| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00288/и |
| Дугаар | 153/ШШ2018/00313 |
| Огноо | 2018-05-30 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 153/ШШ2018/00313
| 2018 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2018/00313 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт оршин суух, М.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт Б.Б-д холбогдох
Б.Б-тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 153/2018/00288/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, нэхэмжлэгч М.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хамтын амьдралтай байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Б.Б-тэй 2014 онд танилцаад, үерхэж байгаад 2015 оны 04 сарын 27-ны өдөр хүү А.Д төрсөн. Хүүхдээ төрсний дараа Б.Б-ий гэрт очиж амьдарсан. Б.Б-ий гэрт 4 сар амьдраад 9 сард гэртээ буцаж ирсэн. Түүнээс хойш хүүгээ ганцаараа өсгөж байгаа. Ийм учраас шүүхэд хүү А.Д-ын эцэг Б.Б мөн болохыг тогтоолгож, хүүхдээ өөрийнхөө асрамжид авч, Б.Б-нээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү....Б.Б хүү дээрээ жилд ганц, хоёр удаа ирдэг....Бид хоёрыг гэртээ авч ирж байлгаж байгаад Б.Б өөрөө тээвэрт явах шаардлага гараад удалгүй яваад өгсөн. Тэгээд буцаж ирэхгүй болохоор нь би хүүгээ аваад гэртээ буцаж ирсэн юм....гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Миний бие Б.Б нь М.А-тай үерхэж байгаад хүү Д төрсөн нь үнэн болно. Иймд хүү Д-д хуулийн дагуу тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Б.Б-д холбогдуулан Б.Б-тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч М.А, хариуцагч Б.Б нарын дундаас 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүү А.Д төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү А.Д-ын төрсөн эцгээр Б.Б-нийг тогтоох үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Б нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү А.Д нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Б-нээс сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү А.Д-ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар тайлбарыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү А.Д-ын нас болон хүүхдэд тавих эхийн халамж зэргийг харгалзан хүүхдийг эх М.А-ын асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.А нь Б.Б-тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч М.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-нээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү А.Д нь 3 нас 1 сартай байгаа тул Ховд аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 178,000 төгрөгийн 50 хувь болох 89,000 төгрөгийг сар бүр хариуцагч Б.Б төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү А.Д-д сар бүр төлөх тэтгэлэг 89,000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1,068,000 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 30,182 төгрөгийг хариуцагч Б.Б-ээс гаргуулж улсын орлогодоруулахаар тогтов.
Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч М.А, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Б.Б-д тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү А.Д-ын төрсөн эцэг Б.Б мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү А.Д-ыг эх М.А-ын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү А.Д-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Бат-Эрдэнээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Нэхэмжлэгч М.А нь Б.Б-тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Байгалмаад даалгасугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч М.А-т, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Б.Б-д тус тус мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-нээс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.А-т олгосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Б-нээс хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30,182 /гучин мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ