнэртэйгээ маргалдаад гэрийнхээ зүүн талын авдар дээр байсан ягаан өнгөтэй цайны халуун савыг аваад эхнэр рүүгээ шидчихсэн чинь толгойг нь оноод хагалсан. Манай эхнэр гэрээсээ гарч яваад Батмөнх гэх айлд очоод эмнэлэг рүү дуудлага өгсөн гэсэн. Би тухайн үед гэртээ байсан болохоор түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Би эхнэрийнхээ толгой руу халуун сав шидэж толгойг нь хагалснаа бас хагарсан халуун савны шилний үүрмэг, гадна талын гэрийг нь гэрээсээ гаргаж хаяснаа санаж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94-95 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгөтэй халуун савны гэр, халуун савны ёроолын хуванцар таг, Qualy нэртэй архины шил зэрэг биет нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.*******, гэрч Н., А. нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад дээрх үйл баримтаар Булган аймгийн ******* сумын хоёрдугаар багийн нутагт гэртээ 2022 оны 07 дугаар сарын 04-ний шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.*******ын бие, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулсан Н.*******ын гэм буруутай үйлдэл хөдөлбөргүй нотлогдож байна.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Н.*******ын гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч Б.*******, шүүгдэгч Н.******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, гэр бүлийн гишүүд хэдий ч тухайн өдөр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үүссэн маргааны явцад гэмт хэрэг гарсан байх ба гэр бүлийн хүчирхийллийн байнгын болон зан үйлийн хувьд зуршил болсон байх шинжийг агуулаагүй байна.
Шүүгдэгч Н.*******ын хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.*******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 76-79 дэх талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Булган аймгийн ******* сумын Шар тал багийн засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.******* нь 50 настай, Булган аймгийн ******* сумын 2 дугаар багт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 4/92 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч Н.*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 37 см өндөртэй, 13.5 см өргөнтэй, 42 см диаметртэй хуванцар материалтай, ягаан өнгийн хагарч цуурсан цайны халуун сав, халуун савны ёроолын хуванцар таг, Qualy нэртэй архины шил зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 37 см өндөртэй, 13.5 см өргөнтэй, 42 см диаметртэй хуванцар материалтай, ягаан өнгийн хагарч цуурсан цайны халуун сав, халуун савны ёроолын хуванцар таг, Qualy нэртэй архины шил зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД