| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00351/и |
| Дугаар | 153/ШШ2018/00315 |
| Огноо | 2018-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 153/ШШ2018/00315
| 2018 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2018/00315 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, эрэгтэй, ******* овогт *******гийн ******* /*******/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 153/2018/00351/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч М.******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1977 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн наймдугаар анги төгсөөд Хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр хөдөө гарч эцэг, эхийн хамт хоёр жил мал маллаж байгаад 1979 оны 06 сард цэргийн албанд татагдсан. Гурван жилийн цэргийн алба хаагаад 1982 оны 06 сард цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргийн албанаас халагдаад 1982 оны өвлөөс эхэлж Ховд аймгийн Хөдөлмөр сонины Хэвлэх үйлдвэрт үсэг хөрвүүлэгчээр ажиллаж байгаад 1984 оны 03 сарын 04-ний өдрөөс хойш хөдөө гарч мал малласан. Түүнээс хойш мал маллаж амьдарч байна. Одоо би тэтгэвэрт гарах нас болсон учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад 1977 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1984 оны 03 сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл тус тус малчнаар, Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарыг дуустал малчнаар, Ховд аймгийн Намын хороо, ардын депатутын хурлын гүйцэтгэх захиргааны хэвлэл Хөдөлмөр сонинд 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг дуустал дагалдан өрөгч, линотипчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
М.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч М.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Бургаа бригадад 1977 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1984 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарыг дуустал малчнаар, Ховд аймгийн Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны хэвлэл Хөдөлмөр сонинд 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд дагалдан өрөгч, линотипчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч М.Б нь Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Бургаа бригадад 1978 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1984 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарыг дуустал малчнаар, Ховд аймгийн Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны хэвлэл Хөдөлмөр сонинд 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд дагалдан өрөгч, линотипчээр тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1040 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадын 1978-1979, 1984-1992 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны хэвлэл Хөдөлмөр сонины хариуцлагатай эрхлэгчийн 1982 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 104 дугаартай Линотип Н-140 машины дагалдангаар авч ажиллуулах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны хэвлэл Хөдөлмөр сонины хариуцлагатай эрхлэгчийн 1983 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаартай М.Б-г линотипчээр жинхлүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны хэвлэл Хөдөлмөр сонины хариуцлагатай эрхлэгчийн 1984 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 122 дугаартай Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 сарын 26-нд Хөдөлмөр хувьцаат компани болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх бичилттэй лавлагаа, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 36/002561 дугаартай Эцгийн Эцэг/эх/-ийн нэр Очирхуяг *******, Эхийн Эцэг/эх/-ийн нэр Жавсан Хумаа, *******гийн Б 1961/04/07-нд Ховд аймгийн ******* сумын 34-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх бичвэртэй төрсний бүртгэлийн лавлагаа, *******гийн *******, ийн нарын 1986 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүл болсон талаар бичилттэй гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Г.Жамбалдорж, Д.Цэрэнсод нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хүсэлт гаргагчийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Бүрэн биш дунд боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 6-21, 37-39, 40-41, 42-43 дугаар тал/
Харин хүсэлт гаргагч М.Б-ийн Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад 1977 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1978 оны 2 дугаар сарыг дуустал, 1984 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хүсэлт гаргагч нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээлээ.
М.Б нь 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдан 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдсан тухай бичилттэй Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1992 оны 3 сараас 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 22, 24-25 дугаар тал/
Хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудсанд авагдсан иргэн Ч.Дамдинсүрэн, Д.Батбаяр нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М.Б-ийн Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Бургаа бригадад 1978 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1984 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарыг дуустал малчнаар, Ховд аймгийн Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны хэвлэл Хөдөлмөр сонинд 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд дагалдан өрөгч, линотипчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Хүсэлт гаргагч М.Б нь Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад 1977 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1978 оны 2 дугаар сарыг дуустал, 1984 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ