Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2018/00314

 

 

2018 оны 05 сарын 30 өдөр

      Дугаар 153/ШШ2018/00314

                     Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Чандмань суманд Н.Б-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 153/2018/00378/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч Н.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн сургуулийг 1983 онд төгсөж, илгээлтээр хөдөө мал маллахаар гарсан. Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд ээжийн хамт мал маллаж байсан. 1987 онд гэр бүлтэй болсон бөгөөд өдий хүртэл мал маллаж байна. Тэтгэвэрт гарах гэж ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт өгсөн. Намайг Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Н.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Н.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Н.Б нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1063 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадын 1983-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Жадамбын Ганболд, Нансалмаагийн Буянжаргал нарын 1987 оны 7 дугаар сарын 5-ны өдөр гэр бүл болсон тухай бичилттэй гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1984 оны 7 сарын 11-ний өдөр олгосон Сайшаалын үнэмлэх, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 36/002554 дугаартай Эхийн Эцэг/эх/-ийн нэр Хоохнойн Нансалмаа, Нансалмаагийн Буянжаргал 1967/12/09-нд Ховд аймгийн Чандмань сумын 3-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх бичвэртэй төрсний бүртгэлийн лавлагаа,хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 5-12, 13, 19, 31 дүгээр хуудас/

Н.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 14 дүгээр тал/

Хавтаст хэргийн 15-18 дугаар хуудсанд авагдсан иргэн С.Чойжилжав, В.Намхай нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 27-30 дугаар хуудсанд авагдсан гэрч В.Намхай, С.Чойжилжав нарын мэдүүлэг нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зөрсөн бөгөөд гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуулийн 1983 онд төгссөн XIV төгсөлтийн зургийн хуулбар нь бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Н.Б-ын Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Б- ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ОЮУНЖАРГАЛ