Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
Хэргийн индекс | 188/2022/0483/Э |
Дугаар | 2022/ШЦТ/539 |
Огноо | 2022-05-03 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/539
2022 05 03 2022/ШЦТ/539
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч Р.Очирсүрэн,
хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н,
шүүгдэгч Н.О-, өмгөөлөгч П.Учрал-Гэрэл /ӨҮД:2601/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.О-т холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 сарын 29-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, хамтран амьдрагч, 3 хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ... гэх газар түр оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
... овогт Н.О- /РД:ЧБ8302.../.
Холбогдсон хэргийн утга:
Шүүгдэгч Н.О- өөрийн “...” ХХК-нийг урьд шилэн фасадны ажил хийж гүйцэтгэж байсан туршлагатай гэж өөр компанийн хийсэн ажлын зураг төслийг бусдад үзүүлэн итгэл үнэмшил төрүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон “...” ХХК-ний Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан “Sunset” хотхонд байрлах үйлчилгээний барилгын гадна талын шилэн фасат, металь хана, металь хаалга зэргийг хийж гүйцэтгэнэ гэж 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр тус компанитай 34,463,760 төгрөгийн үнийн дүнтэй ажил хийж гүйцэтгэх гэрээ байгуулан, ажил гүйцэтгэлийн урьдчилгаа мөнгө 24,124,632 төгрөгийг өөрийн “...” ХХК-ний Төрийн банкны ... дугаарын данс руу 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлэн авч, бусдад 24,124,632 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 346 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.О- нь 2021 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр өөрийн эзэмшлийн “...” ХХК-ийн нэрээр “...” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулах байдлаар хууран мэхэлж 24,124,632 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-аас Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол, “...” компаниас гаргасан гомдол (хавтаст хэргийн 4, 5 хуудас),
- Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н-ы “...Миний төлөөлж байгаа “...” компани нь 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Н.О-ийн үүсгэн байгуулан “...” констракшн компанитай барилгын гаднах шилэн фасат буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан Сансейт хотхонд байрлах үйлчилгээний барилгын гадна талын шилэн фасат, металь хана, металь хаалга зэргийг хийлгэх 34,463,760 төгрөгийн үнийн дүнтэй ажил хийж гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний үүргийн дагуу 2021 оны 09 сарын 07-ны өдөр угсралтын ажлын урьдчилгаа төлбөр гэсэн гүйлгээний утгатай 24,124,632 төгрөгийг “...” ХХК-ний ... дугаарын данс руу шилжүүлсэн. Харин урьдчилгаа төлбөр хийснээс хойш Н.О- нь ажлыг эхлүүлэхээр 7,000,000 төгрөгийн бараа материал авч, шил захиалсан гэж хэлдэг, үүнийг өөрөө санхүүгийн баримт биш болох падаанаар нотлох гэж оролддог. Одоогийн зах зээлийн үнээр 1,500,000-2,000,000 орчим төгрөгийн цонхны рам, барилгын төмөр ажлын талбай дээр аваачиж буулгасан. Мөн ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаас хойш ямар нэгэн барилгын стандартын дагуу нэг ширхэг цонхны рам хийж гүйцэтгэсэн байсан. Анх уг компаний захирал Одончимэг нь тухайн ажлыг 7 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр гэрээг байгуулсан. Тухайн үйлдэл болон гэрээ нь итгэл үзүүлж, гэрээгээр халхавчлан, шунахайн сэдэлттэй гэрээ байгуулж, ажил гүйцэтгэх биш, өөрт ашигтай байдлаар дүр эсгэн ажил хийж байгаа мэт үйлдэл үзүүлж, барилгын талбай дээр цөөн хэмжээний үнийн дүн бүхий төмөр, стандартын бус цонхны рам зэргийг орхиод алга болсон. Манай компаний оффис дээр ирээд Н.О нэг удаа уулзахдаа буюу 2021 оны 09 сарын 30-ны өдөр манай ажилчид болон төслийн менежер Г.Ц-тэй уулзсан. Манай талаас Одончимэгт хандаж "шил захиалсан үгүйг чинь хамт очиж баталгаажуулмаар байна гэж хэлэхэд" Н.О- нь байгууллагын гэрээ гэрт байгаа гэж хэлээд гэр лүүгээ дагуулж яваад, гэрчилгээгээ аваад шилний үйлдвэр рүү явъя гэж хэлэхэд "манай ажилтанд үнэнээ хэлж би шил захиалаагүй, хүнд мөнгөний өртэй байсан түүндээ мөнгийг өгсөн" гэж хэлдэг юм. Үүнийг нотлох хамт явсан хүмүүс нь талбайн инженер Б.Б, төслийн менежер Г.Ц нар хамт явж тухайн асуудлыг мэдсэн байса Н.О- нь тодорхой шалтгаан буюу бусдад өртэй байсан учир үлдэгдэл мөнгийг нь бусдад шилжүүлээд компанид хохирол учруулсан нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Үүнийг дүгнэж үзэхээр анхнаасаа Н.О-нь “Ажил хийж гүйцэтгэх гэрээ”-ний үүргийн биелэлтийг хангах хүсэл байхгүй, өөрт учирсан өр төлбөр барагдуулах, өөртөө давуу байдал бий болгох санаа зорилго агуулсан гэж үзэж байна. Иймд компанид учруулсан хохирол болох 24,124,632 төгрөгийг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
- Гэрч Б.Б-ий “...Манай компани нь барилгын ерөнхий гүйцэтгэгчийн ажил хийдэг бөгөөд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансет хотхоны дан блокийг худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглахаар худалдан аваад барилгын гадна болон дотор заслыг хийж гүйцэтгэхээр туслан гүйцэтгэгч компани хайсан бөгөөд байнгын хамтран ажилладаг компаниудтай бөгөөд өөр компаниар тухайн ажлыг хийж гүйцэтгүүлэх үнийн санал аваад улмаар фэйсбүүкт “металл рамтай, шилэн фасат хийх” ажлын зарыг байршуулж барилгын нэгдсэн группээс “..." констракшн ХХК-ны захирал гэх эмэгтэй Н.О- өөрийн ... дугаарын утаснаас над руу залгаж ярихад "манай компаниас хийх ажлаа тайлбарлаж ярьж хэлсэн, харин нөгөө хийх ажлыг ажлын талбайд очиж үзэх санал тавьж харилцан зөвшилцсөн юм. Улмаар ажлын талбай дээр тухайн компаний захирал гэх Н.О- гэх эмэгтэй өөрөө хийх ажлын талбайн хэмжилт хийж үнийн саналаа өгсөн, Н.О- гэх хүний өгсөн үнийн саналаас гадна өөр 2-3 компани тухайн ажлыг хийж гүйцэтгэх үнийн санал өгсөн байсан. Арай боломжит үнийн санал гаргасан учраас "Юу еү жи би" ХХК-наар хийлгэхээр тохиролцож 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ажил хийж гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээнд манай талаас барилгын гадна шилэн фасат 38,77м2 металл хана 34.24м2, металл хаалга 7.74м2 ажлуудыг хийж гүйцэтгэхээр гэрээнд тусгаж нийт ажлын хөлс нь 34,463,760 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирон урьдчилгаа 70 хувь буюу 24,124,632 төгрөгийг Н.О-ийн компаний данс буюу төрийн банкны ... тоот дансанд манай компаниас төлбөрийг 2021 оны 09 сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Төрийн банкны салбараас мөнгийг шилжүүлсэн. Үүнээс хойш буюу 2021 оны 09 сарын 05-ны өдрөөс хойш барилгын ажлын талбай дээр ажиллаж нэг цонхны металл рам, мөн нэг цонхны рамны таваг төмөр дээр доор тус бүр 5 ширхэг нийт 10 ш таваг төмөр байрлуулсан. Харин 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн орчимд утсаа авахгүй, сүүлдээ утсаа унтраагаад алга болсон, тэгээд мессеж бичихээр корона туслаа гэж ярьж хэлсэн. Ингэж явсаар байгаад гэрээт ажлыг хийж гүйцэтгэх хоног хугацаа хэтэрсэн юм. Харин уг хүнийг өөр таньж мэдэх хүнээр дамжуулан манай компаний төслийн менежер Г.Ц- бид хоёр 2 хоног хайсан. Ингээд уг хүн сүүлдээ өөрөө Г.Ц- бид хоёр руу холбогдож улмаар тэр өдрийн маргааш нь хүүхдээ дагуулаад ажил дээр хүрээд ирсэн. Тэр цаг хугацаа нь 2021 оны 10 сарын 01-ний өдөр байсан шиг санаж байна. Тухайн үед уулзахад та яагаад ажлаа хийсэнгүй вэ гэж асуухад одоо бол ажлаа хийж гүйцэтгэнэ, ковид тусаад хүүхэд харах хүнгүй болчхоод гэх мэт шалтаг тоочсон, ингээд таны компаний албан ёсны эх хуулбар гэрчилгээ, шил захиалсан бол шилний захиалгын үйлдвэр зэрэг газарт очьё гэж хэлэхэд тэгье гэж хэлээд Н.О- нь Цэнгүүн бид хоёрыг дагуулаад гэртээ очсон, түүний гэрийн хаяг нь офицеруудын ордны тэнд байх “Х Апартмент” байрны давхар тоотыг нь санахгүй байна, тэнд байсан. Анх хэлэхдээ уг баримт бичиг гэрт байгаа гээд дагуулж очсон. Мөн шилний ямар нэгэн баримт бичиг өгөөгүй, хүнд өгөөд явуулчихсан байна гэж хэлэхээр нь захиалсан газар руу чинь явъя гэхэд цайз руу дагуулж явж байх замдаа "Танай мөнгийг өртэй байсан хүндээ өгчихсөн, би шил захиалсан гэж худлаа хэлсэн юм гэсэн. Уг ажил стандартын дагуу хийгдсэн гэж хэлэхэд хэцүү, цонхны раманд тогтоох гэж байгаа шилнээсээ хамаарч металл рамыг өндөр хийх ёстой, гэтэл 6 метртэй рамыг голоор нь нэг хуваагаад 3 метртэй болгосон. Одоо уг ажлыг өөр компаниар хийлгэх талаар гэрээ хэлцэл хийгдээд явж байгаа“ мэдүүлэг (хавтас хэргийн 70-72 хуудас),
- Гэрч Ц.Т-ын “...Би ... ХХК-нд барилгын ерөнхий инженерийн ажил эрхэлдэг юм. Манай барилгын компани нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Нүхтийн зам дагуу баригдаж байгаа Сайнсэйт хотхонд байрлах үйлчилгээний барилгын шилэн фасадны ажил хийлгэхээр барилгачдын нэгдсэн группт зар байршуулсны дагуу “...” ХХК-тай холбогдож гадна фасатны ажил гүйцэтгэнэ гэж хэлж ярьж тохиролцоод 2021 он 09 дүгээр сарын 04-ний өдөр манай хоёр компани хоорондоо ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлыг эхлүүлэхээр болж 38.775M2, M2 фасат, металл хана 34.248м2, металл хаалга 7.74м2 ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээнд тусгаж, нийт 34.463.760 төгрөгөөр хийх болж урьдчилгаа 70 хувь буюу 24.124.632 төгрөгийг шилжүүлэхээр болж 2 тал харилцан зөвшилцөж гэрээ байгуулсан. Харин ажлын хөлс болох 2021 оны 09 сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Төрийн банкны салбар дээрээс уг компаний ... тоот дансруу шилжүүлсэн. Ингээд тухайн компани нь гэрээ хийгдсэн өдрөөс хойш 3-4 хоног тухайн барилгын гадна талд бэхэлгээ төмөр 9 ширхэг төмөр хананд авч ирээд байршуулсан, мөн цонхны хэсэгт 5 ширхэг бэхэлгээ төмөр хийсэн, үүнээс өөр ажил хийж гүйцэтгээгүй, тэгээд гэрээ хийсэн захирал болох Н.О- рүү ярихаар шилээ захиалчихсан байгаа гэж хэлдэг, сүүлдээ утсаа авахаа больсон юм. Тэгээд холбогдож чадахгүй болж, уг хүн манай компанийг гэрээ хийж залилсан байна гэж үзээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 хуудас),
- Гэрч Г.Ц-ий “... Манай компани нь барилгын ерөнхий гүйцэтгэгчийн ажил хийдэг бөгөөд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансет хотхоны 9а блокийг худалдан аваад барилгын гадна болон дотор заслыг хийж гүйцэтгэхээр туслан гүйцэтгэгч компани хайгаад “металл рамтай, шилэн фасат хийх” ажлын зарыг фэйсбүүк-т байршуулж, мөн танил талаараа гүйцэтгэгч компаниас үнийн санал авсан. Ингээд “...” констракшн ХХК нь манай ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцоод ажлын талбай дээр очиж хийж гүйцэтгэх ажилтай танилцаж, талбайн хэмжилтээ уг компаний захирал Н.О- өөрөө хийсэн, ингээд 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр манай компанитай гэрээ хийхээр болж өөрсдөө гэрээний загвараа манайх руу явуулж, тохиролцсоны үндсэн дээр ажил хийж гүйцэтгэх гэрээг байгуулсан юм. Ажил гүйцэтгэх гэрээгээр уг компани нь гадна шилэн фасат 38,77м2 металл хана 34.24м2, металл хаалга 7.74м2 ажлуудыг хийж гүйцэтгэхээр гэрээнд тусгаж нийт ажлын хөлс 34.463.760 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирон урьдчилгаа 70 хувь буюу 24.124.632 төгрөгийг Н.О-ийн компаний данс буюу төрийн банкны ... тоот дансанд манай компаниас төлбөрийг 2021 оны 09 сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Төрийн банкны салбараас мөнгийг шилжүүлсэн. Үүнээс хойш буюу 2021 оны 09 сарын 06-ны өдрөөс талбай дээр ажиллаж нэг цонхны металл рам хийж угсралт хийсэн, мөн нэг цонхны рамны таваг төмөр дээр доор тус бүр 5 ширхэг нийт 10ш таваг төмөр байрлуулсан. Өөрөөр ямар нэгэн ажил хийгдээгүй, тухайн ажлыг хийж гүйцэтгээд 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн зургаа тавьчхаад 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш ажлаа хийхгүй алга болсон. Улмаар өөрийн ашиглаж байсан скайтелийн 90484834 дугаарын утастай байсан, хааяа нэг утас руу залгахаар утсаа авахгүй, завгүй, ярих боломжгүй байна гэх мэтээр ярьж мессеж бичдэг болсон юм. Ингээд холбогдож байгаад 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай ажил дээр хүүхдээ дагуулчихсан ирээд ковид тусаад ажлаа хийж чадаагүй, одоо үргэлжлүүлээд ажлаа хийнэ гэхээр нь “манай компаниас ажлаа хийж гүйцэтгүүлэхийн тулд байгууллагын гэрчилгээний эх хуулбарыг харъя, мөнгө яасан юм бэ гэж асуухаар шилэн фасат захиалсан гэж хэлдэг бөгөөд улмаар тухайн өдөр шиг санаж байна, шил захиалсан газар дээр очиж баталгаажуулалт хийе гэж хэлэхэд гэррүүгээ очоод гэрчилгээгээ авъя гэхээр нь талбайн инженер Б.Билгүүн бид хоёр өөрсдийн машинаар Н.О-ийн гэр болох офицеруудын ордны “Х апартмент” хотхонд байрлах гэрт нь очоод гэртээ компаний гэрчилгээний эх хуулбараа хайж бөөн бичиг цаас болж байснаа олдохгүй байна өөр хүнд өгсөн гэж хэлсэн. Харин шил захиалсан үйлдвэр рүү хамт очъё гээд Цайз захын тийш явж байснаа би худлаа ярьсан юм, шил захиалаагүй, танай мөнгийг өр зээлдээ өгчихсөн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 65-67 хуудас),
- Н.О-ийн Хаан, Төрийн банкны дансны хуулга (хавтаст хэргийн 135-145, 168-172, 162-167),
- ... констракшн буюу Н.О-ийн нэр дээр бүртгэлтэй хуулийн этгээдийн лавлагаа (хавтаст хэргийн 175),
- Н.О-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлнө...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 211-214 хуудас) зэргээр нотлогдон тогтоогдож байна.
2. Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч Н.О- нь тухайн үед барилгын үйл ажиллагаа эрхэлж байсан үйл баримт тогтоогдоогүй, өөрийн нэр дээр бүртгэлтэй компанийн нэрийг ашиглаж барилгын үйл ажиллагааг явуулдаг хэмээн хямд үнэ санал болгох байдлаар хохирогчид итгэл төрүүлж урьдчилгаа мөнгө нэрээр 24,124,632 төгрөгийг шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх шинжийг хангасан болох нь Н.О- өөрийн нэр дээрх үйл ажиллагаа явуулдаггүй компаний нэрийг ашиглан, урьд шилэн фасадны ажил хийж гүйцэтгэж байсан туршлагатай гэж өөр компанийн хийсэн ажлын зураг төслийг хохирогч талд үзүүлэн итгэл үнэмшил төрүүлэн төөрөгдөлд оруулж, хохирогчийн мөнгийг буцаан өгөхгүй гэсэн шунахай сэдэлттэйгээр үйлдсэн болох нь компанийн татварын тайлан, бичгийн бусад баримтууд болон “...” ХХК-иас 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 24,124,632 төгрөгийг шилжүүлсэн мөнгийг шүүгдэгч 9 сарын 10-ны дотор буюу 3 хоногийн хугацаанд урьд өмнөх өр зээлээ төлөх, ажил хийх дүр үзүүлсэн байдлаар чанарын шаардлага хангахгүй бараа, материал худалдан авах, хувийн хэрэгцээнд захиран зарцуулж дуусгасан зэргээр тус тус тогтоогдож байгаа.
Шүүгдэгч Н.О- нь гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахайн сэдэлтээр хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч буйгаа мэдэж, хүсэж үйлдсэн гэж үзнэ.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос шүүгдэгч Н.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч” залилах гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг гэм буруутайд тооцон шийдвэрлэв.
3. Хохирогч “...” ХХК -д 24,124,632 төгрөгийг хохирол учирсан болох нь “...” ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н-ны мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, “...” ХХК болон шүүгдэгчийн дансны хуулгаар тус тус нотлогдон тогтоогдож байгаа.Хохирлын үнийн дүн дээр талууд маргаагүй тул шүүгдэгч Н.О-ээс 24,124,632 төгрөгийг гаргуулж, “...” ХХК /Улаанбаатар хот, ... тоот хаягтай/ -д олгуулах нь зүйтэй.
4. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Н.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хохирол мөнгө төлнө гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Н.О- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдэл гэм буруу хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөг, мөн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлдэг. Тэрээр жирэмсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэв.
5. Шүүгдэгч Н.О-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлд байдлууд тогтоогдоогүй болно. Хэдийгээр шүүгдэгч Н.О- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй боловч уг гэмт хэрэг нь шунахай сэдэлттэй, санаатай үйлдэгдсэн гэмт хэрэг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал мөн шүүгдэгч Н.О- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал болон бусдад учруулсан хохирлыг төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина” гэж заажээ.
Шүүгдэгч Н.О-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, тэрээр урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй, жирэмсэн болох нь эхоны бичиг, жирэмсний хяналтын бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байгаа.Иймд түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулах хууль зүйн үндэслэлтэй.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Н.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.О-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.О-т 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.О-ээс 24,124,632 төгрөгийг гаргуулж, “...” ХХК-д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ