Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/105

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

         Улсын яллагч А.Оргилбаяр

          Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.От холбогдох 2116001280092 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-нд төрсөн, ... настай, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, хилийн цэргийн 0214 дүгээр ангид тогооч ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, ... оршин суух хаягтай,  урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Хөтчин овогтой С.О гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.О нь Говь-Алтай аймгийн Алтай сумын төвд иргэн Т.Дгийн эрхлэн ажиллуулдаг “Анужин” нэртэй дэлгүүрт 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд амаар байгуулсан хэлцлийн дагуу худалдагчаар ажиллах үедээ бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 23.454.966 төгрөгийг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь бусдын өмчлөх эрхэнд халдаж, хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч С.О гэм буруутай болох нь:

 Шүүгдэгч С.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлсэн “Хохирол барагдуулна гэж гэрээ байгуулсан. Сард 200.000 төгрөг өгөхөөр байгаа. 5 дугаар сард гэрээ байгуулсан. 6 дугаар сард 200.000 төгрөг төлсөн. Би саяхан ажилд орсон. 6 сар ажиллаж байгаад цалингийн зээл авч төлье гэж хэлсэн байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруугаас болоод бага багаар худалдан авалт хийсээр байгаад ийм болсон. Хохирлоо барагдуулна гэсэн бодолтой байгаа. Хоёр хохирогчоосоо уучлалт гуйж байна. Ямар ч байсан Т.Д, Баяржаргал хоёрыг хохиролгүй болгож өгнө” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

       Хохирогч Т.Дгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дэлгүүрийн хүнсний бараанд С.О гэдэг хүнийг худалдагчаар авч 2019 оны 08 дугаар сарын 06-ны үед буцаад С.Оээс дэлгүүрийн барааг тоолж хүлээн авч дараагийн худалдагч Болормаа гэдэг хүнд хүлээж өгсөн. С.О, Болормаа хоёр тухайн үед нэг нэг дэвтэр гаргаад дэлгүүрийн барааг тоолж хүлээлцсэн. Дараагийн худалдагчид дэлгүүрээ хүлээлгэж өгсний дараа С.О бид 2 дэлгүүрийн тооцоог хийхэд мөнгө дутсан. Тэгээд С.О Улаанбаатар явах яаралтай ажилтай болоод С.Оийг чи Улаанбаатар явж ажлаа амжуулаад ирээрэй, би эхнээс нь дахиад тооцоогоо хийгээд байж байя гэж хэлсэн. Сумд буцаж ирэхэд би дэлгүүрийн тооцоог эхнээс нь дахиж бодоод 19.000.000 төгрөг дутсан. Тэгээд би С.От дэлгүүрийн тооцоог эхнээс нь дахиж бодож үзлээ. 19.000.000 төгрөг дутаад байна гэж хэлсэн. ...Би хот яваад буцаж Алтай сумд ирэхэд С.О тооцоогоо дахиад эхнээс нь шалгаж, нягталж үзсэн байсан. С.О надад тооцоогоо дахиад эхнээс шалгаж үзлээ. Таны бодсон юмтай яг таарч байна, зөрж байгаа юм алга байна. 19.000.000 төгрөг дутаад байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /2ХХ23-28/,

 

Хохирогч Т.Дгийн мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн “...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр С.Отэй эцсийн байдлаар  тооцоо нийлэхэд 21.710.445 барааны орлого дутаж байсан...” гэсэн мэдүүлэг /2ХХ31/,

Гэрч Ш.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2019 оны 08 дугаар сард манай эхнэр Т.Д Улаанбаатар хотоос ирж С.Оээс тооцоо хийж бараагаа хүлээн авахад 19.000.000 төгрөгийн зөрөө гарсан. Тухайн үед С.О дутсан мөнгийг төлнө гэж хэлж байсан. Гэтэл одоо хүлээн зөвшөөрөхгүй, дутсан мөнгийг төлөхгүй гэж явж байгаа. С.О манай дэлгүүрийн орлогын мобайл банкны данс болон карт уншдаг машины данснаас бид нарын зөвшөөрөлгүйгээр их хэмжээний мөнгө авч хэрэглэсэн байдаг... ” гэсэн мэдүүлэг /2ХХ47/

Мэргэжлийн үнэлгээчин Р.Ц-н 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаартай “...худалдагч С.Оийн 2018-2019 онуудад Анужин нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллах хугацаанд дэлгүүрийн борлуулсан барааны үнийн дутагдлыг 23.454.966 төгрөгөөр дутсан болохыг тогтоов” гэх шинжээчийн дүгнэлт /ХХ100-106/ болон “Хаан банк” дахь С.Оийн эзэмшлийн 5316087229 тоот харилцах дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Оийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогчид учруулсан 23.454.966 төгрөгний хохирлоос 200.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчээс гэм хорын хохиролд 23.254.966 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч С.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 сарын 02-ны өдрийн хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч С.От холбогдох Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2116001280092 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөтчин овогт С.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Монгол улсын өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 сарын 02-ны өдрийн хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч С.От холбогдох Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2116001280092 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Оээс 23.254.966 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч Т.Дд олгосугай.

4. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүл, шүүгдэгч С.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА