| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00156/и |
| Дугаар | 153/ШШ2018/00317 |
| Огноо | 2018-06-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 153/ШШ2018/00317
| 2018 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 153/ШШ2018/00317 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчС.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт оршин суух, Б.А
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багт оршин суух, С.Л
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан бат оршин суух, Л.Ц нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар т холбогдох
Сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмжийн дутуу үнэ хүн тус бүрт 1,660,827 /нэг сая зургаан зуун жаран мянга найман зуун хорин долоо/ төгрөг, нийт 4,982,481 /дөрвөн сая есөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун наян нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 153/2018/00156/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А, С.Л, Л.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Б.А нь 2000-2016 онд Жаргалант сумын Баатархайрхан багийн Засаг даргаар, С.Лхагвасүрэн нь 2009-2016 онд Жаргалант сумын Бугат багийн Засаг даргаар, Л.Ц нь 2009-2016 онд Жаргалант сумын Хайрхан багийн Засаг даргаар ажиллаж байгаад 2017 онд болсон багийн Засаг даргын ээлжит сонгуулийн дүнд ажлаа хүлээлгэн өгч Сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм. Дараа нь Б.А нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Жаргалант сумын ИТХ-н ажпын албаны Олон нийтийн ажил хариуцсан мэргэжилтэн. С.Л нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Мэдээлэл Холбооны сүлжээ Төрийн өмчит ХХК-ний Ховд аймгийн газрын даргын ажилд томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Харин Л.Ц нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Жаргалант сумын 6 дугаар дунд сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халагдсан болно.
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Аймаг нийслэл, сум, дүүргийн хурлын болон бүх шатны засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан байдаг. Хуулийн энэ заалтын дагуу бидэнд урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох ёстой юм.
Тухайн үед хүн тус бүр 553,609 төгрөгийн үндсэн цалин авч байсан бөгөөд үүнийг 6 сараар үржүүлж бодвол хүн тус бүрт 3,312,654 төгрөг олгох ёстой байсан.
Гэтэл Төрийн байгууллагад ажил эрхэлж байгаа гэдэг шалтгаанаар бидэнд олговол зохих тэтгэмжийн 50 хувийг олгохоор Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга шийдвэрлэн хүн тус бүрт 1,660,827 төгрөг олгосон. Одоо болон өмнө нь төрийн байгууллагад ажил эрхэлж байгаа нь улс төрийн албан тушаал эрхэлж байсан хүнд олговол зохих тэтгэмжийг хасах үндэслэл болохгүй гэж үзэж байна....Нэхэмжлэлийн хариуцагчаас аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Отгонхандын нэрийг хасч, аймгийн Засаг даргын Тамгын газрыг хариуцагчаар татах хүсэлтэй байна.
Иймд бидний гурван хүн тус бүрт 1,660,827 төгрөг буюу нийт 4,982,481 төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан авахаар гаргасан нэхэмжлэлийг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:...Бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 74 дүгээр зүйлийн дагуу дараах нөхцлөөр эвлэрэв. Үүнд: 1. Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч Б.А, С.Л, Л.Ц нарын сонгуулийн үр дүнд эрхэлж буй багийн Засаг даргын ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдох албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зөрүү гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөв. 2. Нэхэмжлэгч нарт олгогдох нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын төсөвт суулгаж, улмаар 2018 онд багтаан олгох арга хэмжээг Жаргалант сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс зохион байгуулна. 3. Энэхүү эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч, хариуцагч нараас иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж, үүссэн маргаанаа дуусгавар болгохоор тохиров гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А, С.Л, Л.Ц нар нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмжийн дутуу үнэ хүн тус бүрт 1,660,827 /нэг сая зургаан зуун жаран мянга найман зуун хорин долоо/ төгрөг, нийт 4,982,481 /дөрвөн сая есөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун наян нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь нэхэмжлэгч Б.А, С.Л, Л.Ц нарын сонгуулийн үр дүнд эрхэлж буй багийн Засаг даргын ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдох албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн дутуу үнэ хүн тус бүрт 1,660,827 /нэг сая зургаан зуун жаран мянга найман зуун хорин долоо/ төгрөг, нийт 4,982,481 /дөрвөн сая есөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун наян нэг/ төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч нарт олгогдох нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын төсөвт суулгаж, улмаар 2018 онд багтаан олгох арга хэмжээг Жаргалант сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс зохион байгуулахаарэвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2/585 дугаартай албан бичгээр Б.М-д итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрэх эрхийг олгосон болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,670 төгрөгийн тал хувь болох 47,335 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, улсын орлогоос буцаан 47,335 төгрөгийг, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид тал хувь болох 47,335 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.А, С.Л, Л.Ц нарт олгохоор тогтов.
Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь нэхэмжлэгч Б.А, С.Л, Л.Ц нарын сонгуулийн үр дүнд эрхэлж буй багийн Засаг даргын ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдох албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн дутуу үнэ хүн тус бүрт 1,660,827 /нэг сая зургаан зуун жаран мянга найман зуун хорин долоо/ төгрөг, нийт 4,982,481 /дөрвөн сая есөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун наян нэг/ төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч нарт олгогдох нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын төсөвт суулгаж, улмаар 2018 онд багтаан олгох арга хэмжээг Жаргалант сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс зохион байгуулахаар зохигч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А, С.Л, Л.Ц нарын 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Төрийн банкны 110000321668 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,670 төгрөгийн тал хувь болох 47,335 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буцаан 47,335 /дөчин долоон мянга гурван зуун гучин тав/ төгрөгийг, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 47,335 /дөчин долоон мянга гурван зуун гучин тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.А, С.Л, Л.Ц нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-дзааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ